Цэргийн дүрэмт хувцас өмсөх эрхгүй этгээд өмсвөл хариуцлага тооцдог болно
- 2021-02-19
- Өөр өнцөг
- 0
Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Гол шалтгаан нь цэргийн дүрэмт хувцсыг төрийн захиргааны зарим албан тушаалтан, иргэд өмсөж байгаатай холбогдуулаад тодорхой хязгаарлалтуудыг хийхээр ажиллаж байгаа ажээ. Энэ талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын Материал хангалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа С.Баяр-Очиртой ярилцлаа.
-“Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д ямар өөрчлөлтүүдийг оруулахаар ажиллаж байна вэ?
-Юуны өмнө тодорхой ойлголтуудыг хуулийн заалтаар нь тайлбарлая. Энэ нь ч зөв байх. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад “Цэргийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдана” гэж заасны дагуу цэргийн дүрэмт хувцас, хэрэгслээр нормын дагуу хангагддаг. Нөгөө талаас ЗХЖШ-ын даргын тушаалаар 2019 онд батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан загварын цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, цол, ялгах тэмдгийг дүрэмд заасны дагуу хэрэглэнэ” гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүй, зарлиг, тогтоолоор цэргийн дүрэмт хувцас нь цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа генерал, офицер, ахлагч, сонсогч, түрүүч, байлдагчид л хамаатай болохыг тодорхой зааж өгсөн гэсэн үг. Тэгвэл цэргийн дүрэмт хувцас гэж юу вэ. Энэ бол цэргийн жинхэнэ алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, цэргийн анги, байгууллагын цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагааг хангах, хувцаслалт, гадаад үзэмжийг жигдрүүлэхийн тулд батлагдсан төрөл, загвар, эдэлгээний хугацаа, хангалтын нормоор хүн нэг бүрт олгогддог хувцас, хэрэглэлийг хэлнэ. Та сая дүрэмд ямар өөрчлөлт оруулах гэж байна вэ гэж асууж байна. Харин одоо энэ асуултандаа ороё.
-За, тэгье ...
-ЗХЖШ-ын даргын тушаалаар 2019 онд батлагдсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-д өөрчлөлт оруулах нэгдүгээр шалтгаан нь цэргийн дүрэмт хувцсыг өмсөж, эдлэх эрхгүй хүмүүс буюу төрийн зарим алба хаагч, иргэд өмсөж байгаатай холбогдуулаад хязгаарлалт хийх зорилготой. Хоёрдугаарт, жигдрүүлэх зорилготой жижиг өөрчлөлтүүд багтаж байна. Тухайлбал, хээрийн хувцас өмссөн үед бууны гэрийг хэрхэн яаж зүүх вэ гэж. Бидний хэрэглэж байгаа бууны гэр хуучны загвараараа, харин дүрэмт хувцас шинэ загвараараа байгаа учир хэрхэн, яаж зүүх вэ гэдгээ нэг мөр цэгцэлнэ. Дүрэмд заасанчлан хээрийн хүрэм өмссөн үедээ гадуур нь бууны гэрээ бүсэлнэ гэснээрээ явна гэж ойлгож болно. Дараагийн удаад хээрийн хувцас өмссөн үедээ өмдний шуумгийг хагас түрийтэй гутлынхаа гадуур тавина, хээрийн хүрмийн захыг хээрийн гаралт, сургалт дадлагын үед босоогоор нь, бусад үе буюу өдөр тутамдаа буулгаж өмсөнө зэрэг тодорхой өөрчлөлтүүд оруулж байна. Энэ нь цэргийн дүрэмт хувцсыг нэгэн жигд өмсөж хэвшүүлэхтэй холбоотой.
-Нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байгаа сэдэв бол яахын аргагүй цэргийн дүрэмт хувцсыг төрийн захиргааны албан тушаалтан, иргэд өмсөж байгаа тухай. Энд нэг зүйлийг тодотгоход тэдгээр албан тушаалтнуудыг Дайчилгааны тухай хуулийн дагуу цэргийн сургалт бэлтгэлд хамруулаад бэлтгэл офицер, ахлагч цол олгодог. Тэгвэл нэгэнт олгогдсон цэргийн дүрэмт хувцас, цолыг тэр хүмүүс нь хэзээ өмсөх ёстой байдаг юм бэ?
-Тийм ээ, энэ их чухал сэдэв. Цэргийн албаны тухай хууль болон одоо мөрдөгдөж байгаа "Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм"-д цэргийн цолны нэр, тэмдэг, түүний ялгах тэмдгийн загвар, цэргийн дүрэмт хувцсыг нөгөө л дээр дурдсан буюу Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагад алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хэрэглэхийг хориглоно гэж заасан. Цэргийн алба хаагчаас бусад төрийн албан хаагч, иргэд нь дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд л хамаарна. Тэд зөвхөн цэргийн сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн дүрэмт хувцсыг өмсөнө гэдгийг Цэргийн албаны тухай хуульд тодорхой заагаад өгчихсөн байдаг юм. Дайчилгаатай сургууль, цэргийн сургалт бэлтгэлээс бусад үед өмсөх эрхгүй гэсэн үг.
-Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед ч, цар тахал, зуд турхантай үед ч өмсөх эрхгүй гэсэн үг үү?
-Цэргийн жинхэнэ алба хаагч биш л бол өмсөхгүй. Гагцхүү бэлтгэл үүрэгтэн танд “Дайчилгаатай сургуульд оролц, цэргийн сургалт бэлтгэлд хамрагд” гэдэг зарлан ирвэл л өмсөөд очно гэж ойлгох хэрэгтэй.
-Аймаг, нийслэл, сум дүүргийн онцгой комиссын гишүүд цаг үеийн мэдээлэл хийхдээ цэргийн дүрэмт хувцсыг энгийн хувцастай хольж өмсөх тохиолдлууд байсан ...
-Мэдээж буруу. Бас л түрүүн хэлсэн шиг Монгол Улсын хууль, захиргааны хэм хэмжээг зөрчиж л байгаа хэрэг. Цар тахлын нөхцөл байдлыг мэдээлэх үүрэгтэй төрийн захиргааны алба хаагчид цэргийн хээрийн дүрэмт хувцсыг өмсөх, өмсөхдөө бүр дүрмийн бусаар өмсөж хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч байгаатай холбогдуулан ЗХЖШ-аас 2020 оны 12 дугаар сард аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газар, Цэргийн штабуудад албан бичиг хүргүүлсэн. Цэргийн дүрэмт хувцасны дүрмийн бус хэрэглээг арилгуулах тухай гэж. Энэхүү албан бичиг хүргэгдсэнээр энэ зөрчил харьцангуй багассан. Мэдээж цар тахал, гамшиг ослын үед аймаг, орон нутаг, дүүргийн удирдлагууд нэгдсэн шугамаар жигдэрч болно. Энэ нь өөрөө цэргийн дүрэмт хувцас биш бөгөөд өөр өнгө, загвараар хийлгэхийг нь бид үгүйсгээгүй. Цэргийн дүрэмт хувцас нь үзэмжтэй, дулаахан, биед эвтэйхэн байдаг учраас л ийм төрлийн зөрчлүүд гараад байна гэж харж байна. Дүрмээ хэзээ шинэчлэн батлах вэ? -Нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилсэн төслөө төрийн цэргийн байгууллагуудад санал авахаар хүргүүлээд байна. Мөн Зэвсэгт хүчний алба хаагчдаасаа ч цахимаар санал авч байна. Хэрэв бодитой саналууд ирвэл бид дүрмэндээ оруулна. Жишээлбэл, 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан Цэргийн дүрэмт хувцасны загварт албаны хүрмийг босоо захтай байхаар төлөвлөсөн байсан ч алба хаагчдын ирүүлсэн саналын дагуу захыг нь буулгасан гээд жишээ цөөнгүй бий. Дүрмийн төслийг аль болох богино хугацаанд ЗХЖШ-ын даргын тушаалаар батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шинэчлэн батлагдсаны дараа Хууль зүйн яаманд хүргүүлж, бүртгүүлсний үндсэн дээр цэргийн дүрэмт хувцсыг өмсөж хэрэглэх эрхгүй этгээдүүд өмссөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог механизм бүрдэх юм.
-Дүрмийн дагуу өмсөөгүй цэргийн алба хаагчдад бас хариуцлага тооцох уу?
-Тийм.
-Мөрдэсний тухай асуумаар байна. Хээрийн хувцасны цээж хэсэгт цолны тэмдэг байрлуулах нь ямар учир шалтгаантай талаар цэргийн алба хаагчид их тодруулдаг...
-Албаны дүрэмт хувцсанд цол нь мөрөн дээр, хээрийн хувцсанд цээж хэсэгт байгаа нь амьдралаас урган гарсан шийдэл. Яагаад гэхээр хээрийн хувцас нь өөрөө цэргийн алба хаагчид бидний байлдааны хувцас. Команд ирлээ, бид хээрийн хувцсаа өмсөөд л гарах ёстой. Тэгээд мэдээж хантаазаа өмсөж, агсамжаа зүүж, буугаа үүрнэ. Энэ нь нэгд аранз үүрэх үед тээглэдэг, хоёрд мөрөн дээрх цолны тэмдэг тогтоох товч нь хүнд ачаа үүрсэн үед нухах тохиолдол байдаг, гуравт цол нь харагдахгүй болчихож байна. Дөрөвт, дэлхийн орнуудын хээрийн хувцасны нийтлэг жишиг ийм.
-Цэргийн дүрэмт хувцсыг Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр, Тагнуулын байгууллагын алба хаагчид нэгэн загвараар нь, ижил түвшинд нь өмсөж байгаа. Тэдгээр байгууллагуудын алба хаагчдын дүрмийн дагуух хувцаслалтанд хэн хяналт тавих ёстой вэ?
-ЗХЖШ-ын даргын тушаалаар “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийг батлахдаа эдгээр байгууллагуудын удирдлагад нь энэхүү дүрмийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавих үүргийг зааж өгдөг. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг ижил төрлийн дүрэмт хувцас өмсдөг байгууллагууд хяналтаа маш сайн тавихгүй бол өнөөх л Зэвсэгт хүчний алба хаагч гэж харах гээд байдаг тал бий. Цэргийн дүрэмт хувцсыг хэн дүрмийн дагуу өмсөнө тэр л хамгийн зөв харагдана. Түүнээс дүрэмт хувцас нь гангараа гоёл биш юм. Харин дүрэмт хувцсыг өмсөх эрхгүй энгийн иргэд өмссөн үед тавих хяналтыг Зэвсэгт хүчний Цэргийн цагдаагийн алба хэрэгжүүлнэ. Үүний тулд эрх зүйн орчныг нь боловсронгуй болгохоор ажиллаж байгаа юм.
-Цэргийн дүрэмт хувцастай гадуур явж болохгүй гэдэг. Энэ тухайд?
-Цэргийн дүрэмт хувцсыг хэзээ өмсөх ёстой вэ гэдгийг дүрэмдээ тодорхой заачихсан байдаг шүү дээ. “Цэргийн жинхэнэ алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, цэргийн нэгтгэл, анги, байгууллагын цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохдоо өмсөнө” гээд. Олон нийтийн газраар цэргийн дүрэмт хувцастай явж болохгүй гэсэн нь энэхүү заалтыг хэрэгжүүлж байгаа хэрэг. Мэдээж цэргийн алба хаагчид дүрмийнхээ дагуу хувцсаа өмсөөд явах тохиолдол байхыг нь үгүйсгэхгүй.
Ахлах дэслэгч Д.Болормаа
Сэтгэгдэл (0)