Цар тахлын улмаас 131 сая хүн ядууралд орсон ч тэрбумтнуудын хөрөнгө 27.5 хувиар өссөн байна

Нью Йорк хотын хувцас угаалгын газрын гадаах самбар дээр “Бид бохир мөнгө биш бохир хувцас угаадаг” гэсэн хөнгөн хуумгай уриа өлгөсөн байсан. Мөн Пулитцерийн шагнал хүртсэн зохиолч Жейк Бернштейний ‘Нууцлалын ертөнц’ номоос сэдэвлэн бүтээсэн “Угаалгын газар” нэртэй кино нь мөнгө угааж буй ертөнцийг илчилсэн юм.

Энэ бол дэлхийн санхүүгийн системийн нууцлаг бараан тал юм. Олон сая долларын хууль бус ашиг олж, оффшор бүсэд аюулгүй байршуулсан нь дэлхийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг хэмээн НҮБ-ын Олон улсын санхүүгийн хариуцлага, ил тод байдал ба шударга байдлын дээд түвшний зөвлөл (ОУСХИТБШБЗ) -ийн 2030 хөтөлбөрт дурдсан.

Мөнгө угаах, авлига, татварын хууль бус үйлдэл болон банкир, нягтлан бодогч, хуульчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох нь бүх нийтийн сайн сайхны төлөө дэлхийн эдийн засгийг өөрчлөх алхам болж байгааг ОУСХИТБШБЗ-ийг хамтран даргалагч, Нигер улсын Ерөнхий сайд асан Ибрахим Маяки тэмдэглэв.

Дэлхийн удирдагчид, Төв банкны ерөнхийлөгчид, бизнесийн болон иргэний нийгмийн тэргүүнүүд, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн уг комиссын мэдэгдсэнээр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 2.7 хувьтай тэнцэх хөрөнгийг жил бүр угаадаг бол татваргүй улс оронд үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг корпорацууд нь засгийн газруудад жил тутам 600 тэрбум доллар хүртэлх хохирол учруулдаг хэмээн дээрх зөвлөлийн илтгэлд дурджээ.

Ковид-19 цар тахлын улмаас 131 сая хүн ядууралд орсон боловч тэрбумтнуудын хөрөнгө 27.5 хувиар өссөн ба дэлхийн баялгийн аравны нэг нь оффшор дахь санхүүгийн хөрөнгө хэлбэрээр байршиж байгаа тул засгийн газрууд татвараа шударгаар бүрдүүлэх боломж хумигдаж байна гэж уг илтгэлд тусгасан.

Жишээлбэл, Татвараас зайлсхийхээс үүдсэн жилийн алдагдлыг нөхсөнөөр Бангладеш улс нийгмийн хамгааллын сүлжээг 9 сая гаруй ахмад настанд хүргэх боломжийг олгож, Чад улс 38000 анги танхимыг байгуулж,  Герман улс 8000 салхин цахилгаан үүсгүүр барьж байгуулах болно.

Дэлхийн Хөгжлийн Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэнгийн захирал, профессор Кунал Сений хэлснээр: "Цар тахлын улмаас үүсч буй эдийн засгийн хямралын улмаас хөгжиж буй орнуудад татварын орлого огцом буурч байгаа үед хууль бус санхүүгийн урсгалын улмаас улс орнуудын төсөв санхүүд үүссэн их хэмжээний алдагдлыг шийдэх арга замыг эрэлхийлэх шаардлага гарч байна. Энэ асуудал нь улс орнууд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг төрийн чухал үйлчилгээг үзүүлэхэд ч хамаарна.

"Дэлхийн аж үйлдвэржсэн Их 7-ын улсуудаар удирдуулсан татвараас зайлсхийх, мөнгө угаах явдлыг хязгаарласан татварын бодлогын дэлхийн зохицуулалт нь цаг үеийн шаардлага юм" гэж тэр тэмдэглэв.

НҮБ-ын дээд түвшний зөвлөлийн шинэ илтгэлийг таатай хүлээн авч байгаа боловч энэ нь биднийг хааш нь аваачих вэ гэж бодох шалтгаан болно гэж Дэлхийн бодлогын форумын гүйцэтгэх захирал асан Жеймс А.Паул хэлсэн.

"Уг илтгэл нь авлигад идэгдсэн дэлхийн санхүүгийн тогтолцооны тухай аймшигтай дүн шинжилгээг харуулж, санхүүжүүлэгчдийн зүгээс сайн сайхан байдал, шударга ёс, хууль ёсны байдлыг хэрхэн доройтуулж байгааг дүгнэсэн."

Түүний үзэж байгаагаар тогтолцооны бүтэц, дүрэм журмууд нь тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэхэд саад болж байгааг уг тайлан нотолжээ.

"Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд дэлхийн санхүүгийн системд шүүмжлэлтэй хандаж байсан хүмүүс үүнтэй санал зөрөлдөхгүй ч шинэлэг зүйлийг олж мэдэх болно" гэж "Үнэг ба тахиа" - НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Олигархи ба Глобал хүч номны зохиолч Паул хэлсэн.

“Тиймээс дэлхийн хамгийн баян гэр бүл, улс үндэстнүүд энэ тогтолцооны үндсэн ашиг хүртэгчид байсан ба тэд улс төрийн нөлөө ихтэй бөгөөд мөн ямар нэгэн зүйлийг өөрчлөх хүсэлгүй байгаа нь удаан хугацааны туршид тодорхой байсаар ирсэн” хэмээн тэрбээр онцолсон.

Ялангуяа дэлхийн авлигын мафийн удирдагчид нь санхүүгийн байгууллагууд, олигархиараа дэлхийн хамгийн хүчирхэг улс болох АНУ, Их Британийн иргэд юм гэж тэр нэмж хэлэв.

"Тэд дэлхийн санхүүгийн системийг удаан хугацаанд удирдаж ирсэн бөгөөд энэхүү дээд түвшний зөвлөлийн дэвшүүлж буй "шударга ёс", "ил тод байдал", бусад сайн сайхан бүхний төлөө чиглэсэн шинэчлэлийн эсрэг зогсож байна” гэж Паул хэлэв.

Хэдийгээр НҮБ-ын Ерөнхий ассемблей болон Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Ерөнхийлөгчид энэхүү зөвлөлийг байгуулж, дэлхийн олигархиуд сүйрлийн хэмжээнд авлигад хэрхэн автаж байгааг дахин сануулсанд баяр хүргэе гэж тэр хэлсэн.

Дээрх илтгэлийн зохиогчид үүнээс цааш судлах боломжгүй ба энэ нь ч гайхах зүйл биш юм.

“Бидэнд санхүүгийн олигархи тогтолцооноос чөлөөлөгдөж, эцэст нь хүмүүсийн өөрсдийн хэрэгцээ, хүсэл эрмэлзлээр удирдуулсан дэлхийн ардчилсан дэг журмыг баримтлах төлөвлөгөө илүү хэрэгтэй байна”

Гана улсын иргэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан нэгэнтээ хэлсэнчлэн “Африкийн зарим удирдагчид олон тэрбум долларын төсвийн хөрөнгийг үрэн таран хийсээр байна. Гэтэл зам нурж, эрүүл мэндийн систем доголдож, сургуулийн хүүхдүүд ном сурах бичиг, ширээ сандал, багшгүй байсаар байгаа ба утаснууд ч ажиллахгүй байна.”

Үндэсний татварын суурийг өөрчлөх, төсвийн зарлагын чухал төслүүдийн мөнгийг шилжүүлэх, татварын хууль бус ашиглалт, авлига, мөнгө угаах нь дэлхийн аюулгүй байдал, шударга ёсонд хор хөнөөл болж, эрүүгийн гэмт хэрэгтнүүд болон олон улсын террористуудын үйл ажиллагаанд дэм болж, харилцан хамааралтай өнөөгийн дэлхийн эдийн засагт аюул учруулах болно гэж Вашингтон хотын Стимсон төвийн Дэлхийн засаглал, шударга ёс, аюулгүй байдлын хөтөлбөрийн ахлах ажилтан, захирал, доктор Ричард Понзио хэлсэн.

Санхүүгийн шударга байдлыг тогтвортой хөгжүүлэх тухайд санал болгож буй дэлхийн хэмжээний хэлэлцээр нь Санхүүгийн үйл ажиллагааны ажлын хэсгийг (1989 онд Их 7-ын улс байгуулсан ба дараа нь хэдэн арван улс нэгдэн орсон) өөрчлөн өргөжүүлж, дэлхийн мөнгө угаахтай тэмцэх ажилтай уялдуулах ёстой гэж тэр үзсэн.

Эх сурвалж: www.eurasiareview.com

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)