Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд шинэ бодлого, хөтөлбөр хэрэгтэй

Нам жим байсан дэлхий “сэрж” байна. Улс орнууд хамтын хүчээр цар тахалтай тэмцэж эхнээсээ үр дүнгээ үзэж эхэллээ. Зарим улс орон насанд хүрсэн бүх иргэнээ вакцинжуулж, хилээ нээх товоо албан ёсоор зарлаад байна. Хамгийн сүүлд л гэхэд Израйлийн Ерөнхий сайд гуравдугаар сард иргэдээ вакцинжуулалтад бүрэн хамруулж, олон улсад хилээ нээхээр болсон. Үүний нэгэн адил зарим улс орон жуулчдад хилээ нээж үйл ажиллагаагаа тодорхой журмыг мөрдөн эхлүүлээд байгаа юм. Тэд өнгөрсөн хугацаанд жуулчдаас PCR шинжилгээ өгсөн эсэхийг асуудаг байсан бол одоо коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн үгүйг тодруулж байна. Нааштай дохио гэж хэлж болох энэ байдал олон улсын худалдаа, аялал жуулчлал зэрэг олон салбарт эерэг өөрчлөлт авчирна. Харин манай улсын хувьд одоо л аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж тохиогоод байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг сонирхон судлах, аялахыг хүссэн гаднын иргэдийн урсгал байгааг олон зүйлээс харж  болох юм.

Гадныхны бодлоор Монгол гэхээр хээр талд хэдэн цагаан гэртэй, иргэд нь одоо хэр нь морь унадаг мэтээр төсөөлдөг. Харин гаднынхны энэ бодлыг сүүлийн жил гаруйн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлууд бага ч атугай өөрчилсөн гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Ялангуяа манай улс коронавирусийг хэдэн сар дотооддоо алдаагүй, цар тахалтай хамтын хүчээр хэрхэн тэмцэж байгааг гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байсан нь цөөнгүй. Үүн дээр манай улсын соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарынхны хувь нэмэр их. Энэ бүх зүйлийн нөлөөгөөр Монголыг сонирхон судлах гадаадын иргэдийн тоо нэмэгдсээр байгаа юм. Монголын талаар цахим орчинд ямар асуулт давамгайлж байгааг сонирхоход ихэнхдээ аялал жуулчлалтай холбоотой байна. Монгол руу аялахад хэр аюулгүй вэ, энэ улс руу аялахад өртөг өндөртэй юү, заавал виз авах шаардлагатай юу, аялахад жилийн аль үе хамгийн тохиромжтой вэ, Монгол Улс юугаараа хамгийн алдартай вэ гэхчилэн асуусан байх юм. Үүнээс энэ салбарт ямар ажил дутагдаж байгаа болон юу хийх шаардлагатай нь  харагдаж байна.

 

Киночдод хариуцлагатай даалгавар өгье

 

• Холливудын алдартай жүжиг­чин Анжелина Жолийн гол дүрд тоглосон “Лара Крофт-Булш ухагч” киног үзэгчид андахгүй. Энэхүү бүтээлийн зургийг Камбожид авсан бөгөөд кинонд тус улсын Ангкор Ват хэмээх буддын шашины эртний сүмийн өвөрмөц дүр зураглал нь киноны өнгө төрхийг тодорхойлоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Кино сонирхогчдыг шуугиулсан “Лара Крофт – Булш ухагч” уран сайхны кино нээлтээ хийснээс хойш энэ газар жуулчдын анхаарлыг татдаг Ази тивийн гол цэгүүдийн нэг болжээ.

 

• “Индиан Жонс ба Загалмайтны сүүлчийн аян дайн”. Энэхүү цуврал киног хэдэн ч удаа үзсэн уйдахгүй.  Уг уран сайхны кинонд сүмд нуусан эрдэнийн ариун тагшны тухай гардаг. Энэ кино олон нийтэд хүрснээс хойш Петра хотыг зорих жуулчдын тоо хэдэн мянгаас хэдэн сая болж огцом өссөн байна.

 

• Австралийн хөрш, хүн амаасаа олон мал сүрэгтэй гэгддэг байсан нам гүмхэн Шинэ Зеланд улсыг дэлхийд алдаршуулахад чухал хувь нэмэр оруулсан хүн бол кино найруулагч Питер Жексон. Тэрбээр “Бөгжний эзэн” киноны зураг авалтыг эх орондоо хийснээр дэлхий нийтийн анхаарлыг татсан шинэ цэгийг нээжээ.

Дээр дурдсан жишээнүүдийн адил Монголыг дэлхийд сурталчлах дэлгэцийн бүтээл хийх даалгаврыг киночдодоо өгье. Гэхдээ дотоодын уран бүтээлчдийг оролцуулахын зэрэгцээ Холливудын алдартай эрхмүүдтэй хамтран ажиллах шаардлагатай юм. Адал явдалт, түүхэн болон сансар судлалын сэдэвтэй киноны зургийг авчих газар Монголд олон бий.  Хамгийн гол нь санаачлаад ажлаа эхлүүлэх хэрэгтэй байна. Аль юм болгон бид нүүдэлчин ахуйгаараа олны нүдийг хужирлах вэ дээ. Ингэж олон улсад хүрсэн, эх орныхоо үзэсгэлэнт газруудыг харуулсан бүтээлээр Монгол Улсыг дэлхийд сурталчлах хэрэгтэй байна. Үүнд уран бүтээлчдээс гадна төрийн оролцоо хэрэгтэй байгаа юм. 

 

Аялал жуулчлалд агаарын тээвэр голлох үүрэг гүйцэтгэнэ

 

Гаднын хүнийг хамгийн түрүүнд угтдаг газар бол нисэх онгоцны буудал. Мөн хамгийн түрүүнд гүйлгээ хийдэг газар нь агаарын тээврийн компани.

 

Нислэгийн тийз ямар үнэтэй байгаагаас,  угтах үйлчилгээ ямар өнгө төрхтэйгөөс бүх зүйл эхэлнэ. Товчхондоо, тухайн улс аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж байгаа нь дээрхээс харагдана гэсэн үг. Тиймээс бид  зарим зүйлдээ уян хатан бодлого баримтлах хэрэгтэй.

 

Жуулчин гэж мөнгөө яаж үрэхээ мэддэггүй хүнийг хэлдэггүй. Хаана хамгийн сайхан аялж болохоор байна, хаана үзэж харах зүйл ихтэй байна, хаана аялж амрахад зардал бага, аюулгүй байхыг харгалзан үзэж шийдвэрээ гаргадаг. Тиймээс бид аялал жуулчлалаа хөгжүүлье гэж бодож байгаа бол агаарын тээврийн салбартаа  анхаарал хандуулах шаардлагатай. Нэг үеэ бодоход манай улс олон улстай хөл нийлүүлэх нисэх онгоцны буудалтай болох гэж байна. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах ажил ямар шатандаа яваатай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцаж нааштай хариу дуулгасан. Улирлын хувьд Үндэсний их баяр наадам, эрийн гурван наадам гээд үзэх харах зүйл ихтэй үе таарч байгаа энэ цагийг ашиглан Монголын аялал жуулчлалын салбарыг урагш нэг бус хоёр алхуулах боломж байна. Үүний тулд одооноос ажлаа эхлүүлэх хэрэгтэй.

 

Цар тахал бол боломж

Аялал жуулчлалын сал­барынхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй зангиагүй уулзалт хийх үеэрээ том боломж байгааг хэлсэн. Холын бус ойрын хамтын ажиллагаатай улс орнуудаас жуулчин хүлээн авахад гарах үр дүнг дуулгасан. Манай улс шууд нислэгтэй таван улсаас жуулчин хүлээн авахад л аялал жуулчлалын салбарын өсөлт ямар байхыг энэ үеэр танилцуулаад амжсан. Үүний тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатай.

 

 

Өөрөөр хэлбэл, энэ салбарыг зангидсан байгууллагатай болсноор үйл ажиллагаа улам тодорхой болох юм. Цаашилбал Монголд  ирж байгаа жуулчин бүрийг худалдан авагч гэж үзэх хэрэгтэй байна. Манай улсын аялал жуулчлалын салбар 2019 онд нийтдээ 1.6 их наяд төгрөгийг Монгол Улсын эдийн засагт оруулсан нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 7.2 хувийг эзэлжээ.

 

 

Гэвч дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн онд орлогын хэмжээ 65.8 хувиар агшсан статистик мэдээ гарсан байна. Энэ салбарын нийт 2300  аж ахуйн нэгжид 89 мянга орчим ажилтан ажиллаж байгаа юм. Гэвч коронавируст халдвараас үүдэн зарим арга хэмжээг яаралтай авахгүй бол аялал жуулчлалын олон байгууллага үүдээ барихад хүрээд байна. 

Тэгвэл аялал жуулчлалын салбарыг “хөл дээр нь босгож”, хөгжүүлэхэд ямар алхам хийх хэрэгтэй вэ. Энэ асуултад хувийн хэвшлийнхэн саналаа хэллээ. Тодруулбал, юуны түрүүнд аялал жуулчлалын салбарт баримтлах журмыг яаралтай гаргахыг хүссэн. Мөн  хилээ яг хэзээ нээхийг албан ёсоор танилцуулснаар аялал жуулчлалын байгууллагууд одооноос захиалгаа авч эхлэх юм. Үүний дараа энэ салбарт ажиллах ажилтан, ажилчдыг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулс­наар үйл ажиллагаагаа жигдрүүлэх боломж бүрдэнэ. Мөн нэг чухал санал дэвшүүлж буй нь хэдэн сар үйл ажиллагаа нь зогссон газруудыг дэмжиж 10 их наядын зээлд хамрагдах нөхцөл боломжоор хангахыг хүсэж байгаа юм.

 

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (202.21.115.82)

    2021-03-17

    ГАДНЫ ЖУУЛЧИД ИХ ХААДЫН ҮЕД БАРИГДСАН ХАР ХОРУМ ХОТЫН ҮЛДЭГДЭЛ ИЙГ ҮЗЭХ ГЭЖ ОЧИДОГ , ГЭТЭЛ ТЭНД СҮҮЛД БАРИГДСАН БУДДЫН СҮМ ХИЙД ҮЗҮҮЛЭЭД БАЙДАГ , КАРА КОРУМ ГЭХ НЭРИЙГ ДЭЛХИЙ МЭДНЭ ТИЙМ БОЛОХООР ХУЧНЫ ЗАГВАРААР ИХ ХААДЫН ШИНЭ СҮМ ХИЙД БАРИХ ХЭРЭГТЭЙ