Украинчууд В.Лениний сүүлчийн хөшөөг буулгав
- 2021-02-01
- Дэлхий
- 0
Одесса мужийн Килийский дүүргийн Старье Трояны тосгонд байсан В.Лениний хөшөөг буулгажээ. Энэ нь Украин улсад сүндэрлэж байсан В.Лениний сүүлчийн хөшөө юм. ЗСБНХУ-ыг үндэслэгчийн сүүлчийн хөшөөг хадгалж үлдсэн Старье Трояны тосгонд Украины үндэсний цөөнх Молдав, Гагауз, Болгар угсаатны төлөөлөл амьдардаг. В.Лениний хөшөөг буулгах зарлигийг Одесс мужийн захиргаа өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргажээ. Гэвч тосгоны захиргаа буулгах зардалгүй гэсэн шалтгаанаар нураахаас татгалзсан байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр нутгийн оршин суугчид хөшөөг нураахыг эсэргүүцжээ. Украинд 2014 онд төрийн эргэлт гарсны дараа Зөвлөлтийн түүхтэй холбоотой хөшөө дурсгалыг устгах, хот, объектуудын нэрийг өөрчлөх болсон. Украины парламент Дээд Рада коммунизм болон нацизмын дэглэмийн тухай бэлгэ тэмдэг ашиглах, түгээн дэлгэрүүлэхийг хориглосон хууль баталсан юм.
Хуульд байгууллага, худалдааны марк тэмдэгт Зөвлөлтийн нэр томьёо ашиглахыг хориглож тус улсын 25 хотод Зөвлөлтийн үед өгсөн нэрийг өөрчилж, түүхэн нэрийг нь буцаан олгох асуудал ч бас оржээ. Киевийн эрх баригчид 900 гаруй суурин газрын нэр, 50 мянга орчим гудамж, талбайн нэрийг өөрчилжээ. Мөн Зөвлөлтийн удирдагчдад зориулсан хоёр мянга гаруй хөшөөг буулгаснаас 1.3 мянга нь В.Лениний хөшөө байлаа.
Сэтгэгдэл (0)