Ковид-19 вакцины гаж нөлөө

Аюулт цар тахал гарч эхэлж байх тэр үед хурдан вакцин гараасаай, вакцинтай л болчихвол амь аврагдаж, амьдрал сайхан болох гээд байна гэж хүн төрөлхтөн дотроо залбирч, дэлхийн эрдэмтэд оюун ухаанаа заран, улс орнууд хөрөнгө мөнгө, чадамжийнхаа хүрээнд нэлээн хэдэн вакциныг бүтээлээ. Гэтэл вакцин хийлгэнэ хийлгэхгүй гэх эргэлзээ ард түмний дунд бий болж байна. Вакциныг практикт хэрэглэхээс өмнө маш олон шатны дамжлага бүхий туршилтуудыг хийж хянаж, магадласны дараа гаргадаг. Гаргасны дараа ч мөн адил чанарын хяналтыг байнга тавьж байдаг. Олон арван мянга хүн өөрийн амь насаараа дэнчин тавьж бусдын сайн сайхан, шинжлэх ухааны төлөө туршилтанд хамрагддаг. Тэр хүмүүс мэдээж үхэе гэж бодоогүй л байж таараа.
 

Бид одоо өчүүхэн тэр вирүсээс айж амьдрах биш, хэрхэн зохицож хэвийн амьдралаа цогцлоож алдсанаа нөхөж, эрүүл саруул, сэтгэлийн дарамтгүй амьдрах хэв маяг, арга барилаа олох нь чухал байна. Тийм учир сэтгэл санаагаа тайван уужуу байлгаж эерэг сайхан бодлоор өөрсдийгөө цэнэглэж, зөв сонголтоо хийх нь зүйтэй. Хүн бүр ариун цэврээ сайн сахиж, орчноо эрүүл байлгаж, цэвэр, сайн чанарын ус, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн ч өвчний тархалтыг таслан зогсоож чадахгүй нөхцөл үүсдэг. Энэ байдал яг бидэнд одоо тулгарч байна. Хүн бүр чадлынхаа хэрээр маскаа зүүж, гараа угааж, гэртээ нойтон цэвэрлэгээ хийж, гадуур хооллохгүй, хүнтэй уулзахгүй бүгэж байгаа мөртлөө огт халдвар авахгүй гэх баталгаа байхгүй байна. Энэ тохиолдолд вакцин зайлшгүй шаардлагатай.

Бид вакцинтай анх удаа танилцаж, анх удаа хэрэглэх гэж байгаа биш билээ. Төрсний дараахь 24-48 цагийн дотор В гипатитын вакциныг, сүрьеэ, БЦЖ, халдварт саагийн вакциныг гэх мэт 15 нас хүртэлх хүүхдүүддээ 11 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх долоон төрлийн товлолын вакциныг тарьж байна. Тэрний хүчинд бяцхан үрс минь эрүүл саруул өсөн торниж, вакцинаар сэргийлэгдэх боломжтой өвчнүүд дахин сэргэх аюулыг зогсоож чадаж байна. Ийм маягаар хүн амын дархлал тогтцыг зохих төвшинд барьдаг. Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. Тийм ч учир бид олон өвчнийг устгаж чадсан. Вакцин аюултай юу гэдэг асуулт байнга шинэ вакцин гарах тоолонд гарч байдаг. Гипатит В-ийн вакцинжуулалтыг эхлэх үед мөн л их эсэргүйцэл, үл итгэлцэл гарч байсан. 1984 онд Тайванд анхны гипатит В-ийн дархлаажуулалт эхэлсэн бөгөөд хорин жилийн дархлаажуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний үндсэнд судалгаагаар 6-9 настай хүүхдүүдийн дундах элэгний хорт хавдар 3.8 дахин буурсан үзүүлэлт байна\Y-H Ni et al. Pathol Biol (Paris). 2010\.

Манай улсад 1991 оны 6 сараас гипатит В-ийн дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд проф. Д.Даваалхам нарын хийсэн судлагаагаар гипатит В вирүсийн халдварын тархалт 0,53 хувь болтлоо буурсан үзүүлэлт байна. Гэтэл насанд хүрсэн дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүсийн дунд гипатит В вирүсийн халдварын тархалт 8-10 хувь байна. Элэгний В вирүсийг төрөх үедээ авсан тохиолдлын 90 хувь архаг болдог болдог бол таван наснаас хойш авсан тохиолдолд 10 хувь нь архаг болдог. Эдгээр тохиолдлын 15-20 хувь элэгний хатуурал, хорт хавдар болж нас баралтын шалтгаан болдог.

Вакцины гаж нөлөө гэхээсээ вакцины урвал гэж хэлэх нь оновчтой байх. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНХАУ-ын Sinopharm, Их Британийн AstraZeneca вакцин ирээд байна. Удахгүй ОХУ-аас Sputnic-V, АНУ-ын Pfizer вакцин ирэх сурагтай байна.

БНХАУ-ын Sinopharm вакцин нь энгийн хөргөгчид 2-8 хэмд хадгалж болох, өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амд яаралтай тохиолдолд хэрэглэхэд тохиромжтой талаар мэдээллүүд байна. Үр дүнгийн хувьд улс орноосоо хамаараад янз бүр байна.

Жишээ нь Бразилд 78 хувь, Туркд 91.25 хувь, Индонезид 65,3, Арабын нэгдсэн улсад 86 хувийн үр дүнтэй байгаа талаар судалгааны үр дүнгүүд байна \ The Lancet, Zhu Fengcai\.

БНХАУ Египт улсад мөн адил 300000 тун вакциныг хандивласан бөгөөд Египтийн Эрүүл Мэнд, Хүн амын сайд тус вакцин тарьсан газар өвдөлт, улайлт, загатнах, толгой өвдөх, халуурах, ядрах, дотор муухай оргих, булчин, үений өвдөлт, аллерги зэрэг 7 төрлийн гаж нөлөө илэрсэн ба ямар нэгэн эмчилгээ шаардлагагүй, үр дүн 86 хувьтай байгаа талаар мэдээлсэн байна.
 

ДЭМБ AstraZeneca вакциныг 2 сарын 15-д хөгжиж буй орнуудыг аль болох хурдан вакцинтай болгох зорилгоор, яаралтай тусламжийн үед хэрэглэхээр баталсан байна. Жирийн хөргөгчид 2-8 хэмд хадгалах зориулалттай, 76 хувийн үр дүнтэй. AstraZeneca вакциныг тариулсан хүмүүсийн 10-15 хувьд халуурах, дотор муухай оргих, бие чирэх, дагжих зэрэг шинж тэмдгүүд илэрч 12 цагийн дараа өөрөө арилсан мэдээлэл байна \US News Coronovirus Bylletin\.
 

ОХУ-ын Sputnik-V вакцины хадгалалт мөн 2-8 хэмд хадгалах бодомжтой 92 хувийн үр дүнтэй, бага зэргийн ядрах, халуурах, гар хүндрэх зэрэг гаж нөлөө ажиглагдсан байна. ОХУ-ын үйлдвэрлэсэн Sputnik-V вакциныг хаалттай, ил тод бус, хэрхэн үйлдвэрлэсэн нь нууцлаг хэмээн шүүмжлэл их байсан боловч эмнэл зүйн туршилтаас гарч буй үр дүнг харахад шинжлэх ухааны зарчимд тулгуурлан үйлдвэрлэгдсэн нь харагдаж байна хэмээн Lancet сэтгүүлд онцолсон байна \Ian Jones, Polly Roy. Lancet\.
 

АНУ-ын Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр Moderna, Pfizer-BioNTech вакцины тарьсан газар хавдах, өвдөх, бие сулрах, ядрах, толгой өвдөх, даарч бие арзайх, халуурах шинж тэмдэг илэрнэ гэсэн байна. Эхний 22 сая вакцинд хамрагдсан хүн амын 22.4 хувьд толгой өвдөх, 16.5 хувьд ядрах, толгой эргэх шинж тэмдгүүд илэрч хэдэн хоногийн дараа өөрөө арилсан байна. Вакцин хийлгэсний дараа гэр орондоо байх аль болохоор гадагшаа гарах, ажилдаа явахгүй байхаар хувийн зохицуулалтаа хийх зөвлөгөөг өгч байна.
 

Вакцины урвал гарч байгаа нь вакцин үйлчилж байгаагийн шинж тэмдэг өөрөөр хэлбэл таны дархлаа тогтолцоо вакцинд хариу үйлдэл хийж байна гэж ойлгож болох юм. Ахимаг насны хүмүүст урвал арай бага байгаа талаар мэдээлж байна. 1-р сарын 13-14-ны хооронд дархлаажуулалтад хамрагдсан 50-65 насны хүмүүсийн зөвхөн 25 хувьд, 65-74 насны хүмүүсийн 4 хувьд вакцины урвал илэрсэн байна. Харин 50 наснаас доош насны хүмүүсийн 65 хувьд урвалын шинж тэмдгүүд илэрсэн байна. Энэ байдалд эрдэмтэд хариулт өгөхөөр судалж байгаа бөгөөд нас ахих тусам дархлаа тогтолцооны хариу урвал буурч байгаатай холбож болох юм гэж үзэж байна \AARP.org.coronovirus\.

Вакцины урвалыг хэрхэн даван туулах, эмчлэх талаар дараахь зөвлөгөөг өгч байна: толгой өвдөх, бие эвгүй оргисон тохиолдолд стеройдны биш Advil, Motrin бидний хэлж сурсан Ибубруфен, Тиленол үрэвслийн эсрэг эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэж болно. Харин вакцин тариулахын өмнө үрэвслийн эсрэг, өвчин намдаах аливаа төрлийн эм хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Хэрэв тарьсан газар загатнах өвдөх, улайх шинж тэмдэг илэрвэл гидрокортизоны тос түрхэх, эмчээсээ зөвлөгөө авах. Зарим тохиолдолд хүнээсээ хамаарад лимфийн зангилаа томрох бөгөөд аяндаа өөрөө хэвийн байдалдаа орно.

АНУ-ын CDC-ийн статистик мэдээллээс харахад анафилаксийн шок Moderna вакциныг хийлгэсэн нэг сая хүнд 2.1 , Pfizer вакциныг хийлгэсэн нэг сая хүнд 6.2 тохиолдол илэрсэн байна. Эдгээр хүмүүсийн ихэнхэд нь маш хүчтэй харшлын шинж тэмдгүүд илэрч байсан ба анафилаксийн шокд орж байсан түүхтэй хүмүүс байсан байна. Эдгээр хүмүүс вакцин хийлгэсний дараа 30 минут хаяналтад байх шаардлагатай бөгөөд вакцины бүтцэд харшил үүсгэх бодис байгаа эсэхийг эхлээд судлаж байж дархлаажуулалтад хамрагдахыг санал болгож байна.

АНУ болон вакцинжуулалт эхэлсэн улс орнуудад вакцины урвалыг хянах зохилгоор мониторингийн тогтолцоо бий болсон ба өдөр болгон биеийн байдлыг хянах апликэшн бий болгосон байна.
 

Жирэмсэн болон, хөхүүл ээж нарын хувьд вакцины туршилт хийгдээгүй зөвхөн амьтан дээр хийгдсэн мэдээлэл байгаа бөгөөд илүү ноцтой урвал илрээгүй байна. Эрдэмтэд амьтан дээр хийсэн судалгаанаас онцын ялгаа байхгүй хэмээн үзэж байна.
 

Вакцинд хамрагдахын хоёр үндсэн шалтгаан бол өөрсдийгөө хамгаалах, өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсийг хамгаалх явдал юм. Дархлаажуулалтад хамрагдсанаар бүх нийтийн сайн байхны төлөө хүн бүрийн оруулж буй хувь нэмэр юм.

Вакцин нь хүн төрөлхтнийг аврахын төлөө бүтээгдсэн гайхамшигт бүтээл бөгөөд хүмүүсийн хүсэн хүлээж байгаа шиг гаж нөлөөгүй, 100 хувь үр дүнтэй вакциныг гарч иртэл нь хүлээвэл хэчнээн хохирол амсахыг таахын аргагүй.

Тийм учраас бид хийсэн бүтээснээрээ бахархаж өөрийн эрүүл мэнд болон бусдын эрүүл энхийн төлөө хариуцлагтай, эв нэгдэлтэй байж зөв шийдвэр гаргах шаардлага үүсч байна. Судалгаанд хамрагдсан хүмүүс вакцины урвал эвгүй мэдрэмж төрүүлэх боловч, КОВИД-19 халдварт өртвөл түүнээс хамаагүй аюултай болохыг ойлгохыг анхааруулж байна.
 

Ж.ЦОЛМОН АУ-ны доктор, профессор

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)