ОХУ-ын цэргийн хүч нэмэгджээ
- 2021-03-09
- Дэлхий
- 0
Германы Батлан хамгаалах яамны тайланд ОХУ, БНХАУ-ын цэргийн чадавх өргөжиж байгааг “Welt am Sonntag” сонины ням гаргийн дугаарт онцоллоо. Цэргийн мэргэжилтнүүд ОХУ-ыг өндөр нарийвчлалтай алсын тусгалтай хэт авианы пуужин, цөмийн чадавхаа шинэчилсэн тухай дурджээ. Германы Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Москва ойролцоогоор 6375 цөмийн цэнэгт хошуутай юм. Мөн Орос улс 840 мянган цэргийн бэлтгэгдсэн алба хаагчтай.
Оросын уламжлалт зэвсэгт хүчин богино хугацаанд тодорхой газар нутагт давуу эрх олж авах чадвартай байдаг.
Европын мэргэжилтнүүдийн тооцоолсноор Оросын арми урт хугацааны тэнгисийн цэргийн ажиллагаа явуулах боломж, дрон онгоцны нөөцөөр хомс бололтой. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас бэлтгэсэн зэвсэгт хүчний 2012-2020 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайланд 2012 оноос хойш 900 гаруй нисэх онгоц хүлээн авсныг тэмдэглэжээ.
Германы илтгэлд ОХУ НАТО-гийн хүчийг сулруулах зорилгоо хэрэгжүүлж байна гэсэн байр суурийг дахин илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Берлиний шинжээчид “БНХАУ зэвсгийн борлуулалт, цэргийн хамтын ажиллагаагаар ОХУ-ыг гүйцэж түрүүлсэн” гэж үзлээ. БНХАУ-ын арми хоёр сая бэлтгэл хүчинтэй, 6850 танк, 1600 сөнөөгч онгоц, дэлхийн хамгийн том пуужингийн потенциалтай юм.
Нэмж дурдахад, Бээжин цөмийн зэвсгээ системтэйгээр өргөжүүлж байгаа бөгөөд олон төрлийн довтолгооны нисэх онгоцтой болохыг Германы шинжээчид онцоллоо. Мөн БНХАУ сансрын судалгаагаа эрчимжүүлсэн. Гэхдээ цэргийн алба хаагчдын мэргэжлийн бэлтгэл хангалтгүй, флот болон нисэх хүчний хоорондын уялдаа холбоо муу байгаа нь Хятадын армийн сул тал юм.
ОХУ, БНХАУ-ын улам бүр нэмэгдэж буй цэргийн хүч, чадавхыг барууны орнууд удаа дараа шүүмжилсэн. Харин Москва эсрэгээрээ Оросын хилийн ойролцоо НАТО-гийн цэргийн ажиллагаа тасралтгүй нэмэгдэж байгааг анхааруулдаг юм.
Сэтгэгдэл (0)