Улс орнууд авлигатай хийх тэмцэлдээ хүч нэмсээр байна
- 2021-02-01
- Дэлхий
- 0
-БНСУ-д Авлигын хэргийг мөрдөн шалгах алба ажиллаж эхэлнэ-
Дээд шүүхээс нь “Самсунг” компанийн өв залгамжлагч Ли Жэ Ёнд авлигын хэргээр хоёр жил зургаан сарын хорих ял оноосон үйл явдалтай зэрэгцэн авлигатай тэмцэх шинэ байгууллага удахгүй ажиллаж эхлэх тухай мэдээлэл яг одоо Өмнөд Солонгос улсад гарч байна.
Шинэ байгууллага нь “Авлигын хэргийг мөрдөх алба” гэх нэртэй байх бөгөөд төрийн өндөр албан тушаалтнууд, нөлөө бүхий хувийн компаниуд, тэдний ажилтнуудын оролцоотой хэргийг хариуцан ажиллах юм байна. Өнгөрсөн сард тус улсын хууль тогтоох байгууллагаас Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах албыг байгуулах ажлыг түргэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан аж.
Энэ нь Ерөнхийлөгч Мүн Жэ Иний мөрийн хөтөлбөрт туссан “төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийн үйлдсэн гэмт хэргийг үндсээр нь устгах, улс орны ил тод байдал, төрийн албан хаагчдад итгэх итгэлийг сэргээх” зорилтын эхлэл болж чадлаа хэмээн тус улсын хэвлэлүүд онцлон бичиж байна.
Хуулийн дагуу Авлигын хэргийг мөрдөх алба байгуулагдсанаар одоо ажиллаж байгаа болон тэтгэвэрт гарсан төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдэд холбогдох гэмт хэрэг, тэр дундаа хээл хахууль, эд хөрөнгө шамшигдуулах, итгэлцэл зөрчих, зүй бус орлогыг нуун дарагдуулах зэрэг гэмт хэргийг мөрдөн шалгах эрх, үүрэгтэй юм байна. Энэ албаны эрх мэдэл нь бусад мөрдөн шалгах байгууллагуудаас давамгай байхаар зохицуулжээ. Ямар ч гэмт хэргийн мэдээллийг бусад агентлагуудаас нэн даруй мэдэгдэх, шаардлагатай үед бусад агентлагийн хэргийг өөртөө шилжүүлэн авах гэх мэт онцгой эрх дарх олгож байгаа аж.
Түүнээс гадна зөвхөн өндөр албан тушаалтнууд болон гэр бүлийн гишүүдээр нь хязгаарлахгүй тэдэнд хахууль өгсөн, мөн хамсаатан гэгдсэн этгээдүүдийг мөрдөн шалгах эрхтэй. Тэгэхээр өндөр албан тушаалтнууд төдийгүй хувийн компаниуд, ажилтнууд ч Авлигын хэргийг мөрдөн шалгах ажиллагааны субъект байх боломжтой гэсэн үг. Өмнө нь прокурорын газраас хэрэгжүүлж ирсэн прокурор, шүүгч, цагдаагийн өндөр албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үйлдсэн гэмт хэргийг мөн адил мөрдөн шалгаж яллах юм байна.
Авлигын хэргийг мөрдөн шалгах албыг ойрын үед эмхлэн байгуулж, ажлыг нь эхлүүлэхээр эрх баригчид шамдаж байна. БНСУ-д Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хороо 2008 оны 2 дугаар сараас ажиллаж байгаа.
Сэтгэгдэл (0)