Ё.Мориг шүүмжлэгчид Олимпын наадмыг бойкотлов
- 2021-02-05
- Дэлхий
- 0
Токиогийн олимпыг зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори эмэгтэйчүүдийн талаар “зохисгүй” үг хэлсэндээ уучлалт гуйлаа. Улсынхаа шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгох үүрэг бүхий олимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүдийн 40 хувь нь эмэгтэйчүүд байх саналыг Мори эсэргүүцсэн байна. “Асахи Шимбун” сонинд бичсэнээр Ёширо Мори эмэгтэйчүүдийг “ярихаас цаашгүй”, “удирдах зөвлөл дэх бүсгүйчүүдийн квотыг нэмэх шаардлагагүй” гэжээ. Японы олимпын хорооны удирдах зөвлөлийн 24 гишүүний тав нь эмэгтэй төлөөлөгч байдаг. 83 настай Мори 20002001 онд Японы Ерөнхий сайдаар ажилласан бөгөөд дипломат бус тайлбар хийдгээрээ алдартай.
Ёширо Мори нэгэнтээ “Майничи” сонинд өгсөн ярилцлагадаа эмэгтэйчүүдийг тохуурхсан хэмээн шүүмжлэлд өртсөн удаатай. Моригийн эмэгтэйчүүдийн талаар хэлсэн үг олон нийтийн уур хилэнг төрүүлж, цахим сүлжээнд #Moriresign хаштагийг эхлүүлжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид “Ичгүүртэй юм. Мори тэтгэвэртээ гар” гэж жиргэсэн байна. Мөн Мори ажлаа өгөхгүй бол Японы шигшээ багийн эмэгтэй тамирчдыг олимпод оролцохгүй хэмээн бойкотлохыг уриалжээ.
Японы олимпын хорооны гишүүн, жүдоч Каори Ямагучи “Зохион байгуулах хорооны дарга ийм үг хэлсэнд харамсалтай байна” гэв. Мөн тус улсын спортын “Хочи” сайтад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүйсийн тэгш байдалд анхаарал хандуулах нь наадмыг зохион байгуулах комиссын нэгдүгээрт тавих шалгуур” гэсэн байна.
ЯПОН УЛС ХҮЙСИЙН ТЭГШ БУС БАЙДЛЫН СУДАЛГААГААР СҮҮЛ МУШГИДАГ
Японы Засгийн газар хүйсийн тэгш байдлыг дэмжих чиглэлээр тууштай тэмцэж байгаа. Жендэрийн тэгш байдлын тухай 2020 оны дэлхийн тайлан судалгаанд 153 орон хамрагдсанаас Япон улс 121-т жагсчээ. “Япон улс хүйсээр гадуурхах явдалд шийдвэртэйгээр хариу өгөх ёстой. Бид хүмүүст хүйсийн тэгш бус байдал ямар өчүүхэн зүйлээр ч болтугай илэрдэг вэ гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийг хүсч байна” гэж эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, зохиолч Юми Ишикава жиргэжээ. Тэрбээр олон улсын анхаарлыг татсан #Kutoo хөдөлгөөнийг санаачлагч юм. Тус хөдөлгөөнийхөн Японд ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн ажлын байрандаа заавал дагаж мөрддөг харгис журмыг эсэргүүцдэг. Японд компаниуд эмэгтэйчүүдийг заавал өндөр өсгийт өмсөхийг шаардах нь хэвийн үзэгдэл болсон байдаг аж. Иймд Ишикава гадаадын улс орнуудын хэвлэл энэ асуудлаар мэдээлэл бэлтгэж кампанит тэмцлийг нь эрчимжүүлээсэй хэмээн хүсчээ.
Түүнийг “Эмэгтэйчүүдийн ажлын дүрэмт хувцсыг хөдөлмөрийн гэрээнд заахдаа заавал өндөр өсгийт өмссөн байх ёстой гэсэн нь хүчирхийлэл, дарангуйллын шинжтэй. Бид үүний эсрэг тэмцэж, эрхээ хамгаалуулсан хуультай болохыг хүсч байна” хэмээн мэдэгдсэний дараа барууныхан “Япон бүсгүйчүүдийн дуу хоолой” гэж нэрлэх болжээ. Ёширо Моригийн мэдэгдэл Японд төдийгүй барууны орнуудад эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буйн баталгаа гэж хэвлэлүүд бичиж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараах улс орнуудын эдийн засгийн сэргээн босголт нь хүйсийн тэгш бус байдлыг арилгах, илүү хүртээмжтэй нийгмийг бий болгох боломжуудыг давхар тооцоолсон байх ёстой. НҮБын Аюулгүй байдлын зөвлөлийн Эмэгтэйчүүд ба энх тайван, аюулгүй байдлын тухай 1325 тогтоолыг баталснаас хойш 20 жил өнгөрчээ.
Гэвч дэлхийн нэг ч улс 2030 он гэхэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгодоо хүрч чадаагүй байна. Европын жендэрийн эрх тэгш байдлын хүрээлэнгээс гаргасан индексээр Европ тивд ч эмэгтэйчүүдийн эрхийг бүрэн хангаагүй байна. Эмэгтэйчүүд зайлшгүй авах нийгмийн үйлчилгээ, эрх мэдлийн тэгш хуваарилалт зэргээс хол хэвээр байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)