Сар шинээр бөхөө барилдуулъя

Дэлхий дахинд тархсан коронавирусийн цар тахлын улмаас спорт, урлагийн бүхий л арга хэмжээг хориглоод гурван сарын хугацаа өнгөрөв. Спортын хорхойтнууд гадаадад болж буй тэмцээн уралдааныг харж нүдээ баясгасаар. Гэтэл 10 хоногийн дараа монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болох нь. Энэ баярын хамгийн сайхан зүйлийн нэг нь сум, аймаг, цэргийн болон улсын цолтой бөхчүүдийн цуврал барилдаан. Билгийн тооллын XVII жарны “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхэллээ гээд л сонсох мөн ч сайхан даа. Харамсалтай нь, бид хоёр жил дараалан Цагаан сараар бөхөө үзэж чадахгүй байж мэдэх нь.

Ам цагаан хулгана жилээр монголчууд телевизүүдийн бэлтгэсэн архивын бичлэг үзэж, дурсамжаа сэдрээсэн. Харин энэ жил дахиад л хуучин барилдаан давтаж үзэх үү. Улсын онцгой комиссоос баталсан дүрэм журмаа ягштал биелүүлээд, үзэгчгүйгээр барилдаанаа зохион байгуулж болмоор санагдах. Магадгүй зарим нь “хэдэн хөлстэй хар юмны ноцолдооноор юугаа хийх вэ” хэмээн хэл ам хийж мэднэ. Гэхдээ энэ бол Цагаан сарын баярыг утга төгөлдөр болгодог нэг хүчин зүйл. Тиймээс Сар шинийн барилдаанаа энэ жил өнжилгүй барилдуулахыг хүсэх гэсэн юм.

 

Улсын наадмыг үзэгчгүй хийж болсон, коронавирусийн халдвар нэг саяас дээш давсан улс  орнууд үзэгчгүйгээр тэмцээн уралдаан зохион байгуулаад болж л байна. Гагцхүү Монголд л бүх зүйл хаалттай.

 

1963 онд анх зохион байгуулсан Цагаан сарын барилдаан хоёр жил дараалан өнжихдөө туллаа. Шинээр байгуулагдсан Засгийн газар, Улсын онцгой комиссынхон үүнд мэдрэмжтэй хандаасай. Тэртээ, тэргүй сар шинээр хөл хориог хязгаарлаж, иргэд гэртээ шинэлэх нь тодорхой болсон. Тиймээс ядаж л үзэх, харах зүйлтэй байлгаасай. 2018 оны хавраас хойш бөхийн барилдааныг тасралтгүй зохион байгуулахаа больж цөөрсөөр, одоо бүр зогссон. Цагаан сараар аав, ээж, ахан дүүстээ учран золгож чадахгүйгээс хойш ядаж гэртээ бөхөө үзэн баясаж, буузаа жигнээд сууж баймаар... Бөхчүүд болон бөхийн мэргэжилтнүүд, шууд дамжуулах телевизийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулаад, барилдаанаа саруулхан, цэлгэр “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулахад болохгүй гэх газаргүй. Ердөө 2-3 телевиз бөхөө дамжуулж, бусдад нь сигналаа цацах маягаар зохион байгуулалтад орж болно. XIII зуун цогцолборт болсон Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмыг Монголын телевизүүдийн холбоо нэгдсэн зохион байгуулалтад орж өндөр түвшинд шууд дамжуулсныг бид мартаагүй. Яг ийм жишгээр Сар шинийн барилдаанаа явуулаасай. Ингэхдээ 128 бус 256 бөх барилдуулмаар... Хоёрын хооронд гурвын дунд биш. Улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүд барилдахад яг таарна. Эцэст нь, Сар шинийн барилдааныг дахин бүү өнжөөсэй, төр засаг мэдрэмжтэй хандаасай гээд зарим сонирхолтой статистикаас хүргэе. Анх “Нэгдэлчдийн өдөр”, “Малчдын сайн өдөр” хэмээн нэрлэж Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны нэрэмжит болгон зохиож байсан Цагаан сарын барилдаан 1963 оноос түүхээ эхэлсэн бөгөөд анхны жил 64 бөх барилдав. 1971 оноос 128, 1991 оноос 256 бөх барилдуулж байгаа нь цагаан сарын бөхийн барилдаан чанар чансааны хувьд улсын наадмын дараа орох эрэмбэтэйг илтгэнэ. Гэхдээ зарим жилүүдэд бөхийн тоо өөрчлөгдсөн байдаг. Тухайлбал, 1970 оны нохой жилд 120 бөх, 1973 оны үхэр жилд 104 бөх, 1976 оны луу жилд 160 бөх барилдаж байсан гэдэг. Цагаан сарын барилдааны түүхийн сонирхолтой статистик тоо баримтаас дурдвал, улсын харцага Ч.Өвгөнхүү 1969 онд Д.Дамдин, С.Цэрэн, Ч.Бээжин зэрэг гурван аваргыг дараалан хаян түрүүлсэн удаатай. Энэ нь таван аваргатай барилдаанд улсын начин цолтой бөх түрүүлсэн анхны тохиолдол байжээ. Тэгвэл Цагаан сарын барилдаанд зодоглосон аваргуудаас түрүүлж үзээгүй нэг бөх нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат улсын аварга Ч.Бээжин юм. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн жилийнхээ улсын баяр наадамд түрүүлсэн зургаан тохиолдол байдаг аж. Тодруулбал, 1963, 1964 онд Ж.Мөнхбат, 1972, 1979, 1982 онд Х.Баянмөнх, 1978, 1983 онд Д.Цэрэнтогтох, 1988-1998 онд Б.БатЭрдэнэ, 2005 онд Г.Өсөхбаяр, 2013 онд Г.Эрхэмбаяр нар байна.

 

Хамгийн, хамгийн

 

Хамгийн олон түрүүлсэн бөх: 

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Б.Бат-Эрдэнэ нийт 13 удаа түрүүлсэн.

 

Хамгийн олон үзүүрлэсэн бөх: 

 

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат дархан аварга Д.Цэрэнтогтох нийт таван удаа үзүүрлэжээ. 

 

Хамгийн олон дараалан түрүүлсэн бөх: 

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1988 оноос хойш 11 удаа дараалан түрүүлэв. 

 

Хамгийн олон дараалан үзүүрлэсэн бөх: 

 

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат улсын аварга Д.Сумъяабазар 2005-2007 онд гурван удаа дараалан үзүүрлэсэн.

 

Хамгийн ахмад настай түрүүлсэн бөх: 

 

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 42 насандаа 2006 онд түрүүлжээ. Өөр нэг сонирхолтой мэдээлэл хүргэхэд дархан аварга Х.Баянмөнх 1993 онд 49 насандаа дөрөв дэх удаагаа үзүүрлэж байв. 

 

Хамгийн залуудаа түрүүлсэн бөх: 

 

Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат дархан аварга Ж.Мөнхбат 1963 онд 22 настайдаа улсын заан цолтой түрүүлсэн.

 

Улсын цолгүй түрүүлсэн бөх:

 

Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба 2010 онд цэргийн хурц арслан цолтой түрүүлсэн.

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат улсын харцага Ш.Мөнгөнбаатар 2011 онд аймгийн хурц арслан цолтой түрүүлсэн.

 

Улсын цолгүй үзүүрлэсэн бөх:

 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат улсын заан Ц.Магалжав 2000 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн.

Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай 2014, 2017 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн

 

Түрүү, үзүүр хүртсэн бөхчүүдийг цолоор нь жагсаавал:

 

Дархан аварга цолтон 36 түрүү, 19 удаа үзүүрлэжээ. 

Даян аварга цолтон нэг түрүү хүртсэн.

Улсын аварга цолтон 11 түрүү, 12 үзүүрлэсэн.

Улсын арслан цолтон дөрвөн түрүү, 13 үзүүр хүртсэн.

Улсын гарьд цолтон хоёр түрүү, гурван үзүүр хүртсэн.

Улсын заан цолтон зургаан үзүүр хүртсэн.

Улсын харцага цолтон гурван түрүү, хоёр үзүүр хүртсэн.

Улсын начин цолтон хоёр үзүүр хүртсэн.

 

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (122.201.24.40)

    2021-02-01

    Энэ хэдийгээ хайрлах хэрэгтэй. Нэг удаа ч гэртээ суугаад хошин шог үзээд сууг лдаа. Тэднийгээ эрсдэлд оруулаад юу гэхэв. Дараа жил гэж байна.

  • baaginyamaa (202.126.90.141)

    2021-02-01

    Buren demjij bn.. manaihaas hamaagui olon hun amtai covidiin tarhalt ihtei ulsuud temtseen uraldaan zohoin baiguulaad l bgam da. Haldvar hamgaalal sain barimtlaad uzegchgui barilduulj boloh l bh.