Хамгийн сүүлчийн бүтэлгүйтэл

ВЬЕТНАМЫГ ДАЙЛАХ ГЭСЭН ГУРВАН ОРОЛДЛОГО 

1967 онд Хойд Вьетнамын Ерөнхийлөгч Хо Ши Мин тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч асан Линдон Жонсонд бичсэн захидалдаа “...Чи өөрийгөө Чингис хаантай адилтгаад байна уу? Түүний хажууд чи өчүүхэн амьтан. Гэтэл монголчууд Вьетнамд гурван удаа халдаад бүгдэд нь ялагдал хүлээсэн юм даа!”. Түүхэн утгаараа Хо Ши Миний үг үнэн байсан юм.

1250 он гэхэд монголчууд Евразийн ихэнх хэсгийг эрхшээлдээ оруулсан байлаа. Дорнод Европ, Умард Хятад, Манжуур, Төв Ази, Перс, Кавказ, Бага Ази тэр чигээрээ тэдний мэдэлд орсон аж. Чөлөөтэй үлдсэн Өмнөд Азийг эрхшээхээр Мөнх хаан шийдээд 1256 онд тийш Хубилайг өнөөгийн Юнань муж руу илгээв. Хубилай тэнд тулалдаж байгаа алдарт жанжин Сүбээдэйн хөвүүн Урианхайдайг* (Uryankhadai) Дай Вьет улс руу хэлэлцээр хийгэхээр явуулжээ. Санаа нь монгол цэрэг вьетнамын нутгаас умар тийш Өмнөд Сүн руу довтлох зөвшөөрөл авах гэсэн хэрэг. Гэтэл вьетнамчууд татгалзсан төдийгүй элч нарыг нь шоронд хорьчих нь тэр. Уур нь хүрсэн Урианхайдай өөрийн хүү Ажу-г* (Achu) 13 мянган цэрэг ахлуулан Дай Вьет улсыг эзлүүлэхээр мордуулав.[i]

Дай Вьетийн нийслэл Тан Лон*-г амархан эзэлж буулгаж авсан. Хаан Чань Тай Тон* (Trần Thái Tông) Монголд татвар төлж байхыг зөвшөөрснөөр[ii] Урианхайдай цэргээ татав. Ер нь гол шалтгаан нь монголчууд халуун уур амьсгалд тэсвэргүй, тэгээд ч хумхаа зэрэг өвчинд нэрвэгджээ. 

Вьетнам тэр чигээрээ Хубилайн эзэнт гүрний вассал болсон тул хоёр гүрэн 1280 хүртэл тайван харилцаатай байлаа. Монголчууд Өмнөд Сүн улстай байлдаад завгүй. Тэр үед Хойд Вьетнам нь Дай Вьет, Өмнөд Вьетнам нь Чампа нэртэй тусгаар улсууд байв. 

Үнэндээ өдий хүртэл Хубилай тун завгүй байсан юм. Хүнань дахь хангамжийн баазад бөөн асуудал асуудал гарч байтал , алс тэртээ умардад Өгөөдэйн удмын Хайду 1269 онд Их хуралдай зарлан өөрийгөө Их хаанаар зараллаа. Ингэж Юанийн эсрэг Хайдугийн довтолгоон эхэлжээ. 1285 онд Төвдийн Бригун урсгалынхан бослого дэгдээж, Пагвагийн урсгалын хийдүүдийг довтолсон. МөнЦагадайн улсынДува хаан Таримын сав газарт Хубилайн нэгтгэлүүдийг ялаад, Хар-хошууг бүслэв. Бишбаликтбайсан цэргийн хүчийг нь Хайду устгаад, дараа жил нь хотыг эзэлжээ. Ихэнх уйгурууд Кашгарыг орхин, Юанийн алс зүүн хэсэг дэх аюулгүй газар руу нүүж одов. 

Яг ингэж энд тэндгүй самуун үүсч байтал 1266 онд вьетнамчууд Хубилайн эрхшээлээс гарч цаашид татвар өгч байхгүйгээ мэдэгдлээ. Хубилай их цэргээ Дай Вьетийн хил орчимд татан бөөгнөрүүлж байхад тэд хэдийнээ Чань Нянь Тон хэмээх шинэ хаантай болсон байлаа. Дай Вьетийн хааныг Хубилай өөрийн талын хүнээр солих гэж оролдсон ч бүтсэнгүй. Ингээд 1282 онд Сүгэдэй* (Sogetu) жанжнаар толгойлуулсан усан флот Чампа улсын эсрэг хөдөллөө. Японтой байлдахдаа ихээхэн хохирол хүлээсэн Хубилайн усан флот энэ удаа Чампагийн эсрэг ердөө 100 усан онгоц, таван мянган цэрэг мордуулжээ.[iii] Учир Дай Вьет улсыг өөрийн вассал гэж итгэсээр байсан тул өмнө талд нь байдаг Чампа руу далайгаар довтлохоор шийдсэн хэрэг. Сүгэдэй эхэндээ Чампагийн нийслэлийг эзэлж V Индраварман* (Indravaman V) хааныг нь зугтаалгасан боловч удалгүй вьетнамчууд партизаны дайн өрнүүлэн монголчуудыг цохиж чадав. Сүгэдэйн цэрэг хойш дутаан Дай Вьет улсын нутаг руу орж ирэхэд харин өнөөдүүл нь урдаас нь тулалдаж гарах нь тэр. Хубилай Сүгэдэйг огцруулан өөрийн хүү Тогооныг* (Toghon) цэрэг удирдуулахаар томилов. Сүгэдэй нэгэн тулалдаан алагдсан бол Тогоон вьетнам харваачдад оногдохоос зугтан хүрэл хоолойд нуугдан амиа хоохойлсон[iv] нь ялагдашгүй гэгдэх монголчуудын нэр хүндийг унагав.

1287 онд Хубилай Вьетнамыг эзлэхээр гурав дахиа оролдов. 70 мянган монгол, хятад цэрэг, 21 мянган холбоотон овгийн цэрэг, 500 усан онгоц гэсэн их хүчээр довтоллоо. Байлдаанд хамрагдсан Юанийн нийт цэргийн хүн хүч 170 мянга хүрчээ.[v]Тогооны удирдсан монголчууд баруун хойноос хүрч очиход, Хубилайн дэргэдэх кипчак жанжин Омарын явган болон морин цэргүүдтэй нийлэн, тулалдаанд хялбар ялав. Тэнгисийн флот ялалт байгуулсан ч хүнсээ ачсан ачааны том онгоцоо орхисон байсныг нь хуниайж Чан Хин Дау* (Trần Hưng Đạo) олзолжээ. Ингээд монголчууд хүнсний хомсдолд нэрвэгдэв. Хангамжийн талаар шинэ мэдээ ирэхгүй байсан тул Тогоон армиа ухраахаас өөр аргагүй боллоо. Тэр үед Дай Вьетийн арми урагш давшин, монголчуудад эзлэгдсэн байсан олон сууринг чөлөөлжээ. Тогоон армиа хоёр хувааж, ухарсан байна. Дөрөвдүгээр сарын эхээр Омараар удирдуулсан тэнгисийн цэргийн хүчин явган цэргээр дэмжүүлэн Баж Дан голд хүрч очив. Гүүр, зам устгагдаж, Дай Вьетийн цэргүүд довтолж байсны улмаас Баж Данд явган цэргийн дэмжлэггүй болжээ. Дай Вьетийн жижиг флот уг тулалдаанд оролцож, ухарч байгаа дүр үзүүлсэн байна. Монголчууд Дай Вьетийн цэргүүдийг нэхэн хөөгөөд тэдний бэлдсэн талбарт очжээ. Тэнд хүлээж байсан мянга мянган жижиг завь хоёр эргээс гарч ирэн, дайсны эгнээг задалсан. Гэнэтийн хүчтэй дайралттай тулгарсан монголчууд далай руу ухрахыг оролдсон ч Дай Вьетчүүдийн татсан уяанд тээглэн хөлөг онгоцнууд нь гацаж, олонх нь эвдэрч сүйдэн живжээ. Тэр үед нь олон тооны галт сал урсан ирж мөргөж байв. Айсан монгол цэргүүд онгоцноосоо үсэрч буун, эрэг рүү гарсан бөгөөд тэнд тэднийг хунтайж Чан Хин Дау-гийн удирдсан арми хүлээж байлаа. Ингээд Монголын тэнгисийн флот бүрмөсөн сүйрч, Омар олзлогджээ. Тэр үед Дай Вьетийн арми Лан Соны дагуу Тогооны армийг үлдэн хөөжээ. Тогоон ширэнгэн ой дундуур дутаан нутаг буцсан аж.[vi]

Монголчуудын Вьетнам дахь ялагдал нь тэдний XIII зуунд хийсэн бүх дайнаас хамгийн бүтэлгүй нь болсон юм. Энэ ялагдал нь монголчуудын өмнөд Ази руу хийсэн олон жилийн довтолгоог нэг мөсөн зогсоосон. Тогооны удаа дараагийн бүтэлгүйтэлд Хубилай ихэд хилэгнэж түүнийн Янжоу муж руу цөлжээ.[vii] Хаан ширээгээ Чингимийн хүү Төмөрт үлдээсэн.

Монголчууд вьетнамчуудтай 1288 онд найрамдан олзлогдсон цэргүүдээ солилцсон байдаг.[viii]Дай Вьет болон Чампагийн хаант улсууд цаашид зөрчилдөөн үүсэхээс сэргийлж, Хубилайн захиргааг хүлээн зөвшөөрсөн билээ. Хэдийгээр тэд Их хаанд татвар өгч байхаар тохирсон боловч амьдрал дээр ганц ч удаа Хубилайн ордоор үзэгдээгүй.

Монголчуудыг гурван удаа ялсан, ялангуяа Баж Дангийн тулалдаан нь өнөөгийн Вьетнамын түүх судлалын маш том бахархал юм. ХХ зуунд хэд хэдэн удаа гадны түрэмгийллийн эсрэг байлдсан олон тулалдаанд Баж Дан голын ялалт ард түмнээ зоригжуулах түүхэн уриа болж байлаа.[ix] Хунтайж Чан Хин Дауг Вьетнамын түүхэн дахь хамгийн аугаа баатар гэж үздэг.[x]

Ийнхүү Евразид бараг зуун жил үргэлжилсэн монголчуудын эзлэн түрэмгийлэл энэ хүрээд цэглэгдсэн юм. Үүнээс хойш гадагш дайн хийгээгүй, харин тэдний эзэлсэн газар хэдэн арав хуваагдаж гол төлөв хориглох тулалдаануудад орсон билээ.

* Урианхадай (1201-1272) Монгол цэргийн жанжин, Сүбээдэй баатарын хүү.

* Ажу (1227-1287) Монгол цэргийн жанжин, Сүбээдэй баатарын ач, Урианхайдай жанжны хөвүүн.

* Тан Лон – Одоогийн Ханой хот.

* Чань Тай Тон (1218 –1277) Дай Вьет улсын хаан (1226-1258)

* Сүгэдэй (?-1282) Хубилайн цэргийн жанжин, Гуаньжугийн захирагч.

* Индраварман V (1257-1288) Чампагийн хаадын хаан (1266-1288)

* Тогоон (?-1301) Юанийн цэргийн жанжин, Хубилай хааны 9-р хөвүүн.

* Чан Хин Дау (1226-1300) Дай Вьет улсын цэргийн жанжин, 1288 онд монголчуудын гурав дахь довтолгооныг зогсоон ялалт байгуулсан.

[i] Atwood, Christopher Encyclopedia of Mongolia and the Mongol Empire. (New York: 2004).

[ii] Grousset, René. The Empire of the Steppes: A History of Central Asia. (Rutgers State University of New Jersey 1970) p-290

[iii] Delgado, James P. Khubilai Khan's Lost Fleet: In Search of a Legendary Armada. (Vancouver: Douglas & McIntyre. 2008). p-158

[iv] Delgado, James P. Khubilai Khan's Lost Fleet: In Search of a Legendary Armada. (Vancouver: Douglas & McIntyre. 2008). p-160

[v] Anderson, James A.; Whitmore, John K. China's Encounters on the South and Southwest: Reforging the Fiery Frontier Over Two Millennia, (United States: Brills), p-106–134

[vi] Stone, Zofia Genghis Khan A Biography (Alpha edition 2017)

[vii] Baldanza, Kathlene Ming China and Vietnam: Negotiating Borders in Early Modern Asia. (Cambridge University Press. 2016) p-24

[viii] Taylor, Keith W. A History of the Vietnamese. (Cambridge University Press 2013) р-132

[ix] Baldanza, Kathlene Ming China and Vietnam: Negotiating Borders in Early Modern Asia. (Cambridge University Press. 2016) p-19

[x] Man, John Kublai Khan: The Mongol King who remade China (Transword Digital; UK ed. 2012) p-35

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)