Монгол түмний манлай эмэгтэйчүүд: Төрийн зүтгэлтэн Нэмэндэйн Янжмаа
- 2021-03-07
- Нийтлэл
- 0
1893 онд Нийслэл Хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотод төрсөн. Бага наснаасаа жанжин Сүхбаатартай үерхэж түүний гэргий нь болсноор бүх насаараа Сүхбаатарын үйл хэрэгт үнэнчээр зүтгэсэн. 1921 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд, 1924 онд Монгол Ардын Хувьсгалт Намд тус тус гишүүнээр элсэж Цэргийн гap үйлдвэр, Улсын худалдааны газар, Намын Төв Хороонд нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн партизаны комиссын дарга зэрэг ажил алба хашсан төдийгүй 1953-1954 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын үүргийг гүйцэтгэж байснаараа тэрээр монгол төрийн тэргүүн эмэгтэй гэгддэг.
УЛСЫН БААТАР ТҮВДЭНГИЙН БОР 1913 онд Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн. Т.Бор 17 насандаа тэр үеийн Богд хаан аймгийн Шанхай уулын хошууны ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдон ажиллаж улмаар 1932 оны хавар хорь ч хүрээгүй насандаа хувьсгалын эсэргүү нарын ятгалганд сохроор итгэн уугуул нутаг усаа орхин харийн нутгийг зорин нүүхээр зэхсэн хувьсгалын эсэргүүчүүдийн дэгдээсэн элдэв цуурхал, ятгалгад хүчээр автсан энгийн ардуудын дунд ухуулга таниулга хийж, эх орноосоо дүрвэж гарах гэсэн их нүүдлийг зогсоон эргүүлж яваад дайснуудад баригдаж тамлагдан амь эрсэдсэн баатарлаг монгол эмэгтэй. Түвдэнгийн Бор ба түүний нөхдийг эсэргүү нар эрүү шүүлт тулган тарчилган зовоож, Тугийн цохио хэмээх цавчим цохион дээр аваачин буудаж таван метр өндрөөс нисгэн дээрээс нь том хад, чулуу нураан амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн байдаг. Түвдэнгийн Бор ба түүний нөхдийг Их Шанхайн зүүн хойд арын Гүнзаараг гэдэг газар эсэргүү нар отон барьж, Лүнгийн хийдэд аваачин эрүү шүүлт тулган тарчилган зовоож, маргааш өглөө нь "Тугийн цохио" хэмээх нэг талаасаа налуу, нөгөө тал нь 4 метр өндөр цавчим цохион дээр аваачин буудаж нисгэн дээрээс нь том хад, чулуу нураан амь насыг нь зэрлэгээр хөнөөжээ. Түвдэнгийн Борын эх орон ард түмнийхээ өмнө байгуулсан баатарлаг гавьяаг үнэлж МХЗЭ-ийн 50 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1971 онд "Улсын баатар" цолоор нэхэн шагнасан.
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ТОСТЫН БУМБАА 1909 онд төрсөн. Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат тэрээр Завхан аймгийн Шилүүстэй сумын “Саруул зам” нэгдлийн тэмээчин байхдаа 1961 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж Завхан нутагтаа Хөдөлмөрийн Баатар хэмээх анхны эрхэм нандин цол хэргэмийг авчирсан юм. Багадаа Жа лам Дамбийжанцанд мөргөж буян үйлдэхээр эх Тостыгаа дагаж очоод Дамбийжаагийн зарц боол малчин нь болж зүдэрч явсан энэ эмэгтэй 1922 онд Дамбийжаа сөнөөгдсөнөөр нутаг орондоо буцан ирж мал маллан ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимээр алдарт тэмээчин Хөдөлмөрийн баатар болсон юм. 1955 онд Завхан аймгийн Шилүүстэй сумын “Саруул зам” нэгдэлд гишүүнээр элсэж анх 42 ингэ авч маллаж 6 жилд үр төлөөр нь өсгөж 315 толгой болгожээ. Энэ хугацаанд ноосны төлөвлөгөөг 102-110 хувь биелүүлсэн байна. Хангай нутгийн нөхцөлд тэмээний маллагаа арчилгаа, ботго бойжуулах талаар үлэмж арга туршлага хуримтлуулж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVII их хурал, 1961 онд Завхан аймагт болсон "Мал маллах сайхан" улсын зөвлөгөөн, Нэгдэлчдийн дөрвөн удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа болон бусад ойн медалиудаар шагнагджээ.
ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН СОНОМЫН УДВАЛ 1921 онд Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төржээ. 1943 онд Москва хотод Дорно дахины судлалын дээд сургууль, 1960 онд ЗХУКН дээд сургууль төгссөн. 1937 оноос уран бүтээлээ эхэлж Хатанбаатар Магсаржав буюу Баатар Вангийн дүрийг харуулсан роман “Их хувь заяа” бүтэээлээрээ 1978 онд Төрийн шагнал хүртсэн. 1961- 1974 онд МЗЭ-ийн хороон даргаар ажилласан. Удвал гуай 1932 оноос Өмнөговь аймгийн яам, цэргийн хэлтэс, намын хооронд бичээч, 1937 онд Улаанбаатарт багшийн сургуульд ирээд, 1937 онд Эвлэлийн байгууллагын даалгавраар Дотоод яамны гал командад бичээчээр ажилласан байна. Гал командад 1938 оны 5 дугаар сараас эмэгтэйчүүдийн зохион байгуулагчдын ажил эрхлэж байгаад 1941 онд Намын шинэ хүчний сургуульд оюутан болж нэг жилийн дараа 1942 оноос ЗХУ-ын КУТВ буюу Дорно дахины их сургуульд суралцаж 1944 онд эх орондоо эргэн ирж Өмнөговь аймагт сонины эрхлэгчээр томилогдон ажилласан.
1946 онд намын шинэ хүчний сургуулийг, 1957-1960 онд Зөвлөлтийн Коммунист намын дээд сургуулийг тус тус төгссөн. Удвал гуай 1947-1949 онд Намын төв хэвлэлүүдийн эрхлэгч, 1949-1954 онд Намын Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч буюу Монголын эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгч, 1954-1957 онд Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга, 1961-1973 онд Монголын Зохиолчдын Хорооны даргаар ажиллахдаа 1962 оноос Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны даргаар мөн хавсран ажилласан.
ЗОХИОЛЧ ЭРДЭНЭБАТЫН ОЮУН 1918 онд Улаанбаатар хотод төрсөн. 1934 онд Улаан-Үд хотын рабфакт, 1957-1960 онд Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд суралцаж "Монголын театрын ардын үндэслэлүүд" сэдвээр урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. 1935 онд Ардыг гэгээрүүлэх яаманд орчуулагч, 1936-1957, 1963-1975 онд одоогийн Үндэсний бүжгийн эрдмийн театрын найруулагч, уран сайхны удирдагч, 1960-1962 онд "Монгол кино" үйлдвэрт, 1968-1969 онд ДБУТ-т уран сайхны удирдагч, 1962-1963 онд МАХН-ын Төв хороонд Соёлын хэлтсийн эрхлэгч, 1975-1987 онд Монголын урлагийн ажилтаны холбооны дарга зэрэг алба ажлыг 51 жил хашжээ. 1940-өөд оноос эхлэн "Шинэ хүн", "Хот айл", "Би эндээс явахгүй, "Хайр", "Гарваа" зэрэг жүжиг, "Түрийвчит Түдэв", "Шуудан хүргэгч Цэрмаа", "Хурандаа шинель" зэрэг олон өгүүллэг бичиж, "Ах дүү нар" жүжгээрээ төрийн шагнал хүртсэн. Н.Гоголийн "Байцаагч түшмэл", В.Шекспирийн "Лир ван", Ф.Шиллерийн "Хар санаа, хайр сэтгэл", К.Симоновын "Орос хүн", Н.Погодиний "Буутай хүн" , Софоклийн "Эдип хаан", Г.Ибсений "Нора" жүжиг, "Чио Чио сан", "Отелло", "Октябрь", "Алеко" дуурь зэрэг дэлхийн сонгодог болон зөвлөлт оросын алдарт зохиолчдын 50 гаруй жүжиг, дуурийг орчуулан тоглуулсан. Мөн Д.Ичинхорлоогийн "Залуу эх Замбага," Ч.Ойдовын "Зам", "Цолмон", Л.Ванганы "Эмч нар", Д.Намдагийн "Шинэ байшинд", "Ээдрээ", Ч.Лодойдамбын "Гарын таван хуруу", В.Шекспирийн "Лир ван" зэрэг жүжгийг найруулж тоглуулсан. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын гурван удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв хорооны орлогч, жинхэнэ гишүүнээр сонгогдож байв. Оюун гуайн хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж 1942 онд Урлагын гавьяат зүтгэлтэн, 1945 онд Ардын жүжигчин, 1946 онд Төрийн шагнал хүртээжээ.
НАЙРУУЛАГЧ ЖҮЖИГЧИН ЛУВСАНЖАМЦЫН ЦОГЗОЛМАА 1924 онд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн. 1938 оноос Залуучуудын театрт жүжигчин, 1940-1944 онд Улсын циркэд хөгжимчин, 1944-1957 онд УХДТ-т жүжигчин, 1961-1968 онд УАДБЧ-д найруулагч, уран сайхны удирдагч, 1968-1983 онд Соёлын яаманд мэргэжилтнээр ажиллаад насны тэтгэвэрт гарсан ч уран бүтээлээ хийсээр байна. Цогзолмаа гуай МУИС-ийн найруулагчийн ангийг 1957-1961 онд суралцаж төгсөж ДЗО-ны I-VI их наадамд оролцож, Москвад болсон VI их наадамд зориулсан концертыг найруулж өөрийн бие даасан концертыг гарамгай тоглосон учир төрийн шагнал хүртжээ. "Олон гэдэг оломгүй далай" дурдатгалын ном бичиж Улаанбаатарт 1993 онд хэвлүүлсэн. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МХЗЭ, Монголын эмэгтэйчүүдийн их хуралд төлөөлөгчөөр оролцож байв. Цогзолмаа гуай 1945 онд Гавьяат Жүжигчин 1951 онд Төрийн шагнал 1997 онд Ардын жүжигчин 2007 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Тэрээр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Цэндийн Намсрайн гэргий бөгөөд Төрийн шагналт Ардын жүжигчин Намсрайн Сувд, Соёлын гавьяат зүтгэлтэн Инээмсэглэл хамтлагын дуучин Намсрайн Ганхуяг нарын ээж нь билээ.
КИНО ЖҮЖИГЧИН ТҮДЭВИЙН ЦЭВЭЭНЖАВ 1916 онд Дорнод аймгийн Матад суманд төрсөн. 1939-1943 онд Улаанбаатар хотод гар үйлдвэрийн артельд ажиллаж байгаад 1943-1944 онд Урлагийн сургууль төгсч Улсын драмын театрт 1944 оноос орсноос хойш насан эцэслэтлээ театртаа жүжигчнээр ажиллажээ. 1956 Гавьяат Жүжигчин цол хүртсэн. Цэвээнжав гуайн бүтээсэн Ч.Ойдовын "Далан худалч"-ийн Пагма, Ш.Цэрэнгийн "Будамшуу"-гийн Пиглай, А.Корнейчукийн "Платон Кречет"-ийн Рахиповна, Гилийн "Строконецийн хөөрөгт цоорч"-ийн Кордулла, А.Островскийн "Аянга"-ын Кабанова, Дэн И-гийн "Буурал бүсгүй"-н Хуан Му, Л.Ванган, Ч.Чимид нарын "Сэрэлт"-ийн Бумаа, Ц.Зандраагийн "Шинэ жил"-ийн Долгор, Д.Гармаагийн "Морьтой ч болоосой"-гийн Ханд, Ч.Лодойдамбын "Энэ хүүхнүүд үү"-гийн Долгор, С.Удвал Дожоодорж нарын "Хүргэн хүү"-гийн Санжид нарын сайхан дүрүүд нь ард түмний сэтгэл хоногшин үлджээ.
ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН ДАГВАДОРЖИЙН МЭНДБАЯР 1944 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1963 онд УБДС-ийг төгссөн. 1963 оноос Улсын Драмын Эрдмийн театрт жүжигчин, 1997 оноос КУДС-д багшаар ажиллаж байгаа. Ф.Шиллер "Харсанаа, хайрсэтгэл" жүжгийн Луйза, Э.Войнич "Овод" жүжгийн Джемма, К.А.Тренев" Любовь Яровая" жүжгийн Любовь Яровая, У.Шекспир Отелло" жүжгийн Дездемон, Б.Брехт "Эхийнсэтгэл" жүжгийн Груше, Э.Оюуны "Гарваа" жүжгийн Гарваа зэрэг 100 гаруй драмын жүжиг, Ш.Ёнхор "Эдлэх ёсгүй эрх" жүжгийн Бадамлянхуа, Д.Намдаг "Шинэ байшинд" жүжгийн Мядагмаа, Д.Дожоодорж "Цагаандэглий" жүжгийн Цэрмаа зэрэг телевизийн 20 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж 1981 онд Гавьяат жүжигчин 2005 онд Ардын жүжигчин цол хүртсэн.
УРТЫН ДУУЧИН НАМЖИЛЫН НОРОВБАНЗАД 1931 онд Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг Сүүдэртийн улаан овоо гэдэг газар төрсөн. Норовбанзад нь уртын дууг зөвхөн өөрийн орондоо төдийгүй Франц, Дани, Орос, Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Бангладеш, Герман, Итали, Чехословак, Унгар, Болгар, Польш, Югослав, АНУ зэрэг олон оронд айлчлан тоглож Монгол Улсаа, уртын дуугаа дэлхийд таниулсан алдар гавъяаг нь үнэлж 1961 онд Гавьяат жүжигчин, 1969 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 1999 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолоор шагнасан. Мөн 1957 онд Москва хотноо болсон Дэлхийн оюутан, залуучуудын их наадмаас алтан медаль, 1993 онд Японы Фүкүокагийн "Азийн соёлын шагнал"-ыг хүртэж Сэрүүн сайхан хангай дуу нь ЮНЕСКО-ийн Аман ба соёлын биет бус өвийн шилдэг бүтээлээр тодорч Уяхан замбуутивийн наран дуу нь монголдоо төдийгүй дэлхийд алдаршжээ.
ДУУЧИН ГОМБЫН ТҮМЭНДЭМБЭРЭЛ 1939 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн. УАДБЧ-ын гоцлол дуучин байхдаа 1964 онд Гавъяат жүжигчин 1980 онд Ардын жүжигчин цол хүртсэн. 1954-1956 онд Улаанбаатар хотод Эсгий, эсгий гутлын үйлдвэрт нормчин, 1956 оноос хойш УАДБЧ-д тасралтгүй 40 гаруй жил ажилласан уран бүтээлч. Монгол ардын болон монголын хөгжмийн зохиолчдын олон арван дууг эгшиглүүлэн амьдруулахдаа дуулах ур дүйн хэлбэрийг бий болгож, ардын дууны шилэлт сонголтыг зөв хийж, түүний намба төрх, уран нугалаас, өнгө аяс, aйзам хэмнэлийг баяжуулан хөгжүүлж, эрдэнийн шигтгээ суулгах адил уран тансаг болгож дуулсаар үзэгч, сонсогч олны хайр хүндэтгэлийг хүлээжээ. Түүний дуулсан "Хөх торгон дээл", "Хувиршгүй сэтгэл", "Бүсгүй хүний заяа", "Хүрэн хаалгатай дэлгүүр", "Торгоны хээ", "Будар будрын чулуу", "Туулын урсгал шөнөдөө сайхан", "Усны тунгалаг Тамирын гол" зэрэг олон арван дуу бүтээл нь дууны урлагийн алтан санд мөнхөрчээ. Түмэндэмбэрэл гуай мөн Ардын Их хурлын депутатаар сонгогдож байв.
АКАДЕМИЧ ЭРДЭМТЭН АЮУРЫН ДУЛМАА 1935 онд төрсөн. МУИС-ийг 1956 онд биологич мэргэжлээр төгсч, тухайн үеийн УБДС-д багшилж байгаад 1965 оноос Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд тасгийн эрхлэгч, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд секторын эрхлэгчээр ажилласаар ирсэн. Академич А.Дулмаа 1964 онд “Дархадын хотгорын нууруудын гидрогеологи” сэдвээр биологийн ухааны дэд докторын, 1974 онд “БНМАУ-ын нууруудын биологи” сэдвээр Биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан ба 1987 онд Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон. Тэрээр Монгол орны ус, нуурын амьтан, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, хөдлөл зүйн онцлогийг судлан илрүүлж, загасны тэжээлийн бааз, агнуурын нөөцийг тогтоосны зэрэгцээ, шинжлэх ухаанд мэдэгдээгүй байсан 5 зүйл амьтныг шинээр олж зарам, сибирь, жарга, омуль загас нутагшуулан үржлийн эх сүрэгтэй болгожээ. Академич А.Дулмаа 1958 онд ЗХУ-ын Байгаль нуурын загас үржүүлгийн үйлдвэрээс 14 сая орчим омуль загасны авгалдай авчирч Хөвсгөл нуурт нутагшуулснаас эхлээд загасгүй байсан 21 нуурыг загасжуулах ажлыг биечлэн хийжээ.
БАЛЕТЧИН ЮНДЭНДОРЖИЙН ОЮУН 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. 1964 онд ЗХУ-д бүжгийн сургуульд элсэн суралцаж, Дэлхийн балетын өлгий болсон Санкт-Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит балетын сургуулийг 1972 онд “Онц” дүнтэй дүүргэж эх орондоо ирээд дэлхийн сонгодог урлагийн сор болсон Хунт нуур, Дон Кихот, Шелкунчик, Үнсгэлжин, Нойрсож буй гүнж зэрэг олон бүжгэн жүжгийг амьдруулахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан. Ю.Оюун 1972-1991 онд Сонгодог Урлагийн Академик Театр, 1991-1993 онд Монгол балетын танхимд гоцлол бүжигчин 1993-2001 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит ХБДС, БЦДБЧ-д багшаар ажилласан. Төрийн болон ойн хүндэтгэлийн концертуудад 40 гаруй удаа оролцож Москва, Санкт-Петербург, Львов, Новосибирск, Будапешт, Кабул, Тбилиси, Ереван, Ханой, Улан-Үдэ, Бээжин, Хөх хотуудад айлчлан тоглосон. 1974 онд Варна, 1977, 1981 онуудад Москва, 1978, 1980 онуудад Японд болсон Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож гурван хүрэл медаль хүртэж, 1990 онд Токиод болсон А.Павловагийн дурсгалд зориулсан Гала концертонд урилгаар 1993 онд Москвагийн олон улсын тэмцээнд хүндэт зочноор уригдан оролцож 1978 онд Гавьяат жүжигчин, 1986 онд Ардын жүжигчин цол хүртсэн.
УРАН НУГАРААЧ БЭГЗСҮРЭНГИЙН НОРОВСАМБУУ 1948 онд Завхан аймгийн Санмаргац суманд төрсөн. Норовсамбуу бага насандаа сумынхаа сургуулийн 2 дугаар ангийг төгсөөд Улсын циркийн урилгаар Улаанбаатар хотод ирж 10 жилийн тавдугаар сургуульд суралцангаа циркэд Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багшид шавь орж уран нугаралт заалгаж дагалдан жүжигчнээр ажиллаж, урлагийн алдарт замаа эхэлжээ. Норовсамбуу 1959 оны шинэ жилээр циркийн манежид анх гарч, 1960 оноос мэргэжлийн жүжигчин болсон байна. 1966 онд 10 дугаар ангиа алтан медальтай төгсөөд МУИС-д англи хэлний ангид элсэн суралцаж төгссөн байна. Суралцангаа жүжигчний ажлаа хийсээр, 1960-1970 онд Монголын төдийгүй дэлхийн уран нугаралтын хамгийн шилдэг жүжигчний нэг болсон ажээ. Гурван комбинац, үндсэн 21 трюк, 10 холбоосоос бүрдсэн уран нугаралтын эквилибр каучукийн шинэ төрлийг бүтээсний гадна толгойдоо шилэн сав тогтоон өрөөсөн гар дээрээ мушгимал зогсолт хийх зэрэг сонгодог олон трюк бий болгож нугаралтынхаа үзүүлбэрийг баяжуулан уран сайхны өндөр түвшинд хүргэсэн байна. Дэлхийн 45 орны 100 шахам хотод уран бүтээлээ толилуулж, Монголын уран нугаралтын гайхамшгийг үзүүлжээ. Норовсамбуу 1980-аад оны дундуур циркийн сургуульд багшилж олон залуу уран нугарагчдыг сурган хүмүүжүүлж “Бурханы суудал”, “Чуулган”, “Бандизоо”, “Уран сэтгэмж”, “Аалз” зэрэг үзүүлбэрүүдийг бэлтгэж тоглуулсан нь дотоод, гадаадад ихэд үнэлэгдэж, олон улсын циркийн наадмуудын олон шагнал хүртжээ. Уран нугараач Норовсамбуугийн авъяас билэг, хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1966 онд Гавьяат Жүжигчин, 1971 онд Төрийн шагнал, 1980 онд Ардын Жүжигчин цол хүртээсэн.
ДИПЛОМАТЧ САНЖААСҮРЭНГИЙН ОЮУН 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1987 онд Европын нэр хүндтэй Карлын Их сургуулийг дүүргэж 1996 онд Английн Кембрижийн Их сургуульд байгалийн ухаанаар доктор хамгаалж Монгол-Чехийн хамтарсан үйлдвэрт геологич, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрт төслийн мэргэжилтэн, Рио-Тинтод амжилттай ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж их улс төрд хөл тавьж их хурлын гишүүнээр дөрвөн удаа монгол төрийн сайдаар хоёр удаа ажилласан. Санжаасүрэнгийн Оюуны дэлхийн байгаль орчин тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж уржнан жил Ази тивийн шилдэг манлайлагчаар тодруулж шагналыг нь АНУ-ын Нью-Йорк хотноо гардуулсан бөгөөд өмнөх шагналыг нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн хүртэж байсан. 2014 онд Кенийн Найробид хуралдсан НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганаар Санжаасүрэнгийн Оюун тус байгууллагын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж даян дэлхийн агаарын бохирдол далайн хог хаягдал амьтны хууль бус наймаа зэрэг 16 зорилт шийдвэрийн хэрэгжилтийг С.Оюун дэлхийн түвшинд амжилттай удирдан зохион байгуулсан.
2016-2018 онд Санжаасүрэнгийн Оюун дэлхийн 180 гаруй орны 3000 гаруй усны байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн усны менежментыг сайжруулах үндсэн зорилготой Дэлхийн Усны Түншлэл байгууллагын Ерөнхийлөгчөөр 2018 оноос НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Конвенцийг хэрэгжүүлэх санхүүжүүлэх зорилготой дэлхийн Ногоон уур амьсгалын Сангийн гадаад харилцаа эрхэлсэн захирлаар томилогдон ажиллаж байгаа нь монгол эмэгтэйчүүдээс өнөөдөр олон улсын түвшинд эрхэлж байгаа хамгийн өндөр дипломат албан тушаал юм.
ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ
Сэтгэгдэл (0)