Д.Улам-Оргих: Чанартай хөл хорио гэдэг нь гэр бүлээсээ өөр хүмүүстэй харьцахгүй хорионд байхыг хэлнэ

УОК-ын Шуурхай штабын дэргэдэх судалгаа, шинжилгээний бүлгийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргихтой ярилцлаа. Тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарыг Эрүүл мэндийн яаманд өчигдөр ажиллах үеэр хоёрдугаар сарын 6-наас 16 хоногийн хөл хорио зайлшгүй тогтоох шаардлагатай гэх эрдэмтдийн багийн судалгааны дүнг танилцуулсан юм.


-Танай бүлгээс энэ сарын 6-наас 21-ний өдрийг хүртэл 16 хоног хөл хорио тогтоох хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлсэн. Уг саналыг дэвшүүлэх үндэслэл юу байв?

-УОК-ын Шуурхай штабын дэргэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар судалгаа шинжилгээний баг ажиллаж эхэлсэн. Ингээд арваннэгдүгээр сарын дунд үеэс миний бие тус багт орж ажиллаж байгаа. Олон улсад хэрэглэдэг цар тахлын үеийн тооцоо судалгааны олон арга, аргачлал бий. Тэдгээрийг бүгдийг судлаад хамгийн түгээмэл хэрэглэж байгаа динамик загвараар тооцоо судалгаа хийж байна. ХӨСҮТ дээр өөр загваруудаар тооцоо прогноз хийж байгаа. Энэ судалгааныхаа талаар ажлын шугамаар байнга танилцуулдаг бөгөөд энэ удаа Ерөнхий сайд, Шадар сайдад шууд танилцууллаа. Бид Цагаан сарын үеэр бүх нийтийн бэлэн байдалд шилжихгүй бол, хүмүүсийн ярьж дассанаар хөл хорио тогтоохгүй бол өндөр эрсдэлд орно. Хөл хорио нь дэлхий даяар цар тахлын эсрэг тэмцэж, зайлшгүй авч хэрэгжүүлж байгаа олон аргуудын нэг. Ялангуяа коронавирусийн цар тахал хяналтгүй хүндрэхээс урьдчилан сэргийлж, тодорхой хэмжээнд хяналтдаа оруулдаг. Энэ аргыг дэлхийн бүхий л улс орнууд хэрэглэж байгаа. Асуудлын гол нь ямар үед, хэдий хугацаагаар тогтоох нь хамгийн үр дүнтэй, зардал чирэгдэл багатай вэ гэдгийг тооцоолох нь чухал.

Өмнө нь бид төр засаг эргэсэн долоо хоногийн өмнөх амралтын өдрүүдээс эхлэн ес хоногийн хөл хорио тогтоох санал хүргүүлж байсан. Тухайн үед хөл хорио тогтоосон бол одоогийн үүссэн нөхцөл шиг өдөрт 20-30 коронавирусийн тохиолдол илрэхгүй байх боломж байсан. Тухайн үед энэ санал дэмжигдээгүй. Энэ удаад зайлшгүй хөл хорио тогтоох хэрэгтэй гэдгийг ХӨСҮТ-ийн судалгааны баг ч зөвлөж байгаа. .

-Хөл хорио тогтоохгүй бол ямар эрсдэлтэй гэж үзэж байгаа вэ?

-Манай загвараар хоёр зүйлийг тогтоох боломжтой байдаг. Иргэд ЭМЯ-наас танилцуулж байгаа мэдээллийг сонсоод коронавирусийн тохиолдол ашгүй буурлаа, яана аа нэмэгдчихлээ гэх мэт дүгнээд байгаа. Гэтэл манай загварын дүнгээр 7,14 хоногийн дараа эрсдэл ямар байх, юу болох талаарх таамгийг дэвшүүлдэг. Тэр утгаараа гадуур коронавирусийн халдвар авснаа мэдэхгүй нууц үе дээрээ яваа хичнээн иргэн байх боломжтой вэ гэдгийг тооцож гаргадаг. Хоёрдугаарт, эмнэлгийн ачааллыг тооцож гаргадаг. Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард ковидоор эмчлүүлэгчдийн тоо хоёр гурван мянга болж, ачааллаа дийлэхгүйд хүрнэ. Хэрэв хөл хорио тогтоовол эмнэлгийн ачааллыг боломжит түвшинд барих боломжтой. Ингэснээрээ эмчилгээний өндөр үр дүнтэй байж нас барахаас аль болох сэргийлж чадна. Иргэд нэг зүйлийг зөв ойлгоосой. Мэдээж иргэдийг барьж, хориод, зочид буудалд байрлуулаад байгаа нь хэнд ч түвэгтэй санагдана. Гэхдээ нөгөө талаас үүний ачаар манай улсын нас баралтын зэрэг маш бага байгаа шүү. Энэ бол эмнэлэг, эрүүл мэндийн үйл ажиллагаатай нягт холбоотой. Хэрэв хөл хорио тогтоохгүй байвал коронавирусээр өвдсөн хүнд өвчтөнийг эмнэлгийн байгууллагад эмчлэх, хөнгөн өвдсөн иргэдийг гэрт нь эмчлэх зэрэг олон улсын жишигт очно. Ийм тохиолдолд ямар хүнд нөхцөл байдал үүсдэгийг Франц, Итали, БНХАУ-ын бодит жишээнээс харж болно. Энэ үед ковидын тархалт хяналтгүй өсдөг.Дэлхийн жишгээр энэ үед ямар процесс өрнөдөг вэ гэхээр нийт өвчлөгчдийн нэгээс гурван хувь нь амь насаа алдах зүй тогтолтой. Ийм зүйл манай улсад нүүрлэвэл хичнээн хүн амь насаараа хохирох вэ. Эрүүл чийрэг хүн гэнэт хүндэрвэл арав гаруйхан хоногийн дотор нас барчихаж байна. Энэ бол хүсүүштэй зүйл ердөө биш. Хэрэв хөл хориог тогтоовол эмнэлгийн ачааллыг 1,000 дотор барьж, нас баралтын түвшинг маш бага байлгана. Үгүй бол байдал хүндэрч, цар тахал жинхэнэ утгаараа эхэлнэ.

-Коронавирусийн халдвараар өвдсөнөө өөрөө ч мэдэхгүй нууц үедээ байгаа иргэдийн тооцоог гаргадаг гэлээ. Манай улсад нууц үедээ яваа хичнээн иргэн байгаа бол?

-Нууц үе гэдэг хоёр янз бий. Нэгдүгээрт, коронавирусийн халдвар авснаа өөрөө ч мэдэхгүй, ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй, хэн ч мэдэхгүй үе байна. Ингээд 2-3 хоногтоо коронавирусийн халдвар авсан ч хэн нэгэнд халдвар тараахгүй ийм түвшинд байдаг нууц үе байна. Хоёрдугаарт, өөрөө ковидын халдвар авснаа тухайн иргэн мэдээгүй мөртлөө бусдад халдвар тараагаад эхэлдэг нууц үе байна. Энэ төрлийн хамгийн аюултай нь өөрөө мэдэхгүй 2-3 хоног байна. Үүний дараагаас өөрт коронавирусийн халдвар авсан шинж тэмдэг мэдрэгдэж эхэлдэг. Түүнээс гадна зарим иргэдийн биед нь ямар нэгэн өөрчлөлт хүндрэл гарахгүй, халдвар тарааж яваад эдгэрчихдэг тохиолдол бий. Энэ бол ковидын хамгийн онцлог зүйл. Яагаад дэлхий даяар коронавирусийн тархалт зогсохгүй жил тойрон үргэлжлээд байна гэхээр коронавирусийн халдвар авсан таван хүний 1-2 тохиолдолд өөрийн биед нь ямар нэгэн өөрчлөлт гарч хүндрэхгүй, халдвар тараагаад эдгэрчихдэгт байгаа юм. Ялангуяа хүүхэд, залуус. Ингээд явж, явж суурь өвчтэй, өндөр настай, дархлаа султай иргэдэд тусахаараа хүндэрдэг. Тийм тохиолдолд нас баралтын тоо ихэсдэг. Ийм л зүй тогтол дэлхий нийтээр ажиглагдаж байна. Үүнийг тооцоолоход хүндрэлтэй. Манай улсад одоогоор коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 20, 30- аар яригдаж байна. Энэ удаад хөл хорио тогтоохгүй бол долоо хоногийн дараа халдвар авсан иргэдийн тоо өдөрт 100, 100-гаараа нэмэгдэнэ гэсэн үг. Өмнө нь өдөрт коронавирусийн халдварын тохиолдол 5-10 тохиолдол илэрч байх үед бид энэ долоо хоногт нууц үедээ байгаа иргэдийн тоо 30-40 байна хэмээн тооцож анхааруулж байсан. Тэгтэл өнөөдөр яг ийм тоогоор коронавирусийн халдвартай иргэд өдөрт бүртгэгдэж байна.

-Тэгэхээр таны ярианаас коронавирус бол зарим хүнд өөрөө мэдээгүй байхад тусаад эдгэрчихдэг гэж ойлголоо. Иргэд болон удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс коронавирусийн талаар хэр бодит, шинжлэх ухаанч ойлголттой байна вэ?

-Би энэ асуудлын талаар өнөөдрийн танилцуулга дээр хэлсэн. Коронавирусийн талаар иргэдэд болон удирдах түвшинд ажиллаж байгаа бүх хүмүүст шинжлэх ухаанч мэдээллийг хүргэх ёстой. Арван жилийн биологийн хичээлийн түвшинд л ойлгочихож болох асуудал. Тарваган тахал, гахайн ханиад бол байгалийн голомтот тахал. Харин коронавирус бол нийгмийн голомтот тахал. Тийм учраас хүний хандлага, мэдлэгтэй их холбоотой. Олон улсын судалгаанаас харахад аль ч улсад асуудалд мэдлэгтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй ханддаг иргэдийн дунд нас баралтын түвшин бага байна. Тиймээс нэг талаас халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад, хэрхэн үүнээс урьдчилан сэргийлэх вэ, ямар нөхцөлд хэр зэрэг халдвар авах боломжтой вэ гэдгээ мэдэж байвал коронавирус айгаад байх өвчин биш, хувь хүн бүрэн сэргийлж болдог зүйл. Харвал халдчихдаг, үзвэл үхчихдэг зүйл ерөөсөө биш. Нөгөө талаас тоохгүй байж болохгүй. Дэлхий нийтээрээ энэ өвчний өмнө цөхөрч байна шүү дээ. АНУ-д 400-500 мянган хүн нас барлаа. АНУ-тай жишвэл манай улсын хүн ам хэдэн мянгаараа нас бараад эхэлбэл юу болох билээ. Хоёрдугаарт, коронавирусийн халдвараар өвдсөн иргэнийг яг ингэж эмчилнэ гэсэн тогтсон эмчилгээ байхгүй. Вакцин ч ойрын хугацаанд бүрэн шийдэгдэхгүй байна. Түүнээс гадна ямар ч эмчилгээний зардлыг бүрэн төлөх чадвартай, эрүүл саруул, чийрэг биетэй залуу мөртлөө коронавирусийн халдвар авснаас хойш 10 гаруй хоногийн дараа нас барсан олон алдартан байна шүү дээ.Тиймээс дэлхий нийтээрээ энэ өвчнөөс бэрхшээгээд байгаа юм.

-Гэхдээ хөл хорио тогтоохоос илүү дэлхий даяараа коронавирусийн халдвартай дасан зохицоод амьдрахаас өөр сонголтгүй боллоо шүү дээ?

-Дэлхий нийтийн дагуу дасан зохицоод амьдаръя гэхэд коронавирус туссан иргэдийн 1-3 хувь нь нас барж байна. Энэ тийм сайн зүйл биш. Улаанбаатар хот 1.5 сая иргэнтэй. 100 мянган хүнд коронавирус халдварлалаа гэхэд 1-3 мянган хүн нас барна гэсэн үг шүү дээ. Энэ бол гуравхан сая гаруй монголчуудын хувьд асар өндөр тоо. Энэ өвчнийг XXI зуунд гарсан нийгэм,эдийн засаг, эрүүл мэндийн салбарын бодит хямрал гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байхад тоомжиргүй хандаж болохгүй. Гэхдээ хэт их айдаст автаж ч болохгүй. Өөрөөр хэлбэл, асуудалд мэдлэгтэй л хандах хэрэгтэй. Одоогоор хараахан бүх нийтийн дунд алдчих горимд шилжээгүй байна. Дэлхийн улс орнуудтай харьцуулахад манайд байдал харьцангуй сайн байгаа, гэтэл асуудал хүндэрсэн оронд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ авахыг үндэслэлгүйгээр шаардаад байх нь зохисгүй.

-Энэ удаагийн хөл хорио коронавирусийн тархалтыг хумих сүүлчийн боломж гэж та хэлсэн. Тэгэхээр энэ удаад хөл хорио тогтоочихвол цаашид эрсдэлгүй гэж ойлгох юм уу?

-Ойрын хэдэн жилдээ коронавирусийн халдвар дэлхий нийтээс бүрмөсөн алга болчихгүй. Тэр ч бүү хэл коронавирусийн халдвартай төстэй болон түүнээс ч хүнд халдварт өвчин тархах магадлалтай гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байгаа. Тэгэхээр дэлхий нийтээрээ халдварт өвчин гарсан үед бэлтгэлтэй байх, зөв даван туулдаг байх нь чухал. Хэдийгээр дэлхийд коронавирусийн эсрэг вакцин гарсан байгаа ч манай улс иргэдээ бүрэн вакцинжуулах хүртэл хэдэн сарын зай бий. Коронавирусийн халдварын голомт одоогоор Улаанбаатар хот байна. Цаашид энэ халдварыг хөдөө орон нутаг, улсын онц чухал объектод тархаахгүй байх нь чухал байна. Манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр болсон Таван толгой, Эрдэнэт үйлдвэр гэх мэт бүс нутагт халдвар тархаахгүй байх, хаврын газар тариалан, мал төлөлт, ноос ноолуурын их ажлаас өмнө цар тахлыг зогсоох, хяналтдаа оруулбал эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой нь ойлгомжтой. Түүнчлэн манай улсын иргэд өргөн хүрээнд тэмдэглэдэг Сар шинийн баярын өдрүүдээр хөл хорио тогтоохгүй бол ямар их хохирол амсах эрсдэлтэйг бодитоор баталсан БНХАУ-аас бид суралцах, сургамж авах хэрэгтэй. Заавал алдаа гаргаж байж ойлгох биш, бусдын бэлэн алдаа, туршлагаас суралцах хэрэгтэй. Тиймээс бүх нийтээрээ хөл хорио тогтоох юм бол эрсдэлийг бууруулах боломж бий. Гэтэл нийгэмд ямар нэгэн байдлаар хөл хориог эсэргүүцэх эрдэмтэд ч, шийдвэр гаргадаг хүмүүс ч, жирийн иргэд ч байна. Гэхдээ монголчууд боловсрол өндөртэй, асуудлын наадах цаадах, нарийн ширийнийг ялгаж салгадаг учраас зөвөөр хүлээж авч нэгэн сэтгэлээр энэ аюулыг зайлуулж чадна гэдэгт итгэж байна.

-Таны хувьд чанартай хөл хорио тогтоох хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ. Чанартай хөл хорио гэж таныхаар ямар хөл хориог хэлж байна вэ?

-Шууд утгаараа бол гэр бүлээсээ өөр хүмүүстэй харьцахгүй байхыг хэлж байна. Орж гарахад орц бол халдварын нэг үүсвэр гэдгийг ойлгож сэргийлэх хэрэгтэй. Гарч болзошгүй асуудлыг урьдчилан бодож шийдэх нь чухал. Энэ цаг хугацаа бол өөрсдийгөө хөгжүүлэх, сайхан амрах ховор боломж гэж хараасай.

-Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл байна уу?

-ДЭМБ-аас дараахь зөвлөж байгаа. Нэгдүгээрт, аливаа асуудалд хүнлэг энэрэнгүй, өөдрөг хандаач ээ. Хоёрдугаарт, аливаа асуудалд шинжлэх ухааны мэдлэгтэй хандаач ээ. Энэ хоёр хандлага бол бидний айх аюулгүй, санаа түгшихгүйгээр гэр бүл, бизнес, улс орныхоо аюулгүй байдлыг хангах үндсэн арга шүү гэдгийг дахин сануулахыг хүсч байна.

П.БАТЗАЯА

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (192.82.74.172)

    2021-02-03

    Yamarch amdralgui Yu yariad bgaa Nuxur Beeee

  • зочин (64.119.16.54)

    2021-02-03

    Урд нь олон сар хөл хориод энэ юм аа хийхгүй яасан юм. Зорилго нь ажил хийж амжуул гэж хорьсон шүү дээ. Эрх яриад байдаг. Чи цалингүй ажиллах юм уу.

  • иргэн (66.181.161.37)

    2021-02-03

    ЭМЧ НАР ЯРИХГҮЙ ЭНЭ ФИЗИКЧ ХААНААС ГАРААД ИРЭВЭЭ