2012-2021 онд гарсан цэргийн эргэлтүүд

Мьянмарын арми парламентын чуулган эхлэхээс хэдхэн цагийн өмнө Ерөнхийлөгч Вин Минт, Нобелийн шагналт Аун Сан Су Чи, Засгийн газрын гишүүд, төрийн дээд албан тушаалтнуудыг баривчилсан. Үйл явдлыг ажиглагчид цэргийн эргэлт гэж үзэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар цэргийнхэн нэг жилийн хугацаанд онц байдал зарлаж, дахин сонгууль явуулахаа мэдэгджээ. Энэ нь ойрын жилүүдэд олон улсад болсон цэргийн эргэлт юм. 2012 оноос хойш дэлхий нийтэд хэд хэдэн удаа цэргийн эргэлт болсон.

Тухайлбал, Мали улсын цэргийнхэн төр, засгийн шийдвэрээ эсэргүүцэн өнгөрсөн оны наймдугаар сард бослого дэгдээсэн. Удалгүй босогчид Ерөнхийлөгч Ибрахим Боубакар Кейта, Ерөнхий сайд Бүбү Сиссе нарыг баривчилснаа зарласан юм. Дараа нь Ерөнхийлөгч парламент, Засгийн газраа огцруулжээ. Босогчид хурандаа Ассими Гойтагаар удирдуулсан Ард түмнийг аврах үндэсний хороо байгуулан тус улсад сонгууль явуулах, хилээ хааж, хөл хорио тогтоох зэргээр улс төрийн өөрчлөлтийг уриалах болсон. Тэд улс төрийн удирдагчид болон иргэний нийгмийн төлөөлөгчидтэй хэлэлцээр хийсний дараа тус улсад шилжилтийн үеийн Үндсэн хуулийг баталжээ. Талуудын тохиролцсоноор шилжилтийн үе 18 сар үргэлжлэх бөгөөд түр Засгийн газар улс орныг удирдах юм. Улмаар Мали улсын Батлан хамгаалахын сайд асан Ба Ндау шилжилтийн үеийн Ерөнхийлөгч, хурандаа Ассими Гойта дэд Ерөнхийлөгчийн тангараг өргөжээ. Харин Гадаад хэргийн сайд асан Моктар Oнег Ерөнхий сайдад томилсон. Малийн түр Засгийн газрын зарлигаар Ард түмнийг аврах үндэсний хороог өнгөрсөн сарын 18-нд татан буулгасан байна.

СУДАНЫ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Авад ибн Ауф Ерөнхийлөгч Омар аль-Баширыг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд цагдан хорьсноо зарласан. Түүнийг авлигын гэмт хэрэгт буруутган албан тушаалаас нь огцруулж, хоёр жилийн хорих ял оноожээ. Тэрбээр 1989 онд цэргийн эргэлт хийж засгийн эрхэнд гарсан юм. Энэ хэргийг шалгахын тулд тусгай комисс байгуулж, Суданы Ерөнхий Прокурорын газраас мөн 30 жилийн өмнөх төрийн эргэлтэд оролцсон хүмүүсийг саатуулах шийдвэр гаргасан. Омар аль-Башир Хартум дахь Коберын шоронд ял эдэлж байна.

ЗИМБАБВЕ УЛСЫН ЦЭРГИЙНХЭН нийслэл Хараре дахь телевизийн байр болон Ерөнхийлөгч Роберт Мугабегийн (1924-2019) ордныг 2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд хяналтдаа авчээ. Гэрийн хорионд байсан Мугабег төрийн тэргүүний албан тушаалаас огцруулсан. Роберт Мугабе Сингапурын эмнэлэгт 2019 оны есдүгээр сарын 6-нд нас барсан байна.

БУКИНА ФАСОД УЛСАД 2015 оны есдүгээр сарын 19-нд төрийн эргэлт гарсан. Цэргийн удирдагчид Буркина Фасогийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишель Кафандо, түр Засгийн газрын тэргүүн Исаак Зидаг барьцаалжээ. Тэднийг албан тушаалаасаа огцорсны дараа сулласан юм. Төрийн эргэлтийн удирдагчид болон үнэнч цэргүүд нийслэл Уагадугу хотод хүчирхийллээс урьдчилан сэргийлэх гэрээнд гарын үсэг зурснаар цэргийн эргэлт дуусжээ.

ТАЙЛАНДАД СӨРӨГ ХҮЧНИЙХЭН Шинаватрагийн дэглэмийг дэмжигчдийн хооронд олон жилийн турш үргэлжилсэн улс төрийн мөргөлдөөний дараа үндэсний эвлэрлийн уриан дор 2014 оны тавдугаар сард цэргийн эргэлт гарсан юм. 2005 оноос эхлэлтэй мөргөлдөөний улмаас гудамжны жагсаал, цус урсгасан хар үйл явдал удаа дараа гарч байсан. Төрийн эргэлтийг удирдсан хуурай замын цэргийн командлагч генерал Прают Чан-Оча нь хууль тогтоох эрх мэдэлтэй цэргийн Засгийн газар болох Энхтайван, дэг журмын төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн болжээ. Тэрбээр Үндсэн хуулийг хүчингүй болгож, цэргийн дарга нараас бүрдсэн парламент, кабинетыг байгуулсан. Чан-Оча эрх мэдлийнхээ хүрээнд Үндсэн хуулиа шинээр баталж, сонгуулийн шинэ журам боловсруулсан байна.

Засгийн эрхэнд гарсан “ИСЛАМЫН АХАН ДҮҮС” ХӨДӨЛГӨӨНИЙГ эсэргүүцсэн Египетийн арми Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг 2013 оны долоодугаар сард засгийн эрхээс зайлуулж, улс орондоо шилжилтийн үеийг зарлажээ. Мурсигийн талынхан төрийн эрхийг дахин авахын тулд бүх нийтийн жагсаал зохион байгуулсныг цэргийнхэн хүчээр дарсан. Мөргөлдөөний үеэр Египетийн гэм зэмгүй олон мянган иргэн амь эрсэдсэн юм. Шүүх Мурсид цаазаар авах ял оноосон ч, “нотлох баримт хангалтгүй” гэх шалтгаанаар хэргийг хойшлуулжээ. Гэвч Мурси удалгүй нас барсан байна.

2013 оны гуравдугаар сард ТӨВ АФРИЗИЙН БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН НИЙСЛЭЛИЙГ Селека босогчдын эвслийн дайчид эзлэн авчээ. Тус улсын Ерөнхийлөгч Франсуа Бозизет Камерун руу зугтсаны дараа бослогын удирдагч Мишель Жотодиа төрийн тэргүүн болжээ. Жотодиа Үндсэн хуулийг түдгэлзүүлж, парламент болон Засгийн газрыг тараасан байна. Африкийн удирдагчид босогчдын удирдагч Жотодиаг Төв Африкийн Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байдаг. Мишель Жотодиа 2014 онд огцорч байгаагаа зарлаж, Катрин Самба-Панза шилжилтийн үеийн шинэ төрийн тэргүүн болсон юм.

 

ГВИНЕЙ-БИСАУД

 

2012 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны өмнөхөн төрийн эргэлт болсон. Цэргийнхэн нийслэлийг булаан авч, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Раймунд Перейра нарыг баривчилжээ. Тус улсын эрх баригчид Анголатай байгуулсан нууц гэрээнд армийн командлалд дургүйцэн төрийн эргэлт хийсэн байна. Төрийн эргэлтийн дараа цэргийнхэн Гвиней-Бисаугийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй хоёр жилийн шилжилтийн хугацааг байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)