Хаврын улс төр, хаврын эдийн засагт бэлэн үү?
- 2021-02-13
- Нийтлэл
- 0
Энэ хаврын улс төр нэлээн нүргээнтэй, дуулиан шуугиантай болно. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуультай, тиймээс хүссэн хүсээгүй улс төр пижигнэж эхэлнэ. Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох ээлжит сонгууль цар тахлын шуурган дундуур, өвчин зовлон үхэл хагацал нүүрлэсэн хүнд хэцүү, маш эгзэгтэй амаргүй цаг үед болох нь ойлгомжтой. Өвчин тахал, улс төр, эдийн засаг хосолсон ёстой л нөгөө “хаврын синдром” гэж хэлэхүйц байдлаар улс төр өрнөх байлгүй.
Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд хуулийн дагуу нэр дэвшүүлэн өрсөлдөнө. Одооны УИХ-д дөрвөн улс төрийн нам сонгогдсон. Тэгэхлээр ямар ч байсан дөрвөн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Улс төрийн хоёр гол хүчин болох Ардчилсан нам, Ардын намын хооронд тулаан болдгоороо болох байх. Тэгэхээр ийм эгзэгтэй цаг үед хамгийн түрүүнд ард түмнээ бодож өрсөлдөгч намуудын аль аль нь бодолтойхон шиг улс төрөө хийх хэрэгтэй. Дөрвөн жилийн өмнөх сонгуулийн дүр зургийг эргэн харахад хар пиар гэгч нь хэрээс хэтэрч ёстой дайн дажин шиг юм болж байсан.
Цар тахлын үеийн сонгуульд ард түмнээ эхлээд бодоорой гэдэг нь сонгуулиас өмнө айл өрх бүрийг, хүн бүрийг вакцинд хамруулаарай гэсэн үг юм. Үндсэндээ эрх баригчид, улс төрийн хүчнүүд ард түмэн, сонгогч олноо вакцинжуулж, эрүүл мэнд амь насыг нь хамгаалж аваад дараа нь өөрсдийгөө бодох нь хамгийн зөв. Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан оны эхнээс л дуулдаж эхэлсэн. Одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхтэй, эрхгүй тухай хуульчид болоод улстөрчид өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Их хурлын дарга байсан Р.Гончигдорж шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгууль 2023 онд болох ёстой гэж хүртэл үзэж байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Фронтоо хаяад зугтсан хурандаа маань одоо төрийн тэргүүний сэнтийг сэрүүн зүүдэлж яваа. Хэн нь ч дэвшсэн хамаагүй. Вакцинд хамрагдаж амь нас нь баталгаатай болсон ард түмэн аль нэгийг нь сонгоод л өгнө. Хамгийн гол нь улстөрчид минь сонгуулиас өмнө ард түмнээ вакцинд хамруулж Монгол Улсынхаа аюулгүй байдлыг хангах нь юу юунаас илүү чухал гэдгийг дахин сануулъя. Тэгэхгүй саяны жагсаал цуглаан шиг юмыг зохион байгуулж ард түмнээ нүцгэн гараар нь халуун чулуу атгуулах гэсний хэрэггүй шүү. Сүүлд дуулж байхад том улстөрчид энэ жагсаалыг зориудаар ард түмнээ турхиран гаргаж ирсэн гэлцэх боллоо. Одоо үүний үр дүнг нь бид бүгдээрээ өглөө бүр 11 цагаас сонсож сууна. Жар далаараа л тахалтай хүн илэрч тахлаар нас барсан хүн дөрөв болсон. Цаашид хэд болохыг хэн мэдлээ.
Гуравхан хоногийн дараа хаврын тэргүүн сар гарах нь ээ. Монгол Улсын хувьд хавар ирнэ гэдэг нь эдийн засаг ирлээ гэсэн үг. Яагаад гэвэл Монголын хахир хүйтэн өвлөөр эдийн засаг явах байтугай амьдрал тэр чигтээ зогсдог гэхэд хилсдэхгүй. Энэ удаад цар тахлын нөхцөл байдлын улмаас эдийн засагт маш хүнд хаврын улирал эхэлж байна. Азийн хөгжлийн банкнаас Монголын эдийн засаг 2020 онд 2.6 хувиар буурсныг хэлсэн. Өнгөрөгч оны эхний хагаст эдийн засаг -9.7 хувь болтлоо буурсан. Төсвийн алдагдал ДНБ-ий -11.5 хувь болсон. Банкны салбарын актив зургаан сарын дотор гэхэд -4.2 хувиар агшсан. Энэ бол өнгөрсөн жил Засгийн газрыг тэргүүлж, төр засгийг удирдаж байсан нөхдийн улс орноо сүйрүүлсний бодит үр дүн юм.
Коронавирусийн халдвар дотооддоо гараагүй байхад Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ямар ч тооцоо судалгаагүй, шинжлэх ухаанч бусаар хий хоосон сүржин мэдэгдлүүд хийж бүх аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон. Ёстой нөгөө сохор нохой дүйвээнээр гэгчээр юм болсон.
Аж ахуйн нэгж, албан газрууд бүтэн арван сар шахам түгжээтэй байсны гороор Монголын эдийн засаг туйлдаа хүрч, тамир тэнхээгээ барж, арайтай л өлбөрчилгүй ард түмэн нөөцөө шавхсаар 10 сартай золгосон. Гэтэл тэгэхээс тэгэх гэсэн юм шиг өнгөрөгч оны 11 дүгээр сарын эхээр коронавирусийн халдварыг дотооддоо алдаж, жинхэнэ ёсоор цар тахалтай нүүр тулж хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн. Ингэж улс орны эдийн засаг элгээрээ харуулдсан. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн холбоо, хувиараа аж ахуй эрхлэгчдийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо мөн эдийн засагчид Хүрэлсүхийн Засгийн газарт ээлж дараалан шаардлага хүргүүлж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барин дампуурахад хүрлээ гэдгийг өдөр бүр сануулж, жагсаал цуглаан хийж, сүүлдээ тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлж байсан ч хүний урманд тоогоогүй. Бүхнийг хорьсон, хаалга үүдийг нь түгжсэн хэвээр байсан. Харин энэ хугацаанд УИХ-ын ээлжит сонгууль болж эрх баригч Ардын нам дахин ялалт байгуулж, үнэмлэхүй олон суудал авав. Эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн хүмүүсээ бид Засгын газарт эргүүлэн сонгосон. Ганц гялтайх юм нь өвчин алдаагүй юм даа гэж ирээд л ийм сонголт хийчих шиг болсон. Тэгээд одоо хар даа, тахал дунд яаж амьдарч байгаагаа. Олон хүн яах гэж энэ намыг дахин сонгов доо гэж амаа барьж байна.
Л.Оюун-Эрдэнэ хатуухан сорилтой нүүр тулж таарна. Шинэ залуу Ерөнхий сайд хүүхэд шиг хөөрхөн хөөрхөн юм яриад яваа. Гааль, шүүх, татвар, газрын харилцаа гээд бүх зүйл цахимд шилжинэ, эмнэлэгт хэвтэх, эсвэл ажил бүтээхийн тулд албан тушаалтантай уулзах хэрэггүй, хэн нэгэн даргын нөлөөгүйгээр тендерт цахимаар оролцдог болно, орой эрт унтаж өглөө эрт босно, өглөө нийтээрээ гүйдэг болно гээд ярьж байна. Ойрын үед дарга нараас ингэж ярьсан хүн ховор учир сонин содон сонстож байгаа ч ачир дээрээ амьдралаас жаахан тасархай л санагдаад байгаа.
Мөн Ерөнхий сайд юм л болбол “Миний амнаас сайн сайхан үг сонсохгүй шүү” гэж дахин дахин хэлээд байгаа. Цаад санаа нь гашуун ч гэсэн үнэн үгийг хэлнэ гээд байгаа юм уу даа. Гэхдээ засгийг удирдаж байгаа хүн “Надаас та нар сайн үг сонсохгүй” гэж хөмхийгөө зууж байгаа юм шиг хэлэх нь ёр билгээ бодсон ч эвгүй юм. Дээрээс нь бас жадныхаа үзүүрийг айхавтар гүн суулгана гэж айлгаад байгаа. Улс орноо жадлах гээд байгаа юм уу, улс төр, эдийн засаг, ард түмнээ жадлах гээд байгаа юм уу. Энэ нэг жад сэлэм гэх зэрэг дэмий зүйрлэл хэлдгээ төр засгийн удирдлага одоо болих хэрэгтэй. Ер нь удирдагч хүн хувийн ааш авираа олон түмэнд гаргах шиг бүдүүлэг юм байдаггүй.
Ер нь түүнийг өглөө эрт босч, цахим үндэстэн боллоо хэмээн гар утсаа барьж гүйхээс өөр шидгүй хүн болчих вий гэж зовниж байна. Одоо нэн түрүүнд тендерээ хурдан зарлаж уул уурхай, барилга байгууламж, зам харилцаа, газар тариалан, мал аж ахуй гээд бүхий л салбар бүрт царцсан эдийн засгийг яаралтай хөдөлгөх хэрэгтэй. Уул уурхайд гэхэд “Өнөө цаг үед эдийн засгийг авч гарах том боломж” гэж Ерөнхийлөгчийн хэлээд байгаа 100-гаас дээш тонн алтны нөөцтэй “Хармагтай” ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, за тэгээд Оюу толгой, Таван толгой болоод өнөө олон цахилгаан станцууд, нефьтийн үйлдвэр байна. “Оюу толгой” төслийг үргэлжлүүлнэ, У.Хүрэлсүхийн Засгийн газрын гаргасан шийдвэрийг дагана, Ч.Сайханбилэгийн “Дубайн гэрээ”-г цуцална гэдгийг Л.Оюун-Эрдэнэ ам ангайх бүртээ хэлж байгаа.
Зэсийн үнэ оны эхээр 8000 ам.доллараас дээш гарсан, ирэх 3-5 жилд энэ байдлаар байх боломжтойг олон улсын зах зээлийн шинжээчид дүгнэж байгаа. Уг зурвас үеийг Монголын Засгийн газар ашиглаж асуудалд улстөржилгүйгээр, манай танай гэлгүйгээр хандаж эдийн засгаа тэлэх нь чухал.
Дарханы зам гэж үхлийн тамыг хүн бүр мэдэж байгаа. 6.5 тэрбумаар түр зам барина гэцгээж ард түмнээ хуураад, засварын ажил явах үед нь хичнээн хүн амиа алдав. Энэ бүхнийг цэгцлэх цаг нь болсон. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 240 километр төмөр замын ажилд Ерөнхий сайд бүх анхаарлаа хандуулж, энэ том бүтээн байгуулалтын ард гарах хэрэгтэй. Уг төмөр замын ажилтай Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа очиж танилцаж байсан. Зүүнбаянгийн төмөр зам тавигдвал “Манлай”, “Хараат уул”, “Дулаан уул” зэрэг ашигт малтмалын олон орд газар эдийн засгийн эргэлтэд орно гэдгийг эрдэмтэд тооцож гаргасан.
Уул уурхай, төмөр зам, барилга байгууламжаас гадна газар тариалан мал аж ахуйгаа анхаарах нь зүйн хэрэг. Сүүлийн үед газар тариалан, хөдөө аж ахуй хамгийн дампуу салбар болсон. Тариалан эрхлэгчдийг дэмжих сан гэдэг нь тариаланчдаа дэмжиж биш, дээрэмдэн мөлждөг сан болсон, мөн тариаланчид нь тариагаа газарт бус цаасан дээр тарьдаг болсон. Хаврын хаварт улаанбуудай, үр тарианы хэрүүл зарга гардаг ийм л ажил нь явдаггүй алхайсан хэрүүлийн талбар болсон. Тэгэхээр энэ бүгдийг Ерөнхий сайд, Засгийн газар анхаарч, хаврын улс төр, хаврын эдийн засагт бэлэн байгаа юу.
Н.Гантулга
Сэтгэгдэл (0)