Ард түмэндээ илгээх захидал
- 2021-01-27
- Нийтлэл
- 0
Монголын ард түмний мөнхийн хүсэл мөрөөдөл болсон эрх чөлөө, тэгш эрх, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн эрин үеийг авчирсан 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ой, энэ хувьсгалын манлайлагч МАН-ын 100 жилийн ойн босгон дээр бид ирээд байна.
Сүүлийн 30 жилд бид сайн сайхан, муу муухай хосолсон өвөрмөц түүхэн үеийг туулав. Энэ бол бид бүхний ололт, алдаа мөн байв. Өнгөрсөн үеэ дүгнэж цэгнэх, сургамж авах, сайнаа бататгаж, муу бүхнээсээ салах нь бидний үүрэг билээ. Их төлөв гадаад нөлөөний улмаас бид хэд хэдэн засууштай буруу ойлголтод автаж, хүн төрөлхтний олонхын жишгээр хөгжин дэвших сайхан эрмэлзэлдээ хүрэх эсэх маань ойлгомжгүй болж, олон хүн итгэл алдрах болсон нь нуултгүй юм.
Ардчилал, хүний эрх гэдгийг “Дураараа авирлах, дунд чөмгөөрөө жиргэх” явдалтай адилхан болгов. Ямар ч улс орон бодож цэгнэсэн, алс хэтийг харсан төлөвлөгөөт хөгжлөөр амжилт олдог байтал зах зээлийн жамаар урсгалаараа л хөгждөг гэсэн номлол дэлгэрсэн нь Монголын эдийн засгийг сүйдлэв. Улс нийгмийн өмчийг үзэн ядах үзлийг дэвэргэж, бүх л зүйлийг хувьчлах болсноор эдийн засгийн өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон хууль бусаар хувьдаа завших нийтийг хамарсан дээрэм бий болов. Стратегийн ач холбогдолтой орд газрууд цөөхөн олигархын мэдэлд очиж ард түмэнд бараг л хамаагүй мэт болов. Бүр дэндээд хоршооллын өмчийг устгах ажил хийсэн нь хөдөө нутгийн амьдралыг бусниулж, тэсэж амьдрах боломжоо алдсан малчид хот руу нүүдэллэх их аяныг эхлүүлэв. Авилгал хээл хахууль, оффшор нийгмийг улам бүр доройтуулах зам руу хөтөлж, гадаадын тусламжийг хувьд завших явдал газар авч, өр зээлийн дарамтаас гарахад нэн хүндрэлтэй болов.
Ганцхан Ардын намаар 35 жил удирдуулсан Сингапур хөгжлөөрөө дэлхийн чихийг дэлдийлгэв. Аугаа Америкт хоёр нам л 150 жил улс орноо удирдав. Аугаа Орост сүүлийн 20 гаран жил нэг л нам, түүнээс төрсөн удирдагч улс орноо цэрэг улс төрийн хамгийн хүчирхэг улсын эгнээнд аваачив. Нэг коммунист намаар удирдуулсан Хятад орон Азийн барын дээд бар болж, авилгал хээл хахуультай тэмцэх дэлхийн тэмцлийг манлайлж, дэлхийн хоёр дахь эдийн засгийг байгуулж, ганц намтай Хойд Солонгос тусгаар тогтнолоо батлан хамгаалж чадахуйц хүчирхэг улс болж, хүмүүнлэг ардчилсан нийгмийн чиг баримжаатай хөгжиж байгаа Норвеги, Швед, Финланд, Канад улс ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлсэн үзүүлэлтээр дэлхийд гайхагдаж, хаант засагтай, нам гэж намчирхдаггүй Арабын Нэгдсэн Эмират мэт нь ертөнцийн хөгжлийг манлайлж болоод байхад бид ная ерээд оны зааг үеийн хуучирсан сэтгэлгээнээсээ салж чадахгүй байж болохгүй юм. Гурван сая гаруйхан хүнтэй Монголд үзэл онолын онц ялгаагүй, зүсээ хувилгасан 30 гаруй нам байгуулагдаж, арсалдан тэмцэлдэж байгаа нь Монголын нийгмийн дүр төрхийг сайхан болгохгүй байгаа нь улам ойлгомжтой болж байна.
Монголчуудын оюун санааны амьдрал ч гүнзгий хямралд оров. Нүүдэлчдийн өнө эртний ариун нандин ёс суртахуун алдагдаж байгааг бид бүгд харж байна. Хүн хүнээ хайрлах үзэл маань юу болж байгаа билээ. Юу нь зөв, юу буруу, юу сайн, юу муу, юу шинэлэг, юу хуучинсаг, юу сайхан, юу муухай, юу шударга, юу шударга бус вэ гэдгийг ялган салгах оюуны мэлмий ямар түвшинд оччихоод байгаад бид дүгнэлт хийх цаг болжээ. Хүнд сорилтын жилүүдэд нийгмийн нэгдэл алдагдахад хүрч эвдрэлийн байдалд гүнзгий орсныг хүн болгон сайн ойлгоосой гэж хүсэж байна.
Баян, хоосны ялгаа тэнгэр газар шиг болж, хөгшин залуугаараа талцан биесээ өөлөн, нам намаараа талцан бараг л дайсан болохоо шахаж, будда, христ, ислам, бөө шашны хуваагдалд орж, нэгнээ үзэн ядаж, халх, буриад, дөрвөд, баяд, төвд, хужаагаараа бие биесээ доромжлон дайрах аюултай үзэл хүчээ авч, мөнхийн хөрш орнуудаа талцан муулж гутаах, доромжлох хэт даварсан үзэл газар авч байгаа нь яавч зөвтгөж болшгүй уршигт үйлдэл мөн.
Энэ мэт “Арван таван толгойтой атгаалжин хар мангас”-аас салах их ухаан, сэтгэлийн хүч тэнхээ, чин зориг бидэнд бий. Сүүлийн жилүүдэд Монголын төр засгийн удирдлага эв хүчээ нэгтгэн өмнөх алдаа дутагдлаа засахад чиглэсэн эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалсан цогц арга хэмжээ авч байгааг бид дэмжиж байна. Зах зээлийг төрийн зохицуулалттай болгох, нийгэм эдийн засгаа хөгжүүлэх алс хэтийн бодлогоо тодорхойлж, шинэ төмөр зам, засмал зам тавьж, нисэх буудал, нефтийн үйлдвэр сүндэрлүүлж, утааг 50 хувь багасгаж, түгжрэлийн эсрэг таван гүүр шинээр барьж, өргөтгөх, хууль бусаар хувьчлагдсан томоохон олон үйлдвэр, стратегийн ордуудаа ард түмний мэдэлд авах, хууль ёс, шударга журмыг чангатгах талаар хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээг ард түмэн талархан дэмжиж байна.
Иргэдийнхээ оюун санааны амьдралыг эрүүл сайхан болгох зорилгоор Соёлын яам байгуулж, Богдын хөшөө дурсгал босгож, Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр шинээр байгуулж байгаа нь тун ирээдүйтэй, чухал алхмууд мөн гэж бид үзэж байна.
Чухамхүү монголчууд эв нэгдлийнхээ хүчээр олон зууны тэртээд нэгдсэн хүчирхэг Их Монгол Улсаа байгуулж, орчин үеийн соёлт ертөнцийн хөгжлийн үндсийг тавихад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж, түүхийн хүнд сорилтын цаг үеүдэд тусгаар тогтнолоо хадгалан үлдэж, улмаар Ардын ялгуусан хувьсгалаа ялуулан эх орноо нийгмийн цоо шинэ дэвшилд хүргэсэн гэгээн сайхан уламжлалтай манай ард түмэн энэ цагийн төр засгийн удирдагчдын хичээл чармайлт, бүтээн босголтыг шийдвэртэй дэмжин хүн бүр хичээн зүтгэж өөрийн гэсэн хувь нэмрээ оруулан улс орноо орчин үеийн өндөр хөгжилтэй орнуудын зэрэгт хүргэнэ гэдэгт гүнээ итгэлтэй байна.
Ю.Цэдэнбалын ариун үйлс нийгэмлэгийн Удирдах зөвлөл
Сэтгэгдэл (0)