Зэсийн үнэ рекорд тогтоож, эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн эрдэс баялаг, түүний дотор нүүрс, алт, зэс, төмрийн хүдрийн олборлолт, экспортоос шууд хамааралтай хэвээр байна. Тийм ч учраас төр засаг, Төв банк тэдгээрийн үнэ ханш, үйлдвэрлэлд түлхүү анхаарал хандуулдаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголбанкнаас гаргасан улс орны эдийн засгийн төлөв байдлын судалгаанд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийн урьдчилсан таамаглалыг тусгасан байна. Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард манай экспортын гол бүтээгдэхүүний нэг зэсийн үнэ 6713 ам.доллар байснаа ганцхан сарын хугацаанд 350 гаруй ам.доллараар өссөн нь дэлхийн зэсийн эрэлтийн тал орчим хувийг дангаараа бүрдүүлдэг БНХАУ-ын эдийн засаг, үйлдвэрлэлийн сэргэлт үргэлжилж, аж үйлдвэрлэлийн салбарын PMI индекс өссөнтэй холбоотой байжээ.

Мөн тус улсад хэрэглэж эхэлсэн коронавирусийн эсрэг вакцины эхний шатны туршилт 90-ээс дээш хувийн үр дүнд хүрсэн нь зах зээлд оролцогчдын итгэлд эергээр нөлөөлж, үнэ өсөх шалтгаан болсон гэж судалгаанд онцолсон байна. Мөн зэсийн гол үйлдвэрлэгч Перу, Чили зэрэг улсад цар тахлын тархалт буураагүйн дээр хоёр дахь давлагаа бий болох тохиолдолд нийлүүлэлтийн хомсдол үүсэх магадлалтай нь зэсийн үнийг дэмжих нөлөөтэй гэж Төв банк үзжээ. Цаашлаад Блүүмберг, ОУВС, Дэлхийн банк болон олон улсын бусад байгууллагын шинжээчдийн төсөөллийн дунджаар энэ онд зэсийн үнэ 6653 ам.долларт хүрч нэмэгдэхээр байлаа.

 

Харин нэг унц алтны үнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өмнөх сарынхаас бага зэрэг буюу 12 ам.доллараар буурсан ч дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал буураагүй, цар тахлын хоёр дахь давлагаа үргэлжилж байгаагаас гадна том гүрнүүдийн хоорондох худалдааны маргаан даамжрах эрсдэл, төсөв мөнгөний тэлэх бодлогын нөлөөгөөр хөгжингүй орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш сулрах эрсдэл зэрэг нь алтны үнэ огцом унахгүй байхад нөлөөлөх юм. Дээр дурдсан олон улсын нөлөө бүхий байгууллагын шинжээчдийн төсөөллийн дунджаар нэг унц алтны үнэ өнгөрсөн онд 1773, энэ жил 1809 ам.доллар байх хүлээлттэй байна.

 

Австралийн бирж дээр арилждаг нэг тонн коксжих нүүрсний гэрээний үнэ өнгөрсөн оны аравдугаар сард 105 ам.доллар байсан бол дараагийн сард гурван ам.доллараар ялимгүй өссөн нь Хятадын нүүрсний дотоодын үйлдвэрлэл болон агуулах дахь нөөц нь бага зэрэг буурсан, үйлдвэрүүдийн өвлийн нөөц хуримтлалыг буй болгож эхэлсэнтэй холбоотой байжээ. Гэвч гадаад эрэлтийн төлөв төдийлөн нэмэгдэхээргүй байгаагийн дээр худалдааны маргаан даамжрах эрсдэлээс шалтгаалан нүүрсний эрэлт, үнэ ханш буурч болзошгүй гэж төсөөлсөн байна.

 

Тодруулбал, энэ онд нэг тонн коксжих нүүрсний үнийг 126 ам.доллар болгож бууруулан төсөөлсөн нь Хятадын эдийн засгийн өсөлт өмнөх таамаглалаас буурах, дунд хугацаанд дотоодынх нь нийлүүлэлт нэмэгдэх хүлээлт зэргийг харгалзсан үзүүлэлт юм.

 

Төмрийн хүдрийн хувьд 2020 оны аравдугаар сард нэг тонн нь 118 ам.доллар байсан бол дараагийн сард ялимгүй буюу хоёр ам.доллараар нэмэгджээ. Үүнд Хятадын Засгийн газраас барилгын салбараа эрчимтэй дэмжсэний үрээр томоохон хотуудад гангийн үйлдвэрлэл тогтвортой хадгалагдаж, эрэлт өссөн байна. Мөн төмрийн хүдрийн гол тоглогч Бразилын “Vale” уурхай цар тахлын улмаас хэвийн хүчин чадлаараа ажиллахгүй байгаатай ч холбоотой гэнэ. Тиймээс энэ онд төмрийн хүдрийн үнийн төсөөллийг 20-30 ам.доллараар нэмэгдүүлжээ. Тэгвэл өнөөдөр бодит байдал ямар байна вэ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал, алтнаас бусад эрдэс баялгийн экспорт өнгөрсөн онд 5.26 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оныхоос 17.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ нь нүүрсний экспорт коронавирусийн цар тахлын улмаас огцом багассантай холбоотой байлаа. Энэ байдал алтны экспортод эергээр нөлөөлж, 30 тонн давсан нь түүхэн дээд амжилт болсон. Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ ч нэмэгдэж, 4.6 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болж амжсан байна. Өнгөрсөн оны сүүлч, шинэ оны эхнээс дэлхийн эдийн засаг сэргэх хандлагатай байгаагаас эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох алтны эрэлт буурч, оны эхний хоёр сард үнэ ханш нь таван хувиар буурчээ. Үүнтэй холбогдуулан “Goldman Sachs” энэ оны алтны үнийн таамгаа 2300-гаас 2000 ам.доллар болгож буулгасан байна. Хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт алтны своп үнэ 1738 ам.доллар болсон нь дээрх таамаглалтай тун ойролцоо байгаа юм.

Төмрийн хүдрийн хувьд тонн нь 160 орчим ам.доллар хүрсэн. Энэ нь жил гаруйн өмнөхтэй харьцуулахад 80 орчим хувийн өсөлт бол алтны үнэ 1800-1850 ам.доллар болж буй нь өнгөрсөн оны эхний хоёр сарынхаас 20 орчим хувийн өсөлтийг харуулж байна гэж Төв банкнаас мэдээлж байсан юм. Төмрийн хүдрийн ханш өнгөрсөн оны дунд үеэс өсөж эхэлсэн нь манай улсын экспортод сайнаар нөлөөлж, нийт 8.2 сая тонныг гаргасан тухай Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурдсан байна. Үүнээс 640 сая ам.долларын орлого олсон бол энэ оны эхний сарын 15-ны байдлаар 325.7 мянган тонн төмрийн хүдэр экспортолж, 34.3 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Өнгөрсөн сарын дундуур Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ 9522 ам.долларт хүрсэн нь 2011 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрснийг олон улсын шинжээчид дэлхийн болон гол тоглогч БНХАУ-ын эдийн засаг сэргэж эхэлсний шинж хэмээн тайлбарлаж байлаа.

 

Энэ онд Оюутолгойгоос 160-180 мянган тонн зэс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас гадна уурхайн баяжмал дахь цэвэр алтны агууламж эрс нэмэгдэж буйг “Туркойз хилл” групп мэдэгдсэн нь сайн мэдээ болж байна. Үүний нөлөөгөөр тус ордоос 500-550 мянган унц алт олборлох боломжтой гэж тооцоолсон бөгөөд Оюутолгойн уурхайн борлуулалтын орлого өнгөрсөн оныхоос хоёр дахин өсөж, хоёр тэрбум ам.доллараас давах магадлалтайг “Sand P Global market intelligence” байгууллага дэвшүүлжээ. Энэ оны нэгдүгээр сарын дунд үеийн байдлаар манай улсын зэсийн экспортын орлого 86.5 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 45 хувиар өссөн дүнтэй байна.

 

Сангийн яамнаас 2021 оны төсөвт нүүрсний экспортын хэмжээг 42 сая тоннд хүргэх төлөвлөгөөг хэвээр байлгаж байгаа. ҮСХ-ны мэдээллээр, нэгдүгээр сарын эхний гурван долоо хоногт ердөө нэг тонн гаруй нүүрс экспортолсноос үзвэл дээрх төсөөлөл биелэгдэх магадлал тун бага байна. Харин эдийн засагчдын урьдчилан таамаглаж байгаачлан жилдээ 20 гаруй сая тонныг урагш гаргах нь бодит байдалд ойрхон байх шинжтэй. Гэвч энэ нь цаг хугацааны буюу “COVID-19” цар тахлын тархалт, гадаадаас оруулж ирж буй вакцины үйлчлэл зэргээс шууд хамааралтай нь тодорхой юм. Харин зэсийн үнэ он гарснаас хойш 7900-8000 ам.долларт тогтвортой хадгалагдаж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Дэлхийн коксжих нүүрсний гол экспортлогч Австрали болон томоохон эрэлтэт зах зээл Хятадын хооронд улс төрийн үл ойлголцлын улмаас маргаан үүсэж, Австралийн нүүрсний импортод хориг тавьсан бөгөөд энэ орон зайг ОХУ, Индонез, Өмнөд Африк болон манай улсаас авах коксжих нүүрсээр нөхөх бодлого барьж байна. Энэ нь Монголын нүүрсний гол зах зээл болох Өвөрмонголын үйлдвэрийн бүс, түүний дотор Бугат орчимд коксжих нүүрсний үнэ өсөлттэй байж, цаашид тодорхой хугацаанд тогтвортой хадгалагдах үндсэн нөхцөл болж байгааг эдийн засагчид хэлж байгаа юм.

 

 

Д. Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)