Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай холбогдсон санал
- 2021-01-26
- Нийтлэл
- 1
Монгол Улсын Улсын Их Хурлын дарга,
Монгол Улсын Ерөнхий сайд нарт бичсэн санал.
“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв“ хэмээх төрийн бус байгууллагын залуучууд дэлхийн зарим улсын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч нэг аргачлалаар хийдэг болсон өрсөлдөх чадварын судалгааны 2019 оны дүнгээр манай улс Эдийн засгийн тамир тэнхээ, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, Дэд бүтэц, Засаглалын үр ашиг гэсэн дөрвөн үндсэн хүчин зүйлээс шалтгаалж 63 улсаас 62 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Монгол Улсыг нийгэм эдийн засгийг хөгжүүлэх цэгцтэй бодлого төлөвлөгөөтэй болгох зорилгоор Улсын Их Хурал энэ оны 5 дугаар сард хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж гаргалаа. Энэ бол засаглалын үр ашгийг дээшлүүлж өрсөлдөх чадвараа дээшлүүлхэд чиглэсэг чухал ажил юм.
Социализмын үед БНМАУ Үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлж байршуулах схем нэртэй хэтийн хөгжлийн бодлоготой, Таван жил болон нэг жилийн хөгжлийн тодорхой төлөвлөгөө зохиож ард иргэдийн идэвхтэй оролцоогоор хэрэгжүүлдэг, Засгийн газартаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг хариуцсан төрийн захирганы төв байгууллагатай, тэр нь хөгжлөө дүгнэх, зорилтоо тодорхойлох, хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг боловсруулах ажлыг хариуцдаг байсан туршлага бий.
Хуучны туршлага, одоогийн шаардлагаа бодолцож Улсын Их Хурлаас батлаад байгаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд дараах зарим засвар өөрчлөлт оруулах саналтай байна:
1. “Алсын хараа“ нэртэй хөгжлийн үзэл баримтлалын хугацааг 30 жилээр авсан нь хэтэрхий урт хугацаа байна.Шинжлэх ухаан технологийн түргэн хөгжил 30 жилийн дараа ямар өөрчлөлт авчирсан байхыг зөв төсөөлж зорилтоо оновчтой тодорхойлох найдвар тун бага.Гучин жилийн дараа зах зээл, үүний дотор хөдөлмөрийн зах зээлд ямар өөрчлөлт орсон байхыг мэдэхгүй. Биеийн хүчний олон төрлийн хөдөлмөрийг компьютер, робот гүйцэтгэдэг болох бололтой. Олон улсын харилцаанд ямар өөрчлөлт орох, санхүүгийн гүйлгээний олон улсын стандартад, экологийн бодлогын үр дүнд, хууль эрхийн чиглэлд ямар өөрчлөлт гарах бол? Энэ бүхнээр найдвартай таамаглал үгүй байхад хөгжлийн бодлого зөв тодорхойлогдохгүй. Ийм учраас урт хугацааны бодлогоо тодорхойлох хугацааг 10-15 жил болгомоор байна. Алсын хараа буюу хөгжлийн алсын зорилгыг нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг таамаглах боломжтой хугацаагаар тодорхойлбол ард иргэд итгэх, дэмжих магадлал илүү байх болно.Засаг төр, улс төрийн намын удирдах нөхөд ч гаргасан шийдвэр амлалтаа дүгнүүлж хариуцлагаа хүлээх боломжтой хугацаа юм.
2. “Алсын хараа“ хөгжлийн үзэл баримтлалыг УИХ өнгөрсөн онд хэлэлцэж баталсан боловч одоо болтол уг үзэл баримтлалаар тавигдсан зорилтууд, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ард иргэд мэдээлэлгүй байна. “Алсын хараа“ хөгжлийн үзэл баримтлал хэмээх бичиг баримт гаргаад төрийн түшмэд цөөн хүний шүүгээнд хадгалж байсан дутагдлыгдавтаж болохгүй.Ийм учраас хөгжлийн үзэл баримтлалыг 10-15 жилээр шинэчлэн боловсруулж, мэдээлэх, сурталчлах, хэлэлцүүлэх, иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэх ажил зохион байгуулах хэрэгтэй.
3. “Алсын хараа“ гэх хөгжлийн бодлогын баримт бичигт эдийн засаг нийгмийг хөгжүүлж хөгжлийн ямар түвшинд хүрсэн байх зорилтыг дор дурьдсан цөөн гол үзүүлэлтээр \таван жилийн хуваарьтай\ тодорхойлсон байх нь зүйтэй юм.
Эдийн засгийн тамир тэнхээ буюу нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ.
Гадаад зээлийн өрийг багасгах, валютын нөөцийг өсгөх шаардлагын үүднээс экспортын орлогыг нэмэгдүүлсэн байх хэмжээ.Үүний дотор уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбарын түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний экспортоос олох валютын орлого, мөн аялал жуулчлалаас олох валютын орлого.
Ядуурлыг бууруулсан байх, дундаж орлоготой иргэдийн эзлэх хувийг нэмэгдүүлсэн байх хэмжээ.
Гадаргуугийн усны нөөцийн тодорхой хэсгийг говь нутгийг усжуулах, усалгаатай газар тариалан эрхлэх зорилгоор ашиглахзэрэг үндэсний хэмжээний гэж болох томоохон зарим төсөл.
4. Хөгжлийн дунд хугацааны бодлого төлөвлөлт гэж 10 жилийн хөтөлбөр, 5 жилийн үндсэн чиглэл гэсэн нэртэй хоорондоо зарчмын ялгаагүй хоёр баримт бичиг байхаар хуульчилсаныг буруу гэж бодож байна.
Миний бодлоор хөгжлийн урт хугацааны ҮЗЭЛ БАРИМТЛАЛаар тодорхойлсон зорилтыг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг тусгасан таван жилийн төлөвлөгөөтэй \үндсэн чиглэл биш\ байх нь зүйтэй.Өөрөөр, 10 жилийн хөтөлбөр гэдэг юм хэрэггүй.
5. Хөгжлийн дунд хугацааны эхний төлөвлөгөө буюу 2021-2025 оны таван жилийн төлөвлөгөөг боловсруулж 2021 оны эхний хагаст УИХ хэлэлцэн баталж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулвал Монгол Улсыг бодлого төлөвлөгөөтэй хөгжүүлэх ажлын бодит эхлэл болно. Энэхүү таван жилд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд дараах зүйл тусгагдаж хэрэгжвэл Монгол Улсын эдийн засгийн тамир тэнхээг өрсөлдөх чадварыг нэмэгдүүлхэд тус болно:
- Нүүрс, Төмрийн хүдэр, Зэсийн баяжмал, Газрын тос зэрэг уул уурхайн үйлдвэрийн түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх тодорхой төслүүд. Үүнтэй холбогдуулж боловсруулаагүй түүхий эд экспортлохыг хязгаарлах тухай хууль гаргах,
- Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд хөгжүүлэх, тухайлбал ямааны ноолуур сарлагийн хөөврийг 100 хувь ээрсэн утас болгох, малын арьс ширийг 100 хувь боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах төслүүд,
- Жилд бойжуулж байгаа төлийн тоотой тэнцэх малыг зарлагадаж байх тухай, дотоодын хэрэгцээнээс илүү гарсан зарлагадах малыг экспортод борлуулах, дотоодын төвлөрсөн хэрэгцээнд болон экспортод гаргах малыг зөвхөн үйлдвэрийн нөхцөлд төхөөрч үйлдвэрт махыг нь боловсруулдаг байх тухай хууль гаргах.Хөгжилтэй улс орнуудад малыг үйлдвэрийн нөхцөлд биш буюу гараар төхөөрөхийг хориглосон хууль байдаг юм билээ. Ойрын 10 жилд сум нэг бүрийг мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэртэй болгож малчдад хувьцаа эзэмшүүлэх замаар сумдад ажлын байр бий болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлого гаргаж хэрэгжүүлэх.Энэ бодлогын дагуу ойрын таван жилд буюу 2012-2025 онд мал төхөөрөх, мах боловсруулах 100 үйлдвэрийг гурван сум бүрийн дунд нэг байхаар тооцож байгуулах.
- Боловсруулсан нүүрс, төмрийн хүдэр зэрэг хэмжээ ихтэй бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж байх, Тавантолгой - Гашуунсухайт, Нарийнсухайт – Шивээхүрэнгийн төмөр замыг ойрын хоёр жилд барьж ашиглалтад оруулах.
- Цахилгаан эрчим хүчний импортыг хэмнэх, гадаадын хамаарлыг багасгах зорилгоор Тавантолгойн уурхайн дулааны станц, Сэлэнгэ мөрөнд усан цахилган станцыг эхний таван жилийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх.
- Урт хугацааны бодлогын цөм нь аз жаргалтай иргэд бүхий улс болох.Аз жаргал гэдгийг эрдэмтэд янз бүрээр ярьдаг.Аз жаргалтай байхад өвчингүй, өргүй, ариун сэтгэлтэй тайван байхаас өөр юуч хэрэггүй гэж Адам Смит хэлсэн байдаг.Байгаа орчин нөхцөлдөө сэтгэл хангалуун тайван амьдрахыг аз жаргалтай гэж үзэх ёстой гэж хэлдэг.Монгол хүн бүр сэтгэл хангалуун тайван амьдрах нөхцөл, түүнийг хэрхэн бүрдүүлэх талаар судалгаа дүгнэлт гаргахад анхаарах.
- Засаглалын үр ашгийг дээшлүүлэх, бизнесийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих асуудлаар хууль боловсруулж гаргах. г. м.
Эдгээр асуудлыг шийдсэнээр Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилж, эдийн засгийн хүч тэнхээ нэмэгдэхэд тус болно.
6. Засаглалыг сайжруулах ажлын хүрээнд дараах асуудлыг шийдэх:
- Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Монголд оруулж ирэхийг Монголын талд ашигтай байх нөхцөлд зөвшөөрдөг бөгөөд тэр нөхцөлүүд ямар байвал зохих талаар хууль журам гаргах,
- Засгийн газрын шугамаар гадаадаас зээл авахыг зөвхөн уг зээлээр хэрэгжүүлэх төсөл нь хөрөнгө оруулалтын зардлаа богино хугацаанд нөхөх нь техник эдийн засгийн үндэслэлээр баталгаатай нөхцөлд зөвшөөрдөг байх хууль гаргах,
- Бизнесийн орчинг сайжруулж баялаг бүтээгч үндэсний хөрөнгөтөн нар олширч байхыг дэмждэг журамтай болох,
- Боловсролын системийг боловсронгуй болгох, үүний дотор салбар хариуцсан яам газруудын захиалгаар мэрэгжлийн боловсон хүчнийг бэлтгэж, ажлын байраар хангаж байсан туршлагыг сэргээн хөгжүүлэх.г.м.
7. Ард түмэн Монгол Улсыг хөгжүүлэх бодлогоор тодорхойлсон хэтийн зорилтууд, Таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл арга хэмжээ нэг бүрийг сайн мэддэг, төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлснээр улс орон яаж хөгжих, аж амьдралд нь хэрхэн нөлөөлөхийг ойлгосон, тийм учраас хөгжлийн бодлого төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж санаачлагатай хөдөлмөрлөдөг байх нь хамгийн чухал.Энэ бол улс орноо хэрхэн хөгжүүлэхийг, үр дүнд нь аж амьдралаа хэр сайжрахыг сайн ойлгосон, түүний төлөө тэмцлийг манлайлагчид ард түмний дотор олон болж түргэн хөгжих нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
Ийм учраас Урт хугацааны гол зорилт, Дунд хугацааны буюу таван жилийн төлөвлөгөөг ард олонд тайлбарлан сурталчилж байх, таван жил дутмын эцэст төлөвлөгөөний биелэлт, өрсөлдөх чадвараар яаж эрэмблэгдэж буйг ард түмэндээ тайлагнаж мэдээлж байх нь зүйтэй.
8. Энэ бүхэнтэй холбогдуулж УИХ-ыг дөрвөн жил биш таван жилийн хугацаагаар сонгодог болох асуудлыг шийдэх.
9. Сүүлийн гучин жил Монгол улсад Урт хугацааны хөгжлийн бодлого, Дунд, Богино хугацааны төлөвлөлтийн ажлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байсангүй.Одоо ч алга.Үндэсний хөгжлийн гэж буруу нэрлэсэн газар бий боловч Монгол Улсыг хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй болгох үүргийг хариуцаж ажиллах чадамж боломжгүй нь тодорхой харагддаг.
Ийм учраас Засгийн газрын бүрэлдэхүүнд шадар сайдын зэрэгтэй сайд удирдсан Монгол Улсын Хөгжлийн Бодлогын Яамыг нэн яаралтай байгуулах хэрэгтэй.Зөвхөн энэ нөхцөлд манай улс хөгжлийн урт хугацааны бодлого зорилготой, дунд хугацааны буюу таван жилийн төлөвлөгөө, богино хугацааны буюу жилийн төлөвлөгөөтэй болох чухал ажлыг хариуцсан эзэнтэй болно.
Мөн хөгжлийн бодлого төлөвлөлт хариуцсан яамны дэргэд Эдийн засгийн хүрээлэн байх, түүнд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв болон бусад эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа шилдэг ажилтнуудаас сонгож авсан хүмүүсийг ажиллуулах нь зүйтэй.
Эдгээр саналыг хэлэлцэж шийднэ үү.
Хүндэтгэсэн,
Монгол улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содном
Сэтгэгдэл (1)
зочин (59.153.114.219)
Содном дарга туршлагатай хүн зөв санал дэвшүүлсэн байна. Эдийн засгийн хувьд хүчирхэг, том хэмжээтэй орнууд 5 жилээр төлөвлөх илүү зохимжтой бөгөөд тэд бусдаас бага хамаарч хөгжлөө аваад явна. Манай орны хувьд 2 жилээр байвал илүү боломжтой бөгөөд түүнээс улбаалан 5 жилийн төлөвлөгөөг баталж байвал зүйтэй байна. 10, 15 жилийн хэтийн төлөвийг 5 жил тутамдаа шинэчилж тохируулга хийж байх нь илүү тактик стратегийн хувьд оновчтой. Хэт холын төлөвлөгөө тавих нь хариуцлагаас холдох, төлөвлөгөөг хий хоосон тунхаглал чанартай болгож байна. Төлөвлөлтийг сум, аймаг орон нутгийн хэмжээнд, хотын хэмжээнд улсын хэмжээнд хийлгэж түүнийг нэгдсэн байдлаар зангидан зорилго чиглэлээ тодорхой болгож байвал аль нэг том албан тушаалтны дураар загнаж нийтийн хөрөнгийг ийш тийш учир битүүлгээр явуулахаас сэргийлнэ. Сүүлийн 30 жилд зарсан мөнгөний нилээн хэсэг том эрх мэдэлтний дураар аашилсны горыг ард түмэн үүрч байгаа бөгөөд тэр нь энэ нийгэм буруу мэтээр харуулж ахин өөрсөддөө нэмж эрх мэдлийн хувиарилалт ахиу аван дураар аашлах системээ батжуулах саналтай уялдуулж байна.