Саяар тоологдох цалинтай ч амьдралын баталгаагүй амьжиргаа хөөгчид…
- 2021-03-17
- Топ сэдэв
- 0
Цуврал сурвалжилга-3
Цагаан хаданд амьдарч, ажиллаж байгаа жолооч нар өндөр цалинтай хэмээн захын хүн ярих. Зарим нь Монголд амьдраад Солонгост ажиллаж байгаа юм шиг цалин авдаг хэмээн хөөргөдөх… Үнэндээ тэд тэр цалинг авахдаа өдөр бүхэн маш том эрсдэл үүрч, Аса Аваргын хэлсэн шиг “алаан болж байж” арайхийн авч байгаа цалингийн тоолох нь их сонсдох ч тоо томшгүй их эрсдэл нь хөшигний ард үлддэг нь харамсалтай. Өдөр бүхэн нүд чихгүй тоосрон босох нүүрсэн хуй салхинд цохиулж, нүд, шүд гялалзахаас илүү гарахгүй шахам тортог дунд ажиллаж амьдрах Цагаан хаданд байнгын хаяггүй ч байнга байрладаг хүмүүс нь өнөө л 15 мянган жолооч нар. Эрүүл мэнд, гэр бүл, амь насаа ч дээсэн дөрөөн дээр орхин зүтгэж байгаа эдгээр жолооч нарын хамгийн том зовлон нь хэзээ ч нөмөрч мэдэх эрсдэл. Харин өнөөдөртөө авч байгаа цалиндаа сэтгэл ханан, маргаашийг таг мартан зүтгэх тэдний хувьд компанидаа гологдож, жагсаалаас гарчихгүйн тулд унтах нойроо ч хасан зүтгэх бөгөөд энэ хэрээр тэдний эрсдэл илүү өсч, тэр хэрээр тэдний насжилт нүүрсний замыг даган хуйлрах хуй салхи ч алсын хөнөөл ихтэй ч тэд даанч тоохгүй зүтгэнэ… Үнэндээ эдгээр жолооч нар шиг эзэнгүй, эрх ямбагүй, маргаашгүй, баталгаагүй амьжиргаа хөөгчид Монголоос өөр улсад байдаг юм болов уу даа гэмээр хөндүүрлэм төрхийг зөвхөн Цагаан хаданд л харна…
… Өдөрт НАБТ-ын талбайгаас 600 машин гарч байгаа, дунджаар. Даанч хятадаас татаж байгаа нь энэ тоондоо дүйдэг учир нүүрсээ ачаад НАБТ-ын талбайгаас гарсан машинууд замдаа хамгийн багадаа дөрөв хонож хилээр нэвтэрч байгаа. Учир нь Цагаан хаднаас Ганц модны боомт хүртэлх 22 километр газарт зам дагуу 1800-2500 хүртэл машин дугаарлаж байдаг. Тиймээс өдөрт нэг машин 2-6 километр газар хороодог гэсэн үг. Энэ бол хятадын талаас дугаарлаж байгаа машинуудыг маш сайн татсан нөхцөлд гэж байгаа…
Харин монголын нүүрс тээврийн машинуудаас хятадын гааль дээр хилээр гаргахыг хориглосон бараа, таваар илэрбэл нүүрс ачсан машинуудын цуваа 13 хүртэл хоногоор зам дээр дугаарлаж, жолооч нар сарын талыг машины кабинд өнгөрүүлэхээс өөр аргагүй байдалд ордог. Нэгэнт дугаарлалтад орчихсон машины жолооч нарын хувьд биеийн чилээ гаргах, бие засах төдий л машинаас бууна уу гэхээс зайлшгүй шаардлага үгүй бол кабиндаа байнга байна. Дангаараа 120 тонн, чиргүүлтэйгээ 240 тонн ачаа ачиж, хоёр улсын хилийн дунд 22 километрыг метр метрээр ахиж туулдаг жолооч нарын хувьд үүнээс өөр сонголт үгүй нь даанч харамсмаар…
Ханбогд сумын нутагт орших Цагаан хаданд үнэндээ хуруугаар өлгөчих бүтээн байгуулалт байхгүй шахам байсаар л. Таван чиглэлийн төрийн албан хаагчид энд ажиллаж байгаа ч дөмөгхөн байгууламж үгүй, ямартаа гаалийн байцаагчид нь өнөө хэр чингэлэгт эгнүүлсэн нааран дээр “сүүжнийхээ чилээг гаргадаг” эмгэнэлтэй дүр зураг өөрчлөгдөөгүй, 10 гаруй жилийг үдэж буй нь нууц биш…
Гэтэл Цагаан хаднаас 2.5 километрт маш том бүтээн байгуулалт, очрин цагийн цогцолбор байгуулагдаад гурван жилийн нүүрийг үзэж байх юм. Монгол Улсын Засгийн газрын “Авто зогсоолын цогцолбор байгуулах тухай” 2018 оны 101 дүгээр тогтоолын дагуу нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа 15 мянга орчим жолоочийн ая тухтай амрах нөхцлийг бүрдүүлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг үр дагаварыг бууруулах, Гашуунсухайтын замаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан чихэлдэн зогсох нүүрсний тээврийн хэрэгслийг нэгдсэн зохион байгуулалттай зогсоолд зогсоож, Төрийн нэг цэгийн үйлчилгээг хүргэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт “Тайван зогсоол” цогцолбор төслийг хэрэгжүүлсэн аж.
Уг зогсоолд нүүрс тээврийн 2000 машин зогсох хүчин чадалтай гэнэ. Харин Цагаан хадны НАБТ-ын талбайгаас Хятадын Ганц модны боомт руу нүүрс тээвэрлэж, хилээр гаргах зөвшөөрөлтэй 3500 орчим машин байдаг бөгөөд уг зогсоолыг бүрэн ашиглахад өнөөдөр зам дагуу эгнэж зогссон машины 70-аас дээш хувь нь багтах бүрэн боломжтой гэж байгаа. Харамсалтай нь Цагаан хаданд ажиллаж байгаа машинуудыг хамаарах 140 гаруй компани БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай. Хятадын компанид Монгол жолооч нар нэг рейсийг 1.800.000 төгрөгийн цалинтайгаар ажилладаг. Ингэж ажилладаг жолооч нарыг “бэлэн”-гийнхэн гэж хочилдог бөгөөд богинын тээвэрт явдаг жолооч нар гэдэг. Тэд Тавантолгойн нүүрсний уурхайгаас Цагаан хаданд тээвэрлэгдэж ирээд НАБТ-д буулгагдсан нүүрсийг эргүүлэн ачиж Хятадын хилээр гаргана. Ингэхдээ жолооч нар машинаасаа бараг буухгүй шахам, маш эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажиллаж байгаа учир амь, нас, эрүүл мэндээрээ хохирох байдал тасрахгүй байгаа аж.
Тиймээс энэ асуудалд төрийн анхаарал, зохицуулалт хэрэгтэй байгааг хаана хаанаа анхаарах хэрэгтэй бөгөөд нэгэнт уг газар тийм том бүтээн байгуулалт, орчин цагийн стандартад нийцсэн цогцолбор баригдсан байхад ямар нэгэн төрийн зүгээс үзүүлдэг дарамт үгүйгээр тэнд амьдарч, ажиллаж байгаа иргэд, олон нийтийн эрх ашигт нийцсэн ажлыг хийх нь зөв санагдсан. Магадгүй богинын тээвэр хийж байгаа жолооч нар Тайван зогсоолыг албан ёсоор ашиглаж эхэлсэнээр өнөөдөр Цагаан хаднаас Ганц модны боомт хүртэлх 22 километрт хамгийн ихээр тулгамдаж байгаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам дээр зогсоохгүй, нэгдсэн зохион байгуулалтад орно. Түүнээс гадна, танил талаараа дамжуулан хилээр түрүүлж гардаг байдал зогсож, хил рүү гарахдаа зогсоолд орсон өдөр, цаг, минутаар бүртгүүлсэнээрээ нэгдсэн зохион байгуулалтаар татан авалт хийж гарах зэрэг сайн тал олон байгааг Тайван зогсоолын менежер яриандаа онцолж байсныг энд дурдах нь зөв байх.
Түүнчлэн төр хувийн хэвшлийн түншлэлээр хүчээ нэгтгэж зохион байгуулалтад орсоноор Цагаан хаданд өнөөдөр машид тулгамдаад байгаа байгаль орчин бохирох, доройтох, хүний буруутай үйлдлээс болж хөрс үржил шимээ алдаж, цөлжих байдал эрс багасч, жолооч нар аюулгүй тээвэрлэлт хийх боломж бүрдэх сайн талтай. Хамгийн гол нь өнөөдөр Цагаан хаданд ажиллаж байгаа 15 мянга орчим жолооч нарын авто зам дээр дугаарлаж байгаа машиндаа хэд хонох, хэрхэн ядарч, ямар нөхцөлд хэрхэн ажиллаж, нүүср тээвэрлэли хийж хил дээр очиж, хятад компанийн ажлыг хийх огт чухал биш бол Монгол Улсад, Монголчуудад Монгол хүний үнэ цэн амь амьдрал, хөдөлмөрлөх эрх нэн чухал. Үүнийг ч Үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхтэй хэмээн заасан байдгийг мартаж болохгүй юм.
Энэ дашрамд өгүүлэхэд өнөөдөр Цагаан хаданд нүүрс тээврийн машинууд замын нэг урсгалыг эзэлж дугаарлалт үүсгэн зогсож байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.2, 12.2.1-ийг зөрчиж байгааг хэлэх хэрэгтэй байх.
Учир нь Замын хөдөлгөөнд оролцогч, змын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчино хэмээн заасан байдаг.
Гэтэл хилээр гарах нүүрс ачсан том оврын машинууд Гашуунсухайтын авто зам дээр дугаарлалт нэрээр чихэлдэж, тус замын хоёр урсгалын нэг нь байнгын бөглөрөлтэй байдгаас замын хөдөлгөөнд оролцож байгаа машинууд зөрөх, гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийхэд хязгаарлагдмал байдал үүсгэж, зам тээврийн осол гарах үндэслэл болж байгаа нь үнэн юм.
Сэтгэгдэл (0)