Гадаадын төрийн албан тушаалтны хээл хахуулийн хэрэгт хохирол барагдуулах зарчим
- 2021-03-04
- Дэлхий
- 0
Гадаадын хээл хахууль нь хөгжиж буй орнуудын иргэд, засгийн газарт хор хохирол учруулдаг гэдэгтэй бүгд санал нийлдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд хээл хахууль өгсөн талын харьяалагддаг улсын шийдвэр гүйцэтгэх байгууллагууд нь гадаадын албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн гэж буруутгагдсан компанитай шүүхээс гадуур тохиролцсон үед уг хээл хахуулийг авсан талын харьяалагддаг улсын засгийн газар эсвэл иргэдтэй тохиролцоо хийж, төлбөр тооцооны асуудал яригддаггүй. Авлигын учруулж буй хор уршгийг зөв тогтооход бэрхшээл тулгарч байдаг тул энэ нь гайхмаар зүйл биш юм. Эрдэмтэн судлаачид, нийгэм, улс төрийн идэвхтэй тэмцэгчид хээл хахууль өгсөн талын хуулийн байгууллагууд болон хээл хахуулийг өгсөн компанийн хооронд тохиролцоо хийлгэж, улмаар гадаадын хээл хахуулиийн улмаас хохирсон этгээдүүдийг хамгаалахыг шаарддаг боловч АНУ-ын Хууль зүйн яам (ХЗЯ) болон Их Британийн Ноцтой залилангийн хэргийг хариуцсан газар (НЗХХГ) зэрэг хууль, шүүхийн зарим байгууллага дээрх асуудалд маш бага анхаарал хандуулдаг. Түүнчлэн энэ чиглэлээр ямар нэгэн өргөн хүрээтэй бодлогын хөтөлбөр, зарчмын үзэл баримтлалгүй өнөөг хүрчээ.
Энэхүү нийтлэлд илүү тогтвортой үр дүнд хүрч, шилдэг туршлагыг хөгжүүлэх жишиг болгон ашиглаж болох үзэл баримтлалыг санал болгож байна. Гэхдээ авлигын хохирогч болсон гадаадын иргэдийн хувийн эрх ашиг болон олон улсын хууль тогтоомжид заасан үүргийг үүгээр хөндөөгүй. Авлигын үйл явдал газар нутаг дээр нь хэрэгжиж, түүнд холбогдох тохиролцоог хууль шүүхийн байгууллагын үзэмжээр хийж байгаа асуудалд бид анхаарал хандуулсан.
Хууль шүүхийн байгууллагын анхаарч үзэх ёстой хүчин зүйлсийн талаар авч үзэхээс өмнө хор хохирлын талаархи 2 өөр ойлголт, хохирогчтой холбоотой 2 ойлголтыг хооронд нь ялгаж салгах нь чухал бөгөөд эдгээр нь эргээд энэ нийтлэлд багтсан хоёр хэлбэрийн хамгаалалтын ялгааг тодорхойлоход ач холбогдолтой юм.
Нэгдүгээрт, бид шууд ба шууд бус хор хохирлыг ялгах хэрэгтэй. Хохирогчид учруулсан хохирол нь гэмт хэрэгтний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой байх тохиолдолд шууд хохирол гэж үзнэ. Гадаадын хээл хахуулийн улмаас шууд хохирол учруулж буйн жишээ болгон Их Британийн НЗХХГ болон Стандарт банкны хооронд хийсэн тохиролцоог тайлбарлая. Стандарт банкны охин компани нь Танзанийн Засгийн газарт төлөх байсан 6 сая долларыг хээл хахуульд өгсөн байна. Ийнхүү Стандарт банкны уг хээл хахуулийн улмаас Танзани Улсын Засгийн газар шууд хохирол амсав. Хэрэв уг хээл хахуулийг өгөөгүй байсан бол тэрхүү 6 сая долларыг Танзани Улсын засгийн газар авах байсан. Тиймээс Стандарт банкны охин компанийн зүгээс Танзанийн Засгийн газарт 6 сая доллар төлөхийг дээрх тохиролцоогоор шаарджээ. Харин шууд бус хор хохирол нь эсрэгээрээ гадаадын хээл хахуулийн тархсан сөрөг үр дагавар бөгөөд түүний хохирогч нь ард иргэд гэж хэлж болох юм.
Шууд болон шууд бус хор хохирлыг ийнхүү ялгаатай авч үзсэнээр авлигын янз бүрийн хохирогчдыг хооронд нь ялган, салгаж авч үзэхэд чухал ач холбогдолтой байдаг. Энд "нэгдүгээр зэргийн" хохирогчид гэж шууд хохирол амссан хохирогчид, харин хоёрдугаар зэргийн хохирогчид нь "хоёрдугаар эрэмбийн" хохирогчид юм. Эдгээр ялгаа нь эргээд гадаадын хээл хахуулийн хор хохирлыг арилгах нөхөн төлбөр олгох ба тусламж үзүүлэх гэсэн хоёр арга замыг тайлбарлахад дөхөмтэй болно. Нөхөн төлбөр олгох арга нь нэгдүгээр зэргийн хохирогчид учирсан шууд хохиролтой аль болох тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхийг ойлгоно. Дээр дурдсан Стандарт банкны хийсэн тохиролцоо нь нөхөн төлбөрийн жишээ юм. Тусламж үзүүлэх арга зам нь авлигын шууд бус хор хохирол учирсан хоёрдугаар эрэмбийн хохирогчдод зориулагдсан байдаг. Жишээлбэл, аливаа хариуцагч компани хээл хахуулийн хохирогч болсон улсын дэд бүтцийн санаачилга эсвэл буяны үйлсэд зориулан санхүүжилт гаргах тухай хээл хахуулийн тохиолцооны нөхцөлд багтаахыг Их Британийн НЗХХГ, АНУ-ын ХЗЯ шаардсан.
Хууль, шүүхийн байгууллагууд дээрх ялгаатай байдлыг харгалзаж нөхөн төлбөр олгох ба тусламж үзүүлэх арга замын аль тохиромжтойг хэрэглэхээ шийдвэрлэнэ.
Нөхөн төлбөрийн хувьд хууль шүүхийн байгууллага дараах хүчин зүйлийг харгалзан үзсэний үндсэн дээр тохиролцооны нөхцөлд багтаах эсэхээ шийдвэрлэнэ:
- Нэгдүгээрт, нэгдүгээр зэргийн хохирогчийг ялган таних боломжтой эсэх;
- Хоёрдугаарт, хохирогчид учирсан хохирлын хэмжээг хэр зэрэг үндэслэлтэй тогтоосон байдал;
- Гуравдугаарт, хохирогчид нөхөн төлбөр төлснөөр (ялангуяа тэр хохирогч гадаадын засгийн газар байх үед) нэмэлт авлига үүсэх эрсдэлтэй эсэх. Тухайлбал, нөхөн төлбөрийн мөнгийг авлигын зорилгоор ашиглаж болзошгүй гэсэн эрсдэл байгаа эсэх, хэрэв ийм эрсдэл байгаа бол уг эрсдэлийг маш сайн бууруулж байж арга хэмжээ авах;
- Дөрөвдүгээрт, нөхөн төлбөр олгох нь ач холбогдолгүй эсвэл шаардлагагүй эсэх. Тухайлбал, хохирогчид туслах бусад боломж байгаа эсэх, эсвэл тусламж авах хүсэлгүй чинээлэг засгийн газрын хувьд ийм шийдвэр гаргаж болзошгүй юм.
Шууд бус хохирол нь дам байдалтай бөгөөд түүнийг тодорхойлоход хэцүү байдаг тул тусламж үзүүлэхдээ дээрхийн нэгэн адил хохирогчийг тогтоох, хор хохирлын хэмжээг тогтоох зэрэг нарийвчилсан арга хэмжээ авах шаардлагагүй. Харин дараах хүчин зүйлийг харгалзан үзсэний үндсэн дээр тусламж үзүүлэх арга хэмжээг тохиролцооны нөхцөлд багтаах эсэхээ шийдвэрлэнэ:
- Нэгдүгээрт, тусламж үзүүлэх нь нөхөн төлбөрөөс ялгаатай боловч шууд бус хохирлын шинж чанар ба үзүүлэх тусламжийн хэлбэрийн хооронд ямар нэгэн уялдаа холбоо байх ёстой. Жишээлбэл, мужийн нийгмийн эрүүл мэндийн салбар дахь монополь эрхийг хангахын тулд өгсөн хээл хахуулийн улмаас тухайн салбарын үйлчилгээ доголдсон бол тусламжийг эмнэлэг, эмнэлгийн хэрэгсэл болон эрүүл мэндийн салбарын бусад зүйлсэд зориулах хэрэгтэй. Хууль, шүүхийн байгууллагын өнөөг хүртэл хийсэн тохиролцоонд дээрх холбоо хамаарлыг харгалзан үзээгүй байна.
- Хоёрдугаарт, хууль, шүүхийн байгууллагууд нөхөн төлбөрийн нэгэн адил тусламжийн хувьд дахин давтан авлига гарах эрсдэлийг харгалзан үзэх ёстой. Гэхдээ тусламжийн хөрөнгийг ашиглаж буй байгууллага нь олон нийтэд хүртээмжтэй бүтцийн тусламжтайгаар тараасан хөрөнгийг авлигын зорилгоор ашиглахгүй байх нөхцлийг хангах тул энэхүү эрсдэлийг үнэлж, улмаар бууруулах нь тусламж үзүүлэх тохиолдолд илүү төвөгтэй байдаг. АНУ, Их Британи улс энэхүү эрсдэлийг удирдах янз бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. АНУ-ын ХЗЯ-ны хийсэн тохиролцоо нь оролцогч талуудад үүрэг хүлээлгэж, тусламжийн хөрөнгийг юунд зарцуулж болох, юунд зарцуулж болохгүйг заасан байдаг. Их Британийн НЗХХГ үүнтэй ижил төстэй нөхцлүүдийг тавьдаг боловч тусламжийн хөрөнгийг удирдах эрхийг төрийн бусад байгууллагад өгдөг.
- Гуравдугаарт, хууль, шүүхийн байгууллагууд нөхөн төлбөрийн нэгэн адил тусламж нь нөхцөл байдалд нийцэн, тохирч байгаа эсэхийг харгалзан үзэх ёстой.
Авлига өгсөн талд илүүтэй анхаарал хандуулдаг гадаадын төрийн албан тушаалтны хээл хахуулийн гэмт хэргийн олон улсын тогтолцоо нь энэ төрлийн авлигын улмаас хамгийн их хохирсон хөгжиж буй орнуудад хэрхэн тусалж чадахыг эрдэмтэд болон бодлого боловсруулагчид анхаарах хэрэгтэй. Гэхдээ энэ практик нь түр зуурын, тууштай бус хэлбэрээр явагдахаас илүүтэй тодорхой зарчим, шилдэг туршлагын дагуу хэрэгжих ёстой.
Эх сурвалж: globalanticorruptionblog.com
Сэтгэгдэл (0)