Д.Бямбасүрэн: Монгол Ардын Нам түүхэнд маш үнэтэй үүрэг гүйцэтгэсэн
- 2021-03-02
- Үнэн
- 0
Монгол Ардын Намын 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Дашийн БЯМБАСҮРЭНТЭЙ ярилцлаа.
-Эрхэм танд түүхт ойн баярын мэндийг хүргэе. Монгол Ардын Намын хоёр дахь зууныг та бид эхлүүлэх хувьтай байжээ. Ууган нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойтой холбоотойгоор таны зүгээс ямар зүйлийг онцолж ярих вэ?
-Одоогоос 100 жилийн өмнө МАН баигуулагдсан явдал нь монголчуудын гурван зууныг дамжсан эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцлийн хүсэл зоригийн охь дээж нь болсон юм. Өнгөрсөн 100 жилийн дийлэнх хугацаа нь XX зуунд ногддог. ХХ-ХХ1 зууны эхэн үеийн түүх бол монгол үндэстний хувьд гайхамшигтай түүх. Бид түүхийн олон нугачааг, нарийн түвэгтэй цаг үеийг дамжиж 100 жилийг өнгөрөөлөө. Гэхдээ улс үндэстний ерөнхий эрх ашиг, ирээдүй талаас авч үзвэл монголчуудын туулсан зам нь нийгмийн байгууллагын хоёр хэлбэрийг дамжсанаараа тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэл хийж, гурван удаа төрийн хувьсгал хийснээрээ, өөрийнхөө уламжлалт соёл иргэншлийг холын Европын соёл иргэншилтэй нэгтгэж, улс үндэстнээ сэргээн мандуулснаараа дэлхий дээр өөр аль ч улс үндэстний туулж чадаагүй том үсрэлтийг хийсэн. Ингэхдээ мэдээж маш хүнд бэрх замаар замнасан л даа. Энэ талаас нь авч үзвэл монголчууд угсаатныхаа хувьд сэргэн мандаж, улс гүрнээ дэлхийн хамтын нийгэмлэгийн нэр төртэй гишүүн болгож, хүн ардынхаа амьдралыг дэлхийн дундаж түвшинд хүргэсэн ололт, амжилтын жилүүд гэж хэлж болно. Энэ үед нь МАН социалист нийгмийн үзэл баримтлалаар эх орныхоо ирээдүй, хүн ардынхаа жаргалтай амьдралын төлөө энэ зорилтыг гол болгож байсан тэр чанараараа түүхэнд маш үнэтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Нөгөө талаас аль ч үндэстний хувьд хамгийн үнэтэй чухал зүйл бол үзэл байдаг. Үндэснийхээ үзлийн тэнгэрийг мөрлөж, төрийнхөө сүлдийг өргөж, төрийн баганаа түшиж явна гэдэг маш өндөр хариуцлага. Энэ хариуцлагыг МАН-ынхан нэр, төртэйгөөр биелүүлсэн.
-1990 оны ардчилсан хувьсгалын үйл явцыг өөрийн биеэр харж, мэдэрсэн хүний нэг нь та. Энэ үйл явцад МАН-ын оруулсан манлайлал, оролцоог та одоо хэрхэн дүгнэх вэ?
-Түүхэн тодорхой үе, нөхцөл байдал бүрдэхэд бид шинэ замналыг сонгож авсан. Нийгмийн байгууллын шинэ замыг сонгоно гэдэг амаргүй. Хэрэв Монгол орныг бусад улстай харьцуулбал маш өвөрмөц байдлаар энэ замыг сонгосон байдаг. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад “Монголын тайван хувьсгал” гэж нэрлэгдэж байлаа. Түмний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн үйл явдал болсон юм шүү дээ. МАН /тухайн үеийн МАХН/ социалист хамтын нөхөрлөлийн тогтолцоо ахицгүй болсон тэр үед Монгол Улсдаа, Монголынхоо ард түмэнд нийгмийн шинэ замналд орох үүд хаалгыг нээж, зам чөлөөг нь тавьж өгсөн гавьяатай улс төрийн хүчин байгаа юм.
-МАН түүхийн эгзэгтэй цаг үед чухал шийдвэрүүдийг гаргаж ирсэн байдаг. ХX зуунд хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулахаас авахуулаад хоёр нийгмийн шилжилтийн үед ч ирээдүй хойчоо бодсон шийдвэр гаргасан талаар та сая дурдлаа. Гэхдээ энэ тухайд зарим талаар маргаантай зүйл байсаар байна. Гэтэл түүхийг гуйвуулж, мэтгэлцээд байж болдог юм уу?
-Ер нь аль ч улс төрийн хүчний хувьд тухайн нийгэмд өөрийнхөө баримталж байсан үзэл баримтлалын талаар үнэн, бодитойгоор үнэлэлт дүгнэлт өгөөд улс үндэстнийхээ эрх ашгийг дээдлэх замаар төрийн эрхийг шилжүүлнэ гэдэг тийм амар асуудал биш. Зөвлөлтийн төдийгүй Европын орнууд л гэхэд ямар замаар нийгмийн шилжилтийг хийсэн байдгийг бид бүгдээрээ мэднэ. Гэтэл тухайн үеийн МАХН-ын /МАН/ удирдлагад байсан хүмүүс нөхцөл байдпыг бодитоор үнэлсэн. Өөрсдийнхөө насан туршийн амьдрал үйлс, нэр төр, хойч үе,үр хүүхдийнхээ ирээдүй, монгол үндэстнийхээ эв нэгдэл, хойчын төлөө “тахил”-ын ширээнд сууж, өөрсдөө огцорч байлаа шүү дээ. Энэ бол тэр үеийн нам, төрийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн түүхэнд гүйцэтгэсэн том гавьяа. Ж.Батмөнх гуайг нэгэн үе янз бүрээр ярьж байсан бол сүүлд ойлгоод хөшөө, дурсгалыг нь босгосон. Ерөөсөө 1990 оны Ардчилсан хувьсгалын үед нам, төрийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн түүхэнд гүйцэтгэсэн том гавьяа. Ж.Батмөнх гуайг нэгэн үе янз бүрээр ярьж байсан бол сүүлд ойлгоод хөшөө, дурсгалыг нь босгосон. Ерөөсөө 1990 оны Ардчилсан хувьсгалын үед нам, төрийн удирдлагад ажиллаж байсан бүх хүний хувьд энэ бол эр зоригийн, хүн чанарын, ирээдүй хойчийнхоо төлөөх том шийдвэр байсан. Монгол түмнийхээ эв нэгдэл, эрх чөлөөнд зам тавьж өгөх шийдвэрт хамтаараа хүрсэн байдаг. Нөгөө талаас нийгмийн байгуулал солигдоно гэдэг маш зөрчилтэй төдийгүй олон тодорхойгүй нөхцөлийн дунд үйл явдал өрнөдөг онцлогтой. Гэлээ ч гэсэн одоогийн МАН-ынхан шинээр төрсөн улс төрийн хүчнүүдтэйгээ эв дүйгээ олоод Монгол түмнийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсний үндсэн дээр шинэ Үндсэн хуулиа баталж төрөө төвхнүүлсэн юм. Үнэхээр түүхийн том гавьяа байсан. Энэ бол ерөөсөө маргаад байх асуудал огт биш. Тэр үеийг бодвол өнөөдөр Монголын нийгэм нэлээд өөрчлөгдсөн байна. МАН үндэснийхээ үзлийн бас нэг том урсгалыг тэтгэж, монголчуудынхаа үзлийн тэнгэрийг мөрлөж байна гэж хэлэх юм даа. Энэ бол маш том хариуцлага. Яах вэ, нийгэмд цагийн аясаар янз бүрийн төвөгтэй асуудал тулгардаг. Одоогийн МАН-ын удирдлагууд намаа, төрөө цэвэрлэхийн төлөө ажиллаж байгаа нь олон түмний итгэлийг хүлээж байна. Саяхан болтол Засгийн газрыг тэргүүлж байсан У.Хүрэлсүхийг монголчууд нийтээрээ дэмжсэн. Тиймээс хоёр ч удаагийн сонгуульд түүнийг дэмжиж, МАН-ыг үнэмлэхүй ялалтад хүргээд байна. Энэ талаас нь бодоход цаашдаа МАН улс үндэстнийхээ эрх ашгийг дээдлээд одоо цагийн үймээн бужигнаантай нөхцөлд монголчуудынхаа амьдрах орон зай, хөгжлийн чиг баримжааг улам тодорхой болгоод улс орноо авч явахад үнэтэй хувь нэмэр оруулж чадна гэж боддог.
-МАН бол уламжлал, шинэчлэлийг хослуулж чаддаг нам. Засгийн газар уламжлалыг ямар байдлаар авч явах ёстой юм бэ. Мэдээж цаг үеийн шинэчлэл хийхийн тулд өнгөрсөн цаг үеэ, уламжпалаа гээж болохгүй байх. Энэ тухайд МАН, Засгийн газар балансыг хэр барьж байна вэ, Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Бидэнд шийдэх асуудал олон бий. Жишээлбэл, 1990 онд Үндсэн хуульдаа түр өөрчлөлт оруулаад Байнгын ажиллагаатай Бага хурал байгуулаад, дээд талд нь ард түмний төлөөллөөс бүрдсэн Их хурлыг байгуулж байлаа шүү дээ. Энэ тогтолцооны ачаар бид 1990 оны тэр төвөгтэй нөхцөл байдлыг давж чадсан юм. Өөрөөр хэлбэл, хоёр танхимтай парламент буюу төрийн дээд эрх мэдэл нь УИХ-даа хадгалагдаад, Бага хурал нь хуулиа батлаад явж байсан. 1992 оны Үндсэн хуулиар энэ байдлыг өөрчилснөөс хойш адаглаад парламентынхаа үйл ажиллагааны талаар янз бүрээр ярьж, дүгнэхээс гадна шүүх засаглалд ч асуудал тулгарч байна. Энэ мэтээр нарийн төвөгтэй асуудал зөндөө бий. Гэхдээ энэ бүгдэд эрүүл саруул ухаанаар хандаад Монголынхоо төрт ёсны уламжпал, төрийн ухааныхаа хүч чадлыг сэргээн авч явах ёстой. Одоогийн нөхцөлд дэлхий даяар цар тахал гараад олон улсын байдал түгшүүртэй болсон үед төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчний хариуцлага маш өндөр. Улс орныхоо эдийн засгийг хямраалгүйгээр, ард түмнийхээ амьдралыг бүрэн бүтэн авч явахаас авахуулаад иргэн бүрийн эрүүл мэндийг сахин хамгаалах зэрэг олон чухал асуудал үүсэж байгаа нь гарцаагүй. Цаашлаад улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах тухай ч асуудал гарна. Энэ мэт нөхцөл байдалд сүүлийн хоёр Засгийн газар маш нааштай алхмуудыг хийж байна. Жишээлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газар Улаанбаатар хотынхоо утааг дараад авлаа. Хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж байсныг хоёр болгоод авлаа, уул уурхайн салбар дахь зүй бус үйлдлүүдийг илрүүлж, зогсоож чадлаа. Эдийн засгаа тогтворжуулах тухайд нааштай олон шийдвэрийг гаргаж, үндэснийхээ баялгийг эргэлтэд оруулж, газрын тосоо боловсруулах зэрэг олон чухал шийдвэр гаргасан нь олон түмний дэмжлэгийг хүлээсэн. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ч эдийн засаг, эрүүл мэндээ дэмжих чиглэлээр тодорхой хөтөлбөр боловсруулснаа зарлалаа. Энэ шийдвэрийг ард иргэд ч таатай хүлээн авч байна. Гагцхүү ажил хэрэг болгохын тулд маш их зүйл хийх хэрэгтэй. Монголчууд бид хэн нэгэн хүн юмуу аль нэг улс төрийн хүчин л үүнийг хийх ёстой гэж харж суух биш ер нь улс үндэстэн өөрөө хүчээ хөвчрүүлэн, нэгтгэж байж баялгаа хэмнэж, ариг гамтай байх буюу хөнжпийнхөө хэрээр хөлөө жийж амьдрах хэрэгтэй юм. Энэ тухайд улс төрийн хүчнүүд тэр дундаа МАН их зүйлийг хийнэ гэж итгэж байна.
-МАН-ын 100 жилийн ойн өдрүүдэд хоёр нам нэгдэх тухай яригдаж эхэлсэн. МАН 100 жилийнхээ цөөнгүйд нь МАХН нэртэй байсан. Энэ хоёр нэм эргээп нэгдэх эсэх тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Үзэл нь нэг бол нам хоёр байх утгагүй. Үнэхээр үзэл нь өөр бол тусдаа хэрэг. Улс төрийн амьдралд оролцож явсан хүний нүдээр хаоахад энэ хоёр намын дунд үзлийн нэг их том зөрүү харагддаггүй Ер нь өнгө, будгийн зөрүү галаас нь харвал МАХН нэгээд хуучин сонгодог либерализмынхаа хүрээнд бодлого, үйл ажиллагаа явуулдаг нам. МАН-ын хувьд ардчилсан социализмын үзэлтэй. Гэхдээ энэ дунд гаргаж буй хууль тогтоомж, төсвийн байдал, нийгмийн бодлогыг нь харахад нэлээд нео либерализм руу хэлбийсэн харагддаг. Энэ бол өнгө, будгийн зөрүү. Утга санаагаараа ерөнхийдөө либерализм гээд явбал нэг л чигтэй. Гол асуудал бол орчин үеийн ардчилсан социализмын үзэл гэдэг гурван гол тулгууртай юм. Нэгдүгээрт, католик ёс. Хоёрдугаарт, марксизм, гуравдугаарт, либерализм. Тэгэхээр Монголд католик ёсны үндэс, түүний үнэлэмж, дэг жаяг сул. Манай улсад католик шашинтнууд тодорхой хэмжээнд бий. Гэхдээ Монгол Улс бол дорнын соёлтой орон. Марксизмын хувьд бид нэлээд буруу зүгт мушгиж байгаад орхисон. Энэ нөхцөлд улс төрийн хүчнүүд маань заавал нэг изм шүүрч аваад явах хэрэг байна уу. Ерөөс хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг өөрийнхөө хөрсөн дээр буулгаад өөрийн төрт ёс, философид үндэслэн авч явах нь амьдралд ойр байх болов уу гэж боддог юм. Энэ тухайд цаашдаа улстөрчдийн, эрдэмтдийн хийх ажил байх болов уу.
-Ярилцсанд баярлалаа
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)