Латви улсын хамгийн баян хүмүүсийн нэг хээл хахууль, мөнгө угаасан хэргээр шоронд хоригдож байна
- 2021-03-02
- Дэлхий
- 0
Латви улсын улс төрийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг авлигын хэрэгт холбогдон таван жилийн хорих ялаар шийтгүүлжээ.
Айварс Лембергс нь 1988 оноос хойш Вентспилс хотын захирагчаар ажиллаж байсан бөгөөд даваа гарагт Рига хотын шүүхээс түүнийг хээл хахууль авсан, мөнгө угаасан хэрэгт буруутгажээ.
Шүүхийн шийдвэр гарсны дараа чинээлэг бизнесменийг шууд баривчилж, нэмэлт 20,000 еврогийн торгууль ногдуулжээ.
Шүүхээс түүнийг хэд хэдэн хувь хүн болон урьдын бизнесийн өрсөлдөгч нарт учруулсан хохирлыг төлөх ёстой гэж үзэн Лембергсийн хэдэн сая еврогоор үнэлэгдсэн хөрөнгийг хураан авсан байна.
Шүүхээс хураан авсан эд хөрөнгөнд оффшор бүсийн компаниуд, хувьцаа, банкны данс, үл хөдлөх хөрөнгө, автомашин, үнэт эдлэл, түүний тээврийн хэрэгслийн жижиг чиргүүл багтсан гэж мэдээлжээ. Энэ шийдвэр нь Латвийн орчин үеийн түүхэн дэх хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн эрүүгийн хэрэгт цэг тавьсан юм.
Лембергс шүүхийн шийдвэрийг няцааж, уг шүүх хурлыг улс төрийн шинжтэй гэж үзэн давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Латвийн хууль сахиулагчид 67 настай олигархыг анх 2007 оноос шалгаж эхэлсэн бөгөөд түүнийг 40 гаруй авлигын хэрэгт буруутгаж байжээ.
Лембергс нь Латвийн хамгийн баян хүмүүсийн нэгд тооцогддог бөгөөд Ногоонтнууд ба фермерүүдийн холбооноос ерөнхий сайдад удаа дараа нэр дэвшиж байжээ.
2019 онд АНУ-ын Сангийн яамнаас Лембергсийг олон нийтийн гэрээ болон түүний хувийн өмчтэй холбоотой хээл хахуулийн хэрэгт “Шууд болон дам байдлаар” холбоотой гэж үзэн Вентспилс боомтын захиргаанд хориг арга хэмжээ авсан юм. Даваа гарагт болсон шүүх хурлаар түүнийг 40 хэргээс 19-т нь буруутай гэж шийдвэрлэсэн.
Лембергсийн хүү Анрийж болон түүний бизнесийн хамтрагч Ансис Сормулис нарыг луйврын ажиллагаанд оролцож, хууль бусаар олж авсан мөнгийг угаасан хэргээр хоёр жилийн хорих ял оноож, хөрөнгийг нь хураан авсан байна.
Эх сурвалж: www.euronews.com
Сэтгэгдэл (0)