Анагаах ухааны доктор Б.Ариунзаяа: Пфайзер болон Модерна компаниуд хүүхдийн вакцины эмнэл зүйн туршилт дээр анхаарч эхэлж байна

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны доктор Б.Ариунзаяатай ярилцлаа.


-Манай улсад Энэтхэг болон БНХАУ-аас вакцины тусламж орж ирлээ. Хятадын синофармийн вакцин эмнэл зүйн гуравдугаар шатандаа шилжсэн мэдээлэл бий. Тэгвэл өмнөх шатны туршилтын үр дүнгийн талаар танилцуулбал?

-Хятадын синофарм вакцины сүүлийн шалгалтыг ДЭМБ-аас явуулж байгаа болов уу. Тиймээс одоогийн байдлаар бүрэн баталгаажаагүй хэмээн ойлгож байна. Тухайн вакциныг хоёр удаагийн тунгаар эрүүл, насанд хүрсэн хүмүүст хэрэглэхэд гаж нөлөөгүй, дархлаа тогтоосон дүн үзүүлжээ. Мөн хасах 2-8 градус тээвэрлэж хадгалах боломжтой давуу тал бий. Тиймээс Энэтхэг, Турк, Бразил, Колумб, Уругвай зэрэг олон оронд вакцины туршилт хийгдэж байна. Тодруулбал, Турк улсад яаралтай үед хэрэглэх зөвшөөрөлтэй бөгөөд эмнэлгийн ажилчдаа синофарм вакцинаар дархлаажуулсан баримт бий. Мөн Бразилд хийсэн эмнэлзүйн туршилт судалгааны үр дүн 78 хувийн хамгаалалт үүсгэсэн мэдээлэл байгаа. Гэвч 2021 оны нэгдүгээр сард тус үр дүнд тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, судалгааны дата, туршилтын мэдээлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор синофарм вакцин 50.4 хувийн үр дүнтэй болжээ. Бразилд хийгдэж байсан эмнэл зүйн судалгааны явцад зарим нэгэн хүндрэл, гаж нөлөө үзүүлсэн учраас туршилтыг түр хугацаанд зогсоосон байна. Энэхүү гаж нөлөө үзүүлж буй шалтгааныг судлаад үзэхэд вакцинтай холбоотой биш гэсэн үр дүн гарчээ. Бразил улсад хийгдсэн эмнэл зүйн туршилт судалгаагаар үр дүн нь 78 хувь байсан бол Турк улсад хийгдсэн судалгаагаар вакцины үр дүн 91.95 хувь, Индонез улсад хийгдсэн туршилт судалгааны үр дүн 65.3 хувь гэх мэт харилцан адилгүй байна. Энэхүү вакцины эмнэл зүйн туршилт судалгаанд сайн дураар хамрагдсан хүмүүст "Ковид-19" өвчний хүнд хэлбэрээр өвчилж эмнэлэгт хэвтсэн тохиолдол бүртгэгдээгүй гэсэн мэдээлэл байна.

-Хятадын вакцины гаж нөлөө хэрхэн яаж үүссэн юм бол?

-Нас баралт бүртгэгдсэн байгаа юм. Гэхдээ нас баралтыг шалгаж үзээд вакцинтай хамааралгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Хэдийгээр вакцины үр дүн 50.4 хувь гэж хэлж байгаа боловч халдвар авсан ч хөнгөн өвдөнө гэж ойлгох хэрэгтэй. Вакцин гэдэг маань тухайн хүнийг өвчлөлөөс сэргийлэхээс гадна амь насыг нь аврахад ашиглагддаг. Зөвхөн халдвараас сэргийлээд зогсохгүй, вирусээр өвчлөлөө гэхэд хөнгөн хэлбэрээр шинж тэмдэг илрэх үр ашигтай гэсэн үг.

-Коронавирусийн вакциныг ажиглахад ихэнх нь 70-80 хувьтай байна. Тэгвэл үлдсэн хувьд нь нас баралт байна гэсэн үг үү. Үүнийг тайлбарлавал?

-Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш эрдэмтэд вакцины судалгаанд шамдан орж эхэлсэн. Тухайлбал, Английн АстраЗенека вакцин дунджаар 70 хувийн үр дүнтэй байгаа. Гэхдээ өвчлөхгүй байхад 70 хувь, үлдсэн 30 хувь нь хөнгөн балархай өвдөнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нас баралтаас хамгаалж, амь насыг нь аварч чадаж байна гэж ойлгох хэрэгтэй. Ер нь 100 хувийн баталгаатай халдвараас хамгаалах вакцин гэж байдаггүй. Коронавирусийн эсрэг вакцины үр дүн 70 хувь, 50 хувь гэдгийг сайтар ойлгуулахгүй бол үлдсэн хувьд нь нас баралт байна гэсэн өрөөсгөл ойлголт байх шиг. Чухамдаа вакцин нь тодорхой өвчний эсрэг бие махбодын дархлааг сайжруулдаг биологийн бэлдмэл юм. Вакцин нь хүний амь насанд аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэхэд амжилттай хэрэглэгдэж байгаа нийгмийн эрүүл мэндийн өртөг багатай хамгаалах хэрэгсэлд тооцогддог. Коронавирусийн эсрэг вакциныг гаргаж авахдаа уламжлалт болон мэдээллийн PНХ суурилсан арга хэрэглэж байгаа. Уламжлалт аргаар гаргаж авдаг вакцины нэг жишээ бол синофарм юм. Тодруулбал, вирусийг лабораторийн нөхцөлд тусгай эсийг ашиглаад өсгөвөрлөдөг. Ингэж ургуулсан вирусээ физик, химийн аргаар цэвэршүүлж, идэвхгүйжүүлнэ. Ингээд вирус нь бие махбодод халдвар үүсгэхгүй болж, улмаар идэвхгүйжүүсэн вирусийг вакцин бүтээхэд ашигладаг гэсэн үг. Уламжлалт аргаар томуу өвчнөөс сэргийлэх вакцинуудыг хийж байсан туршлага ч бий. Тиймээс технологи нь харьцангуй удаан хугацаанд ашиглагдаж байгаа. Бид бүхэн вакцины тусламжтайгаар улаанбурхан, цагаан цэцэг, гахайн хавдар гэх мэтчилэн олон өвчнийг хяналтдаа авч, заримыг нь устгаж чадсан.

-Тэгэхээр дэлхий даяар хоёр өөр технологиор боловсруулсан вакцинжуулалт явагдаж байна хэмээн ойлголоо. Гэхдээ вакциныг жил гаруй хугацаанд хийх боломжтой юу гэсэн түгээмэл асуулт байна?

-Бионтек/Пфайзерын хамтарсан мэдээллийн PНХ суурилсан вакцин нь эрдэмтдийн нөр их хөдөлмөр шингэсэн технологи юм. Тус технологийг 30 гаруй жилийн өмнөөс судалж, суурин дээр Файзер вакцин хурдан гарч ирсэн гэсэн үг. Тэгэхээр үүнийг цоо шинэ зүйл хэмээн ойлгох нь өрөөсгөл болно. Энэ төрлийн вакцин хүний дархлааг хүчтэй хамгаалдаг, хурдан хугацаанд гаргаж авах боломжтой гэх мэтчилэн олон давуу талтай. Өмнө нь уламжлалт аргаар гаргадаг вакцин нь тодорхой хэмжээний ажиллагаатай, удаан хугацаа шаардагддаг байсан учраас эрдэмтэд үүнийг сайжруулахын тулд эрэл хайгуул хийж байсан гэсэн үг.

-Энэ цаг үед боловсролын салбар хүндхэн сорилттой тулгарч байна. Боловсролын салбарыг хэвийн ажиллагаанд оруулахын тулд хүүхдүүдэд аюул эрсдэлгүй орчинг бүрдүүлэх нь чухал болов уу. Тэгвэл вакцины хөгжүүлэлтийн явцад хүүхдэд хэрхэн анхаарсан юм бол?

-Коронавирус ахимаг насны, архаг хууч өвчтэй хүмүүст илүү хүнд тусаж байгаа учраас вакцинжуулалтын нэгдүгээр ээлжинд хүүхдүүд орохгүй байна л даа. Гэхдээ хүүхдийг жижгэрүүлсэн том хүн гэж ойлгож болохгүй. Тэд дархлаа тогтолцооны хувьд ялгаатай шүү дээ. Хүүхдүүдэд вакцины эмнэл зүйн туршилт өмнө нь хийгдээгүй байсан. Харин одоо Пфайзер болон Модерна зэрэгкомпаниуд маань энэ тал дээр анхаарч эхэлжээ. Жишээлбэл, Пфайзерын вакцинд 12-15 насны ойролцоогоор 2.259 хүүхэд хамруулсан эмнэл зүйн туршилт судалгааг хийж байгаа. Эхний ээлжийн үр дүн энэ зунаас гарч эхлэх болов уу. Модернагийн хувьд 12-17 насны 3.000 гаруй хүүхдийг хамруулсан эмнэл зүйн судалгаа явагдаж байгаа гэсэн мэдээлэл байсан. Тэгэхээр судалгаа нотолгоонд суурилсан үр дүнг харж вакцинжуулалтыг хийх ёстой. Тиймээс эдгээр эмнэл зүйн туршилт судалгааны үр дүн гарсны дараа хүүхдүүдэд вакцин хийх боломжтой болох байх.

-Томуугийн вакциныг тариулсны дараа хүйтэн усанд гар хүрэхээс болгоомжил, даарч болохгүй гэх мэтчилэн зөвлөгөө өгдөг шүү дээ. Тэгвэл коронавирусийн вакцинжуулалтад хамрагдсаны дараа бид юунд анхаарах вэ?

-Вакцин хийлгэх үйл явц нь сайн дурын үндсэн дээр явагдана. Мэдээж вакцин хийлгэхээсээ өмнө эмчид үзүүлж, үзлэгт орно. Мөн эмчийн асуумжийг үнэн зөв бөглөх нь чухал. Вакцинтай холбоотой гаж нөлөөллүүд тодорхой хэмжээнд гарахыг үгүйсгэхгүй. Гаж нөлөө нь ихэвчлэн хөнгөн хэлбэртэй 2-3 хоногт үргэлжилнэ. Мөн вакцин тариулсан хэсэгт өвчлөл мэдрэгдэх, эсвэл хавдах шинж тэмдэг илэрч болно. Ерөнхий биеийн урвалын хувьд ядрах, толгой, булчин, үе мөч өвдөх, дотор муухайрах, халуурах зэрэг өөрчлөлт илэрч болох юм. Коронавирусийн эсрэг вакцин хийлгэх гэж байгаа бол сайтар унтаж амарсан байх, 72 цагийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглээгүй байх хэрэгтэй. Ер нь вакцин хийлгэхгүй байх тохиолдол маш ховор. Тодруулбал, хүнд хэлбэрийн харшилтай бол хийлгэж болохгүй гэж байгаа. Гэхдээ ургамал, тоос гэх мэтчилэн харшил үүнд багтахгүй. Чухамдаа вакцин, тарилга, эмийн бодисоос ямар нэгэн харшилгүй хүмүүс л хийлгэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бусад төрлийн харшилтай байлаа гэхэд эмчтэйгээ зөвлөлдөнө. Түүнээс гадна эм, эмийн бодис хэрэглэсний улмаас өмнө нь шалтгааныг нь мэдэхгүй хүнд хэлбэрийн харшил үүсч байсан бол эмчдээ хэлэх хэрэгтэй. Түүнээс биш айхавтар хийлгэж болохгүй гэсэн заалтгүй. Гэхдээ хүнд хэлбэрийн харшлын урвал сая тарилт хийхэд 11 буюу маш цөөн тохиолдож байгаа. Мэдээж вакцин хийлгэсний үр ашиг, вакцины эрсдэлийг эмч маань харьцуулж үзнэ. Зарим хүмүүс хүнд өвчтэй гэдэг шалтгаанаар коронавирусийн эсрэг вакциныг хийлгэхгүй гэж эндүү ойлгоод байх шиг. Харин ч эсрэгээр эмч, эмнэлгийн ажилчдаас гадна, суурь өвчтэй хүмүүс маань тэргүүн эгнээнд вакцин хийлгэх ёстой. Үүнийг бид салгаж, ялгаж ойлгох хэрэгтэй байгаа юм. Тиймээс хэтэрхий айдаст автаж болохгүй, шинжлэх ухаанд итгэх хэрэгтэй.

-Вакцинд хамрагдсан хүн өөрөө өвдөхгүй ч вирус тээгч, дамжуулагч, тараагч болох эрсдэлтэй юү?

-Вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллынхаа дэглэмийг үргэлжлүүлэн барих нь зүйтэй. Вакцин хийлгэсний дараа дархлааны тогтолцоо тодорхой хугацаа шаардана шүү дээ. Тиймээс амны хаалтаа зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих гэм мэтчилэн хамгаалалтаа үргэлжлүүлэх шаардлагатай. Түүнчлэн ойрын хугацаанд өөр төрлийн вакцин товлохгүй байх нь чухал. Мөн давтан тунгаа төлөвлөсөн хугацаанд нь хийлгэх хэрэгтэй. Ковидын вакцин хийлгэхээс өмнө 14 хоног, эсвэл хийлгэсний дараа 28 хоног дор хаяж хүлээх хэрэгтэй. Хэрэв өөр төрлийн вакцин хийлгэх гэж байгаа бол үүнд анхаарахыг зөвлөе.

-Коронавирус мутацид орж, цаашлаад хэд хэдэн давлагаа үүсэх магадлалтай байх. Тэгвэл эрдэмтэд энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа бол?

-Вирус мутацид орно гэдэг бол жам ёсны асуудал юм. Нэг эзэн биеэс нөгөө эзэн биед ороход өсөж үржиж, задраад гарах явцдаа тухайн эсийг үхүүлээд, дараагийн эсэд орохдоо тодорхой хэмжээнд өөрчлөлт гардаг байх нь. Одоогийн байдлаар, энэ вакцинууд маань мутацид орж байгаа вируст үйлчилнэ, халдвараас сэргийлнэ гэх мэдээлэл байна.

Ер нь вирусийн мутацийг зогсооно гэж ойлгоход хэцүү. Гэхдээ аль болох хүн амыг хурдан хугацаанд дархлаажуулж чадвал мутаци үүссэн халдваруудаас сэргийлэх боломжтой.

 

П.САЙНЖАРГАЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)