Монгол ардын намд 76 жил болов
- 2021-03-10
- Нийтлэл
- 0
Төрт ёсны мянгаар хэмжигдэх баялаг түүхтэй баатарлаг уламжлалтай, монгол түмнийг удирдан жолоодож, дэлхийд данстай тусгаар тогтносон бүрэн эрхт улс болгосон нь 20-р зууны манлай 100 жилийн түүхтэй монгол ардын намын түүхтэй гавьяа юм.
Миний бие 1940 онд Завхан аймагтаа монгол бичгийн багшаар томилогдон багш, захирал, гэгээрлийн хэлтсийн байцаагчаар 17 жил ажилласан хугацаандаа нам олон нийтийн ажилд биечлэн оролцож, олон түмнийг соён гэгээрүүлэх, бичиг үсэгт сургах ажлыг зохион байгуулан, суртал нэвтрүүлэгч, аймгийн эмнэлгийн хорооны лектор идэвхтэн, бичигч 2-р дайны ард талд ажиллах үүрэг авч ардын намд элсэн намын ахлах ухуулагч болж, аймгийн “Туяа”сонин, намын “Үнэн” сонины орон тооны сурвалжлагчаар ажиллаж, 24 сумдад морин өртөөгөөр явж, 2-р дайны тухай таван жилийн төлөвлөгөө биелүүлэх, зөвлөлтийн улаан армид агт морь, бэлэг хуримтлуулах илгээх ажлыг зохион байгуулж, өдөр шөнө хээр гадаа ялгалгүй өвсөн цай ууж хивэгтэй гурилаар хоол хийж цаг хязгааргүй ажиллаж байлаа. 1945онд Монгол улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний гарын үсэг зуруулах ажлаар Жавхлант сум, 1949 онд И.В.Сталиний 70 насны ойд бүх нийтийн гарын үсэг зуруулах ажлаар Хөх мөрт сум, 1951 онд Улсын их хурлын анхдугаар сонгуулиар депутатаар нэр нь дэвшигдсэн Дондогийн Цэвэгмэдийн итгэмжлэгдсэн ухуулагчаар тус тус ажиллаж байв. Энэ бол Монгол ардын намтай амьдралаа холбосны тод баримт юм.
Завхан аймгийн намын байгууллагаас намайг Намын дээд сургууль, Улсын их сургуулийн аль нэгэнд суралцуулахаар хэлэлцэж улмаар их сургуульд суралцуулахаар шийдвэрлэсэн байна. Миний бие их сургуулийг манж хэлний орчуулагч мэргэжлээр төгсгөж улмаар ШУ-ны академид эрдэм шинжилгээний туслах ажилтан, орчуулагч, судлагчаар ажилласан бөгөөд академич Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Ш.Нацагдорж, Ня. Ишжамц, Г.Сүхбаатар, И.Далай, Т.Маам, Х.Нямбуу зэрэг 15 эрдэмтдийн захиалгаар манж материал 100-аад хэвлэлийн хуудсыг орчуулж манж гүрний түүхийг анх удаа зохион бичсэн ба “Манжийн дарангуйллын үеийн Монгол” (1616-1911он) эмхэтгэл 35000 үгтэй Манж-Монгол үгийн толь, “Тулгар төрийн түүх”,“Мүгдэнгийн магтаал” 120 хөгжмийн үг зэрэг хэд хэдэн судар, шастирыг орчуулсан болно. Улмаар 1964 онд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамд шилжүүлэн ажиллуулсан бөгөөд шинжлэх ухааны академи, түүний салбар байгууллагуудыг хариуцсан ахлах төлөөлөгчөөр ажиллаж, 1930-1940 оны хэлмэгдэгсдийн 15000 хүний хэргийн материалд улс төр эрүүгийн хэргийн ялгалт хийж, олон хүнийг цагаатгуулах ажилд оролцсон бөгөөд шагнагдвал зохих хэлмэгдэгсдийг материал, улсын хэмжээгээр дуусгавар болсон байна. Олон улсын монголч эрдэмтдийн II,III,IV,V их хурал, Монгол хүн анх удаа сансарт нисээд буух хүртэл хугацааны аюулгүй байдлыг хангах удирдамж хөтөлбөрт биечлэн оролцож зохих үүрэг, даалгаврыг өндөр сонор, сэрэмжтэй биелүүлсэн гэж тусгай штаб дүгнэсэн байна.
Дотоод гадаадын дайсны ноцтой үйл ажлыг цаг тухай бүр илрүүлж, таслан барагдуулж ажилласан байна. 1940 оноос бага, дунд сургууль, Монгол бичиг хоршоолол, Монгол бичгийн дээд сургууль, Шашны их сургууль, Улсын их сургууль, Хэл иргэншлийн дээд сургууль, Хилийн цэргийн 17, 20-р отрядуудад монгол бичгийн багшаар нийт 46 жил багшилж 40000 гаруй хүнийг монгол бичигт сургасан бөгөөд, сурах бичиг, заах арга, гарын авлага зэрэг 40 гаруй ном товхимол гаргасан ба 1943 онд “Үнэн” сонины сурвалжлагч Д.Иштавхайгаас намын “Үнэн” сонины орон тооны бус сурвалжлагчийн үнэмлэхийг хүлээн авснаас одоог хүртэл сонин хэвлэлд мэдээ сурвалжлага бичсээр ирэв.
Монгол ардын намын хийж бүтээсэн түүхэн ололтыг биеэрээ мэдэрч сэтгэлдээ хадгалан зүрхэндээ тээж, түүний үзэл бодол үйл хэрэгт үнэнчээр явахаа эрхэмлэн намдаа 76 жил гишүүн нь байж, намын үзэл бодол үйл хэргийн төлөө сэтгэл зүрхээ зориулж энэ намын хайр халамжаар боловсролын байгууллагад 46 жил, цэргийн байгууллагад 29 жил урам зоригтой ажиллаж амьдарч байгаа ахмад гишүүний нэг билээ. Монголын радиог 81 жил сонсож намын үнэн сониныг 81 жил уншиж, бичиж 98 жил амьдарч яваа монгол ардын намын ахмад зүтгэлтэн билээ.
Сүхбаатар дүүрэг, 6-р хорооны
иргэн С. Жигмэдсүрэн
Сэтгэгдэл (0)