Нигери улсын ойн аж ахуй болон загас агнуурын салбар дахь авлигатай тэмцэх ажиллагаа
- 2021-02-26
- Дэлхий
- 0
Нигери Улс нь дэлхий дахинд газрын тос, байгалийн хий олборлодог гэдгээрээ алдартай боловч хөдөө аж ахуйн салбар түүний дотор ойн аж ахуй болон загас агнуурын салбар нь тус улсын ДНБ-ий 21 гаруй хувийг бүрдүүлж байна. Нигери Улсын хөгжилд ойн аж ахуй болон загас агнуур нь үр өгөөжөө өгч байгаа хэдий ч эдгээр салбар дахь авлига, хээл хахуулиас үүдсэн хууль бус үйл ажиллагаа нь орон нутгийн иргэдийн тогтвортой байдлыг алдагдуулж, байгаль орчинд хор хөнөөл учруулж болзошгүй юм. Хууль бус үйл ажиллагааны дараах хоёр чиглэл онцгой анхаарал татаж байна.
Хууль бус мод бэлтгэл. Нигери Улс нь дэлхий болон Африк тивийн хэмжээн дэх хамгийн том мод экспортлогч орнуудын нэг юм. Гэхдээ Нигерийн хилээр дамжин гарч буй бараг бүх экспортын сарнай модыг хууль бусаар бэлтгэсэн байна. Нутгийн амхари хэлээр коссо гэгддэг сарнай модыг “Ховордсон зүйлийн олон улсын худалдааны тухай конвенц”-д бүртгэсэн байдаг бөгөөд коссогийн бүх экспортыг “Ховордсон зүйлийн олон улсын худалдааны тухай конвенц”-ийн үндэсний эрх бүхий байгууллагаас албажуулсан албан ёсны баримт бичгийг дагалдуулахыг шаарддаг. Энэхүү баримт бичиг нь модыг хууль ёсны дагуу бэлтгэсэн болохыг баталгаажуулдаг бөгөөд уг баримт бичиггүй бол импортлогч улсын гаалийн ажилтнууд хураан авах ёстой юм. Гэхдээ Байгаль орчны хэргийг мөрдөн байцаах газрын 2017-2018 оны тайланд дурдсанаар хууль бусаар мод бэлтгэгчид эдгээр болон бусад хязгаарлалтаас зайлсхийхийн тулд их хэмжээгээр авлигадах арга замыг ашиглаж байна. Жишээлбэл: Байгаль орчны хэргийг мөрдөн байцаах газрын байцаагчид Нигери Улсын болон БНХАУ-ын нөлөө бүхий бизнесменүүд “Ховордсон зүйлийн олон улсын худалдааны тухай конвенц”-ийн дагуу шаарддаг баримт бичгийг хууль бусаар гаргуулсныхаа төлөө Нигери улсын өндөр албан тушаалтнууд түүний дотор сайд, конгрессын гишүүдэд нэг сая гаруй долларын хээл хахууль өгч байсныг илрүүлжээ. Нэмж дурдахад, хууль бусаар мод бэлтгэгчид орон нутгийн албан тушаалтнуудад хахууль өгч тусгай хамгаалалттай бүсэд мод бэлтгэх зөвшөөрөл авсан байна. Энэхүү хууль бус ажиллагаанаас ашиг олох гэсэн Нигерийн цагдаагийн алба хаагчид сарнай мод тээвэрлэж буй жолооч нараас хахууль авахын тулд хяналтын цэгүүдийг ажиллуулж эхэлжээ. Нигери Улсын ойн аж ахуйн салбарт бугшсан авлигын нүсэр тогтолцоо нь ой модны хэмжээг хурдацтай доройтуулж, улмаар дэлхийн цаг уурын өөрчлөлтөд нөлөөлнө гэж үзэж байна.
Хууль бус загас агнуур: Нигери Улсын хууль тогтоомжоор Нигерийн усан хилд үйл ажиллагаа явуулдаг бүх загас агнуурын хөлөг онгоцыг тусгай зөвшөөрөлтэй байхыг шаарддаг бөгөөд далайд тор тавьсан хөлөг онгоц бүр барьсан загасныхаа тоон мэдээллийг холбогдох газарт хүргүүлэх ёстой байдаг. Эдгээр мэдээллийг загас агнуурын нөхцөл байдалд хяналт тавихад ашигладаг байна. Гэсэн хэдий ч INTERPOL-оос явуулсан загас агнуурын гэмт хэргийн талаарх судалгаанаас үзэхэд Нигери Улсын нутаг дэвсгэрийн усанд загасчлах хөлөг онгоцнууд далайн эргүүлийн ажилтнуудад хахууль өгөх замаар эдгээр шаардлагаас зайлсхийдэг байна. Мөн компаниуд тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнуудад хахууль өгч хууль бусаар тусгай зөвшөөрөл авч байгаа гэсэн мэдээлэл байна. Авлигаас үүдэлтэй хууль бус загас агнуур нь загасны нөөцийг багасгаж, улмаар далайн эрэг орчмын ард иргэдийн уламжлалт амьжиргаанд аюул учруулж байна.
Нигери Улсын Засгийн газар нь авлигатай тэмцэх талаар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа хэдий ч ойн аж ахуй болон загас агнуурын салбар дахь авлигатай тэмцэхэд илүү их зүйлийг хийх хэрэгтэй байна. Эдгээр салбар дахь авлигатай илүү өргөн хүрээнд тэмцэхийн тулд Нигери Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх ёстой хоёр алхмыг энд дурдлаа.
Нэгдүгээрт. Засгийн газар нь ойн аж ахуй болон загас агнуурын бүс нутгийн холбогдох газруудаас тусгай зөвшөөрөлтэй компаниудын жагсаалтыг тэдгээр компаниудын талаарх мэдээллийн хамт олон нийтэд нийтлэхийг шаардах замаар тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх боломжтой юм. Ийм жагсаалтыг ил тод болгосноор иргэний нийгмийн хяналтын байгууллагууд болон Нигерийн Засгийн газарт тусгай зөвшөөрөлтэй компаниудын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангасан эсэхийг шалган тогтоох боломжийг бүрдүүлэх бөгөөд албан тушаалтнуудын хээл хахууль авч тусгай зөвшөөрөл олгодог байдлыг бууруулж болох юм. Түүнслэн хэрэв компани шаардлага хангаагүй нь тогтоогдвол тусгай зөвшөөрөл олгосон албан тушаалтанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хууль бус үйл ажиллагаа илэрсэн тохиолдолд тухайн албан тушаалтанд шийтгэл ногдуулах боломжтой.
Хоёрдугаарт. Орон нутгийн түвшний албан тушаалтнуудын хээл хахууль авдаг, хууль бус үйл ажиллагааг нүдээ анин өнгөрүүлдэг, албан үүргээ биелүүлэхээс зайлсхийдэг байдлыг шийдвэрлэхийн тулд Засгийн Зазраас мөрдөн байцаалтын нууц ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Нигерийн Засгийн газраас бусад нөхцөл байдалд ашигласан тагнуулын үйл ажиллагааг орон нутгийн албан тушаалтнуудын шударга байдлыг шалгахад ашиглаж болох юм.
Жишээлбэл: Засгийн газраас хууль бус мод бэлтгэл, засаг агнуурын үйл ажиллагаа явуулах хүсэлтэй бизнес эрхлэгч гэж өөрсдийгөө итгүүлэх нууц ажилтнуудыг илгээж болох бөгөөд хууль сахиулагч албан тушаалтнуудад хахууль өгч болох юм. Ийм тусгай ажиллагаа нь зөвхөн авлигад холбогдсон албан тушаалтнуудыг илчлээд зогсохгүй эдгээр хэргүүдийг өргөн сурталчилж, Засгийн газар ийм ажиллагааг тогтмол явуулж байгааг онцолж болно. Энэ нь олон тооны албан тушаалтнуудыг айлгаж, тэднийг авлига, хээл хахуулийн шинжтэй үйлдлээс урьдчилан сэргийлж болох юм.
Эх сурвалж: globalanticorruptionblog.com
Сэтгэгдэл (0)