Түүхэн их бүтээн байгуулалт өрнүүлсэн он жил

Монголчууд улс төрийн ууган хүчин МАН-д найман жил дараалан төрийн эрх барих эрхийг өгсөн нь түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал гэж болно. Тодруулбал, МАН 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 65, 2020 оныхоор 62 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулан Засгийн газрыг дангаараа байгуулах эрхтэй болсон. Ингэснээр их бүтээн байгуулалтыг өрнүүлсэн он жилүүд үргэлжилж байна. Сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгон хэрэгжүүлдэг. Тиймээс Засгийн газар, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан нам, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналд үндэслэн 2016-2020, 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлж, зорилго, зорилтуудаа дэвшүүлэн ажиллаж байна. Засгийн газраас өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн, 2024 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт нийгэм, эдийн засагт өөрчлөлт шинэчлэлт, иргэд, аж ахуйн нэгжид ахиц дэвшил авч ирэх олон зорилго, зорилтыг тусгаж хэрэгжүүлж буй. Түүний нэг нь өмнө нь хэрэгжүүлж байгаагүй их бүтээн байгуулалтыг бодлогын түвшинд өрнүүлж буй явдал юм. Боловсролын салбарын тухайд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлж рүү шилжүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт.

Тухайлбал, өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 122 сургууль, 112 цэцэрлэгийг шинээр барьж, эхнээс нь ашиглалтад оруулж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд 2016-2019 онд шинээр 33 сургууль, 77 цэцэрлэгийг барьж бүрэн ашиглалтад оруулсан бол өнгөрсөн онд 60 цэцэрлэг, 35 сургууль барьж ашиглалтад оруулахаар ажлаа эхлүүлсэн. Энэ мэтээр сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр барихаас гадна өргөтгөснөөр ачаалал буурч, сургууль хоёр ээлжид бүрэн шилжиж, цэцэрлэгт хамрагдалт 80 гаруй хувьд хүрсэн. Мөн нийт 25 хороо сургууль, цэцэрлэгтэй болж боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлсэн.

Засгийн газар, УИХ бүх салбарт ялангуяа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт эрс өөрчлөлт шинэчлэлт хийх зорилт дэвшүүлэн дээрх байдлаар их бүтээн байгуулалтыг өрнүүлж байгаа билээ. Тухайлбал, Үндэсний номын сан, Монгол Улсын Дуурь бүжгийн болон Улсын драмын эрдэмийн театр, Үндэсний оношилгоо, эмчилгээний төв, нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг, “Дархан” спорт цогцолбор, Замын үүдийн боомт, “Манзушри” цогцолбор, Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал, Хэнтий аймгийн Аялал жуулчлалын цогцолбор, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр, Төмөр зам, “Ногоон нуур” 1000 айлын орон сууцны хороолол, Төв цэвэрлэх байгууламж, сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр, “Солонго-1” орон сууцны хороолол, “Чингис хаан” музей, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг олон бүтээн байгуулалтыг нэрлэж болно. Эдгээр бүтээн байгуулалтын заримыг нь аль хэдийнэ ашиглалтад оруулсан бол заримыг нь товлосон хугацаанд нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа билээ. Зарим бүтээн байгуулалтыг онцлон танилцуулъя.

 

30 ГАРУЙ ЖИЛИЙН ДАРАА ЭХ, ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛОВ

Иргэдийн эрүүл, аюулгүй амьдралыг цогцлоохын тулд нэн түрүүнд шийдэх ёстой хамгийн чухал зүйл бол эрүүл мэндийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх явдал. Тиймээс 30 гаруй жилийн дараа 39 тэрбумын хөрөнгө оруулалтаар хоёр дахь том эмнэлгээ ашиглалтад оруулсан нь эрүүл мэндийн салбар болон нийслэл хотод хийсэн томоохон бүтээн байгуулалтын нэг байв. Арав гаруй жил зогсонги байдалтай байсан 300 ортой, Эх, хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг 2018 онд эхлүүлж, хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулсан нь яах аргагүй онцлох бүтээн байгуулалтын нэг. Олон жил царцсан барилгыг ийн ашиглалтад оруулснаар жилд 10-12 гаруй мянган эхийг амаржуулж, 5-6 мянган хүүхдийг хэвтүүлэн эмчлэх, 120 гаруй мянган хүүхэд, эх, эмэгтэйчүүдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдсэн юм. Мөн Улсын Хоёрдугаар төв эмнэлгийг түшиглэн өдөрт 1100-1200 иргэнд үйлчлэх хүчин чадалтай Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг барьж, ашиглалтад оруулснаар эрүүл мэндийн салбарынхан төдийгүй нийт монголчуудын нэг хүсэл мөрөөдөл биелэсэн юм. Тус төвийг ашиглалтад оруулснаар эрүүл мэндийн системийг шинэ шатанд хүргэх, хорт хавдрыг эрт шатанд оношлох, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах, гадаадад эмчилгээ хийлгэхээр явж байгаа иргэдийн урсгалыг багасгах ач холбогдолтой.

 

20 ЖИЛ ШИЙДЭЖ ЧАДААГҮЙ АСУУДЛЫГ ХОЁР ЖИЛД ШИЙДСЭН НЬ

 

МАН засгийн эрхийг барьж буй хугацаанд улсын хэмжээнд ялангуяа нийслэлчүүдийн хувьд ихээхэн өөрчлөлт шинэчлэлт авч ирэх зоримог олон шийдвэрийг гарган хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч буй. Түүний нэг нь түүхий нүүрсийг халж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн шийдэл юм. Анх ийм шийдвэр гаргахад олон хүн эсэргүүцэж байсан боловч Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулж, нийслэлчүүдийг утаагүй түлшээр хангаж, Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулж чадсан. Тэгвэл өнгөрсөн жил сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулсан нь мөн л онцлох бүтээн байгуулалт. “Тавантолгой түлш” ХХК жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг зүүн бүсэд зургаан сарын дотор барьж, ашиглалтад оруулсан билээ. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах боломж бүрдэж буй.

 

Нийслэлчүүдийн толгойн өвчин болсон утааг шийдэхийн тулд өнгөрсөн 20 жилд 700 тэрбум төгрөгийг зарцуулсан ч бодит үр дүнд хүрээгүй. Харин үүнийг МАН дангаараа төр засгийг удирдаж буй үедээ хоёр, гуравхан жилийн дотор шийдэж чадсан нь түүхэнд тэмдэглэхүйц томоохон үйл явдал юм.

 

Дараагийн онцлох бүтээн байгуулалт бол “ДЦС-IV”-ийг өргөтгөж төвийн бүсийн эрчим хүчний системд холбосон явдал. Тус цахилгаан станцыг 89 мВт-аар өргөтгөсөн нь арван аймгийн төвийг эрчим хүчээр, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадал аж. Энэхүү бүтээн байгуулалтыг өрнүүлснээр манай улс ОХУ-аас авдаг эрчим хүчний импортыг хоёр дахин бууруулж, хэрэглээнийхээ 98 хувийг дотоодоос хангах боломжтой болсон бөгөөд цаашид ойрын гурван жилд Тавантолгой, Чойбалсан, Амгалангийн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барьж, өргөтгөхөөр зорилт дэвшүүлээд байгаа билээ.

 

ХААД, ЯЗГУУРТНЫ ТҮҮХИЙГ БАГТААСАН МУЗЕЙТЭЙ БОЛНО

 

Дээр дурдсан бүтээн байгуулалт аль хэдийнэ жил хэрэг болж, олон хүний сэтгэлд нийцэн зорилгоо бүрэн дүүрэн биелүүлж байна. Харин ирэх жилүүдэд ашиглалтад оруулахаар төлөвлөж, эхлүүлсэн олон бүтээн байгуулалт бий. Тэдгээрийн нэг буюу олон нийтэд хүлээлт үүсгэсэн томоохон бүтээн байгуулалт бол “Чингис хаан” музей.

Монгол хүн эх орон, үндэс угсаагаараа бахархах үндэсний үзэлийг сэргээн бадраах, монголчууд бидний өвөг дээдэс хүн төрөлхтний түүхэнд бүтээсэн гайхамшиг, их цадиг, түүхийн үнэнийг дэлхий дахинаа сурталчлан таниулах, олон улсын музейн хөгжлийн чиг хандлага, цаг үетэйгээ нийцсэн, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон тав тухтай өнгөрөөх орон зай бүхий орчин үеийн музейг байгуулахаар ажиллаж буй.

 

Музейн барилга 20500 ам.метр талбайтай, нийт есөн давхар, судалгаа, сургалт, танин мэдэхүй соён гэгээрлийн цогцолбор байх юм. Тус музейд Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн хүн төрөлхтний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол Улсаас ХХ зууны шинэ Монгол Улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах аж.

 

Дараа дараагийн онцлох, олон нийтэд хүлээлт үүсгэсэн бүтээн байгуулалт бол Дорноговь, Өмнөговь аймагт өрнүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт. Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг саяхан эхлүүлсэн. Эдгээр бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулснаар говийн бүсэд олон тооны шууд болон шууд бус ажлын байр бий болохоос гадна ард иргэдийн амьдрал, орон нутаг, улсын хөгжилд тодорхой үр өгөөжөө өгөх юм. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км, Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулснаар жилдээ 30 сая тонн нүүрс тээвэрлэх бөгөөд энэ нь автомашинаар тээвэрлэснээс дөрөв дахин бага зардал гарах юм.

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)