Алалцаан дундах Монгол орон
- 2021-03-13
- Нийтлэл
- 1
"Алалцаан" - энэ үг амнаас гаршгүй аймшигтай муухай гэдгийг мэдсээр байж ингээд хэлчихлээ. Уучлаарай. Яг өнөөгийн, өнөөдрийн Монгол үнэн төрхөөрөө ийм л байна. Хэрүүл хараалын оргил үедээ иржээ. Эвдрэл хэмхэрцлийн оргил үедээ тулжээ. "Буудна, ална тална, устгана, сүйрүүлнэ, алалцана" гэсэн үг монгол хэлний үгийн санд уран зохиолд л хэрэглэдэг үг нийгмийн харилцааны ерийн үг болов. Энэ бузар шингэсэн хэрүүлд сайд санваартан, эрдэмтэн эгэл, их бага, эр эм, дээд доод, хүүхэд залуусын ялгаа алга болжээ. Ер нь эрэмбийн зиндаа алга болов. Хэрүүл шуугиан Ковидийн тахал мэт тархлаа. Монгол хүний ч, Монгол төрийн ч тархи толгой ялзран доройтоход ойртсон байна.
Афганистанд "Хашаа болгон нь Засгийн газар", "Уулын агуй болгон нь Арми" болчихсон чөтгөр шулмас ёрлосон мэт болж улс орноо сүйрүүлж байгааг мэднэ. Манай монголын оюун санаа ийм л өрөөл татанхай, мунхаг мулгуу болсоор байна. Ичнэ, айна, эмээнэ гэдэг ёсзүй өмнөх алтан үед хамаарагдаж архивлагдав. Дайрал давшил, хэрүүл маргаан, зодоон нүдээн "хониныхоо хашаанд" байвал зүгээрсэн. Нэг олигтойхон танк, нэг олигтойхон их буу байхгүй хэрнээ мөнхийн хөрш Орос, Хятад их гүрэн рүү муу муухай өдсөн, хатгасан хорлонтой үгийг шиднэ. Тэд биднийг мэдэхгүй байна гэж үү? Хэн юу хэлэв? хэн яаж хандав гэдгийг ёстой шарсан мах андаггүй шар зурхайч шиг мэдэж байгаа. Өчүүхэн эдийн засаг шүү дээ. Америкийн ганцхан баяны банканд хадгалаастай мөнгөний талд ч хүрэхгүй. Учраа олж, ухаантайхан байхгүй бол энэ дэлхийд ганцаардаж, хаягдаж, гээгдэж, шоовдорлогдож, ад үзэгдэж дуусна. Наашаа гэсэн нэг анд ч хэрэгтэй. Ухаалаг, найрсаг,соёлтой, хүндлэлтэй, ёсорхог, дэглэмтэй, за бол ёогүй, хүлцэлтэй, цэвэр ариун байвал манай МОНГОЛЫГ цаашаа гэх дэлхийн нэг ч орон байхгүй юм билээ. Гүйцэд танигдаагүй нь олз. Агуу түүхтэй нь олз. Жижиг буурай нь олз юм билээ.
Хоолойд хутга тулгасан 32,2 тэрбум долларын өрөө яах вэ? Тэрбум шүү...ДОЛЛАР маршалын өмнө Монгол орон маань сөхөрч, улмаар нутаг дэвсгэрээ ч хэлтэлчих юм биш шүү? Монгол хүн бүр өлгийтэй хүүхэд ч 27 сая гаруй төгрөгийн өртэй. "Өрөнд ороо, өглөгөнд муу" орон гэж далдуур ярьдаг л юм билээ. Дансаа гөвчихсөн, данс нь улайсчихсан юмуу гэхлээр үгүй юм шиг...наад захын хүн наад новшийн бодлоо хаяя гэхээр ямар ч хэрэггүй юманд тэрбум, тэрбумаар мөнгө цацна. Ээ бурхан өршөөтүгэй, энэ бодлогогүй улс орныг минь, энэ гэнэн орныг минь...энэ гэнэн хүмүүсийг минь....
Дөнгөж саяхан тэртээх түнш Япон орон гэхэд л энэ хүнд хэцүү үед 1,3 сая вакцинд өгнө гэж амаллаа. Амлалаа ч гэж дээ...өгнө л дөө. Ёс зүйтэй улс оронд хууран мэхлэлт байхгүй. Бэлэгний хариуд ам дүүрэн үгээ хэлж, нүд дүүрэн баяр гэрэлтэв үү?
Гэтэл яг энэ өдрүүдэд аймшигт цунами болж, хэдэн мянган хүн амь насаа алдаж, эдийн засаг сүйрсэн. Энэ өдрийг манайхаас хэн нь дурсаж хэн нь юу ярьсан бэ? Сэтгэлээ санаагаа нээж хуваалцсан уу? Гадаад яам энэ сайн санааны хувьд үгээ хэлсэн байх гэж итгэе. Энэ залуу Засгийн газрын Гадаад бодлогын мэдрэмж хэрийг мэдэхгүй. Төсвийн орлогын дийлэнхийг говийн нүүрс л чүү чамай амь залгуулж байгаа. Гэтэл "Эрдэнэс таван толгойн" хөрс хуулалтын хятад компанийг өөрчлөх тухай асуудал дэгдэж байна. Энэ цаг үед ингэж болох уу? Их нарийн мэргэжлийн их тусгай ажил байж таарна. Тракторын нэг дугуй хийчихэж чадахгүй, нэг олигтойхон хүрз ч хийж чадахгүй байж нүдээ аниад л, улангассан бух шиг дайраад довтлоод байдгийг юу ч гэхэв. Мэргэжилтнүүд үгээ хэлж үе үеийн мунхарлаас аварч байгаасай. Тэртээ тэргүй нэг, хоёр жилийн дараа Таван толгойн нүүрсийг ч Хятад тоож авахаа болих янзтай болоод явчихлаа. Барьж байгаа төмөр зам зэврээд хаягдал болж магадгүй. Асар том зах зээл цаашаа харвал яах вэ? Байгаль нуурын ойролцоо Удоканы нүүрс, алт, зэс, хүдрийн асар том уурхай нээгдчихжээ. Путин ерөнхийлөгч Хятад орныг нүүрс хангана гээд хэлчихсэн. Ингээд манай нүүрсний уурхайн том том ангал л хоосон үлдэх нь. "Хар хайрцагны" бодлогоор аль болохоор чимээгүйхэн ашиг шимийг хүртэнэ үү? гэхээс энд тэндээс илжиг мэт орлилдоод, сүржигнээд хүн төрөлхтний шившиг, хүн зоны адаг мулгуу нь болж дуусах нь байна. Хятад улс 2О28 онд агуу их АНУ-г гүйцэж төрүүлнэ гэсэн том бодлого, зорилгоо дэвшүүллээ. Магадгүй чадахгүй ч биз. Гэхдээ хавилдаа ойролцоо тулж очино шүү.
Алалцаан дундах МОНГОЛ орон -ийм байдлаар явбал аль ч үгүй хэрүүл хэмхэлдээний сүйрэл нүүрлэхэд ойрхон шүү гэдгийг бүгдээрээ нэг хүн шиг ойлголцвол МОНГОЛОО АВАРНА, МОНГОЛОО ХӨГЖҮҮЛНЭ. "Мэдрэмжгүй хүн тэнэг хүнээс ч дор" гэсэн үг бий. Мэдрэмжгүй төр бол юунаас дор байх бол???
Сэтгүүлч До.Цэнджав
Сэтгэгдэл (1)
зочин (203.91.119.46)
ЯГ Л ҮНЭН ХЭЛЖ БИЧИЖЭЭ 2 ХӨРШИЙНХӨӨ ДООР СУУЖ БАЙЖЛ САЙХАН АМЬДАРНА ТЭРНЭЭС БИШ МУУЛААД МАНАЙ ЖИЖИГ УЛС ЮУЧ БОЛОХГҮЙ ТООС ШИГ Л АРЧИГДАНА АМЕРИКИЙН НЭГ ТЭР БУМТАНЫ ДАНСАНД БАЙГАА МӨНГӨНӨӨС БАГА НӨӨЦ ВАЛЮТТАЙ ШҮҮ ДЭЭ МОНГОЛ УЛС ТЭГЭХЭЭР ЮУЧ БИШ БАЙГАА БИЗ