Ц.Наранчимэг: Хүүхдүүд коронавирусийн халдвар авах эрсдэлтэй байна
- 2021-02-16
- Үнэн
- 0
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн /АШУҮИС/ Хүүхдийн анагаахын тэнхим “Хүүхдэд тохиолдох Sars-cov-2 эмнэл зүй, эмчилгээний чиг хандлага” хэмээх гарын авлагыг гаргажээ. Энэхүү гарын авлагад “COVID-19”-ийн үед хүүхдүүд хэрхэн өвчилж халдварт яаж өртөж байгаа талаарх олон улсын судалгааны бүтээлүүдийг хавсаргасан байна. Уг сэдвийн хүрээнд АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш Ц.НАРАНЧИМЭГТЭЙ ярилцлаа.
-Танай хамт олон энэ цаг үед нэн хэрэгтэй шинэ бүтээлийг гаргажээ. “Хүүхдэд тохиолдох SARS-Сov-2 халдварын тархвар болон эмнэл зүй, эмчилгээний чиг хандлага” хэмээх гарын авлагад Монголын болон дэлхийн судалгааны бүтээлээс ашигласан гэсэн. Гарын авлагыг ямар хүмүүст зориулж гаргасан бэ?
-Уг гарын авлагыг Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор З.Гэрэлмаа, доктор, дэд профессор Н.Одонгуа багш нарынхаа удирдлага дор бичсэн бөгөөд ерөнхийдөө эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд зориулсан. Олон улсад хийсэн 80 гаруй судалгааг оруулсан төдийгүй орон нутгийн алслагдсан эмнэлэгт ажиллаж буй эмч нар маань шинэ мэдээллээр мэдлэгээ тэлж, тусламж үйлчилгээ үзүүлэхдээ ашиглах боломжтой. Гарын авлагаа бүх аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудад тараасан.
– “SARS-CoV-2” халдварын тухай энгийн үгээр иргэдэд тайлбарлаж өгнө үү?
-Одоогийн байдлаар хүнээс хүнд халдварладаг долоон төрлийн коронавирус-CoV тогтоогдсон бөгөөд тэдгээр нь бусад төрлийн вирусийн халдвартай (Adeno, Boca, Rhino, Influenza, Parainfluenza) хавсрах, дахин халдвар авах байдлаар эргэлтэд орж байдаг. Коронавирус мутацад орж, дахин нэгдэл үүсгэж, амьтнаас хүнд халдварлах чадвартай болдог төдийгүй цар тахал үүсгэх гол шалтгаан болсоор ирсэн. SARS-CoV-2 нь 2019 онд БНХАУ-д анх илэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхий дахинд уг халдварын улмаас 2.3 сая орчим хүн нас барж, батлагдсан тохиолдлын тоо 105 сая шахам болчихоод байна.
SARS-CoV-2-ын халдвартай нэг хүн 2-3 хүнд халдвар тараадаг бол SARS-CoV ба MERS-CоV вирусийн хавсарсан тархалтын үед 22 (SARS), 30 хүнд (MERS) халдвар тараадаг болох нь судалгаагаар тогтоогдсон.
– Коронавирусийн цар тахалд бусад оронтой харьцуулахад манай хүүхэд залуусын өртөх магадлал ямар байна. Одоогоор хэчнээн хүүхэд энэ өвчнөөр өвчлөөд байгаа вэ?
-Хүүхдэд тохиолдох SARS-CoV-2 халдварын тохиолдол насанд хүрэгчидтэй харьцуулахад цөөн, хүндрэл бага боловч манай орны хувьд нийт тохиолдлын 12.7 хувийг эзэлж байна. Энэ нь олон улстай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
-Хүүхдүүд ихэвчлэн ямар замаар цар тахлаар өвчилж байна вэ. Коронавирусээр өвчилсөн хүүхдийн биеийн ямар эд эрхтэнд өвчлөл үүсгэж байгаа вэ?
-Халдварын дийлэнх нь насанд хүрэгчдээс хүүхдэд халдварладаг. Хүүхдээс хүүхдэд, хүүхдээс насанд хүрэгчдэд дамжсан тохиолдол бага. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар SARS-CoV-2 халдвар хавьтал, агаар, дуслаар, хувцас, тавилга зэрэг гадаргуугаас халдварлах, өтгөн-мөр-амны зам, цус, эхээс урагт, амьтнаас хүнд гэсэн замуудаар дамжиж байна.
-Ер нь олон улсад хэд хүртэлх насны хүүхдэд амны хаалт зүүхийг зөвлөж байна вэ. Мөн хүүхдүүд гар ариутгагчийг хэрхэн хэрэглэх ёстой вэ?
-Хоёр хүртэлх насны хүүхдэд амны хаалт хэрэглэхийг зөвлөдөггүй. Учир нь, хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалд орох, амны хаалтаа авах гэж оролдох, нүд амандаа хүрэх зэргээр бохир гараас салстад халдвар дамжих эрсдэлтэй. Гарыг савандаж, урсгал усаар угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх нь халдвараас сэргийлэх хамгийн найдвартай арга боловч хүүхэд спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэж буй тохиолдолд гарыг нь сайн хатаах шаардлагатай. Хатаагүй үед гараа амандаа хийх, хуруугаа хөхөхөөс сэргийлэх, гар ариутгагчийг бага насны хүүхэд хүрэхээргүй газар тавьж, хордолтоос урьдчилан сэргийлэх шаардлагатай. Багахан хэмжээний гар ариутгагч хүүхдэд спиртийн хордолт үүсгэх эрсдэлтэй. Мөн спиртэн суурьтай гар ариутгагчийг 6-аас доош насны хүүхдэд насанд хүрэгчдийн хяналт дор хэрэглэнэ.
-Хүүхдэд зориулсан тусгайлсан коронавирусийн вакцин хийх ажлыг дэлхийн орнууд эхлүүлсэн болов уу. Ямар учраас хүүхдүүдэд вакцин тарихыг хориглож байгаа вэ?
-Вакцин тарихыг хориглосон гэхээс илүүтэйгээр “COVID-19” халдварын эсрэг вакцины туршилт судалгаанд саяхнаас хүүхдийг хамруулж эхэлсэн тул хэрэглэхэд аюулгүй, үр дүнтэй вакцин хэзээ бэлэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа. АНУ хоёр төрлийн вакциныг эмнэлзүйд хэрэглэж байгаагийн нэг нь 16 наснаас доош, нөгөө нь 18-аас дээш насныханд хэрэглэхийг зөвлөж байна.
-Коронавирусийн халдвартай эхээс халдвартай хүүхэд төрөх үү. Халдвартай ээж хүүхдээ хөхүүлэх боломжтой юу?
-Дээр хэлсэнчлэн халдвар эхээс урагт дамжина. Харин төрсөн нярайд халдвар хэр хүнд явагдах нь төрөх үеийн эхийн эрүүл мэндийн байдал, хавсарсан эмгэг, гүйцэд төрсөн эсэх зэрэг хүчин зүйлээс хамаарна. Одоогийн байдлаар хөхний сүүгээр халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй.
Гэхдээ эх хүүхдээ хөхөөр хооллох үедээ амны хаалт зүүх, хөхөө угаах, хүүхэдтэйгээ нэг өрөөнд байх үедээ хоёр метрийн зай барих, хүүхэд мөн ойр тойрны зүйлсэд хүрэхдээ гараа угааж, ариутгахыг ДЭМБ-аас зөвлөж байна.
-Кавасаки төст эмгэг гэдгийг та тайлбарлана уу. Коронавирустэй хэрхэн холбогдож байгаа вэ?
-Кавасаки өвчин нь тав хүртэлх насанд 100 мянган хүн тутамд 5-19 тохиолддог, Зүүн хойд Азиийн улс орнуудын, өвөл, хаврын улиралд тархалт нь ихэсдэг. Шалтгааны хувьд нян, вирус, мөөгөнцрийн халдвар нь дархлааны шалтгаант гэмтлийг үүсгэдэг, удамшлын шалтгаантай (Ази хүмүүст гэр бүлийн шалтгаантай давтамж нэмэгддэг) өвчин юм. Харин хүүхдийн олон эрхтэн тогтолцооны хэт үрэвслийн хам шинж нь 2020 оны дөрөвдүгээр сараас Англи, Франц, Испани, АНУ зэрэг улсад анх бүртгэгдсэн, өндөр халуурдаг, улайж хавагнасан суурин дээр тууралт гардаг, зүрхний булчин гэмтэх, нас барах хүртэл эрсдэлтэй. Нэг ёсондоо “COVID-19” халдвар хүүхдэд хүнд хэлбэрээр явагдаж байна гэсэн үг. Энэ бүхнээс дүгнэхэд манай улсад “COVID-19” халдварын хүүхдийн тохиолдол бусад улстай харьцуулахад өндөр, хүүхэд насанд хүрэгчдээс халдвар авч хүндрэх эрсдэлтэй тул дор бүрнээ хариуцлагатай байж, халдвараас гэр бүлээ хамгаалах шаардлагатай.
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)