Нам нь намаараа, төр нь төрөөрөө явах цаг болсон

1998 оны дөрөвдүгээр сарын 17. Ерөнхий  сайд М.Энхсайханы тэргүүлсэн “Ардчилсан холбоо” эвслийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барив. Энэ бол сөрөг хүчин бус журмын нөхөд нь танхимаа огцруулах нь зүйтэй гэж үзсэний үр дүн байлаа. Өөрөөр хэлбэл эрх баригч МҮАН, МСДН-ын удирдлагын түвшинд ярьж тохирсон улстөрийн шийдэл биеллээ олсон гэсэн үг. Дөрөвдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө МҮАН-ын Ерөнхий зөвлөл хуралдаад л ийм шийдвэр гаргасан гэдэг. Гарцаагүй унах нь тодорхой болсноо мэдэрсэн М.Энхсайхан яаран сандран “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар хууль ёсны Засгийн газрыг огцруулах санаархлаа надад тулгасан. Улмаар энэ санаагаа МҮАН-ын Ерөнхий зөвлөлөөр дэмжүүлэхийг оролдож байна” гэсэн утгатай мэдэгдлээр эсэргүүцлээ илэрхийлэв.

Гэвч Засгийн газар нь аврагдах боломж хэтэрхий оройтсон байлаа. Эрх баригч намын удирдлагууд болох Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар шийдвэрээсээ буцсангүй. Намын шийдвэр гал, ус шиг  хүчтэйг М.Энхсайхан тэргүүтэн яс махандаа тултал ойлгосон биз ээ. Тэр цагаас хойш ерөнхийдөө голлох байр суурьтай намын удирдах дээд байгууллага асуудлыг хэрхэн дүгнэнэ, байдал тэгж шийдэгдэх нь хэвийн үзэгдэл болсон юм. Нэг ёсондоо  1998 оноос эхлээд төрийг нам жолооддог тогтолцоогоо руугаа буцаж эхэлсэн нь тэр байжээ. Үүгээр ч зогсохгүй “УИХ-д  олонхи болсон намын дарга нь Ерөнхий сайд байна” гэсэн  “хууль” үйлчилж эхлэв.

 

“Ардчилсан холбоо” эвслийн гуравдахь Ерөнхий сайд Ж.Наранцацралтад Ц.Элбэгдорж МҮАН-ын даргын тамгаа шилжүүлж байлаа. Р.Амаржаргал ч гэсэн хагас жил шахам засаг толгойлохдоо намын даргын ажлыг давхар хашиж үзсэн.

 

Тэгвэл 2000 оны УИХ-ын  сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАХН (МАН) “Парламентад олонхи болсон намын дарга Ерөнхий сайд байна” гэдэг олдмол зарчмыг  хуульчлах асуудлыг 2001 он гарахаас хэдхэн сарын өмнө ярьж эхлэв. Тэгэх тэгэхдээ тайлбар хийх аргаар Үндсэн хуульд  өөрчлөлт оруулан байж энэ зорилгодоо хүрэхээр зүтгэв. Зарим улстөрчдөөс гадна хуульч, нийгмийн зүтгэлтэн гээд цөөнгүй хүн эсэргүүцсэн ч галт тэрэг хэдийнэ хөдөлжээ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үндсэн хуульд гар дүрэх нь ямар ч утга учиргүй зүйл. Гэтэл сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд байхаар сая тулгуур хуульд өөрчлөлт орууллаа шүү дээ. Энэ бол засаглалын эрх мэдлийг хуваарилах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг үндсээр нь өөрчилж 1960 оны Үндсэн хуулийн зарчим руу ойртууллаа. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь эрхзүйт төрийн тогтолцоог эрх баригч намын ноёрхолын тогтолцоонд шилжүүлсэн ноцтой үр дагаварт хүргэхээр боллоо. Төрийн хэргийг төрийн хуулиар биш эрх баригч нэгэн намын дүрмээр хөтлөх болох нь ээ. УИХ-ын гишүүд нь эрх баригч нэг намын шийдвэр бодлогыг төрийн шийдвэр болгон хувиргагчид байх гэж үү? Бид чинь нам төвтэй төрийн тогтолцоог төр төвтэй олон намын тогтолцоонд шилжүүлсэн биш бил үү? Яагаад заавал намын дарга Ерөнхий сайд байхаар зүтгээд байна вэ? Яахлаараа аль нэг нам, эвслээс нэр дэвшин сонгогдсон Ерөнхийлөгч намаасаа түтгэлзэж үндэсний эрх ашгийг дээдлэн төрийн хэргийн төлөө зүтгэж байхад гүйцэтгэх засаглалыг тэргүүлж буй Ерөнхий сайд заавал намын дарга байж тухайн намын бодлогыг төрийн бодлого болгон хувиргах ёстой юм бэ? 1990 оноос ээлжилж төр барьсан улстөрийн хоёр хүчин болох МАН, “Ардчилсан холбоо” эвсэл ийм авир гаргаж хоёулаа нэг, нэг удаа яг ижил концепциор Үндсэн хуульд өөрчлөлт хийлээ.

 

Үүнээс үзэхэд Үндсэн хууль эрх баригч намын эрх ашигт нийцэхгүй байна гэсэн үг. Тийм л байгаа бол эцэг хууль маань зөвөөсөө зөв байна гэсэн үг. Үүнээс илүү баталгаа хэрэггүй. Намын сонирхол, хүний араншинд тохируулж Үндсэн хуулиа өөрчилж болохгүй.

 

Харин намууд үйл ажиллагаагаа Үндсэн хуульд захируулан өөрчлөх хэрэгтэй. Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн ардчилсан тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон Үндсэн хуулийг аль нэг нам, эвслийн ноёрхолын зэвсэг болгон хувиргаж болохгүй. Дахин хэлэхэд аливаа нам хүчний дангаар ноёрхох нөхцлийг хязгаарлаж чадаж байвал Үндсэн хууль үндэсний эрх ашигт, ардчиллын зарчимд, төрийн тогтолцооны зарчимд нийцэж байна гэсэн үг шүү, та минь ээ…” гэж дургүйцэж байлаа. Гэвч эрх мэдэлтнүүд нүдээ аниад, чихээ бөглөөд өнгөрсөн. Хамгийн сонин нь тав зургаан намын нэгдлийн үр дүн болох АН асуудалд дэмжигчийн байр суурь хандсан гэгддэг.

МАН-ын Удирдах зөвлөл, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээс улстөрийн нүүдэл, Засгийн газрын хувь заяа хамаардаг байсан жишээ дэндүү олон. Цөөхнийг онцлоё:

        -1998 онд М.Энхсайханы Засгийн газрыг огцруулсугай гэдэг шийдвэр МҮАН-ын Ерөнхий зөвлөл болон “Ардчилсан холбоо” эвслийн удирдлагын хүрээнд  л гарсан.

         -2006 он гараад тун удаагүй байлаа. 2004 оны сонгуулийн дараа байгуулагдсан Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн эвслийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хоёр дахь жилтэй дөнгөж золгоод байсан үе л дээ. Гэтэл нэг л өглөө эвслийн бүрдүүлсэн танхимыг огцруулах нь зүйтэй гэдэг дүгнэлтийг МАН-ын Удирдах зөвлөл хийж орхив. УИХ дахь МАН-ын гишүүд ч намынхаа дээд удирдлагуудын шийдвэрийг биелүүлэхээс аргагүй болов. Ц.Элбэгдорж Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрээ эргэж хараач гэж гуйж үзээд бараагүй. “Шийдвэр нэгэнт гарсан. Буцах тухай яриа байхгүй” гэдэг хариуг хэдхэн хоногийн дараа Ерөнхий сайд болох МАН-ын шинэ дарга М.Энхболд өгөв. 2006 оны нэгдүгээр сарын 13-нд Ц.Элбэгдорж явж, эвслийн Засгийн газар түүх болов.

        -2007 оны 10 дугаар сард хуралдсан МАН-ын 25 дугаар Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар С.Баяр тус намын даргаар сонгогдов. Байдал үүгээр зогссонгүй, хурлын төлөөлөгчид “Намын дарга Ерөнхий сайд байх нь зүйтэй” гэдэг тогтоолыг батлав. Улмаар 2007 оны 12 дугаар сарын 05-нд тус намын шинэхэн дарга С.Баяр УИХ-ын гишүүдийн 90 гаруй хувийн саналаар Ерөнхий сайдаар томилогдож, МАН-ын даргаасаа мултарсан М.Энхболдын Засгийн газар (Үндэсний эв нэгдлийн хэмээх гоё тодотголтой)-ын  бүрэн эрхийн хугацаа дуусав. Улстөрийн нөхцөл байдал ч өөрчлөгдөж эхлэв.

 

        -МАН 2008 оны сонгуулиар  45 суудал авч, олонх болсон нь хэлтэй амтайхан хүлээн зөвшөөрөгдөв. Гэвч МАН-ын шийдвэр гаргагч ноёд дангаараа засаглахаас илүү стандарт бус хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжив. Энэ бол МАН-ын Удирдах зөвлөл, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн далд тохиролцооны үр дүн байлаа.

 

Гэвч 2012 оны УИХ-ын сонгууль болохоос жил ч хүрэхгүй хугацааны өмнө АН-ын дарга, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг АН хамтарсан Засгийн газраас гарах болсныг зарласан. Энэ бол мөн л АН-ын бусад бүлэглэлүүдийн шахалтаар хийгдсэн алхам бөгөөд Гүйцэтгэх зөвлөлөөс нь гаргасан  шийдвэр байлаа.  Үүнээс үзвэл төрийн дээр намын шийдвэр ноёлдог хуучин нийгмийн тогтолцоо ардчиллын гэх  жилүүдэд ч үйлчилж байсан нь үндсэндээ тодорхой харагдана. 

Явж явж улстөрийн тогтсон өнгө, чиг хандлагыг өөрчлөх оролдлогыг нэг талаас хуучинсаг гэж хочлуулдаг, нөгөө талаас хамгийн эв нэгдэлтэй, хамгийн төлөвшсөн гэгддэг МАН-ын нэр бүхий улстөрчид хоёр ч удаа хэрэгжүүлсэн. Нам дотроо даргаасаа илүү хүч хуримтлуулж чадсан нь асуудлыг өөрсдийнхөө талд эргүүлж болдогийг харуулсан гэсэн үг л дээ. Эхний үйл явц нь 2006 онд өрнөсөн юм. Ц.Шаравдорж, Д.Пүрэвдорж, Т.Очирхүү, Д.Тэрбишдагва, Т.Ганди, Ч.Улаан, Д.Арвин, Д.Одбаяр, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид, Р.Раш, Ч.Раднаа, Д.Дэмбэрэл, Н.Болормаа нарын УИХ дахь МАН-ын бүлгийн 13 гишүүн фракцлаж, М.Энхболдыг эхлээд намын даргаас нь, дараа нь Ерөнхий  сайдаас нь огцруулах суурийг тавьсан билээ. Нам доторх хоёрдахь том “төрийн эргэлт” дээрхээс 10-аад жилийн дараа буюу 2017 онд болсон. Автор нь У.Хүрэлсүх. Тэрбээр 2016 оны сонгуулийн дараа намдаа нөлөө бүхий байр суурьтай, бас амбицтай залуусыг нэгтгэж, нэгдмэл зорилго дор зангидаж чадсаныхаа хүчинд 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, өөрөө намын дарга болоод зогсохгүй М.Энхболдыг УИХ-ын даргын өндөр сэнтийгээс буулгаж дөнгөсөн. Өөрөөр хэлбэл, М.Энхболдыг МАН-ын дарга байх үед Удирдах зөвлөл нь Засгийн газраа огцруулах шаардлагагүй гэж үзсэн ч өөр ашиг сонирхол бүхий журмын нөхөд нь удирдах дээд байгууллагынхаа шийдвэрийг тас зөрж мэргэжлийн гэгдэх танхимынхаа хувь заяаг эргүүлэхээр барахгүй лидерээ намын дарга, Ерөнхий сайд болгосон юм. Үүнээс болоод МАН-ын УИХ дахь гишүүд хоёр хуваагдсан, талцсан дүр зураг нэг хэсэгтээ л ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, намын удирдлага, удирдах бүтцийнхээ үгээр явдаг “аялдан дагагчид”-ын эсрэг тодорхой эрх ашиг, зорилгын төлөө намынхаа нэр хүндээр дэнчин тавигч “эрэмгий зоригтнууд” төрөн гартлаа эрх баригч МАН-ын дотоод асуудал  өөрчлөгдсөн хэрэг.

 

Хамгийн гол нь МАН-ын удирдах байгууллага л улстөрийн бодлогоо тодорхойлдог тогтолцоог хэсэг нөхөд нь ийнхүү хазаарласан. Нэг ёсондоо эрх баригч намын удирдлага, удирдах дээд байгууллага  нь улстөрийн асуудал болоод Засгийн газрын хувь заяаг шийддэг уламжлалыг У.Хүрэлсүх нар эвдэж эрх мэдлийг гартаа авсан гэсэн үг.

Гэхдээ  намын шинэ даргаа МАН-ын УИХ дахь гишүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч чадвал төрийн бүх шийдвэр эрх баригч намын бодлого шийдвэрээр  л явах сорилт тулгарсан. У.Хүрэлсүхийн хувьд эрх баригч намын дарга, Ерөнхий сайд болоод дотоод асуудлаа зангидаж чадсан уу гэвэл чадсан. Гэхдээ мань хүн Ерөнхий сайдаасаа огцроод сар илүү хонож байна. Улмаар ирэх ирэх 3 дугаар сарын 1-нд МАН-ын даргын тамгаа Д.Амарбаясгаланд хүлээлгэн өгөх чимээ дуулдаж эхэллээ. Эрх баригч намын дарга Ерөнхий сайд байна гэдэг жишгээр бол Л.Оюун-Эрдэнэ намын дарга болох учиртай мэт. Гэхдээ МАН  нам, төрийн ажлыг заагласан шинэ жишгийг улс төрд эхлүүлэхээр шийдсэн бололтой юм. Төр нь төрөөрөө, нам нь намаараа явах цаг болсон. Гэхдээ энэ нь бас л цаг хугацаа, эрх ашиг, шударга ёс гэх мэт адармаатай олон шалгуурыг давах хэрэгтэй болоод байна.  

                                                                                   Дажсүрэнгийн Лхагвадорж

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Хонгорзул (45.72.90.198)

    2021-02-26

    Юу л болох гээд байна даа

  • Мөнхцэцэг (138.128.89.105)

    2021-02-26

    Луйварчид

  • Мөнхцэцэг (138.128.88.208)

    2021-02-26

    Монгол минь яанадаа

  • Мөнхбат (104.227.93.237)

    2021-02-26

    Монгол ялна

  • Наранцэцэг (45.72.90.198)

    2021-02-26

    Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ

  • Хонгорзул (45.72.90.157)

    2021-02-26

    Монголын заяа их муу муухай бүхэн хол байг

  • (192.82.78.110)

    2021-02-17

    маш зөв бичжээ