"Түгээмэл загвар"-ыг бүрдүүлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цөөнгүй асуудал шийдэгдэнэ
- 2021-03-17
- Өөр өнцөг
- 0
Коронавирус цар тахлын энэ үед олон асуудал тулгамдаж байгаагийн нэг нь тусгай хэрэгцээт хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийг дэмжих, халамжийн дэмжлэг, нийгмийн хамгааллыг сайжруулах юм. Тэгвэл энэ асуудлын хүрээнд ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамиртай ярилцлаа.
Монгол Улсад Үндэсний статистикийн хорооны 2020 оны мэдээгээр хөгжлийн бэрхшээлтэй 108399 хүн байгаагийн 11 мянга гаруй нь 0-18 насны хүүхэд байна. Нийт хүн амын 3.4 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Үүний 56 хувь нь эрэгтэй, 44 хувь нь эмэгтэй байна.
Манай улсад хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна вэ? Тэдэнд чиглэсэн бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхэлье?
-Монгол Улсад Үндэсний статистикийн хорооны 2020 оны мэдээгээр хөгжлийн бэрхшээлтэй 108399 хүн байгаагийн 11 мянга гаруй нь 0-18 насны хүүхэд байна. Нийт хүн амын 3.4 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Үүний 56 хувь нь эрэгтэй, 44 хувь нь эмэгтэй байна. Мөн Үндэсний статистикийн хорооны Ажиллах хүчний судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 30 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн статистик гарсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд УИХ-аас баталсан. Энэ хууль нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өмнө нь бусдаас хамаарсан, зөвхөн халамж хүртэгч гэж хардаг байдлыг өөрчилж, хүний эрхийн зарчимд суурилсан хууль болсон.
Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2017 оны 321 дүгээр тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих Үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үндэсний хөтөлбөр нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенц, Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний “Эрхийг бодит болгох” Инчеоны стратеги, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгууд /2015-2030/, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн баримт бичигт туссан зарчмуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн. Тус хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн бүх төрлийн харилцаанд бүрэн оролцох нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаар эерэг ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд оролцуулах, дуу хоолойг нь олон нийт, шийдвэр гаргах түвшинд хүргэх чиглэлээр 8 зорилт, 116 арга хэмжээг тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 2018 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Үүний зэрэгцээ бид БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг байгуулан 2019 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Энэ төв маань улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт оношлох, сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ боловсрол, хөгжлийн дэмжлэгийн шаардлагатай бүх төрлийн цогц үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа. Төв маань өдөрт 250 хүүхдэд амбулаториор оношлогоо хийх, 250 хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд АХБ-ны төслийн дэмжлэгтэйгээр тус төв болон Сэргээн засах төвийн үйлчилгээгээ цахимжуулсан. Ингэснээр эмнэлгүүд мэдээллээ түргэн шуурхай солилцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусламж үйлчилгээ авах, дараалал, дугаар захиалах, чаат, дуу, дүрстэй шууд холбогдох, эмч эрүүл мэндийг хянах, цахимаар мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг олон давуу тал бий болсон. Мөн үйлчлүүлэгчийн карт, эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан бүрдэж улсын хэмжээний нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрдэж байгаа юм.
Хөтөлбөрт 2020 оны 12 сарын байдлаар өссөн дүнгээр нийт 2,844 иргэн хамрагдаж 3,376,910.9 мянган төгрөг зарцуулж 1089 ажлын байр бий болсон байна.
-Өнөөдрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах асуудал бол бүх салбарын, бүхий л шатны, хүн бүрийн хичээл зүтгэл, оролцоо, хамтын ажиллагааны явцад үр дүнд хүрдэг. Иймд бид энэ чиглэлээр цөөнгүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн бүлгүүдэд чиглэсэн тодорхой хөтөлбөр арга хэмжээнүүд хэрэгждэг.
Эдгээрийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд мэргэжлийн сургалтад хамруулах, хөдөлмөрт бэлтгэж, дэмжлэгтэйгээр ажилд зуучлах, санхүүгийн дэмжлэг олгох, ажил олгогчийг дэмжих замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байртай болгох зэрэг арга хэмжээнд хамруулж байна. Хөтөлбөрт 2020 оны 12 сарын байдлаар өссөн дүнгээр нийт 2,844 иргэн хамрагдаж 3,376,910.9 мянган төгрөг зарцуулж 1089 ажлын байр бий болсон байна.
Түүнчлэн олон улсын байгууллага, доноруудтай хамтран үндэсний хэмжээнд болон зарим орон нутагт тодорхой асуудлаар цөөнгүй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх төсөл”-ийг 2018-2022 оны хооронд хэрэгжүүлж байна. Энэ төсөл маань энэ салбарт Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж байгаа анхны маш том төсөл юм. Төслийн хүрээнд Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөгжлийн нэгдсэн төв, Архангай, Дархан-Уул, Дундговь, Хөвсгөл, Ховд, Дорнод аймгуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барих юм. Үүний зэрэгцээ хамгийн чухал нэг асуудал бол бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, энэ чиглэлийн шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдэнд чиглэсэн бүх төрлийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүртээмжтэй орчинг бүрдүүлэх, олон нийтийн ойлголт хандлагыг сайжруулах зэрэг үндсэн 5 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төсөл маань хэрэгжих юм.
Мөн ирэх 4 дүгээр сараас Японы олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” чиглэлээр 4 жилийн хугацаатай төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ төслийн хүрээнд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн шинэ төрлийн үйлчилгээ, тухайлбал дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийн загварт тулгуурлан Job coach буюу ажлын байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дэмжлэг үзүүлэхээс гадна ажлын байрны орчинг бүрдүүлэх талаар ААН, байгууллагуудад зөвлөгөө өгөх үйлчилгээг нэвтрүүлэх юм.
Түүнчлэн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор” барих төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ цогцолбор нь нийтдээ 19,567.0м2 талбай бүхий зочид буудал, 200м тойрог бүхий манеж, гадна талдаа 400м тартан зам, 200 ортой тамирчдын байрлах байр, 150 хүн зэрэг хооллох хоолны газар, хурлын танхим, заалны тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулах спорт заал, фитнесс заал, жудо бөх, хүндийн өргөлт, таеквандо, сагсан бөмбөг, суугаа волейбол, ширээний теннис, хөнгөн атлетик, байт харваа, хонхот бөмбөг, буудлага зэрэг пара спортын 10 төрөлд зэрэг хичээллэх боломжтой бэлтгэлийн заалтай олон улсын стандартад нийцсэн тусгай тоноглол бүхий цогцолбор байна. Спорт цогцолбор жилийн 4 улиралд 200-400 тамирчин 10 төрлөөр тогтмол хичээллэх боломжтой орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байх юм.
Бидний анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал юм. Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт үед нь илрүүлэх асуудал хамгийн чухал бөгөөд энэ нь хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, хэрэв хөгжлийн бэрхшээлтэй бол илүү хүндэрч, даамжрахаас нь урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Иймд бид Японы олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийг 2016-2020 онд хэрэгжүүлсэн бөгөөд ирэх 4 жилд тус төслийн 2 дугаар шатыг мөн хэрэгжүүлж байна.
Үүний зэрэгцээ Норвегийн тусламжийн байгууллагатай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийг Ховд, Баян-Өлгий аймгуудад хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд эдгээр аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эхчүүдэд чиглэсэн олон үйл ажиллагаа, мөн төрийн байгууллагын албан хаагчдын чадавх бэхжүүлэх олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
-Цар тахлын энэ үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эдийн засаг, амьжиргааг дэмжсэн хөтөлбөр хэрэгжиж байна уу?
-Коронавируст халдварийн цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг дэмжих, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд Засгийн газрын 2020 оны 167 тогтоолоор Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг тодорхой хугацаанд сар бүр 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288.0 мянган төгрөг олгож байна.
Түүнчлэн цар тахлын үед Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн засгийн газрын тусламжтайгаар НҮБ-ын Хүн амын сантай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн 300 багц, мөн НҮБ-ын Хүн амын сангаас цар тахлын үед байнгын асаргаа шаардлагатай, нуруу нугасны гэмтэлтэй, хэвтэрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор насанд хүрэгчдэд зориулсан 440, дэвсдэг 310 ширхэг живх, Холбооны бүгд найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны санхүүжилтээр “People in need Mongolia” олон улсын байгууллагатай хамтран хүнс болон зайлшгүй хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний тусламж, дэмжлэг, Туркын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ТИКА)-ын Улаанбаатар хот дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран 2000 өрхөд 10 нэр төрлийн хүний багцыг тараах зэрэг багагүй ажлыг зохион байгуулсан байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хичнээн төрлийн нийгмийн халамжийн үйлчилгээний үзүүлдэг вэ? Эзэддээ хүрдэг үү.
-Нийгмийн халамжийн тухай хуулийн хүрээнд 72 нэр төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн доод тал нь 2-3 төрлийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг. Тухайлбал, нийгмийн халамжийн тэтгэврийг нийт 39,728 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгоход 2020 онд 108,5 тэрбум төгрөгийг халамжийн сангаас зарцуулсан байна. Мөн одой 108 иргэнд 309.5 сая төгрөг, 16-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа 16409 иргэнд 13.6 тэрбум төгрөгийг, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа 10763 иргэнд 13.7 тэрбум төгрөгийг тус тус халамжийн сангаас олгосон байна.
“Бүх шатны сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх тухай” 2020 оны тушаалаар журам байдаг. Энэхүү журам нь бүх шатны сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг төр, хувийн хэвшлийн оролцоотой бүрдүүлэхээр судалгаанд үндэслэн зохицуулсан байдаг. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд оршин суугаа газартаа цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамрагдах, багш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцсэн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд их, дээд сургуульд элсэн суралцах орчин, нөхцөл бүрдэх юм.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын сурч боловсрох эрхийг хангах талд дэвшилт гарсан уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй 11 мянга гаруй 0-18 насны хүүхэд байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс 2016 оноос манай яамны бүтцэд ажиллаж байна. Комисс маань 21 аймаг, 9 дүүрэгт нийт 30 салбар комисстой. Салбар комиссын үндсэн чиг үүрэг нь хүүхдийн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, улмаар эрүүл мэндийн болон боловсролын, нийгмийн халамжийн шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах, энэ чиглэлээр эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх явдал юм. Энэ чиглэлээр бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх тухай хамтарсан тушаалыг баталж, анхан шатанд хэрэгжүүлэх байгууллагуудад хүргүүлсэн. Энэ зааварт тус 3 салбарын анхан шатны холбогдох байгууллага, албан тушаалтан юу хийх талаар алхам бүрээр нь маш тодорхой зааж өгсөн.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Бүх шатны сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх тухай” 2020 оны тушаалаар журам байдаг. Энэхүү журам нь бүх шатны сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг төр, хувийн хэвшлийн оролцоотой бүрдүүлэхээр судалгаанд үндэслэн зохицуулсан байдаг. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд оршин суугаа газартаа цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамрагдах, багш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцсэн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд их, дээд сургуульд элсэн суралцах орчин, нөхцөл бүрдэх юм.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 208 дугаар тогтоолоор ердийн хэв шинжтэй цэцэрлэг, сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид үндсэн цалингийн 10 хувийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн. Өмнө зөвхөн тусгай сургууль, цэцэрлэгийн багш нар нэмэгдэл авдаг байсан бол 2021 оноос эхлэн ердийн хэв шинжтэй цэцэрлэг, сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид энэхүү нэмэгдэл олгогдож эхэлж байгаа юм. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зөвхөн тусгай сургууль, цэцэрлэгт хамруулах биш сургалтын бүх байгууллагад тэгш хамруулан сургах боломжийг бий болгож байгаа юм. Нөгөө талаас багшид энэхүү нэмэгдлийг олгосноор тэдний хүүхдийн онцлог хэрэгцээнд тохируулан ажиллах нэмэлт ажил үнэлэгдэх, ердийн цэцэрлэг, сургууль тэгш хамран сургах орчин нөхцөлөө сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд оршин суугаа газартаа цэцэрлэг, сургуульд хамрагдах дэмжлэг, хөшүүрэг болох юм.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын суралцах эрхийг тэгш хангах чиглэлээр Засгийн газрын 2020 оны “Тэгш хамран сургах боловсролын талаар авах арга хэмжээний тухай” 235 дугаар тогтоол батлагдсан.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хувьд Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу холбогдох бүх тусламж үйлчилгээг үзүүлдэг. Эрүүл мэндийн сайдын Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэх талаар 2017 онд тушаалыг баталсан байдаг. Тус тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх, туслах хэрэгслийн талаар мэдээлэл өгөх талаар маш тодорхой зааж өгсөн.
Энэ салбарт зайлшгүй анхаарах асуудлуудын нэг бол дэд бүтцийн хүртээмжээс гадна сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэх дохионы хэлтэй эмч, ажилтан ажиллуулах, мөн хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдэд шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг саадгүй хүргэх асуудал байдаг. Мөн хэл засалч, хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах мэргэжлийн хүний нөөцийг тасралтгүй бэлтгэхэд анхаарах шаардлагатай байна.
-Тулгамдаж байгаа гол асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж болох вэ?
-Мэдээж бид бүх асуудлаа шийдчихээгүй, тулгамдаж байгаа асуудал цөөнгүй байна. Гэсэн хэдий ч бид асуудлуудыг шийдэхийн тулд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ хамтран ажиллаж байна.
Нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал бол зөвхөн нэг яам, эсвэл нэг байгууллага, түүн дотроо асуудал хариуцсан ганц газрын асуудал биш, салбар дундын, хүн бүрийн асуудал юм.
Хүн ямар эрх эдлэх ёстой байдаг вэ, хүнд ямар хэрэгцээ байдаг вэ, тэр бүгдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эдлэх ёстой. Өөрөөр хэлбэл боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг бүх хүн ямар нэг саад бэрхшээлгүй авдаг бол тэд мөн адил байх ёстой. Хүн бүр хөдөлмөр эрхэлж, цалин орлоготой байдаг бол тэд мөн ийм эрхтэй. Хүн бүр хүссэн үедээ гадуур зугаалж, кино үзэж, урлаг соёлын үйлчилгээнд хамрагддаг шиг тэд бас үүнийг хүсдэг. Гэтэл энэ бүхэнд хамгийн чухал асуудал бол хүртээмж байдаг. Дэд бүтцийн болон мэдээллийн хүртээмж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэргэнцэртэй хүн гэрийнхээ хаалгаар гараад орцондоо лифтгүй бол шатаар буухад, цаашлаад гудамжаар явахад, нийтийн тээвэрт суухад, аль нэг байгууллага, үйлчилгээний газарт ороход, орц гарц, хаалганы довжоо, налуу зам, ариун цэврийн байгууламж гэх мэт маш олон саад бэрхшээл байна. Түүнчлэн сургуульд сурахад үүднээсээ авахуулаад саад бэрхшээлтэй, ариун цэврийн байгууламж нь хүртээмжгүй, ажилд орлоо гэхэд орчин нөхцөл нь бүрдээгүй гэх мэт энэ олон саадаас болоод сурч чадахгүй, улмаар ажилд орж чадахгүй, үүнээсээ болоод орлогогүй, улмаар ядууралд өртөх гэх мэт гинжин хэлхээ үүссэн байдаг. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд аливаа мэдээллийг саадгүй авах, харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд мөн л аюулгүй саадгүй орчин, брайль болон сонсдог ном сурах бичгийн хүртээмж гээд олон асуудлууд байна. Нөгөө талаас хөгжлийн бэрхшээл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “харах” хүн бүрийн харцыг, ялангуяа ажил олгочид, олон нийтийн ойлголт хандлагыг эерэгээр өөрчлөх бас нэг шаардлага байдаг.
Тэгэхээр яах аргагүй салбар бүр, хүн бүр энэ хүмүүсийн асуудалд анхаарах, оролцох хэрэгтэй болж байгаа биз? Энэ хүрээнд бид Засгийн газрын тогтоолоор бүх яамдад Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл, аймаг нийслэлд Засаг даргаар ахлуулсан салбар зөвлөлийг байгуулж өгсөн. Эдгээр зөвлөлүүдэд тухайн салбар, тухайн шатанд өөрсдийн эрхээ хангуулах чиглэлээр санал санаачлага гаргаж, төрийн байгууллагуудыг шахаж хамтран ажиллах үүрэгтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл байдаг.
Түүнчлэн бид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтөө батлуулсны дараа бид Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих 2023-2027 онд хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулан батлуулахаар төлөвлөж байна. Мөн өмнө ярьсан дэд бүтцийн болон мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсад анх удаа Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа.
Мөн Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгуудад эдгээр иргэдийн эрхийг хангахтай холбоотой олон сайн зохицуулалтууд хийгдэж байна. Цаашид нийгмийн халамжид хамрагдаж байгаа хөдөлмөрлөх чадвартай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн шинэ төрлийн үйлчилгээнд хамруулах, өрх иргэдийг чадавхижуулах, идэвхжүүлэх хөтөлбөрүүд, нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг хүргэх чиглэлээр цөөнгүй ажлуудыг төлөвлөж байна.
Нэмж хэлэхэд бид аливаа зүйлийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж, тусгайлж биш бүх хүн, түүн дотроо хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настанд ямар ч саад бэрхшээлгүй байдлаар, бүх нийтээрээ саадгүй хэрэглэж, ашиглаж болох байдлаар хийгээд өгчихвөл л ер нь бүх асуудал шийдэгдлээ гэсэн үг юм. Үүнийг Universal Design буюу Түгээмэл загвар гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусад хүмүүсийн адил эрхтэй. Тэдний эрхийг хангахад бүх шатанд, бүх салбарын, хүн бүрийн хүчин зүтгэл, оролцоо маш чухал шүү гэдгийг л дахин хэлье дээ.
Энэ салбар, энэ сэдэв маань маш өргөн хүрээний, олон салбарын асуудал учраас салбар тус бүрээс нь бодлого, үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудынх нь талаар цуврал байдлаар ярилцвал илүү зүгээр болов уу.
Г.Мичидмаа
Эх сурвалж: shuud.mn
Сэтгэгдэл (0)