ОХУ-ын севастополь хотын депутатууд криптовалютыг мэдүүлэгтээ бүртгүүлэх шаардлагатай гэж үзэв
- 2021-02-10
- Дэлхий
- 0
Севастополь хотын хууль тогтоох хурлаар депутатын статусын тухай орон нутгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Нэмэлт өөрчлөлт нь ард түмний төлөөлөл болсон одоогийн депутатуудын худалдан авсан цахим хөрөнгө болон цахим валют нь түүний өөрийн болон гэр бүлийн гишүүдийн 3 жилийн орлогоос илүү байх тохиолдолд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бүртгүүлэх шаардлагатай гэж тусгажээ.
Түүнчлэн депутатын гэр бүлийн гишүүн эхнэр /нөхөр/, насанд хүрээгүй хүүхэд дээр дурдсан худалдан авалтыг хийсэн тохиолдолд мөн хамаарах болно. Гагцхүү уг худалдан авалтын эх үүсвэрийг үнэн зөв тайлбарлах ёстой.
Хуулийн төсөл санаачлагч депутат Алексей Климов “цахим санхүүгийн хөрөнгө, цахим валютын тухай ОХУ-ын хууль 2020 оны 7 дугаар сард батлагдсан. Цахим валютын тухай ойлголт “Авлигын эсрэг хууль”-д орсон. Иймд орон нутгийн хууль тогтоомжийг ОХУ-ын хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагын үүднээс төслийг хүлээн авах ёстой” гэж тайлбарласан байна.
Өнөөдөр шударга бус хүмүүсийн үйлдэл нарийн болж цахим валюттай холбоотойгоор орлогоо нууж байна. Үүнтэй уялдан хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах, давхар хянах, татвар, хяналтын байгууллагууд бий болсон гэж тэрээр мэдэгджээ.
Криптовалютыг мэдүүлэхтэй холбоотой хүндрэлийн талаар холбооны улсын түвшинд ярьж байна. Тодруулбал, Төрийн Думын Санхүүгийн зохицуулах хорооны тэргүүн Анатолий Аксаков үүнийг мэдүүлэгтээ мэдүүлэх шаардлагатай эсэхэд эргэлзэж байна гэдгээ РБК-гийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ.
Эх сурвалж: sevastopol.su
Сэтгэгдэл (0)