Монголыг 30 гэр бүл удирддаг уу?

Хоёрхон сар гаруйн дараа манай сонгогчид улсынхаа төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгчөө сонгоно. Өнөө маргаашгүй үнэн худал нь үл мэдэгдэх асуудлууд шил шилээ даран босож ирнэ. Учир нь үл олдох элдэв маргаанд иргэдээ талцуулна. Сүүлийн жилүүдэд улс орныг хөгжлийн бодлого гэхээсээ илүүтэй хэн нэгнээ харлуулах пиар сонгуулийн үр дүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж ирлээ. Хэрвээ сонгогчид санаж байгаа бол С.Зориг агсны хэрэг 2000 оны УИХ-ын сонгуулийн дараа илрэх ёстой байсан юм. Гэвч энэ сэдэв зарим нэг намын сонгуульд ялах хөзөр болоод удаж байна. Үүнтэй төстэй нэгэн хэллэг удахгүй бидний өмнө сөхөгдөх байх. Энэ нь “30 гэр бүл”-ийн тухай асуудал.

Монгол Улсын дэд бүтэц, уул уурхайн салбарт ашиг сонирхол, авлигаар холбогдсон хэсэг гэр бүлийн орлого тэнгэрт хадаж байхад иргэд нь ядуу, эх орон нь хөгждөггүй тогтолцоонд орсон талаарх шүүмжлэл юм. Сонирхолтой нь, Өмнөд Солонгост улс төртэй хутгалдсан бизнесийн элит “30 гэр бүл” гэх ойлголт байдаг ажээ. Тэд улс орноо хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан боловч 1990- ээд оны сүүлээр дэлхий нийтийг донсолгосон Зүүн Өмнөд Азийн санхүүгийн хямралыг өдөөсөн гэх шүүмжлэл бас дагалддаг.

 

Түүхийн хуудас сөхвөл:

 

1950-иад оны Солонгос: Хагас зууны Японы дарлал, Солонгосын дайн зэрэг асар хүнд нөхцөл байдлын улмаас эдийн засгийн хөгжлөөрөө илт хоцорсон ирээдүйгүй улсад тооцогдож байв. Гэвч Өмнөд Солонгос ердөө 30 орчим жилийн дотор эдийн засгаа босгож чаджээ. 

1996 онд тус улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (Organisation for Economic Co-operation and Development, OECD) гишүүнээр элсчээ. Тус байгууллага ардчилал, чөлөөт зах зээлийн үнэт зарчмуудыг хүлээн зөвшөөрдөг 36 гишүүн орноос бүрддэг. Энэ байгууллагын ихэнх гишүүд өндөр орлого, хүчирхэг эдийн засагтай бөгөөд хүний хөгжлийн индекс зэрэг үзүүлэлтээр дэлхийн хэмжээнд дээгүүр орно. Солонгос усан онгоц, автомашин, компьютер, гар утас, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Samsung, LG Group, GS Group, Hyundai, SK Group, Daewoo, Lotte, CJ Group зэрэг дэлхийн хэмжээний групп нь цөөхөн гэр бүлийн(чеболь) эзэмшилд байдаг онцлогтой. Чеболь нь Өмнөд Солонгосын үйлдвэрлэл, санхүүгийн бүлэглэлийн нэгэн онцлог хэлбэр. Эдгээр группийн захиргаа, санхүү, хяналтын шийдвэр гаргах хэмжээний хувьцааны хувь цөөн гэр бүлийн мэдэлд бий. Чеболиуд Солонгосын дайны сүүлээр үүссэн бөгөөд өнөөг хүртэл оршин тогтнож байна. Тэднийг “30 гэр бүл” гэж нэрийддэг. 1998 онд Солонгосын нийт аж үйлдвэрийн салбарын борлуулалтын 46 хувь тэдэнд оногдож байжээ. Энэ нь тус улсын эдийн засгийг тэдэнгүйгээр төсөөлөх боломжгүй гэсэн үг. 1980-аад оны дунд үеэс Өмнөд Солонгос эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Тэд асар богино хугацаанд дэлхий нийтийг гайхашруулах амжилтад хүрч чадсан юм. Гэвч хөгжиж буй улсуудад тохиолддог нийтлэг алдаа дутагдал байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. 

Чеболиуд “нүсэр том” болж хүрээгээ тэлсэн нь группийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг дүгнэж цэгнэх, тэр ч байтугай хяналт тавих боломжгүй болгожээ. Үүнээс гадна, өрийн асуудал хэр хэмжээнээсээ хэтэрч эхэлсэн байдаг. Тухайлбал, Samsung-ын хувьд гэхэд л өөрийн хөрөнгөөс нь даруй 3.5 дахин, Daewoo 4.1 дахин, Hyundai 5.6 дахин өртэй болсон байв.

 

 

 

 

1990 оны үеэс чеболиуд улс төрийг манлайлагч намуудын удирдах түвшинд гарч ирлээ. Тэд энэхүү давуу байдлаа урвуугаар ашиглаж, бага хүүтэй асар их хэмжээний зээл авах, группийнхээ өрийн дарамтыг харьцангуй бага үнээр төлөх зэрэг боломжуудыг ашиглаж эхлэв. Тухайн үед Солонгосын санхүүгийн салбар хөл дээрээ баттай зогссон гэж тооцоо хийсэн гаднын хөрөнгө оруулагчдаас капитал татах нь асуудал байсангүй. Ийнхүү чеболиуд гаднын банкнаас хүссэн хэмжээгээрээ зээл авч байв. “Hot money” буюу “халуун мөнгө”-ний урсгалыг чеболиуд өөрийн урт хугацаат төслүүд рүү цутгаж эхэлжээ. Халуун мөнгө гэдэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэл эрхлэх зориулалттай урт хугацааны хөрөнгө оруулалт биш, харин богино хугацаанд ашиг хийгээд хэзээ ч гарч явахад бэлэн мөнгөний урсгал учраас хөгжиж буй эдийн засагт туйлын хортойд тооцогдоно. 

Ингэж санхүүгийн хямрал Солонгост эхлэлээ тавьжээ. Бизнесийн олон төрлөөр амжилттай ажиллаж байсан Samsung автомашин үйлдвэрлэлийн урт хугацаат төсөлд “халуун мөнгө”-ийг орууллаа. Daewoo группийн эзэд хуучин социалист улс орнуудын орон зай, түүний дотор Оросын өргөн нутаг дэвсгэрт тооцоо судалгаа багатай их хэмжээний хөрөнгө оруулалт хийв. Ийнхүү 1996 онд хямралын анхны шинж тэмдэг мэдрэгдэв. Гангийн үйлдвэрлэгч Hanbo Group дампуурлаа зарлав. Удалгүй автомашин үйлдвэрлэгч Kia групп санхүүгийн асар хүнд байдалд орсон талаар шуугиан дэгдлээ. 1997 оны зун зургаан том чеболь дампуурлаа зарлаж, гадаадын хөрөнгө оруулагчид сандарч, бужигнаж эхэллээ. Тэд чадах чинээгээрээ хөрөнгөө татаж эхлэв. 

Нэгэнт эрчээ авсан хямралыг тогтоох хүчин зүйл тэр үеийн Солонгосын эдийн засагт байсангүй. Энэхүү хямралыг эдийн засгийн буруу бодлого гэхээсээ илүүтэй улс төрд шургалсан цөөн “гэр бүл” өрдсөн гэж үздэг. Ийм түүхийг Индонезийн ерөнхийлөгч Сухартогийн үеийн Индонез, Б. Ельцины үеийн ОХУ зэрэг олон орны жишээнээс харж болно. “Бизнес, санхүүгийн лидерүүд улс төртэй хэт хутгалдах” нь тийм ч оновчтой байдаггүй гэдгийг ялангуяа хөгжиж буй улс орнууд анхаарах ёстой юм. Харин Монголд дээр дурдсан байдал ямар хэмжээнд байна вэ.

 

МОНГОЛЫН “30 ГЭР БҮЛ”

 

Гэр бүлийн тоо хэд байх нь чухал биш. “30 гэр бүл” гэдэг нь “цөөн” гэсэн утга илэрхийлж байгаа гэж ойлгож болно. Манай улсын эдийн засаг, санхүүгийн аливаа томоохон мөнгөн дүнтэй шийдвэрт хэсэг бүлэг улстөрчдийн эрх ашиг нөлөөлж байдаг нь гайхах зүйл огт биш. Татвараас зайлсхийсэн, авлигатай холбоотой олон саяар тоологдох валют оффшорт байгаа гэх асуудал үе үе цухалзах боловч тэгсхийгээд намжих ажээ. Төсвийн олон зуун саяын тендер, тэрбумаар тооцогдох концессын ард хэн нэгэн улстөрчийн нэр гарна. Томоохон компаниудын төлөөлөл болох УИХ-ын гишүүд ч олон. Энэ бүхэн хэвийн үзэгдэл болоод удаж байна. Манай улс уул уурхайн эрдэс баялгийн арвин их нөөцтэй. Өвгөдийн цусаар “тамгалсан” энэхүү баялгийг, өдгөө цөөн хэдэн нөхөд эзэн суусан нь бидний нүдэн дээр ил байна. Тэд зарим хэвлэлийг бүрэн хяналтдаа авсан төдийгүй олон нийтийн сүлжээг ч "удирдах" алхмаа амжилттай хийж буй.

Тиймээс “тэднийг өмгөөлдөг” дуу хоолой сошиал ертөнцөд нэн чанга “дуутай”. “Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж туслах ёстой биш үү? Баялаг бүтээгчид рүүгээ дайрах нь буруу. Тэдний улсад төлсөн татварын хүчинд бид цалин, тэтгэвэртэй байгаа юм шүү” гэсэн ухуулгыг тогтмол давтдаг хөлсний троллуудын арми бий. Гэтэл бодит байдал дээр манай жижиг дунд үйлдвэрлэгчид төрөөс элдэв хөнгөлөлт шаардахгүйгээр олон зуун хүний ажлын байрыг бий болгож, улсад татвараа төлж Монгол улсын эдийн засгийн хүндийг үүрч яваа юм. 

 

Өнөөдөр төрөөс хамааралгүй, тендер авдаггүй, улс төрөөс хараат бус 85 000 аж ахуй нэгжид бараг 800 000 иргэд ажиллаж байна. Энэ олон мянган аж ахуй нэгжүүд манай улсын хөгжлийн гол түлхүүр гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин баялаг бүтээгчдийн ар зоогоор нуугдан, байгалийн баялгаар “найрлаж” суугаа “30 гэр бүл” бас бий. Манай валют олдог гадаад худалдааны нийт дүнгийн 90 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлдэг.

 

Тэр дундаа зэс, нүүрс ойролцоогоор 70 хувийг дангаараа бүрдүүлнэ. Тэгвэл энэ хоёр чухал түүхий эдийн статистик үзүүлэлтийг хорин жилийн интервалаар харцгаая. Зэсийн баяжмалаас 2000 онд 160 сая ам.доллар олдог байсан бол 2020 онд нэг тэрбум 778 сая ам.доллар олсон нь арав дахин өссөн үзүүлэлт. Нүүрснээс 2000 онд ердөө 4200 ам.доллар олж байсан бол 2020 онд хоёр тэрбум 126 сая ам.доллар олсон байна. Энэ нь нүүрснээс олдог орлого хорин жилийн хугацаанд 500 дахин нэмэгдсэн гэсэн үг. Таны амьдралд ийм үсрэнгүй өөрчлөлт гарсан болов уу. Иргэдийн бодит орлого ийм хэмжээгээр нэмэгдсэн үү. Энэ их хэмжээний валют хаашаа урсаад байна вэ гэдэг асуулт зүй ёсоор хөндөгдөх ёстой. Үнэн хэрэгтээ эрдэс баялгаас хамаарсан эдийн засгийн өсөлт хөгжлийн хэмжүүр огтхон биш. Хэрвээ дээр дурдсан хэмжээнд үйлдвэрлэл хэд дахин өссөн бол ажилгүйдлийн түвшин эрс буурч, иргэн бүр үр шимийг нь мэдрэх боломж бүрдэх юм.

Харин уул уурхайн орлогын дийлэнхийг “улс төрд хутгалдсан бизнесийн төлөөлөл” болох эрх мэдэл бүхий цөөхөн гэр бүлийнхэнд ногдож байгаа. Орлогын тэгш бус байдал гэдэг санхүүгийн хямралаас ч аюултай үзэгдэл. Баян хоосны ялгаа асар их зөрүүтэй болох тусам нийгэмд дургүйцэл, үзэн ядалт гаарч, үймээн самуун д эгд эж, улмаар төр улсаа самарсан жишээ олон бий. АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч асан Франклин Д.Рузвельт: “Бизнесмэн хэзээ ч улс төрийн сайн зүтгэлтэн болдоггүй. Түүний цорын ганц сонирхол бол халаасаа зузаатгах явдал болохоос ард түмэн огт биш” гэж зүгээр нэг хэлээгүй нь лавтай.

 

ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР Р.ДАВААДОРЖ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Иргэн (103.212.118.104)

    2021-03-25

    Одоо яагаад ч нэмэргүй шүү яаж бахираад галт тэрэг хөдөлсөн харин ч сонирхолтой тулалдаанууд шүүгч нарын босоо байрлалтай сээкс мэтээ харж баясая жинхэнэ мөнгөний сонгууль болно иргэн бүрт 10000 дайлуур өгчихөө тэгвэл саналаа өгнөө гээд хэвтчихээрэй

  • (122.201.22.128)

    2021-03-17

    Хүрэлсүхииг сонгож болохгүй замын дундаас дайны фронтоос зугтаж сурсан хүн шүүдээ одоогии ёрөнхиилэгчээ өдөөн татаад ахмад настны төлөө ёрөнхиилэгч мааньл шиидвэр гаргаж байдаг энэ зза засаг бол юу ч хиихгүй дандаа үёэл ах дүүс бас мэдээ уншиж байсан сэтгүүлчид өөр ард иргэдээ бодох ахмад настанаа бодох сайд дарга алга байна

  • Зочин (139.5.218.110)

    2021-03-17

    Энэ унэны ортой шуу иймд Хурэлсухыг еронхийлогч болгож 30 гэр булийн хоронгийг хураах улсад авах хэрэгтэй ард иргэд уунийг хусэж бна туунээс биш тэнцвэржуулэх юм огт биш зарим хучин ингэж хэлээд бна битгий хууртай нэг намд бух эрх мэдэлийг огоод 4-8 жил явж байж мэдэгдэнэ туунээс биш тэнцуулэж болохгуйг ард тумэн минь ойлгоорой

  • (192.82.84.173)

    2021-03-17

    үнэн

  • зочин (66.181.188.26)

    2021-03-17

    Үе үеийн УИХ-ын бүрэлдэхүүнийг судла. Намд хөрөнгө мөнгөтэй хүн хэрэгтэй. Хөрөнгө мөнгөтэй хүн намд шургалаад, дараа нь УИХ, Засгийн газарт шургалаад өмч хувьчлалаас эхлээд хууль тогтоох хүртэл эрх мэдэлд хүрч, сайд болоод төсөл, тендер, зээл, ЖДҮ, уул уурхайн лиценз гэх мэтийг шүүрч аваад баяжин УБ хотын газрыг хахуулиар эзэлж өндөр барилгууд барьж, оффшорт мөнгөө хадгалав. 1992 оноос хойш хэдэн хувь компаний эзэд сонгогдсоныг судлаад үзэхэд харагдана. УИХ, Засгийн газарт байсан хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүссэн, яаж шийдсэнийг үзэж судлахад улс өр зээлд баригдсаны шалтгаан гарна.

    2021-03-17

    үнэн

  • (66.181.188.218)

    2021-03-17

    Зөв