Москвагийн эсрэг “дипломат дайн” дахин эхэллээ

Герман, Швед, Польшийн Засгийн газар ОХУ-ын дипломат төлөөлөгчдийг нутаг буцаахаар болжээ. Гурван улсын Гадаад харилцааны яам энэ шийдвэрийг “Москвагийн эсрэг толин тусгалт арга хэмжээ” гэж мэдэгдсэн юм. Герман, Польшийн талын мэдэгдсэнээр Оросын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд зохицуулалтгүй ажиллагаанд оролцсон хэмээн эх орондоо буцахыг тушаажээ. Харин Шведээс хөөгдсөн Оросын дипломатчийн байр суурийг тодорхойлоогүй байна. Кремль энэ шийдвэрийг хууль бус, үймээн самууны үр дагавар гэж үзсэн юм. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ч хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ. ОХУ үүнийг эсэргүүцэж, нөхөрсөг бус үйлдэл хэмээн, ийм замаар асуудлыг шийдэх нь цаашид нөхцөл байдлыг улам хүндрүүлж болохыг мэдэгдсэн. Ямартай ч Оросын Гадаад хэргийн яам үүнд тэнцвэртэй хандахаа мэдэгдсэн.

Сергей Скрипалийг хордуулсан дуулианаас болж барууны орнууд Москватай дипломат дайн өрнүүлсэн байдаг. Хэсэг хугацаанд намжаад байсан дайн дахин олны анхаарлыг татлаа. Алексей Навальныйг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаалд оролцсон Герман, Швед, Польшийн гурван дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэрийг Оросын эрх баригчид гаргажээ. Тэднийг нэгдүгээр сарын 23-ны өдөр болсон хууль бус жагсаалд оролцсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна. Оросын Засгийн газрын шийдвэрт харамсаж байгаагаа хөөгдсөн дипломатчдын улс орнуудаас гадна Их Британи, Францын эрх баригчид мэдэгдэж байлаа. Эрх баригчдын сэрэмжлүүлэг, “COVID-19”-ийн тархвар, хөл хориог үл харгалзан ОХУ-ын томоохон хотуудад хууль бус эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн сараас хойш үргэлжилж байгаа. Москва хотын Симоновскийн тойргийн шүүх “Ив Роше”-гийн хэрэгт холбогдсон Алексей Навальныйд 3.5 жилийн хорих ял оноосныг иргэд эсэргүүцжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков жагсаал зохион байгуулагчдыг “өдөөн хатгагч” гэж нэрлэсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэлснээр, хүн бүр санал бодлоо илэрхийлэх эрхтэй ч хуулиас гадуур арга хэмжээ зохион байгуулах нь аюултай юм. Мөн Москва “Хууль бус жагсаалын ард Герман тэргүүтэй Европын орны дипломатууд байгаа” хэмээн буруутгасан. Европын холбооны гадаад харилцаа хариуцсан дарга Хосеп Боррелл “ОХУ-ын Гадаад харилцааны яам шийдвэрээ эргэн харж, европчуудыг дипломат статустай нийцэхгүй үйл ажиллагаа явуулсан гэх хардлагаа зогсоо” гэсэн юм.

ОХУ-ын дипломат ажилтнуудыг 2020 оноос хойш албадан гаргасан хэргүүдийг ТАСС агентлаг тоймлосон байна.

 

БОЛГАРЫН ЭРХ БАРИГЧИД 2020 оны нэгдүгээр сарын 24-нд Оросын хоёр дипломат ажилтныг “персона нон грата” буюу гадаад харилцааны ёс зүйг зөрчсөн хэмээн нутаг буцахыг шаарджээ. Тэднийг тагнуулын хэрэгт буруутгасан ч Софи дахь ОХУ-ын Элчин сайдын яам нотлох баримт шаардсан юм.

 

Чехийн Ерөнхий сайд Андрей Бабис 2020 оны зургаадугаар сарын 5-нд Прага дахь “Россотрудничество” -гийн тэргүүн Андрей Кончаков болон тус байгууллагын ажилтан Рыбаков нарыг албадан гаргахаа мэдэгдсэн. Энэ шийдвэр нь Зөвлөлтийн маршал Иван Коневийн хөшөөг буулгасантай холбоотой байв. Зохиомол хэрэг үүсгэсэн болохыг тогтоосон ч Чехийн Засгийн газар шийдвэрээ цуцлаагүй билээ. Москва ч “толин тусгалт арга хэмжээ” авч, Чехийн Элчин сайдын яамны хоёр ажилтныг хөөжээ.

СЛОВАКИЙН ЭРХ БАРИГЧИД өнгөрсөн оны наймдугаар сарын 6-нд Оросын гурван дипломатчид “персона нон грата” зарласан бөгөөд тэдний нэрийг нууцалсан байна. Словакийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Юрай Томагигийн хэлснээр Санкт-Петербургт байрладаг Словакийн Ерөнхий консулын газраас олгосон визийг урвуулан ашигласны улмаас ийм шийдвэр гаргажээ. НАТО ба Европын холбооны гишүүн Словакийн шийдвэр хоёр улсын хооронд дипломат маргаан үүсгэсэн. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Москва дахь Словакийн Элчин сайдын яамны гурван ажилтныг албадан гаргахаа мэдэгдсэн юм.

НОРВЕГИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ Оросын дипломатчийг хөөхөөр болсноо өнгөрсөн оны наймдугаар сарын 19-нд зарласан. Норвегийн хэвлэлд бичсэнээр Осло дахь Оросын худалдааны төлөөлөгчийн газрын ажилтан Александр Стекольщиковыг албадан гаргасан юм. Норвегийн хууль сахиулах байгууллагууд түүнийг чухал мэдээлэл дамжуулсан байж болзошгүй гэж ийм шийдвэр гаргажээ. Үүний хариуд ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Москва дахь Норвегийн ахлах дипломатчийг нутаг буцаасан тухай мэдэгдсэн юм.

АВСТРИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ Оросын дипломат ажилтныг хөөснөө өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нд мэдээлсэн. Ингэхдээ дипломат харилцааны тухай Венийн конвенцод харшилсан шийдвэр гаргажээ. Австрийн “Kro­nen Zeitung” сонинд мэдээлснээр тус улс анх удаа ОХУ-ын дипломат ажилтныг үйлдвэрлэлийн тагнуул хийсэн хэргээр нутаг буцаасан юм. Москва ч тэдний эсрэг “толин тусгалт арга хэмжээ” авсан юм.

БОЛГАРЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ Оросын хоёр дипломат ажилтныг тагнуул хийсэн хэмээн буруутгаж 2020 оны есдүгээр сард хөөж байгаагаа зарлав. Ингэхдээ оросууд 2016 оноос хойш Болгар улсад тагнуулын үйл ажиллагаа явуулж, армийн шинэчлэх, цэргийн техник хэрэгслийн бэлэн байдлыг дэмжих төлөвлөгөөний талаар мэдээлэл цуглуулж байсныг дурджээ. ОХУ хариуд нь Болгарын хоёр дипломатыг хөөн гаргажээ.

КОЛУМБЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБА Өнгөрсөн арванхоёр-дугаар сарын 8-нд ОХУ-ын Элчин сайдын яамны хоёр ажилтныг Венийн конвенцыг зөрчсөн хэмээн албадан гаргажээ. Үүний хариуд ОХУ Москва дахь Колумбын Элчин сайдын яамны хоёр ажилтныг ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж буруутган хөөжээ.

НИДЕРЛАНДЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС Оросын дипломат ажилтнуудыг хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, нанотехнологи зэрэг чиглэлээр мэдээлэл цуглуулж байгаад буруутгажээ. Тэднийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-нд нутаг буцаав.

 

ОХУ-ын Гадаад хэргийн яам хариу арга хэмжээ авч Москва дахь Нидерландын Элчин сайдын яамны хоёр дипломат ажилтныг хөөх шийдвэр гаргасан юм.

 

БОЛГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-нд Оросын Элчин сайдын яамны цэргийн атташег албадан гаргажээ. Орос улс хариуд нь Москва дахь Болгарын Элчин сайдын яамны цэргийн атташегийн туслах, дэд хурандаа Митко Борисовыг албадан гаргахаа зарласан.

АЛБАНИ УЛС Оросын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Алексей Кривошеевийг цар тахлын улмаас авсан эпидемиологийн арга хэмжээг дагаж мөрдөөгүй хэмээн энэ оны нэгдүгээр сард нутаг буцахыг шаарджээ. ОХУ үүний хариуд Москва дахь Албани улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ёнида Дрог албадан буцаасан байна.

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)