Ж.Хумбааг соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарууллаа
- 2021-02-08
- Өөр өнцөг
- 0
Увс аймгийн Малчин сумын харьяат, ихэлч, бийч Ж.Хумбааг 2020 оны соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарууллаа. Соёлын өвийн үндэсний төвд 21 аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор 28 өвлөн уламжлагчийн баримт, материалыг хүлээн авч, журмын дагуу сонгон шалгаруулалтыг Соёлын дэд сайдын дэргэдэх Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөл зохион байгуулсан байна. Улмаар Монгол Улсын соёлын биет бус өвийн шилдгийн шилдэг гурав дахь өвлөн уламжлагчийг тодруулан алдаршуулж, 30 сая төгрөгөөр шагнан урамшуулахаар шийдвэрлэжээ. Ж.Хумбаа нь 1943 онд төрсөн, 78 настай.
Баяд бий биелгээ, ихэлийн татлагыг 10 настайгаасаа эхлэн аав, ээжээсээ сурч, эдүгээ 70 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа аж. Тэрбээр 1959 оноос эхлэн сум орон нутагтаа нэгдлийн малчин, сургуулийн тогооч, эмнэлгийн асрагч, зочид буудлын үйлчлэгч зэрэг ажил хийж улс орондоо 30 гаруй жил хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарсан. Ж.Хумбаа Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Алтан тулга” ардын урлагийн их наадам /1980, 1981/, ардын язгуур урлагийн улсын 1, 2 дугаар үзлэг /1983, 1988/, олон улсын кино наадам /1989/, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Ардын урлагийн их наадам /2001/, ЮНЕСКО-гийн Монголын морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг хамгаалах наадам /2007/, язгуур урлагийн “Ойрад түмэн” наадам /2016/, “Нүүдэлчин Монгол-2018” соёлын наадам зэрэг улсын болон олон улсын чанартай наадамд оролцож, алтан тулга, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, язгуур урлагийн уламжлалт арга барил, дэг Ж.Хумбааг соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарууллаасургууль, намба төрхийг төгс эзэмшсэн “Өвлөн уламжлагч”, Монгол Улсын шилдэг “Өв тээгч” медаль, ЮНЕСКО-гийн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнуулж байжээ. 1990 онд БНХАУ, 2002 онд ОХУ-ын Тува улсад аялан тоглолт хийсэн байна.
Ж.Хумбаа нь баяд биелгээ, ихэлийн татлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж гэрээр шавь сургалт явуулахын зэрэгцээ Улаангом сумын Парчин төв, Баруун Монголын язгуур урлагийн “Уран манлай” төв, Хяргас, Малчин сумын соёлын төвтэй хамтран баяд бий биелгээ, ихэл хөгжмийн дугуйлан хичээллүүлж, 500 гаруй шавь төрүүлээд байна. Мөн 20 гаруй удаа телевизийн нэвтрүүлэгт оролцож, “Цацал”, “Ихэл хуурын эгшиг”, Монгол, Францын хамтарсан “Морин хуур”, “Баядын хуримлах ёс” зэрэг баримтат кинонд шавь нарын хамт тоглосон бөгөөд “Ихэл хуурын эгшиг” баримтат кино нь Оскарын шагналд нэр дэвшиж байв.
Монгол түмний үндэсний уламжлалт өв соёл-бий биелгээ, ихэл хөгжмийн урлагийг өвлөж, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх үйлст түүний оруулсан хөдөлмөр, зүтгэл, гавьяаг үнэлж Ж.Хумбааг 2012 онд соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын билэг авьяастнуудын улсын жагсаалтад бүртгэж батламж олгожээ. Мөн түүний хөдөлмөрийг үнэлж 2007 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан тэмдэг, 2008 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, 2009 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль зэрэг шагналаар шагнаж байжээ. Ж.Хумбаа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтад бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм. Ташрамд дурдахад, 2018 оны соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар олноо “Дөмөн” Дулмаа хэмээн алдаршсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дуучин Д.Дулам, 2019 оны шилдэг өвлөн уламжлагчаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат, туульч А.Балдандорж нар шалгарч, “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналыг гардан авсан юм.
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)