Авлигын гүтгэлэг вакцин худалдан авах ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн талаар Украйны сайд мэдээлэв
- 2021-02-25
- Дэлхий
- 0
Авлигын гэмт хэрэгт холбогдуулан гүтгэснээс шалтгаалан Эрүүл мэндийн яамыг эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгасан бөгөөд энэ нь тус улсын ковид-19 цар тахлын эсрэг вакцин худалдан авах ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн талаар Эрүүл мэндийн сайд 2 дугаар сарын 16-ны өдөр мэдэгджээ.
Тус улсын Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн яам нь БНХАУ-ын Синовак вакциныг зуучлагч импортлогч Лехимаар дамжуулан худалдан авч буй ажиллагаанд мөрдөн шалгалт явуулсан бөгөөд Эрүүл мэндийн сайд Максын Степанов өөрийгөө гэм буруугүй талаар нийтэд зарлажээ.
Украйн Улсын вакцин худалдан авах ажиллагаа нь Европын холбооны ихэнх улс орнуудаас хоцорч байгаа бөгөөд одоогоор ард иргэдийг вакцинжуулах ажиллагаа эхлээгүй байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Степановын хэлснээр авлигын гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байгаа нь улс оронд ихээхэн сөрөг үр дагавар бий болгож байгаа юм.
“Хуурамч гүтгэлэг, мэдээллээс шалтгаалан бид вакцин үйлдвэрлэгч байгууллагатай хамтран ажиллахад хүндрэл бэрхшээл үүсч байна.” хэмээн Эрүүл мэндийн сайд Степанов мэдээлжээ.
Тэрээр мөн энэхүү авлигын гэмт хэргийн талаар гүтгэлэг, худал мэдээлэл нь Украйн Улсын вакцинжуулалтын үйл ажиллагааг тасалдуулж, ОХУ-аас Спутник V вакцин худалдан авахаас өөр аргагүйд хүргэх ажиллагаа болох талаар мэдэгдсэн байна. Украйны эрх баригчид ОХУ-ын Спутник V вакциныг худалдан авахаас татгалзаад байгаа юм.
Гэвч мөрдөн шалгах ажиллагаа нь вакцин худалдан авах ажиллагаанд сөрөг нөлөө учруулахгүй талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлжээ. “Одоогийн байдлаар мөрдөгчид вакцин худалдан авах ажиллагаанд саад учруулж болзошгүй ямар нэгэн ажиллагаа явуулаагүй. Мөн Авлигатай тэмцэх газраас нийгмийн бүхий л салбарт хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийн баримт мэдээллийг үргэлжлүүлэн шалгах болно.” хэмээн 2 дугаар сарын 16-ны өдөр тус газраас мэдэгдсэн байна.
Украйн Улсын худалдан авч буй Синовак вакцины тээвэрлэлт дөрөвдүгээр сар хүртэл хойшилж болзошгүй талаар Ройтерс агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.
Эх сурвалж: www.euractiv.com
Сэтгэгдэл (0)