Ю.Цэдэнбал, Анастасия Ивановна нар чин сэтгэлээр нэгнийгээ хайрлан хүндэтгэдэг байжээ

Өнөөдөр Монгол төрийг 40 гаруй жил удирдсан төрийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Ивановнагийн мэндэлсний 101 жилийн ойн төрсөн өдөр. Үүнтэй холбогдуулахын сацуу ерөөс ХХ зууны Монголчуудын ёс суртахууны сэдвээр тодорхой баримт түшиглэн бичсэн МУИС-ийн профессор, доктор (Ph, Sc) Ц.Жамбалсүрэнгийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Хүн төрөлхтөн хэмээх байгалийн гайхамшигт бүтээлийн хамгийн сод онцлог чанар бол хүн хүнээ хайрлах ёс, нинжин сэтгэл, ёс суртахууны эрхэм нандин чанар юм. Ардын засгийн жилүүдэд ард түмэн, ялангуяа  залуу үеийнхээ иргэний хүмүүжил, ёс суртахууны зөв чанар тэдэнд төлөвшүүлэхэд их анхаардаг байсан нь тэр үед нийгэм- эдийн засаг, соёл, оюун санааны үсрэлт хийхэд томоохон нөхцөл нь болсон гэж хэлж болох юм.

 Бидний эцэг эх, ах эгч нар нэг нэгнийгээ яаж хайрлан хүндэтгэж, өөрийн үр хүүхдийнхээ төдийгүй, бүх монгол хүүхэд залуучуудын төлөө, ирээдүй үеийнхээ төлөө яаж анхаардаг байсныг бид хүндэтгэлтэйгээр дурсан санадаг билээ. Одоо цагт чухамдаа энэхүү ёс суртахуун гэдэгтээ бид онцгой анхаарах ёстой болжээ гэдэг үүднээс ахмад үеийн мянга мянган сайхан сэтгэлт хүмүүс яаж нэгнийгээ хүндэтгэж, яаж үр хүүхдээ , ард түмнээ хайрлаж байснаас суралцах, үлгэрлэл авахад тус болох боловуу гэж энэ үгүүллийг бэлтгэлээ. 

Ю.Цэдэнбалын эхнэр нь эр нөхрийнхөө нэр төрийн төлөө, хайр сэтгэлийнхээ төлөө, ажил амьдралын бүхий л үед төдийгүй, өөд болсон хойно нь ч чин үнэнчээр зүтгэсэн, цэцэн цэлмэг ухаантай, тов тодорхой   үг яриатай, хувийн амьдрал төдийгүй улс төрийг ч яггүй ойлгон ухаардаг, хүнийг таньж, хайрлаж дэмжиж, бас тэмцэж чаддаг хүн байсныг энэ ер бусын гэр бүлийн түүх гэрчлэн үзүүлсэн билээ.

 

Анастасия Ивановна хайр дурлалаа, хамтын амьдралаа хамгаалах, эр нөхрийхөө сайн үйлсийг дэмжих талаар өөрийнх нь хэлснээр жинхэнэ “Эмэгчин бар” шиг тэмцсэн юм. Тэрээр:

- “Цэдэнбал бид хоёр бие биендээ үнэхээр хайртай байсан юм шүү. мэдээжийн хэрэг муудалцах, эвлэрэх юм гаралгүй яахав. Гэхдээ бид хоёрын хайр сэтгэлийг юу ч сэвтээж байгаагүй”

- “Манай гэр бүлийн талаар юу ч ярилаа гэсэн намайг Цэдэнбалтай холбосон хувь заяандаа, түүнтэйгээ хамт 44 жил байсандаа бахархаж байна”.

- “Улс төрийн асуудалд тэрээр хаанаа зөв, хаанаа буруу байсныг би шийдэхгүй. Түүх, цаг хугацаа шийддэг.Магадгүй тэрээр хаа нэгтээ алдсан ч байж болох юм, мэдэхгүй, гэхдээ улс орны өмнө босч ирсэн гол гол асуудлууд дээр тэр зөв юм хийж байсан гэдэгт би бат итгэлтэй байна”.

- “Бидний хувьд амаргүй жилүүдийг хамт туулж үзсэний хувьд түүнийг гарамгай бие хүн гэж үздэг.

- “Бусад орны удирдагчдаас ер нь Цэдэнбал шиг сайхан, бараг унаган орос хэлээр олны өмнө үг хэлж чаддаг хүн байгаагүй”

- “Хүнлэг, уулзаж ярилцахдаа найр тавьсан, хүний аяар, зөөлөн хүн”.

- “Тэр бол хүчирхэг бие хүн байсан юм”.

- “Уншсан ном, өргөн мэдлэгээрээ Цэдэнбал хүрээллийнхэн дотроосоо эрс ялгарч байдаг байсан. Монголд мэдлэгээрээ түүнтэй эгнэх хүн байгаагүй, одоо ч байхгүй”

- “Та нар Цэдэнбалын өмнө өвдөг сөхрөх ёстой. Энэ хүн чинь танай улс орон, үндэстнийг чинь аварсан хүн”

-“Монголын түүхэнд ардын баатар цөөнгүй байсан боловч аугаа их хүн хоёрхон. Тэр нь Чингис хаан, Цэдэнбал хоёр юм” (Л.Шинкарев. Ю.Цэдэнбал, түүний цаг үе: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл.- УБ.,2004, 2006, 503x)  гэжээ. Монголын тэргүүн хатагтай байсан энэ орос эх амьдралын турш хайрласан ганц хүн нь, хамгийн өндөр үнэлж, хүндэтгэж, бахархаж байсан цорын ганц хүн нь Юмжаагийн хүү мөн байжээ.

Ю.Цэдэнбал хувь заяаны эрхээр учран тохиолдсон орос  бүсгүйтэй  1947 онд танилцаж, Москвагийн цэцэрлэгт хүрээлэнд ирээдүйг мөрөөдөн ярилцаж байсан тэр үеэс хойш 44 жил хамт амьдрахдаа энэ л эгэл жирийн эмэгтэйд хайр сэтгэлээ чин үнэнчээр зориулсан ариун романтик, өөдрөг сэтгэлтэй эр байсныг олон хүн дурсжээ. Ю.Цэдэнбалын тэмдэглэлд хань ижлээ хайрлан хүндэтгэсэн үг өгүүлбэр олонтаа тохиолддог юм.

Энэ нь хайр сэтгэлээ илчилсэн ханийн үг гэхээсээ илүү Монгол төрийн их зүтгэлтэн Ю.Цэдэнбал өөрийн насан туршийн хамтран зүтгэгчдээ өгсөн тодорхойлолт гэж хэлж болно. Жишээ нь:

- “Анастасия Ивановнаыы бол хувь заяаны хишиг юм. Энэ бол үйл хөдлөл, зоригтой эрэлхийллийн төлөө төрсөн эмэгтэй, хөшүүн хойргийн дайсан.анхаарал халамж, гэрэл гэгээгээрээ хүнийг мялааж, сайн үйлсийг нь дэмжиж, зовох цагт нь тусалдаг. “Ялан мандсан хүнлэг ёс” гэсэн үг.

Энэ үг түүнд юу юунаас илүү тохирно. Гаднаа түүний үгхурц, барагууртай ширүүн мэт боловч түүнд нь анхаарал халамж шингэсэн байдаг. Заримдаа шаргуу зандаа хөтлөгдөөд цочмог юм хийх нь бий. Гэвч тэр нь ажил хэрэгт тусалдаг. Хамаг чөлөөт цагаа оёх, нэхэхэд зориулж хүүхдүүддээ оймс, бээлий, хүзүүний ороолт, малгай, цамц хийж байна. Түүний оч цахилуулсан идэвхтэй зан чанар (энэ бол бодомжгүй үйл хөдлөл огтоос биш) сайн төлөвшжээ. Тэрээр эрэлхийлсэн, бүтээлч хүн юм. Анзаарагдамгүй юмнаас гоо сайхан, баяр баясгалантай зүйлийг олж хардаг...”

- “ Анастасия Ивановна ухаантай, гоо үзэсгэлэнтэй, халамжтай. Тэрээр манай байгууллага, хүмүүсийн алдаа дутагдлын өмнөөс сэтгэлээрээ шаналж явдаг. Дутагдлыг нь ажил хариуцсан хүмүүсийн улаан нүүрэн дээр хэлдэг. Түүний үйлс бол гэрэл гэгээ...”

- “Анастасия Ивановна бол гаднаа ч, дотроо ч сайхан, тусч хүн. Тэрээр Зөвлөлтийн сайн санаат шударга хүмүүсийн нэгэн адил худал хуурмагийн шийдэмгий, эвлэршгүй дайсан юм...”

- “Анастасия Ивановна бол туйлаас бүтээлч зан чанартай.

Хүн бол түүний анхаарал халамжийн төвд оршино. Түүний онцлог шинж чанарын нэг бол хүмүүс, өсвөр үеийхнийг халамжилдаг явдал юм. Энэ тухай нь нам төрийн актив, хилийн чанад дахь хүн амын өргөн олон давхрага мэдэж байгаа...”

- “Үнэлж баршгүй эрдэнэ мэт хайрт минь. Гай зэтгэрээс аврагч минь. Ухаантай цэцэн, хүний мөс чанарыг алдахгүй таньдаг хань минь. Намайг болгоомжгүй алхам, дайснуудын хатгалгаас хамгаалагч минь. Эрхэм нандин хайрт хань минь. Бүтэлгүй намайгаа уучил... Аав нь”.

- “ Миний 65 насны ойгоор над Анастасия Ивановна 65 сарнай цэцэг барилаа. Түүнийг Москвагаас надад мэдэгдэлгүй авчирсан юм байжээ. Сайн үйлийг бүтээж, түүнийгээ хүнд хүртээж чаддаг хүн дээ. Би түүнтэй танилцсан цаг мөчийн ерөөл дэмбэрлийг үргэлж бодож явдаг юм. (Миний төлөө хичнээн ихийг хийсэн, хийж байна даа)… Анастасия Ивановна нь хүний зовлонг маш гярхай мэдэрнэ, хүнд дандаа өгөөмөр сэтгэлээр хандаж, зовлонг нь хуваалцаж, эд материал, санаа сэтгэлийн талаар дэмжиж явахыг хичээдэг. Ийм учраас эр, эм, хөгшин, залуугүй түүнд үгээ хэлж, түүнд татагдаж, түүнийг хайрлаж хүндэтгэж, түүнд илч дулааны болон сайн үйл, гэрэл гэгээ, зүрх сэтгэлийн өгөөмөр чанарын эх ундраа байгааг олж үздэг…”,

-“ Анастасия Ивановна амьдралыг асар их хүндэлж хайрладаг, хүний зовлон жаргалыг жинхэнэ ёсоор мэдэрдэг хүн. Өөрийнхөө сэтгэл зүрхний гэрэл гэгээг бусдад өгч чадна. Энэ авгай бол мохошгүй эрч чадалтай хүн, ажиллаж л байвал болдог хүн. Сэтгэл зүрхээрээ гоо сайхныг мэдэрч, элэгсэг дотно, нөхөрсөг уур амьсгалыг бий болгож, хүний үгийг сонсож, тэдэнд хэрэгтэй зүйл хийх – энэ бол түүний чин эрмэлзэл мөн… Анастасия Ивановна хүүхдийг хүмүүжүүлэх өөрийн гэсэн сурган хүмүүжүүлэх барилтай хүн.  Манай хүүхдүүд үнэнч шударга, хөдөлмөрч, даруу төлөв хүмүүс болж өссөн юм. Энэ бол эхийнх нь л гавьяа” (Гэрэл, сүүдэр.Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс. –УБ., 1992, т.78–79)

- “Одоо эхнэр Анастасия Ивановнагийнхаа тухай хэдэн үг хэлмээр байна.       Намайг согтуу хөлчүү наргианчдаас аварсан хүн (Дайны үед, дайны дараа манайд (зөвхөн манайд ч биш) архидан согтуурах явдал хавтгайрсан байлаа). Энэ минь бид хоёроос гарсан хөвгүүдийг төлөв даруу болгон хүмүүжүүлсэн. Түүнээс гадна манай хоёр хөвгүүнийг хөл дээр нь босгож, сургуульд оруулаад өөрийн санаачлагаар ариун үйлсийг эхэлж Хүүхдийн фонд гэдэг нэртэй байгууллага үүсгээд хөдөлмөрчид болон янз бүрийн аж ахуйн байгууллагын сайн дурын хандив хөрөнгөөр хот хөдөөд хүүхдийн цэцэрлэг, ясли байгуулснаараа хөдөлмөрчдийн чин сэтгэлийн талархлыг хүлээсэн билээ. Үүнд нь хэд хэдэн удирдах хүмүүсийн авгайчуул олон нийтэд тустай ажил хийдэггүй, өөр эсэн бусын юм хийдэг мөртлөө атаархдаг юм. Анастасия Ивановна энэхүү ариун үйлсээ бүтээхдээ, зарим нэг байгууллагад хүнд сурталтай тулгарах үедээ заримдаа цочмог зан гаргаж, хэн нэгэнд -“Хүнд суртал гаргаж байна, Монголын хүүхдүүдийг бодохгүй байна, ард түмнүүдийн найрамдлын эсрэг байна гээд улаан нүүрэн дээр нь шулуухан хэлчихдэг тал бий. Энэ тухай түүнд дургүй хүмүүс нэг тийш нь хов хүргэж, тэнд нь учрыг нь жинхэнэ ёсоор ололгүйгээр заримдаа буруу дүгнэлт хийдэг. Эцсийн эцэст энэ бүхэн нь Монгол-Зөвлөлтийн найрамдалд цохилт болдог.”

- “Хайртай мамулечка. Чи минь болор шиг ариун сэтгэлтэй билээ. Ард түмний төлөө чиний хийсэн, хийж байгаа тэр бүхэн чинь, түүний чинь төлөө чамайг Монгол орны хөдөлмөрчин хүмүүс, эцэг эхчүүд хот хөдөөд хайрлан хүндэтгэдэг билээ. Заримдаа чи залхуу хойрго, албан тушаал хөөцөлдөгч нарт эрс ширүүн байдаг билээ. Гэвч энэ чинь нам, засгийн шугамд нийцэж байгаа шүү дээ. Гэвч чухамдаа тийм өөдгүй этгээдүүд л хаа нэгтээ заваан гүтгэлгээ хаа нэг газар аваачиж өгч байна. Гай нь юунд байна вэ гэвэл зарим нэг дээд газрын хүмүүс заримдаа нарийвчлан шалгаж, үнэн мөнийг нь олж, учир зүйг нь тунгааж чаддаггүйд байгаа юм. Гэвч эрт орой хэзээ боловч Үнэн заавал ялдаг. Одоо чамайг хорон санаатнууд зориуд өдөж, чамаар хатуу ширүүн үг хэлүүлэх гэж оролдоно. Булай өдөөн хатгалганд нь битгий автаарай. Тайван байгаарай. Ширүүн, (гэхдээ шударга) ганц үгийг чинь тэд хар хэргээ хийх гэж гуйвуулна шүү. Чи минь цэцэн ухаантай болохоор тайван байж чадна. Монгол-Зөвлөлтийн найрамдлын дайснуудын булай өдөөн хатгалгад битгий автаарай. Гэхдээ алдаа дутагдал олж харвал урьдын адилаар тэр тухай хэлж, хэрхэн арилгах талар хүмүүст тайван зөвлөж байгаарай. Эцсийн эцэст, Үнэн ямагт ялдаг шүү. Папулечка чинь. Москва, зуслан, 26.8.84”.

1991.04.21. “Аав хөнжил дотроосоо гараа гаргаад миний гарыг атгаж:  -“Миний хүү. Миний амь тасарч байна” гэсэн. Аавын ухаан балартаж, дараа нь нэг сэргээд, нүдээ нээж: - Миний хайрлаж явсан цорын ганц эмэгтэй бол ээж чинь шүү. эжийгээ хайрлаж яваарай” гэж хэлсэн гэж том хүү Владислав нь дурсчээ.

Олон жилийн нөр их хөдөлмөр, тэмцэл, хатуу хяналт, хамгаалалт зэргийн улмаас хүмүүсийн ерийн чөлөөт амьдралаас тодорхой хэмжээгээр хөндий байснаас гадна Ю.Цэдэнбалын төрөлхийн нэг чанар бол хувийн зугаа цэнгэл хөөцөлддөггүй хүн байжээ. Ю.Цэдэнбалын эхнэртээ бичсэн, сайхан үгээр бодлоо илэрхийлсэн хайр сэтгэлийн олон захидлууд байсныг эхнэр нь насан эцэслэтлээ нандигнан хадгалж байсан нь уншигчдын гарт очсон билээ. Настя эмээ хожим дурсахдаа: “Саявтар нөхрөөсөө үлдсэн бичиг цаасыг янзалж байгаад надад аминчлан бичсэн нэг зурвасыг олж үзлээ. “Дээд тэнгэрийн ивээл, хувь заяаны сайнаар учирсан хайрт минь, хонгор минь, чинийхээ өмнө сөгднөм” гэж бичсэн байна.  Манай гэр бүлийн талаар юу ч ярилаа гэсэн намайг Цэдэнбалтай холбосон хувь заяандаа, түүнтэйгээ хамт 44 жил байсандаа баярлаж байна” (Ю.Цэдэнбал. Хүмүүсийн дурсамж. б.1, –УБ., 2002, т.245.) гэжээ. Сайн сайхан, гэгээнлиг энэ хүмүүсийн хайр сэтгэл ийм аугаа, ийм ариун байсныг энэхүү захидлууд гэрчилж байна.

 

МУИС-ийн профессор, доктор (Ph, Sc) Ц.Жамбалсүрэн

Хүндэтгэсэн: Unen.mn сайт

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)