Монгол түмний манлай эмэгтэйчүүд /цуврал-2/: Зохиолч Э.Оюун
- 2021-03-12
- Нийтлэл
- 0
МОНГОЛ ТҮМНИЙ МАНЛАЙ ЭМЭГТЭЙЧҮҮД\цуврал-2\
ЗОХИОЛЧ ЭРДЭНЭБАТЫН ОЮУН 1918 онд Улаанбаатар хотод төрсөн. 1934 онд Улаан-Үд хотын рабфакт, 1957-1960 онд Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд суралцаж "Монголын театрын ардын үндэслэлүүд" сэдвээр урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. 1935 онд Ардыг гэгээрүүлэх яаманд орчуулагч, 1936-1957, 1963-1975 онд одоогийн Үндэсний бүжгийн эрдмийн театрын найруулагч, уран сайхны удирдагч, 1960-1962 онд "Монгол кино" үйлдвэрт, 1968-1969 онд ДБУТ-т уран сайхны удирдагч, 1962-1963 онд МАХН-ын Төв хороонд Соёлын хэлтсийн эрхлэгч, 1975-1987 онд Монголын урлагийн ажилтаны холбооны дарга зэрэг алба ажлыг 51 жил хашжээ. 1940-өөд оноос эхлэн "Шинэ хүн", "Хот айл", "Би эндээс явахгүй, "Хайр", "Гарваа" зэрэг жүжиг, "Түрийвчит Түдэв", "Шуудан хүргэгч Цэрмаа", "Хурандаа шинель" зэрэг олон өгүүллэг бичиж, "Ах дүү нар" жүжгээрээ төрийн шагнал хүртсэн. Н.Гоголийн "Байцаагч түшмэл", В.Шекспирийн "Лир ван", Ф.Шиллерийн "Хар санаа, хайр сэтгэл", К.Симоновын "Орос хүн", Н.Погодиний "Буутай хүн" , Софоклийн "Эдип хаан", Г.Ибсений "Нора" жүжиг, "Чио Чио сан", "Отелло", "Октябрь", "Алеко" дуурь зэрэг дэлхийн сонгодог болон зөвлөлт оросын алдарт зохиолчдын 50 гаруй жүжиг, дуурийг орчуулан тоглуулсан. Мөн Д.Ичинхорлоогийн "Залуу эх Замбага," Ч.Ойдовын "Зам", "Цолмон", Л.Ванганы "Эмч нар", Д.Намдагийн "Шинэ байшинд", "Ээдрээ", Ч.Лодойдамбын "Гарын таван хуруу", В.Шекспирийн "Лир ван" зэрэг жүжгийг найруулж тоглуулсан. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын гурван удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв хорооны орлогч, жинхэнэ гишүүнээр сонгогдож байв. Оюун гуайн хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж 1942 онд Урлагын гавьяат зүтгэлтэн, 1945 онд Ардын жүжигчин, 1946 онд Төрийн шагнал хүртээжээ.
ДУУЧИН ГОМБЫН ТҮМЭНДЭМБЭРЭЛ 1939 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн. УАДБЧ-ын гоцлол дуучин байхдаа 1964 онд Гавъяат жүжигчин 1980 онд Ардын жүжигчин цол хүртсэн. 1954-1956 онд Улаанбаатар хотод Эсгий, эсгий гутлын үйлдвэрт нормчин, 1956 оноос хойш УАДБЧ-д тасралтгүй 40 гаруй жил ажилласан уран бүтээлч. Монгол ардын болон монголын хөгжмийн зохиолчдын олон арван дууг эгшиглүүлэн амьдруулахдаа дуулах ур дүйн хэлбэрийг бий болгож, ардын дууны шилэлт сонголтыг зөв хийж, түүний намба төрх, уран нугалаас, өнгө аяс, aйзам хэмнэлийг баяжуулан хөгжүүлж, эрдэнийн шигтгээ суулгах адил уран тансаг болгож дуулсаар үзэгч, сонсогч олны хайр хүндэтгэлийг хүлээжээ. Түүний дуулсан "Хөх торгон дээл", "Хувиршгүй сэтгэл", "Бүсгүй хүний заяа", "Хүрэн хаалгатай дэлгүүр", "Торгоны хээ", "Будар будрын чулуу", "Туулын урсгал шөнөдөө сайхан", "Усны тунгалаг Тамирын гол" зэрэг олон арван дуу бүтээл нь дууны урлагийн алтан санд мөнхөрчээ. Түмэндэмбэрэл гуай мөн Ардын Их хурлын депутатаар сонгогдож байв.
АКАДЕМИЧ ЭРДЭМТЭН АЮУРЫН ДУЛМАА 1935 онд төрсөн. МУИС-ийг 1956 онд биологич мэргэжлээр төгсч, тухайн үеийн УБДС-д багшилж байгаад 1965 оноос Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд тасгийн эрхлэгч, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнд секторын эрхлэгчээр ажилласаар ирсэн. Академич А.Дулмаа 1964 онд “Дархадын хотгорын нууруудын гидрогеологи” сэдвээр биологийн ухааны дэд докторын, 1974 онд “БНМАУ-ын нууруудын биологи” сэдвээр Биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан ба 1987 онд Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон. Тэрээр Монгол орны ус, нуурын амьтан, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, хөдлөл зүйн онцлогийг судлан илрүүлж, загасны тэжээлийн бааз, агнуурын нөөцийг тогтоосны зэрэгцээ, шинжлэх ухаанд мэдэгдээгүй байсан 5 зүйл амьтныг шинээр олж зарам, сибирь, жарга, омуль загас нутагшуулан үржлийн эх сүрэгтэй болгожээ. Академич А.Дулмаа 1958 онд ЗХУ-ын Байгаль нуурын загас үржүүлгийн үйлдвэрээс 14 сая орчим омуль загасны авгалдай авчирч Хөвсгөл нуурт нутагшуулснаас эхлээд загасгүй байсан 21 нуурыг загасжуулах ажлыг биечлэн хийжээ.
БАЛЕТЧИН ЮНДЭНДОРЖИЙН ОЮУН 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. 1964 онд ЗХУ-д бүжгийн сургуульд элсэн суралцаж, Дэлхийн балетын өлгий болсон Санкт-Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит балетын сургуулийг 1972 онд “Онц” дүнтэй дүүргэж эх орондоо ирээд дэлхийн сонгодог урлагийн сор болсон Хунт нуур, Дон Кихот, Шелкунчик, Үнсгэлжин, Нойрсож буй гүнж зэрэг олон бүжгэн жүжгийг амьдруулахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан. Ю.Оюун 1972-1991 онд Сонгодог Урлагийн Академик Театр, 1991-1993 онд Монгол балетын танхимд гоцлол бүжигчин 1993-2001 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит ХБДС, БЦДБЧ-д багшаар ажилласан. Төрийн болон ойн хүндэтгэлийн концертуудад 40 гаруй удаа оролцож Москва, Санкт-Петербург, Львов, Новосибирск, Будапешт, Кабул, Тбилиси, Ереван, Ханой, Улан-Үдэ, Бээжин, Хөх хотуудад айлчлан тоглосон. 1974 онд Варна, 1977, 1981 онуудад Москва, 1978, 1980 онуудад Японд болсон Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож гурван хүрэл медаль хүртэж, 1990 онд Токиод болсон А.Павловагийн дурсгалд зориулсан Гала концертонд урилгаар 1993 онд Москвагийн олон улсын тэмцээнд хүндэт зочноор уригдан оролцож 1978 онд Гавьяат жүжигчин, 1986 онд Ардын жүжигчин цол хүртсэн.
УРАН НУГАРААЧ БЭГЗСҮРЭНГИЙН НОРОВСАМБУУ 1948 онд Завхан аймгийн Санмаргац суманд төрсөн. Норовсамбуу бага насандаа сумынхаа сургуулийн 2 дугаар ангийг төгсөөд Улсын циркийн урилгаар Улаанбаатар хотод ирж 10 жилийн тавдугаар сургуульд суралцангаа циркэд Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багшид шавь орж уран нугаралт заалгаж дагалдан жүжигчнээр ажиллаж, урлагийн алдарт замаа эхэлжээ. Норовсамбуу 1959 оны шинэ жилээр циркийн манежид анх гарч, 1960 оноос мэргэжлийн жүжигчин болсон байна. 1966 онд 10 дугаар ангиа алтан медальтай төгсөөд МУИС-д англи хэлний ангид элсэн суралцаж төгссөн байна. Суралцангаа жүжигчний ажлаа хийсээр, 1960-1970 онд Монголын төдийгүй дэлхийн уран нугаралтын хамгийн шилдэг жүжигчний нэг болсон ажээ. Гурван комбинац, үндсэн 21 трюк, 10 холбоосоос бүрдсэн уран нугаралтын эквилибр каучукийн шинэ төрлийг бүтээсний гадна толгойдоо шилэн сав тогтоон өрөөсөн гар дээрээ мушгимал зогсолт хийх зэрэг сонгодог олон трюк бий болгож нугаралтынхаа үзүүлбэрийг баяжуулан уран сайхны өндөр түвшинд хүргэсэн байна. Дэлхийн 45 орны 100 шахам хотод уран бүтээлээ толилуулж, Монголын уран нугаралтын гайхамшгийг үзүүлжээ. Норовсамбуу 1980-аад оны дундуур циркийн сургуульд багшилж олон залуу уран нугарагчдыг сурган хүмүүжүүлж “Бурханы суудал”, “Чуулган”, “Бандизоо”, “Уран сэтгэмж”, “Аалз” зэрэг үзүүлбэрүүдийг бэлтгэж тоглуулсан нь дотоод, гадаадад ихэд үнэлэгдэж, олон улсын циркийн наадмуудын олон шагнал хүртжээ. Уран нугараач Норовсамбуугийн авъяас билэг, хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1966 онд Гавьяат Жүжигчин, 1971 онд Төрийн шагнал, 1980 онд Ардын Жүжигчин цол хүртээсэн.
ЖҮЖИГЧИН ДАГВАДОРЖИЙН МЭНДБАЯР 1944 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1963 онд УБДС-ийг төгссөн. 1963 оноос Улсын Драмын Эрдмийн театрт жүжигчин, 1997 оноос КУДС-д багшаар ажиллаж байгаа. Ф.Шиллер "Харсанаа, хайрсэтгэл" жүжгийн Луйза, Э.Войнич "Овод" жүжгийн Джемма, К.А.Тренев" Любовь Яровая" жүжгийн Любовь Яровая, У.Шекспир Отелло" жүжгийн Дездемон, Б.Брехт "Эхийнсэтгэл" жүжгийн Груше, Э.Оюуны "Гарваа" жүжгийн Гарваа зэрэг 100 гаруй драмын жүжиг, Ш.Ёнхор "Эдлэх ёсгүй эрх" жүжгийн Бадамлянхуа, Д.Намдаг "Шинэ байшинд" жүжгийн Мядагмаа, Д.Дожоодорж "Цагаандэглий" жүжгийн Цэрмаа зэрэг телевизийн 20 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж 1981 онд Гавьяат жүжигчин 2005 онд Ардын жүжигчин цол хүртсэн.
ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ
Сэтгэгдэл (0)