Америкт мэргэжлээрээ ажиллаж, хөдөлмөрийн зах зээлд үнэлүүлэхийн тулд юу анхаарах хэрэгтэй вэ?
- 2021-02-18
- Нийтлэл
- 0
Америкад мэргэжлээрээ ажиллаж, хөдөлмөрийн зах зээлд үнэлүүлэхийн тулд Та юу анхаарах хэрэгтэй вэ?
Америкийн бүх шатны байгууллагууд ажилтан шалгаруулж авахдаа дараах гурван зүйлийг хамгийн түрүүнд анхаардаг.
1. Ур чадвар
2. Туршлага
3. Боловсрол
Яг энэ дарааллаар CV-гээ бичээд илгээхэд таны ярилцлаганд дуудагдах магадлал 50 хувь нэмэгдэнэ. Гайхаж магадгүй юм. Яагаад ур чадвар бүхнээс чухал гэж.
Ур чадварыг нэн түрүүнд тавьдаг нь тухайн ажлыг хийж чадах чадвартай хүн мөн эсэхийг тань харгалзана гэсэн үг. Хамгийн энгийн жишээ татахад оффист өдөр тутам ашиглагддаг хувилагч машин, факсын аппарат, утасны аппарат зэргийг ашиглаж чаддаг бол та ажилд ороход нэг алхам ойрхон байна. Мөн энгийн хэрэглээний программ мэддэг байх нь бас л давуу тал болно. Зарим байгууллага өөрсдийн ашигладаг ердөө ганцхан программыг мэддэг байхад л хэдэн мянган долларын цалин амлаж, ажил санал болгох нь түгээмэл үзэгдэл.
Нэгэнт ур чадварыг төгссөн сургуулиас илүү чухалчилдаг учраас сургууль төгсөөгүй ч амжилттай яваа бизнесменүүд Америкчуудын дунд цөөнгүй бий. Бидний сайн мэдэх Билл Гэйтс, Стив Жобс нар сургууль төгсөөгүй ч хийсэн ажлаараа бахархам амжилт олсон нь үүнтэй холбоотой. Тиймээс дипломын цуглуулга болж, цаг үрж сууснаас арван хурууны бичээчийн сургалтанд суусан нь мэргэжлийнхээ ажлыг олж хийхэд тань хамаагүй тус болно.
Бас нэгэн чухал зүйл нь туршлага.
Монголд хэдий мундаг ажил алба эрхэлдэг байсан ч Америкад ажлын туршлагагүй бол та хэн ч биш. Бүхнийг тэгээс эхэлнэ. Энэ бол бичигдээгүй хууль. Ийм байдалд хүрэхгүйн тулд цалингүй байсан ч хамаагүй дадлагажигчаар ажиллаад, багахан ч атугай туршлага хуримтлуулах хэрэгтэй. Мөн сайн дурын ажил хийж, ажлын түүхэндээ нэг өгүүлбэр ч гэсэн нэмэх нь чухал.
Америкад ажлын туршлагагүй байх нь мэргэжлийнхээ ажлыг олж хийхэд маш том саад тотгор болох тул сургуулиа төгсөхөөсөө өмнө дээр дурдсанаар дадлагажигч-internship”-ээр заавал ажиллаад үзэх хэрэгтэй. Тэр нь хэдхэн долоо хоног байсан ч хамаагүй, таныг хөдөлмөрийн зах зээлд гарахад тань чухал түлхэц болно.
Төгсгөлд нь таны ямар сургуульд сурч байсныг тань сонирхох болно. Монголд ажил олгогч нар дээрх дарааллын яг эсрэгээр нь явдаг. Нэг ёсны төгссөн сургуулийг ур чадвар, туршлагаас илүүд үздэг. Тэд гадаадад төгссөн л бол мундаг гэж үзэн ажилд авах нь элбэг. Гэтэл ажлын байран дээр тэр хүний хаана төгссөн байх нь тэгтлээ чухал нөлөө үзүүлдэггүй, харин эсрэгээрээ юу чаддаг нь л тэр хүнийг аварч гардаг тал бий. Америкад яг л энэ зарчим үйлчилдэг. Иймээс мэргэжлээрээ ажиллая, өөрийн мэдлэг чадвараа зөв үнэлүүлье, боломжийг алдалгүй атгая, дэлхийд өрсөлдөх чадварлаг нэгэн болъё гэвэл дээрх зөвлөгөөг харгалзан үзээрэй хэмээн зөвлөе.
Ингээд энэхүү бичвэрээ амжилттай яваа нэгэн эрхмийн үгээр өндөрлөж байна.
Элон Маск “Би Харвард төгсөөгүй ч, Харвардын төгсөгч нар надад ажилладаг”.
Н.Болортуяа (МУИС-ийн ОУХДС-ийн төгсөгч)
Сэтгэгдэл (0)