Алдагдсан бичгийн Монгол хэл

Ард түмний хэл гэдэг бол хэдэн түмэн жил цогцлон бүрэлддэг учраас хэн нэгэн хэлзүйчийн мэдлэг чадвараас хэтийдэж хол давж гарсан байдаг бөгөөд ямар ч түвшиний доктор, профессор хөндөхийн аргагүй агуу зүйл билээ. Өөрөөр хэлбэл түүний далд утга чанарыг ойлгоогүй бүү хэл чанадын мөн чанар, далд утгыг нь ухаарч нэвтэрсэн гэж боддог хэн ч, бүлэг хүн ч бай өчүүхэн төдий ч оролдох эрхгүй гэсэн үг юм. Тэр тусмаа Монгол хэл шиг дэлхийд бараг ганцаараа шахам маш эртний өвөрмөц хэлийг оролдох гэж мунхаглах санаа хэний ч дотор төрөх ёсгүй.

Монгол хэл бол маш эртний хэл (бүр анхан хүй нэгдлийн үеэс өмнө ч үүссэн байх магадлалтай) гэдэг нь олон зүйлээс харагддаг. Тодруулбаас нэгд, Монгол хэлэнд Монгол оронд амьдардаггүй буюу халуун дулаан оронд амьдардаг амьтад болох бар, арслан, анааш, хирс, заан, имж, матар, удамбэр, мөн шувууд буюу тоть, цацагт хяруул, билүүс, тахиа, тогос, Монгол оронд ургадаггүй халуун дулаан орны жимс болсон жүрж, бэрсүүт жүрж, амтат жүрж, гадил, нимбэг, анар, тарвас, үзэм, инжир, илжгэн чих, буйлс, хан борогцой, тоор, цангис, чавга, чидүн, Монгол орон их далайгаас алс хол атал далай тэнгист амьдардаг амьтад болох халим, хулд, хилэм, наймаалж, далайн гахай, далайн морь, цагаан баавгай, далайн хав зэрэг амьтад, жимс ургамал, загасны нэрс бүгд Монгол нэртэй байдаг нь балар эртний цагт тэдгээр амьтан, ургамал Монгол оронд амьдарч ургаж байсан тэр үеэс Өвөг Монголчууд тэд бүгдтэй зэрэгцэн оршиж таарч тохирох нэрсийг оноон өгч нэрлэж агсантай шууд холбоотой билээ. Тэр ч бүү хэл амьтдын эрэгчин, эмэгчин, зулзагыг нь ялгаж салгаж арслан, эрслэн (эмэгчин арслан), гүег (арслангийн зулзага) моньш (эмэгчин сармагчин), моньд (сармагчны зулзага) гэх мэтээр нэр өгсөн байдаг нь тэднийг хэтэрхий сайн мэддэг байсныг харуулж өгдөг.

 

Дэлхий дээр өөр ийм өвөрмөц хэл огт байдаггүй. Бусад хэлний үгсийн санг харахад өөрийнхөө нутагдээр байдаггүй амьтад, ургадаггүй ургамалын нэрс нь бүгд зээлдмэл үг байдаг нь Монгол хэлийг асар эртний гаралтайг илчилж өгдөг. Монгол хэл бол хүн төрөлхтөний хамгийн эртний хэлний нэг гэдгийг зааж өгч ухааруулж буй зүйл бол яах аргагүй энэ юм.

 

Хүн төрөлхтөний хэл 3 сая орчим жилийн өмнө үүссэн гэдгийг хүний хоолойн бүтцийг нарийвчлан судалсны үндсэн дээр өдгөө шинжлэх ухаан нэгэнт тогтоогоод байгаа билээ. Тэр анхны хэлний нэг хэмээгдэж, “Ностриан хэл” (Умардын хэл) хэмээх болзолт нэрээр нэрлэсэн хэлний эх үндэс нь Өвөг Монгол хэл байж болохыг дээр дурьдсан баримт нотолж өгөх өндөр магадлалтайг зохих ёсоор нягтлаж нарийн судалж үзэхэд илүүдэх юун билээ.

Монгол хэл хүн төрөлхтөний хамгийн эртний хэлний хувьд олон зуун мянганыг өртөөлөн дамжиж боловсорсоор өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой болжээ. Аливаа хэл дотоод мөн чанартаа нийцсэн ойлгомжтой, энгийн дүрэмтэй байх ёстой. Монгол хэлний бичгийн ба ярианы хэлний дотоод нарийн уяалдаа холбоо, зохицлыг Оролбийдорж тэргүүтэй Монголын бичгийн их эрдэмтэд XIV зуунаас машид анхааран судалж, Монгол хэлзүйн онолын үндэсийг тавьсан олон арван ном бүтээлийг туурвиж үлдээсэн байдгийг энд дурьдах юун. Харин тэдгээр суут эрдэмтдээс нарийвчлан судалж тогтоосноор Монгол хэл нь Үйл үг, Нэр үг, Сул үг гэсэн гуравхан үгсийн аймагтай, үгийн хүйс буюу эр, эм үг гэсэн ангилалгүй, тиймээс тодотгол үгс нь хүйс дагаж хувирдагггүй, ганц болон олон тооны хувирал байхгүй, тооны нэрийн аравтын тогтолцоо нь хэзээ ч эвдэрдэггүй, товч тодорхой ярьж болдог цэгц сайтай хэл билээ.

Монгол хэл олон сая үгтэй маш баялаг үгсийн сан бүхий хэл гэж зүй ёсоор нэрлэхүйц хэл юм. Тиймээс ч Монгол хэлний үгсийн сангийн баялагт дөхөж очих үгсийн сантай хэл (герман хэл байж болох юм гэх нь бий) ховорхон байдаг. Номын их гүүш Б.Ренчин агсан Монгол хэл гурван сая орчим үгтэй хамгийн баян үгсийн сантай гэгддэг хэл гэж бичиж байсан бөгөөд үүний ихэнхи үгс нь бичгийн хэлэнд хаяглагдаж байдаг төдийгүй энэ нь үг болгонд шахам өөрийн хүндэтгэлийн хэлбэртэй (тансаг), мөн өргөмжлөлийн үгсүүд олонтой байдагтай холбоотой.

Бичгийн хэл гэдэг бол түүхэн хэлнийхээ аль нэг аялга дээр үндэслэгдсэн байдаг диалектикийн хуульд захирагддаг хөдлөшгүй жамтай бөгөөд түүнийг хөнгөн хялбар тогтолцоо гэж андуурч хэрхэвч болохгүй. Тиймээс ч Монгол хэл маш энгийн дүрэмтэй, төгс боловсронгуй шинж төрхтэй, аливааг товч тодорхой дүрслэн илэрхийлэх төгс чанартай хэл билээ. Төгс боловсрогдсон зүйл бол маш энгийн шинжтэй байдаг гэж Францын их зохиолч Александр Дюма бичсэн үлдээснийг анхаарч үргэлж санаж ухаарч явууштай.

Монгол хэлний бичгийн хэлийг нарийн судалж үзсэн гадны эрдэмтэд Шүмэр хэлтэй (6 мянган жилийн өмнөх) холбоотой гэж үздэг бөгөөд шүмэр хэлний нэгэн аялга Монгол хэлний бичгийн хэл болж өгсөн бололтой гэж хүлээн зөвшөөрдөг.

Монгол хэлний бичгийн хэл нь Монгол хэлний эртний хөгжлийн нэгэн үе шат болж байсан төдийгүй цаашдаа эртний болон өнөөгийн Монгол хэлний амьд хэл яриа, хэллэгийн хөгжлийг тодорхойлсон маш эртний нэгэн аялга (шүмэр аялга бололтой) дээр суурилаж бүрэлдэн тогтсон ажээ. (Б.Я.Владимирцов. Сравнительная грамматика Монгольского лисьменного языка и Халхаского наречия. Лг., 1929, с.20-21). Хэрэв зэ Монгол бичиг шүмэрүүдийн дунд үүссэн гэдэг үндэслэл зөв ахуул эртний Монгол аялга нь шүмэр хэлний аялга байж болох юм (мөн тэнд).

Эртний Монгол хэлний өргөлт (урт эгшиг) эхний үе дээр байдаг байснаа сүүлийн үе лүү шилжжээ (мөн тэнд). Үүнээс харах юм бол Монгол хэл шүмэр хэлний онцлог болсон эртний өргөлтийн хэлбэрийг хадгалан үлдсэн ажээ.(мөн тэнд). Хэл бол маш нарийн зүй тогтолтой, маш чанд зохион байгуулалттай дээд нандин зүйл гэдгийг манай хэлзүйчид үүнээс хатуу ойлгож авч түүнийг  элдвээр оролдох мунхаг санаанд автахгүй байх хэрэгтэй байна. Хэлнийхээ дотоод мөн чанарын диалектик хууль, далд нандин холбоог гүн гүнзгий ойлголгүйгээс түүнийг оролдох, дүрмийг нь өөрчлөх гэсэн адал балмад үйлдлэл манайхаас өөр ямар ч улс оронд гарч байгаагүй гэдгийг өдгөө бид хэн хүнгүй бүгд ухаарах ёстой болж буйг хэлэх юу сан билээ. Энэ бол соёлт үндэстний хийдэг ажил огт биш ээ. Тэгээд ч тийм оролдлогыг өдгөө соёлжсон манай зон олон өдгөө хүлээн авахгүй гэдэг нь ойлгомжтой. Ц.Дамдинсүрэн гуай харийн хүмүүсийн шахалт тулгалтад эрхгүй автагдаж, хөндөж болохгүй ард түмний дээд өмчид гар хүрэх гутамшигт үйл үйлдсэндээ сэтгэлийн гүнээс харамсаж, өөрийнхөө амьдралын гурван том алдааны нэг гэж гэмшихийн дээдээр гэмшиж явсаар зүрх сэтгэл, оюундаа шархтай нүд аньсан гэдгийг өнөөгийн хэлзүйчид толгой дараалан гүн гүнзгий ухаарч үндэснийхээ хэлийг цэвэр ариун байлгах манаанд зогсох ёстой цорын ганцхан ажилдаа шамдан ороосой гэж шаардмаар болчихсон байна. Тэгэхгүй бол та нарын кирилл бичгийн хэл чинь улам бүр ядуурсаар “Би хаягдцын байх гэж бодсым чинь хаягдаагүй байсым байна’’ гэж бичдэг болчихоод дүрэм зүрэм ч гэх юмгүй болж, уруудаж доройтсоор байна шүү. Хэлзүйчид минь Монгол хэлээ яргалах гэж дахин дахин мунхаглаж байхын оронд хэлнийхээ цэвэр ариун байдлын манаандаа гарч эх хэлээрээ ярихдаа гадаад үг хэрэглэдэг, бичихдээ алдаа согогтой бичдэг хүмүүсийг торгодог францчуудын жишээгээр ажиллаж үз.

Мөхөс миний бие үүнийг бичихдээ гадаад үг Монгол хэлэнд байх ёсгүй гэсэн санааг хэлж байгаа биш билээ. Үнэхээр орчуулж хэрэглэхэд төвөгтөй, дэлхий нийтээр түгээмэл хэрэглэлэг үгийг тэр чигээр  нь авч хэрэглэхээс өөр аргагүй. Гагцхүү ижил утгатай үндсэн Монгол үг мартагдах нь эх хэлний маань оршин тогтнолд аюултай гэсэн санааг л хэлэх гэсэн билээ. Нөгөө талаар дээр хэлсэнээр Монгол хэлний дотоод диалектикийн хуулийг харуулах баримт, нотолгоо гаргах гэсэн билээ. Өөрөөр хэлбэл Монгол хэлний ярианы ба бичгийн хэлний дотоод хэлхээ холбоог тасалбал ярианы хэл нь ядуурч гадны хэлний нөлөөнд амархан автагдах эмзэг чанартай болдог ажээ. Энэ чанар нь англи хэлний ярианы болоод бичгийн хэлний хэлхээ холбооны салшгүй чанартай зарим талаараа адил юм. Англи хэлэнд ярианы хэлэндээ огт хэрэглэгдэх нь битгий хэл бичгийн хэлэндээ ховорхон хэрэглэгддэг (түүх бичлэг зэрэгт л хэрэглэгддэг) гурван цаг (манайхаар бол тийн ялгал гэж барагцаалан ойлгож болно) байдаг бөгөөд түүнийгээ хэрэглэгддэггүй гээд устгачихсан бол англи хэл өнөөгийн Монгол хэлний туулж байгаа эмгэнэлт хувь заяатай өөрийн эрхгүй тулгарах байсан.

 

Гэвч Англичууд биднээс ялгаатай нь хэлнийхээ дотоод мөн чанарыг зөв ойлгож ухаарч чаджээ. Үндэсний соёл хэлээ нүднийхээ цөцгий шиг хайрлах хэрэгтэй гэдгийг францчуудын жишээ ч бидэнд хэлж өгч байна бус уу. Англи хэл, англи-саксоны соёлын хүчтэй түрэлтийн өнөө үед францчууд эх хэлнийхээ цэвэр ариун байдлыг эрхэмлэж, үндэснийхээ өвөрмөц соёлоо эрхэмлэн дээдлэх үүднээс хэл яриандаа шаардлагаүй гадаад үг хольж хутган ярьсан хүнийг торгодог хатуу хууль гаргажээ. Энэ үндэсний үзэл мөн үү, францчуудын ойлголтоор биш ажээ.

 

Бид бүр будилж гүйцээд халх, буриад, дөрвөд, үзэмчин хэл байдаг юм шиг нэг хэсэг номнож байснаас энгийн хүмүүсийн дунд одоо ч гэсэн иймэрхүү ойлголт амь бөхтэй оршсоор л байна. Гэтэл үнэн хэрэг дээрээ Монгол хэл бол ганцхан бөгөөд герман хэл олон аялгатайгийн адил тэдгээр нь Монгол хэлний аялгууд билээ. Хүн хэн ч байлаа гэсэн төрөлх хэлээ тааруу мэдэх биш гүн гүнзгий мэдэрч төгс төгөлдөр мэддэг болох ёстой. Гэтэл “мэддэггүй хүн мэргэн цоохор байдаг” гэгчээр хэлд ороод, ярьж өссөн юм чинь Монгол хэлийг мэддэг л байж таараа гэж бодож явдаг атлаа гадарлахын төдий мэддэг хүмүүс олширсон нь харамсалтай нэгэн үзэгдэл манай нийгмийг хүчтэй дайрчихсан бололтой.

Хэлний шинжлэх ухаанд аливаа хэлний 2000-5000 үг мэддэг хүнийг тэр хэлийг гадарладаг гэж тооцдог баримжаа бий. Гэтэл манайд хийсэн судалгаагаар орчин үеийн хүмүүсийн үг яриа гол төлөв 400-500-хан үгэнд эргэлдэж байна гэсэн зүрх шимшрүүлэм аймшигтай тоо гарсан.

Ер нь л ний нуугүй шуудхан хэлэхэд Монгол хэлэнд гай чирч хүчирхийлэн орж ирсэн харь хэлний хахир дүрмийн тарьсан уршгаар Монгол хэлээ сайн мэддэг Монгол хэлээрээ зөв ярьдаг хүн жилээс жил ирэх тутам улам бүр цөөрсөөр байна.

Хэл болгон өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг бөгөөд хэрвээ тэрхүү онцлогийг нь алдагдуулбал тэр үндэстний хэл бөхөж буй зул шиг аажим аажмаар ядуурсаар бие даан оршиж чадахаа больдогийг мари, мордва хэлний гашуун хувь заяа харуулдаг билээ. Тэгэхээр бид урьд гаргасан алдаагаа арилгаж, үндэснийхээ соёл, уламжлалт ёс заншлаа аварч “Монгол сэтгэлгээ”-гээ сэргээхийн тулд оюуны соёлын гол хэсэг болсон үндсний хэл, бичиг үсгээ сэргээхээс эхлэх ёстой.

Монгол хэл нь ярианы болон бичгийн хэлтэй, бичгийн хэл нь ярианыхаа хэлийг ядууруулахгүй барьж байдаг дотоод мөн чанартай өвөрмөц хэл гэдгийг дахин дахин сануулмаар байна. Тиймээс бичгийн хэлээ эрхэмлэж, дээдэлж, хайрлаж хамгаалж байх ёстойг хэрхэвч мартаж боломгүй.

 

 

Ж.БОР 

Д.Баатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)