Хамгийн ахмад олимпын аварга 102 нас хүрчээ

Манай гаргийн хамгийн ахмад олимпын аварга, Унгарын иргэн Агнеш Келети 102 нас хүрчээ. Өдгөө Будапешт хотноо энх тунх амьдарч буй тэрбээр 1952 оны Хельсинк болон 1956 оны Мельбурны олимпод гимнастикаар эх орноо төлөөлөн оролцохдоо 10 медаль хүртсэний тав нь алт байв. Келети аварга 1919 оны нэгдүгээр сарын 9-нд Будапештэд төрж, багаасаа гимнастикаар хичээллэн 19 насандаа улсынхаа аварга болсноор шигшээ багтаа орсон ч дайн гэдэг аймшигт зүйл бүхий л амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. Еврей гаралтай байсан учир аав нь хорих лагерт амиа алдсан байна. Өөрөө хөдөөний жижигхэн тосгонд хуурамч нэрээр дайны үеийг өнгөрөөжээ.

Ингээд дайны дараа гимнастикийн бэлтгэлээ дахин сэргээж, улмаар 1948 оны олимпод оролцсон ч тэмцээний дундуур бэртсэнээр дуусгаж чадсангүй. Гэхдээ тэр дутуугаа 1952, 1956 оны олимпоос нөхөж чадсан бөгөөд таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медалиар энгэрээ мялаагаад зогсохгүй 1953 онд дэлхийн аварга болсон түүхтэй. Тэрбээр 1952 онд олимпын аварга болохдоо 33, харин 1956 онд дахин аваргалахдаа 37 настай байлаа. Энэ бол гимнастикийн түүхэн дэх агуу рекорд бөгөөд хамгийн өндөр настайдаа олимпын аварга болсон эмэгтэй тамирчнаар тодорчээ.

Келети 1956 онд олимпоос алтан медаль хүртсэнийхээ дараа эх орноо дүрвэж, Израйльд суурьшин шигшээ багийн дасгалжуулагч болсон юм. Учир нь Унгарт хувьсгал гарсан учраас төрсөн газраа орхиход хүрсэн ба 1990 онд эх нутагтаа эргэн очиж өдгөө Будапешт хотноо амьдарч байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)