Ю.Цэдэнбал ба Давст уулыг тойрсон мэтгэлцээний учир

ХХ зууны Монголын түүхийн сэдвээр

Монголчууд бидний өвөг дээдэс, ахмад үеийнхний олон мянган жил үргэлжилсэн амьдрал тэмцлийн гол агуулга бол төрж өссөн газар нутгийнхаа сөөм бүрийг хамгаалан хадгалж, хойч үеийнхэндээ өвлүүлэхэд оршиж байв. Бидний дээдэс, ахмад үе маань хойч үеээ унасан газар, угаасан усаа хайрлан дээдлэх үзлээр ямагт хүмүүжүүлж ирсний буянаар эх нутгаа гэх туйлын эрмэлзэл Монгол хүнд нэгэнт төлөвшжээ. Байтаг богд, Асгатын даваа, Монгол шарын даваа, Нөмрөгийн овоо, Дорнод Соёны нуруу, Домогт Халхын гол, Хиагт гээд хэн ч халдашгүй Монгол нутгийн дархан хил хязгаарын уул, гол, овоо, чулууны нэрс Монголчууд бидний зүрх сэтгэлд мөнхөд хоногшжээ. 

Монгол, Оросын хилийн тухайд учрыг тодруулж, зөв ойлгох нь чухал асуудал байсны жишээ нь Давст уулын тухай асуудал юм. Түүхийн сурвалжаас үзэхэд эрт дээр цагт Эргүнэ мөрний сав газраар /одоогийн Хөлөн нуураас хойш / Монгол аймгуудын дунд Урианхай нар айл хөрш аж төрж байв. Тэд VII, VIII зууны үед Хянганы нуруу хавьд, Х зуунд Хэнтийн уулсаар амьдарч, Урианхайн Зэлмэ, Сүвээдэй нар Монголын нэгдсэн улс байгуулах үйлст Чингисийн баруун гар болж явав. Улмаар эсгий туургатан нүүдэлчин малчид болох Урианхай аймгийн нэг хэсэг Монголын тал хээр, уул, гол гатлан давж, Баруун Монгол нутагт нүүдэллэн суурьшжээ. 1700-аад онд Тагна Урианхайн өвөг дээдэс Увс нуурын урьд бие, Хан Хөхийн нурууны араар нутаглаж байгаад 1750-иад оноос манж нарын түлхээсээр хойт зүг шахагдан Тагнын нуруу хавьд суурьшжээ. Дараагийн он жилүүдэд Засагт хааны чуулганы зөвшөөрснөөр Урианхайн зарим хошуу мөн л Хан Хөхийн Хангилцаг, Увс нуурын орчмоор халх, дөрвөд, баядуудтай айл саахалтаар аж төрж, найрсгаар амьдарч, түүхийн урт үеийг өнгөрөөжээ. 

Чухам хаанахын нутаг болохыг сүүлийн үед шүүн хэлэлцэх болсон Давст уулын ар, өврийг тэр л үеэс ах дүү дөрвөд, урианхайчууд тойрон амьдарсаар аль аль нь өөрсдийн нутаг гэж үздэг байв. Энэ уулыг манайх, танайх гэсэн яриа 1920-иод оны дунд үеэс буюу Тагна Тува тусгаар тогтносноос хойш гарч энэ асуудлаар Монгол-Тува, Монгол-Зөвлөлтийн хооронд 1930-1958 онуудад 5 удаа хилийн хэлэлцээр хийгдэж байжээ. БНМАУ-ын Засгийн газрын комисс ба БНТагна Тува Ард Улсын Засгийн газрын комисс лугаа 2 улсын хил хязгаарыг тогтоох тухай хамтран хуралдаж зөвшөөрөлцсөн 1932 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн нэгдүгээр тогтоолд : “Тогтоосон нь: Хувьсгалт 2 улсын Засгийн газраас тус улсын комисст олгосон зааврын гол бодлогыг баримталж үзээд, тус тусын комиссын санал бодлоготой сайтар танилцаад, Монгол улсын комиссын санал бодлогыг үндсэндээ зүйтэй хэмээн зөвшөөрөн хэлэлцсэн нь:

1.Давст уул болбаас Тагна Тува Ард Улсын давсны асуудлыг хангах гагц газар болох тул Тагна Тува Ард улсын дэвсгэр нутагт оруулав. 2.Монгол улсын хил хязгаарын орчим суугаа ардуудад Давст уулын давсыг үнэ түрээсгүйгээр авч өөрийн хэрэглэгдэхүүнийг хангах эрхийг олгов. 6.Энэхүү тогтоолыг 2 улсын Засгийн газраас баталсны дараа хуулийн хүчин бүхий болмой “ гэж шийдвэрлэжээ.* /УТТА.ф.1, д.2, хн. 451, т 48/ 

Хилийн хэлэлцээрийн 1932 оны VI 3-ний өдрийн 2 дугаар хурлын 2 дугаар тогтоолоор Давст уулын урьд, зүүн, зүүн хойт талаар улсын хил татах тухай тохиролцож */УТТА, ф.1, д: 2, хн. 451, т. 50/, мөн өдрийн 3 дугаар хурлын 3 дугаар тогтоолоор: “хил хязгаар тогтооход Монгол ба Тагна Тува Улсын дэвсгэр нутагт оролцсон ардуудад аль улсын харъяат болж нэгдэлтэй явдгийг өөрсдийн чухамхүү саналаар гүйцэтгүүлэн, хэрэв тийнхүү дагаар орохгүй ахул энэхүү тогтоолыг 2 улсын Засгийн газраас 33 оны 5 дугаар сарын 1-нээс өнгөрүүлэхгүйгээр баталсны дараа нүүдэллэмүй” / мөн тэнд, т. 52/ хэмээжээ. 

1932 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Монгол улсын Засгийн газрын хуралдааны протоколд дээрхи нэгдүгээр тогтоолын заалтуудыг дурьдсан байх /мөн тэнд, т. 451/ юм. Харин энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь мөн оны 8 дугаар сар ажээ. 

БНМАУ-ын Засгийн газрын 1932 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 8 дугаар тогтоолд тэмдэглэхдээ: Үүний урьд Засгийн газраас Дыва улс лугаа хил хязгаар холбогдсон хэргийг нэгэн тийш болгон гүйцэтгүүлэхээр томилогдсон тусгай комиссын дарга Цэенрэгзэнгээс тус хоёр улсын Засгийн газраас томилогдсон комиссууд нийлж энэ тухай тогтоосон тогтоолыг илтгэв. Үүнийг хэлэлцээд: “Тус Монгол улс ба Дыва хоёр улсаас тусгай томилогдсон хязгаарын газар нутгийн зөрөлдөөн бүхий асуудлыг таслан шийдвэрлэсэн нэг, хоёр, гуравдугаар хурлын тогтоолууд нь үндсэндээ зүйтэй болсон тул ёсоор болгон баталж, зохих газар явуулж гүйцэлдүүлэхийг Гадаад яамнаа даалгахаас гадна орон нутгийн захиргааны газруудад зарлаж, мөнхүү шинэчлэн хуваасан хил хязгаарын овоо тэмдгийг босгож тодорхой болгон гүйцэтгүүлэх явдлыг Захирах байгуулах газар /Хэрэг эрхлэх газар болов уу. /ЦЖ/ даалгаж гүйцэтгүүлсүгэй.” /УТТА. ф, данс. 2, хн. 460, т. 32/ гэж заасан нь Давст уулын хувь заяаг Монголын тал үндсэнд нь шийдсэн хэрэг мөн байлаа.Энэ шийдвэрээ манай Засгийн газар /Ерөнхий сайд П.Гэндэн байв./ Тувагийн талд албан ёсоор мэдэгдчихжээ.

 БНТува АУ-ын СнЗ-ийн 1932 оны 81 тоот тогтоолоор тус хэлэлцээрийг баталснаар тухайн үеийн журмаар хоёр талаасаа хууль эрх зүйн хувьд үгүйсгэх аргагүй болжээ. Гэвч УИХ, УБХ-аар тэр үед энэ хэлэлцээрийг батламжлаагүй нь ерээд онд маргаан мэтгэлцээн үргэлжлэх шалтаг болсон юм. Дараагийн хэлэлцээрүүдэд түүхийн үүднээс баримтлах албан ёсны үндсэн материал болж үлдсэн хоёр талын 1932 оны эдгээр шийдвэрүүд нэгэнт гарахад Монголын тал аргагүйн эрхэнд буулт хийх учир шалтгаан байсан уу, эсвэл зүгээр л найрсгаар гар сунгасан хэрэг үү? ямар ч гэсэн ийм тохиролцоонд тухайн үед хүрчээ. 

 

Дараа нь Монголын тал нөхцөл байдлыг эргэцүүлэн үзэж уг тогтоолыг дангаараа хүчингүйд тооцож шийдээд, Тувагийн талд албан ёсоор мэдэгдсэн боловч хүлээж аваагүй байна. 1940 онд Тувагийн хилийн комиссын дарга Бадраа Монголын Засгийн газрын төлөөлөгч С.Янжмаад “ Хэрвээ түүхээ барих юм бол түүнийг хоёр тал аль аль нь барих хэрэгтэй. Тувачууд нуурын эргээр сууж байсан шүү дээ. Тувачууд 1932 оны хилийг нарийн чанд баримтлах болно гэдгийг Засгийн газартаа мэдэгдэхийг” */Гэрэл, сүүдэр: Ю.Цэдэнбалын өдрийн тэмдэглэлээс т.95/ хүсч байснаас үзэхэд Давст уул орчмын хилийн асуудал байнга хөндөгдөж байсан боловч бүрэн шийдвэрлэгдээгүй хэвээр үлдсэн хэрэг байлаа. 1944 онд Тува, аугаа их ЗХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн орсон нь Давст уулын асуудлыг “жижиг” Туватай биш, агуу Москватай ярих ёстой байдалд хүргэжээ. 

 

1957 онд ЗСБНХУ-аас БНМАУ-д суух элчин сайдаар томилогдон ирсэн В.И.Молотов хоёр улсын хилийн маргаантай байгаа хэсгийг хэлэлцэж нэг тийж болгож шийдвэрлэх санал тавьсныг нь Монголын тал хүлээн авч манай нам, төр тухайн үедээ дэлхийн бодлогыг тодорхойлолцож байсан гол гүрний нэг, манай улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түшиг тулгуур болсон, нэг нэгнээ аливаад туслан дэмжиж ирсэн Зөвлөлт Улсын хувьд аливаа асуудал, үүнд удаан үргэлжилсэн хилийн маргааныг шийдвэрлэхэд их бодитой, хоёр талын эрх ашгийг хүндэтгэсэн, нийцтэй бодлого зарчим баримталж байв. 

Монгол, ЗСБНХУ-ын хилийн хэлэлцээрийн Монголын комиссын даргаар ГЯЯ-ны сайд С.Аварзэдийг томилжээ. Давст уул Монголынх байх ёстой гэдэгт сайд С.Аварзэд бат итгэж, энэ байр сууриндаа хатуу зогсчээ. Хэрэв тэрээр уг асуудалд нухацтай хандаж, түүнийг нарийн судалж, хоёр талын эрх ашгийг бодолцож, баримтлах тодорхой чигтэйгээр, дипломат арга ухаанаар хандсансан бол Монгол түмний он удаан жилийн мөрөөдөл нь биелэх боломжтой байжээ. Гэтэл сайд С.Аварзэд түүхийн үүднээс ул үндэслэлтэйгээр хамгаалж чадахааргүй тийм санал буюу хилийн асуудал ярилцахдаа гол төлөв баримталж байсан “ Харуулын хайчын зам”, “ Хилийн овоо бүхий шугамаас” бараг 20-30 км цаана байгаа Тагна уулын оройгоор хил тогтооно гэж зүтгэсэн нь Улаанбаатар, Москвагийн харилцаанд бараг л “түймэр шатаах” шахжээ. С.Аварзэд, Молотов нар тас түс зөрөлджээ. “Танай ГЯЯ-ны сайдын араншин Москвад хачирхал төрүүлж байна” */Хөдөлмөр, 1990.4.14. № 242/ гэсэн мэдэгдэл Н.С.Хрущеваас Ю.Цэдэнбалд ирсэн нь хоёр орны харилцааны цаашдын хөгжилд сайны ёр биш байв. 

Хилийн хэлэлцээрийн асуудал сунжирч, С.Аварзэд, В.И.Молотов нарын маргаан хурцдаж, энэ асуудалд Москва оролцож, Хрущев дургүйцлээ илэрхийлж байсан үед Ю.Цэдэнбал хэлэлцээрийн материалтай танилцаад “… Анхнаасаа хил орчмын ард түмний ашиг тусыг баримтлах байсан юм. Түүх гээд хол явчихжээ.” */Н.Пүрэвдагва, С.Туяа. Будант жилүүдийн эмгэнэл. т.94-97/ гэж цохолт хийжээ. Ю.Цэдэнбал Харуулын хайчийн зам, эсвэл 32 оны гэрээ гээд хол явсныг тэрээр битүүхэн буруушааж, тухайн үеийн сэтгэлгээгээр хоёр орны ард түмний санаа бодолд нийцүүлэн хандахыг нь зөв гэж үзэж байв. 1958 оны II сарын 17-нд УТТ энэ асуудлыг хэлэлцэх үед “ Тува мужтай залгасан хилийг тодотгох тухай хоёр талын ажиллагаа эхлээд 2 сар гаруй болж байна. Энэ хугацаанд хэлэлцээрийн байдал удаашран зөрөх байдалд орсон байна. Үүнийг Зөвлөлт, Монголын найрамдлын амьсгалаар шийдвэрлэх хэрэгтэй .Манай хоёр улсын хооронд шийдвэрлэж болохгүй асуудал байгаагүй. Ялангуяа одоо үед бүр ч байж болохгүй “ */мөн тэнд/ гэж асуудалд сайн харилцааны үүднээс хандаж, эв зүйгээр зохицуулах нь зүйтэй гэсэн бодлого чиглэл өгч байв. 

Давст уулаа эргүүлэн авахыг далдуур хүсч байсан Ю.Цэдэнбал Хилийн комиссын даргаар Давст уул манайх гэдэгт бат итгэсэн, маргаж зүтгэхдээ сайн, хурц дайчин зантай, бас ч ГЯЯ-ны сайдаа томилсон юм. Гэтэл дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлолцож, Сталины баруун гар байж, Гитлертэй уулзаж, түүний орлогч Риббентроптой гэрээ байгуулж байсан хашир дипломатч Молотовтой ярилцан тохирох уран арга ухаан С.Аварзэд сайд “ сийлж” чадсангүй. “Маргаантай газрыг дундуур нь хуваая” гэсэн Молотовын саналыг ядахдаа С.Аварзэд хүлээн авсан бол Давст уулын оройгоор хилээ татах алтан биш юмаа гэхэд мөнгөн боломж байсныг харамсалтай нь алдсан юм. Наад захын дипломат соёл гаргахын оронд сайд С.Аварзэд Молотовтой тун хурцаар маргалдан хэрэлдсэн нь Москва төдийгүй Монголын удирдагчдыг хүнд байдалд  оруулжээ. Одоогоор бодоход АНУ, ОХУ, БНХАУ-ын элчин сайдтай ана мана үздэг Монголын ГЯЯ-ны сайд хир удаан тогтох вэ гэдэг сонин асуудал билээ. Дипломат ёс журам бол олон улсын харилцааны нэн чухал хүчин зүйл байдаг нь бүхэнд ойлгомжтой ажээ. 

БНМАУ  НҮБ-д элсэх, Монгол, Хятадын хилийг нарийвчлан тогтооход ЗХУын дэмжлэг тэр үед нэн чухал байв. Түүнчлэн атар газар эзэмших, нэгдлүүдийг аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх, Дархан, Шарын голын аж үйлдвэрийн цогцолборуудыг байгуулахад техник санхүүгийн том тусламж авахад манайд туслах гол орон нь ЗХУ байсан юм. Ийм учраас хилийн зохицуулалт хийхдээ хоёр талын эрх ашигт зөв нийцүүлэн, шударгаар шийдвэрлэх эрх ашгийн үүднээс 1958 оны I сараас хилийн хэлэлцээрийн комиссын даргаар Сайд нарын Зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч Л.Цэнд томилогджээ. Тогтуун томоотой, алсын бодолтой, буурь суурьтай, дипломатч Л.Цэнд хилийн асуудлыг аль аль талд ашигтайгаар, тухайлбал Давст уул мэтийн стратегийн чухал газраа зохицон шийдвэрлэж чадна гэж  удирдлага  итгэж байжээ. Хилийн хэлэлцээр ч шуударч эхлэв. Хэлэлцээрийн тогтоолын шинэ төслийг Л.Цэнд хийж II сарын 26-нд энэ асуудалд мөн идэвхтэй оролцож байсан Д.Дамба В.М.Молотовт биечлэн гардуулжээ. Л.Цэндийн боловсруулсан төслийн талаар С.Аварзэд өгсөн саналдаа “Асуудлыг түргэтгэхэд ухралт хийх нь гарцаагүй юм. Би ч тэгж бодож, дотроо төлөвлөж байсан. Үүнд хойшдоо газар өгөх юм болохоор түүх ч гэхгүй бодит байдлаар асуудлыг шийднэ гээд, тэгээд өгөх газраа н.Цэндийн төлөвлөснөөр өгвөл арга зөв болно гэж бодож байна” / мөн тэнд, т 96/ гэжээ. Яагаад ч юм  Давст уул болон зарим нутгийг Зөвлөлтийн нутагт оруулсан Л.Цэндийн төслийг тухайн үед С.Аварзэд дэмжиж байжээ. С.Аварзэдийн бичсэн зүйлтэй холбогдуулж Ю.Цэдэнбал УТТ-нд бичсэн захидалдаа: “Хилийн орчмын хоёр талын ард түмний ашиг тусыг харгалзах явдлыг гол болгох нь чухал гэдгийг нөхөр ёсоор /Аварзэдэд/ хэлж байсан юм. */мөн тэнд/ гэж өөрийн баримталдаг урьдын зарчмаа дахин нотлон хэлж байжээ. 

 

Хоёр талын комисс газрын зураг дэлгэж, хилийн шугам зурж тэмдэглэх зэргээр шаргуу ажиллажээ. Гэтэл хилийн мэргэжилтэн  Б.Цэдэн-Иш “Ардын эрх” сонинд бичсэнээр уг хэлэлцээрт ашиглаж байсан газрын зураг нь алдаатай байжээ. Энэ удаагийн хэлэлцээрийн эцэст Давст уул Тувагийнх гэсэн 1932 оны гэрээг дахин нотолж, түүнээс зүүн тийш үргэлжлэх Хатуугийн уулын зарим хэсэг, түүгээр ч барахгүй Увс нуурын зүүн хойт булан хойт хөршийн нутаг болж шийдвэрлэгджээ. 

 

1932 оны хэлэлцээрээр Тувад “алдаж” байсан домогт Давст уулыг 1958 онд Л.Цэнд толгойлсон хилийн хэлэлцээрийн комисс Тувагийн нутаг гэж тооцсон нь нэг ёсны сонин давталт болжээ. Энэ шийдлийг хүмүүс олон янзаар тайлбарласан юм. Зарим нь манай туршлагатай хашир зүтгэлтэн Л.Цэнд авах газраа ч авч, өгөхийгөө ч өгч аргагүй л зөв шийдсэн гэж, нөгөө хэсэг нь Ю.Цэдэнбалын нэр хүндийг бууруулах далд санаагаар Давст уулыг хилийн гадна үлдээсэн гэх ч хүн байв. Гуравдахь хэсэг нь Цэнд өөрөө Зөвлөлтийн талд үнэлэгдэх нь суудлаа ахиулахад нь тус болно гэж тооцсон хэрэг гэж, тухайлбал, Хилийн хэлэлцээрт оролцож явсан, газрын зургийн мэргэжилтэн Б.Ламжав ярихдаа: “1958 оны хавар төлөөлөгчдийн тэргүүнээр Л.Цэнд томилогдсон. Л.Цэнд газар дээр нь очоогүй, газар мэдэх, хил мэдэх хүн байгаагүй. Ер нь Цэнд гуай ширээний цаана сууж, хилийн тухай Зөвлөлтийн нөхөдтэй ярилцаагүй гэж бодож байна. Нэг л мэдэхэд гарын үсэг зурсан гэж сонссон. Зөвлөлтийн хийж ирсэн зургийг Цэнд үг дуугүй хүлээн авсан юм” гэх мэтээр янз  янзаар л тайлбарласан юм. Түүхийн асуудлыг санаанд орсноороо ярьж болдоггүй билээ..

Түүхийн энэ зурвас үеийн баримтаас үзэхэд Давст уулыг Ю.Цэдэнбал Орост бэлэглэсэн гэх буюу түүгээр ч барахгүй Орос, Монголын одоогийн хилийн шугамаас урьд зүгт 10 гаруй км-ийн наана байгаа түүний төрсөн газар-Цагаанбурааг хилийн цаана оруулж өгсөн мэтээр хүмүүс ярьж бичиж байсан нь үндэслэлгүй юм.  Давст уул нь Цагаанбураагаас  25 км-т байдаг.

Ю.Цэдэнбалын үеийн томоохон сэхээтэн, түүнд магтагдан шагнагдаж, бас донгодуулан чичлүүлж явсан, ерээд оны олон ярилцлагадаа Ю.Цэдэнбалын зарим сул талыг ил тод шүүмжилж байсан, нэрт хил судлаач, Хөдөлмөрийн Баатар, Гавьяат хуульч Б.Цэдэн-Иш гуай: “Увсын Давст уулыг Орост Цэдэнбал өгчихсөн гэдэг яриа байдаг. Та л үнэнийг хэлнэ дээ?” гэсэн сурвалжлагчийн асуултанд хариулахдаа: ”Давст уул Цэдэнбалд огт хамаагүй зүйл. Бүр өмнө Увс аймгийн дарга Санжмятав, Тагна Тувад элчин сайд байсан Магсар Хурцын Дугаржав нар Урианхайчуудын хүсэлтээр өгчихсөн юм билээ” хэмээн 1932 оны хэлэлцээрийн үеийг хэлсэн бололтой дүгнэжээ. 

Үнэхээр ч энэ үед буюу 1932 оны 6-р сарын 20-нд Эрхүү хотноо шинээр байгуулагдсан Сибирийн Санхүү эдийн засгийн дээд сургуулийн бэлтгэл ангийн I курст дөнгөж эхлэн суралцаж байсан Ю.Цэдэнбал Давст уулыг бусдад “бэлэглэсэн” гэх хэрэгт холбогдох нь байтугай, нутгийн нь энэ уул Тува гэдэг хөрш улсын нутагт орсныг дуулаагүй, төсөөлөөгүй ч байж болох билээ.

 

1958 оны хэлэлцээрээр Давст уул 1932 оны хэлэлцээр ёсоор хилийн цаана үлдсэн ч нутгийн монголчуудын шаргуу хүсэлтээр тэдний зуслангийн гол газар болох /урьд нь Орост харъяалагдаж байсан/ Тээлийн ам гэдэг 85 км2 бага биш газрыг манай улсын газар нутагт оруулсны ачаар малчид зунд нь 100 гаруй км нүүж Хархираагийн ард зусдаг байснаа больсон билээ. 

 

Монгол, Тува болон Монгол ЗХУ-ын хилийг тогтоохдоо мэдээж хоёр талын эрх ашгийг харгалзахыг хичээцгээжээ. Домогт Давст уулыг нөгөө талтай авах өгөхдөө Монголын талд  давсны их нөөцтэй Шүдэн  уул бурхны авралаар үлдсэн юм. Давст, Шүдэн уул хоорондоо Торхилогын голоор зааглагдах бөгөөд угтаа ариун чандмань эрдэнэ болох давсны нэг л том орд газар ажээ. Энэ асар том ордын Давст уул нь  Тувагийн талд, Шүдэн уул нь Монголын талд л байгаа  хэрэг юм. 

Интернетийн “Шүдэн уулын давс” сайтаар ороход, энэ хавийн давс нь онцгой чанартай аж. Ахуйн хэрэглээ, хүнсний үйлдвэр, эмчилгээ сувилгаа (дуслын шингэн), гоо сайхан, арьс шир боловсруулалт, эрчим хүчний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариаланд нэн хэрэгтэй түүхий эд ажээ. Шүдэн уулын уурхайн гүн 900-1500 м байх боломжтой, нөөцийн хэмжээ нь 73,2 сая тонн том. Жилд 60000т олзворлоно гэж үзэхэд 1000 гаруй  жилийн нөөцтэй гэсэн үг юм. Монголын нэгэн компани 300 г-р савлаж Японд гаргадаг бөгөөд энэ  жижиг ууттай давс 10 гаруй $ болдог гээд тооцоолоход Давст сумын  Шүдэнгийн ордыг зөв зүйтэй менежментээр ашиглавал  Эрдэнэт, Оюу-Толгой, Таван-Толгой биш юмаа гэхэд  дөхөж очихоор л их баялаг тэнд байгаа юм. ( 108 suvraga.mn. content 7 )

Тувагийн талын Давст уул мөн л ихээхэн баялагтай нь мэдээж бөгөөд гэтэл тэнд асар том давсны үйлдвэр байгуулчихаад зөөгөөд байгаа зүйл одоогоор бараг байдаггүй, домогт уул хуучнаараа л дүнхийж байдаг. 

 

Энэ уул нь эртны тахилгатай ер бусын уул бөгөөд одоо ч Давстынхан, Тувачууд хоёр талаас нийлж ёслол тахилгаа хийцгээдэг, хөрш зэргэлдээ хоёр ард түмний найрамдал, ойлголцол, нөхөрлөлийн нэгэн гүүр болон, хоёр ард түмний сэтгэлийн ариун шүтээн болсоор байна.

Хойт аугаа их хөрш ЗХУ-тай нийлсэн манай хил нь олон арван жил найрсаг харилцаа, эв найрамдлын барилдлагааны зарчимд тулгуурлаж байв. Хоёр тал хил хязгаараа нарийвчлан тогтоох баталгаажуулахад ч зохих анхаарал тавьж байв.

 

Ю.Цэдэнбалын удирдаж хийлгэсэн МАХН-ын ТХ-ны УТТ-ны  1975 оны   4-р сарын 5-ны өдрийн хуралдааны 149-р тогтоолоор ЗСБНХУ-тай хилийн хэлэлцээр явуулахаар шийджээ. Хилийн хэлэлцээр  1976 оны 7 сард эхэлж нилээд нухацтайгаар харьцангуй удаан үргэлжлэн 10 сарын 19-нд Москва хотноо 2 улсын төрийн тэргүүнүүд: Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев нар гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрийн явцад санал зөрүүтэй байсан 822 км2  газрын 702 км2  буюу 85%-г Монголын нутагт, 15% буюу 120 км2 нутаг Зөвлөлтийн талд орсон ажээ. (Б.Цэдэн-Ишийн номонд) Үүнээс үзэхэд Дэлхийн их гүрэн ЗХУ найрсаг “жижиг” хөрш Монголын саналыг ямар боловч харгалзсан  уян хатан бодлого баримталж байсан юм байна гэж ойлгогддог юм.

Энэ үед Давст уулын асуудал 1932 оны Монгол, Тувагийн хэлэлцээр, Засгийн газрын шийдвэр, улмаар  1958 оны хилийн гэрээний дагуу дахин баталгаажсан байх  бөгөөд 1976 оны Монгол, Зөвлөлтийн хилийн гэрээнд оролцсон нилээн нухацтай, эх оронч нөхдүүд ч Давст уулын асуудлыг дахин хөндөөгүй байна.

Монгол, ЗХУ-ын хилийн асуудал нь ганц нэг уулын асуудал биш, 3500 гаруй км ер бусын урт хилийн тухай яриа байлаа. Энд хэдэн мянган уул, толгод, олон зуун нуур цөөрөм, гол горхины асуудал яригдаж шийдэгдсэн хэрэг юм. Монголчуудын дунд хэрүүл хэл ам дагуулсан Давст хэнийх вэ гэсэн маргаан бол тэр л олон мянган уул толгодын нэгний тухай яриа бөгөөд нарийн ярьвал 1932 онд шийдэгдсэн асуудал хагас зуун жилийн дараа сөхөгдсөн нь Ю.Цэдэнбалын эсрэг өргөн тэмцэл өрнүүлэхийг хүсэгч хүмүүсийн улс төрийн бодлоготой л их төлөв холбоотой байжээ. Уг нь Давст уул Тувагийн нутагт орсон нь үнэхээр л ганц Ю.Цэдэнбалын алдаа байсан бол түүнийг унагаж, түүний эсрэг чимээгүй “дайн” явуулж  байсан Ж.Батмөнхийн  тойрон хүрээлэгчид, сөрөг хүчний П.Очирбатын үед ч юмуу, ардчилсан, төвийг сахисан сүүлийн удирдагчдын үед энэ алдааг засчихдаггүй юмаа гэхэд эвтэйхэн хөндөж тавих сэтгэл тэдэнд төрсөн баймаар. Гэтэл тийм алхам ч гарсангүй, Ю.Цэдэнбалын анхлан тогтоож баталсан хилийг 2 хөрш ч, НҮБ- ч хүндэтгэн баталгаажуулж, олон улсын байгууллага “ Хилийн маргаангүй хуруу дарам улсын нэг” гэж дүгнэсэн байх юм.

Олон үеийнхний эх оронч тэмцэл, эх болсон газар шорооныхоо сөөм бүрийг хайрлан хамгаалах  монгол ухааны ачаар эзэн Богд Чингис хааны үед байснаар сэтгэх аргагүй ч, Ю.Цэдэнбалын үед, түүний үр сад бид газар нутгийн хэмжээгээр дэлхийн 17 дахь том орон байж, нэг талаар 130 сая хүнтэй Японоос 4 дахин их, нөгөө талаар Англи, Герман, Франц, Итали, Австри, Бельги улсуудын нутагтай тэнцэх, бүр сонирхуулбал: Баян-Өлгий- Данитай ойролцоо, Увс-Гүржтэй, Ховд-Панамтай, Говь-Алтай-Тажикстантай, Завхан-Австритай, Хөвсгөл- Кубатай, Архангай- Хорваттай, Баянхонгор- Хойт Солонгостой, Булган- Словак, Сингапуртай, Өвөрхангай- Латвитай, Өмнөговь- Тунистай, Сэлэнгэ- Швейцарь, Люксембургтай, Төв- Ирландтай,  Дундговь- Чех шиг, Дорноговь- Болгартай, Говьсүмбэр- Брунейтэй, Хэнтий- Арабын Нэгдсэн Эмираттай, Сүхбаатар- Азербайжантай,  Дорнот- Никарагуатай  тэнцэх, олон зуун сая хүн амьдардаг  газар нутагт, байгалийн яндашгүй баялагтай, уул, ус, хангай, говь, тал хээр, цөл хослон жигдэрсэн, үзэсгэлэнт сайхан нутгийг эзэгнэнхэн амьдарч байгаагаа  хаяа бид бодох хэрэгтэй.

Энэ их газар нутгийн эзэн бид хэдүүл билээ? 1918 онд гадны иргэдийг оруулаад 647 мянга, дайны дараа 1944 онд 759 мянга, 1956 онд 845 мянга, хилийн яриа хөөрөө болж байхад сая ч хүрээгүй, 1963 онд л 1 сая 17 мянга болж, 1989 онд ам бүл өнөржиж 2 сая 44 мянга болжээ. Нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр бид Дэлхийд тэргүүн байр эзэлж байв. Хил хязгаараа тогтоохоос гадна Ю.Цэдэнбалын үеийнхэн ард түмнээ эрүүлжүүлж, хүн бүлээ нэмэгдүүлж чадсан нь хойч үеийнхний өмнө байгуулсан агуу гавьяа мөн байлаа.

Ахмад үе маань, түүний дотор улсынхаа бүхий л хилийг тогтоож, хөрш гүрнүүд, олон улсаар баталгаажуулж өгсөн ХХ зууныхан  бидэнд хэнийг ч царайчлалгүй, хэнтэй ч хэрүүл маргаан хийлгүй, эрин цагийн эрхээр, түүхэн хувь тавилангаар үеийн үед хаяа нийлсэн заяаны хөрш, ер бусын аварга том гүрнүүдтэй энх амар аж төрөх хувь тавиланг бидэнд өвлүүлжээ. Үүнээс илүү ач буян гэж юу байхсан билээ. Үүнээс том гавьяа гэж юу байх билээ.

Энэхүү түүхэн газар шороогоо эзний ёсоор ариг гамтай эдлэх, нөөц баялгийг нь ард түмнийхээ тусын тулд ухаалгаар эзэмших ариун нандин зорилт л бидний өмнө зогсож байна. Өнөө үеийнхэн энэ эрхэм үзэл санаанд үнэнч байж, газар шорооныхоо төлөө амиа өгөхөөс ч буцахгүй санаа тавин тэмцэх болсон нь ахмад үеийнхээ эх оронч ариун үйлсийг хойч үе нь хүндэтгэлтэйгээр залгамжилж буй хэрэг мөн гэдэг нь эргэлзээгүй.

МУИС-ийн профессор, доктор (Ph, Sc) Ц.Жамбалсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)