1921 онд Гамингийн цэргүүдийг Барон Унгерн хүрээнээс хөөж гаргасан
- 2021-02-06
- Нийтлэл
- 0
Энэ 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Барон Унгерний удирдсан монгол, орос, буриад, япон зэрэг цэргүүд Монголын Нийслэл Хүрээг Хятадын эзлэн түрэмгийлэгч гамин цэргүүдээс чөлөөлсний зуун жилийн ой тохиолоо. Эл түүхэн ойд зориулан зохион байгуулсан “Монголын түүхэн дэх Барон фон Унгерн” олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан түүхч О.Батсайханы илтгэлээс хүргэж байна.
Монголын түүхэн дэх Барон Унгерн
1921 оны намар Ардын засгийн газраас Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны тэргүүн сайд Бодоогийн нэрээр олон улсад нийтэлсэн сонин бичгийн үгэнд “1920 дугаар онд Оросын муу хулгай барон Унгерн” хэмээн бичснээс хойш Монголын түүхэнд Унгерний талаар таагүй үг хэллэг олонтаа орж, түүх бичлэгт түүнийг буруутган бичсэн нь хэвшмэл болжээ.
Монгол Ардын Хувьсгалт Намын түүхэнд холбогдол бүхий зүйлүүд хэмээх 1928 онд хэвлэгдсэн номд Г.Навааннамжил “Оросын муу хулгай барон Унгерн” хэмээн бичсэн бол 1932 онд Зүүнтний нэг төлөөлөгч Ө.Бадрах “дайсны этгээд болох цагаан намын самуун хулгай барон Унгерн” хэмээн тэмдэглэжээ.
1934 онд Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын нэрээр хэвлэгдсэн “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх” хэмээх 2 боть бол 1921 оны хувьсгалын тухай ХХ зууны Монголын түүхийн үндсэн сурах бичиг болсон гэхэд болно. Эл номонд бичсэн Монгол ардын хувьсгалын түүхийн үзэл санаа-концепци тэр чигтээ МАХН-ын түүх, БНМАУ-ын түүхийн үндэс болсон юм. Өнөө хэр энэ үзэл санаа тэр чигээрээ Орчин үеийн Монголын түүхийн үндэс суурийг барьсан хэвээр үргэлжилж байна. Энэ ном бүхэлдээ Монгол Ардын Нам хэрхэн байгуулагдаж, Монгол Ардын хувьсгалыг хэрхэн хийсэн тухай өгүүлнэ. Чухамдаа бол хувьсгалыг хэрхэн найруулсан тухай юм.
Гурван авторт хэмээн түүхчдийн нэрлэдэг энэхүү Ардын хувьсгалын түүхийн тухай номын эхэнд ХХ зууны эхэн үеийн монголчуудын байдлын талаар цухас боловч дурьджээ.
Энэ номонд анхлан хэний ч батлаагүй Чэнь И-гийн 64 зүйлийн төслөөрөө дууссан баримтыг бүх монголчуудын ерөнхий боловсролын түүхийн сурах бичигт суулгаж өгөх эхлэл тавьсан байдаг.
Улмаар “Семеновын бүлэг цэргүүд Монголд цөмрөн орох сэдэв бүхий учир Монгол засгийн яамнаас хязгаарыг сахих сэргийлэх явдлыг чухал болгон байжээ. Энэхүү зүйл зүйлийн шалтгаан нөхцөлөөс Чэн И “урьхан арга хэрэглэж хятад цэргийг монгол хязгаар ба Хүрээнд үлэмжхэнээр ирүүлж цугларуулан хүчийг зузаатган бэлтгэж байсан агаад нэн ч Орос орны хувьсгалын сэдэв ба Даурын засгаас Монголыг хамгаалах нэрийдлээр цэргийг нэмэн оруулж, Хүрээ ба Хиагт зэрэг газруудаар сэргийлүүлэн суулгажээ” хэмээсэн нь Чэн И болон Сюй Шу жаны цэрэг Монголд орох гол шалтгааныг ийнхүү нэрлэжээ.
Ингэхдээ Семеновын тэргүүлсэн цагаантны цэргүүд Монголд цөмрөн орж ирэх аюултай учраас Хятад цэргүүдийг Монголд оруулах болсон талаар илүү давамгайлах шинжтэй бичсэн байна. Хамгийн сонирхолтой нь тэрхүү үзүүлж болох цагаатны аюулын талаар дэлгэрэнгүй тодорхой зүйл оруулаагүй байгаа болно. Чухамдаа бол Монголд цагаантан гэж нэрлээд байгаа Цагаан хааны үеийн Оросын эзэнт гүрний үеэс уламжилж ирсэн бодлого, бодлогыг хэрэгжүүлэгчид, орос худалдаачид ихээр оршин сууж, үйл ажиллагаа явуулж байлаа. Тэд улаантнаас эмээж, улаантны большевик үзлийг тээгчдийг Монголын хил хязгаарт нэвтрүүлэхгүй байхыг хичээж байсан юм.
Номд цагаантны аюулын талаар онилж бичсэн нь Зөвлөлт Оросын улааны үзэл, улаантан цэргүүдийн Монголд цөмрөн орох асуудлаас болж хятад цэргүүд Монгол ороогүй шүү гэсэн далд санааг агуулсан байна. Ингээд “олон зүйл гадаадын хүнд бэрхшээлд автономит засаг мөхөх шалтгаан нь аргагүй бүрдэж ирэв хэмээн хэлэхэд ер гүтгэн муутгасан үг хэмээх болохгүй” гэж дүгнэжээ.
Үүний дараа залгуулаад Монгол дахь Богд хаан Жавзандамба хутагтын аймаг шавиас авч байсан алба татварыг нилээд дэлгэрэнгүй оруулж, “Богд болбаас … ардыг туслан жаргуулах байтугай ийнхүү элдвээр гасалгаж явсан нь чухамхүү хутагт Богд хэмээгчдийн хоосон нэрт чанарыг баримттайгаар илрүүлжээ” (1979: 25) хэмээн дүгнэж бичсэн байна. Үүний дээр бусад хутагт хувилгаадыг ч оруулахаа мартсангүй.
Ийнхүү Богд тэргүүтэй лам нарын талаар баахан муучилсаны дараа хар феодалын талаар “Халх дөрвөн аймгийн хан, чуулганы дарга, засаг, ноёд, түшмэд, хамжлага, албат бүхий тайж нар гэх мэтийн этгээд нар аварга могой шиг ардын шим шүүсийг сорж байгчдаас жинхэнэ хошуу захирсан засаг, ноёд хэмээх том толгой хар феодал нь 130 гаруй хүн, бусад феодалууд өдий төдий тоонд хүрч үүрлэсэн чоно мэт тус бүрдээ эрхийг эдэлж, ард түмнийг дарлаж мөлжихийн төлөөнөө тэмцэлдэн зорьж байжээ” (1979: 26) хэмээн дэс дараалалтайгаар оруулж, ардын хувьсгалын угтвар байдлыг бий болгоход чиглүүлсэн байна.
ХХ зууны эхэн үеэр Монголын талаар баялаг түүхтэй эл үндэстэн мөхөж байна хэмээн бичиж байсаныг үнэн болгон харуулахыг оролджээ. Чингэхдээ гадаадын нөхцөл байдлыг эхэнд дурьдаад араас Монголын хар, шар феодалуудын мөлжигч шунахай байдлаас болж Монгол мөхөлд хүрч байна гэсэн санааг өргөн олон түмэнд хүргэхийг агуулсан нь тодорхой байна. Дурьдсан асуудлуудын ард энэ л эгзэгтэй үед аврагч болох Ардын нам төрж гарах учиртай байсан гэсэн санаа харагдана.
Хэн ч уншсан үнэмшим, ямар ч хүн үзсэн анзаарахааргүй байдалтайгаар Сюй Шу жаны цэргүүдийг Нийслэл Хүрээнээс хөөн гаргасан Барон Унгерний цэргүүдийн үйл ажиллагааны талаар бичилгүйгээр орхиж, дарааллын хувьд хамрах учиртай уг хэсэгт ард олны амьдралыг дарангуйлагч шар, хар феодалуудын талаар оруулан бичсэн байна.
Харин номын сүүл хэсэгт Барон Унгерн гэсэн нэр зөвхөн муугаар шүүмжлэн хэдэндээ бичихдээ Магсар хурцын түүхээс тэр хэвээр авч хуулсан байдаг. Номын оршил хэсэгт “тэр завсар сөнөсөн оросын шаар Унгерн хулгай” (1979: 13), “Муу хулгай Барон Унгерний цэргүүдэд … хэдэн арваад хүмүүс өлгөгдөн алагджээ”, “Барон Унгерн Хүрээг эзэлсээр явуулж бүхий ажлын үүсвэр нь энэ мэт алах дээрэмдэхийг гол болгохоос бус монголд тийм тустай ажлыг бүтээнэ хэмээх явдал огт үгүй байжээ” (1979: 175) гэж хамгийн харгис дүрээр дүрслэн харуулсан байна.
Энэ ном Барон Унгерн бол адгийн муу зандалчин, монголчуудад өчүүхэн төдий тус хүргэх нь бүү хэл хамгийн ихээр дээрэм тонуул хийсэн жигшүүрт дайсан байж, түүнийг болон гамин цэргүүд, Унгерний цэргүүдийг Монголын хязгаараас зайлуулсан ачтан бол Монгол Ардын Нам, Зөвлөлтийн улаан армийнхан хэмээх үзэл суртлын эхийг тавихад чиглэсэн юм. Эл үүргээ сайтар гүйцэтгэж, социализмын жилүүдэд бичигдсэн Монголын түүхийн номуудад ягштал мөрдлөг болгож байлаа. Эдүгээ ч тэрхүү үзэл суртал үргэлжилсээр эхэлснээсээ хойш 100 жил болжээ.
Энэ ном бол Нийслэл Хүрээнээс, цаашилбал Монголын нутгаас хятадын гамингуудын хөөн зайлуулсан гавьяаг Барон Унгерн болон түүний цэргүүд биш Ардын намын цэргүүд, Зөвлөлтийн улаан арми хэмээн ард олонд итгүүлэх монголчуудын дунд түүнийг үзэх ядах үзэл асаах зорилготой байсан юм. Чухамдаа зөвлөлтийн коммунистуудын эл бодлого ягштал хэрэгжиж монголчуудын дунд амжилт олсон юм. Тиймээс л бүхий л МАХН-ын түүх, БНМАУ-ын түүхэнд эл үзэл санаа, өөрөөр хэлбэл хятадуудыг хөөн явуулж, Хүрээг болон Монголчуудыг чөлөөлсөн гавьяатан бол Ардын намынхан болж хувирсан юм. Ингээд Орчин үеийн Монголын түүх 1921 оны ардын хувьсгалаар эхэлж, зуун жилтэй золгож байна.
1920 оны намар Зүүн хязгаараар хил даван орж ирсэн Барон Унгерний цэргүүд, улмаар Нийслэл Хүрээн дэх хятад цэргүүдтэй нэг бус удаа тулалдаж байсан тухай, бүр Сюй жанжины арван мянга гаруй цэргүүдийг Нийслэл Хүрээнээс Барон Унгерн 1921 оны цагаан сарын өмнө хөөн гаргаж, Монголын тусгаар тогтнолыг сэргээн босгож, Богд гэгээнтийг Монгол Улсын эзэн хаанаар 1921 оны 2 сарын 22-нд дахин өргөмжилсөн үйл явдлын ач холбогдлыг бууруулж, санаатайгаар бодит үнэнийг тэмдэглэлгүй орхигдуулжээ.
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн,
түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) О.Батсайхан
Сэтгэгдэл (0)