Ц.Болорчулуун: Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг хаврын технологит ажил эхлэхээс өмнө олгохоор төлөвлөсөн
- 2021-03-18
- Эдийн засаг
- 0
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.
-Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г баталсан.
Энэ хүрээнд 500 тэрбумын хөнгөлөлттэй зээлийг мал аж ахуй, ноолуур, газар тариалангийн салбарт олгохоор болсон.
Зээл хэзээнээс эзэддээ хүрэх боломжтой вэ?
-Засгийн газраас баталсан 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум, ноолуурын салбарт 200 тэрбум, малчдыг дэмжихэд зориулж 200 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан.
Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийн тухайд эх үүсвэрийг арилжааны банкууд гаргана.
Энэ ажилд Төрийн болон Хаан банк оролцож байна. Хоёр банкны удирдлагатай уулзах, хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэх, шаардлагатай бичиг баримтыг яамны зүгээс бүрдүүлэн өгөх зэрэг бэлтгэл ажилд нэг сар орчмын хугацаа орох байх. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 20-ноос хойш малчдад зориулсан зээл олгогдох болов уу гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байна.
Газар тариалангийн 100,ноолуурын салбарын 200 тэрбум төгрөгийн зээлийн тухайд эх үүсвэрийг Монгол Улсын Хөгжлийн банк гаргахаар ажиллаж байна. Манай яамнаас тус банкны удирдлагуудтай уулзалтууд хийж,асуудлаа харилцан ярилцаж, ойлголцолд хүрч байна. Зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргаж, шаардлага хангасан арилжааны банкуудаар дамжуулан олгоно.
Энэ сарын 15-наас эхний байдлаар зүүн аймгуудаас ноолуур гарч эхэлнэ. Тиймээс ноолуур бэлтгэлийн ажилд зориулах зээлийг яаравчлах шаардлагатай. Хаврын тариалалт ч гэсэн дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлнэ. Тиймээс эдгээр ажил эхлэхээс өмнө зээлийг олгохоор хоёр тал хамтран ажиллаж байна.
-Малчдад 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн байна.
Гэхдээ энд нэг онцлог бий. Малчид хүүхдийн сургалтын төлбөр, ахуйн хэрэгцээ гэх зэргээр ихэвчлэн хэрэглээний зээл авдаг.
Тэгвэл малчдын бизнес, үйлдвэрлэлийг дэмжсэн өгөөж тал руу 200 тэрбумыг яаж чиглүүлэх вэ?
-Энэ мөнгийг хэрэглээний зээл болгоод өнгөрөх бус мал аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд бодлогоор чиглүүлье гэж төлөвлөсөн. Арилжааны банкуудад малчдад зээл олгож байсан туршлага бий. Гэхдээ ихэвчлэн хэрэглээний зээл гардаг байсан. Тэгэхээр одоо банкууд орон нутгийн салбаруудаасаа судалгаа аваад, яамнаас өгсөн чиглэлийн дагуу зээл олгохоор тохирсон.
-Аливаа нөлөөллөөс ангид байж, зээлийг зориулалтынх нь дагуу хүртээмжтэй, шударга хуваарилахад салбарын яам ямар чиглэл барьж байгаа вэ?
-Уг зээл арилжааны банкуудаар дамжина. Мэдээж банкууд өөрсдийн санхүүгийн эрүүл мэндээ бодож зохих шаардлагуудаа тавиад явах учир хөндлөнгийн нөлөө орохгүй. Мөн авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналтаа тавиад явна. Үүнээс гадна мал аж ахуйн үйлдвэрлэлд хэр үр нөлөөтэй байна гэдэгт яам бодлогын хяналт тавина. Тухайлбал, яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас арилжааны банкаар олгож байгаа зээлүүдэд судалгаа хийж, үр дүнг тооцоход анхаарч ажиллана.
-Зарим улаанбуудай тариалагч зээлээ зориулалтын бусаар ашиглаж, тэжээлийн ургамал, рапс тариалах зэргээр эрсдэл багатай, амархан борлуулах боломжтой тариалалт руу хийгээд байна гэх шүүмжлэл бий.
Ер нь зээлийг зориулалтын бусаар ашиглах эрсдэлийг хэрхэн хаах вэ?
-Банк зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж байгаа. Хүнсний улаанбуудай тариалах зориулалтаар зээл авчихаад намар болц гүйцээгүй, хурааж амжаагүй байдлаас шалтгаалж тэжээл рүү шилжүүлэх асуудал ажиглагдаж байсан. Цаашид яам болон орон нутгийн түвшинд зээлийг яг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хэсэгчилсэн мониторинг тухай бүрт нь хийгээд явна. Тухайлбал, хаврын тариалалтын явцын үед орон нутагт ажиллаж, зээлээ зориулалтын дагуу хэр үр дүнтэй ашиглаж байгаад хяналт тавьж ажиллана.
-Энэ жил манай улс 470 гаруй мянган тонн улаанбуудай хурааж авна гэж төлөвлөжээ. Гэвч сүүлийн жилүүдэд намар хурааж авсан буудай анх төлөвлөснөөс дутах тохиолдол их гарах боллоо.
Дээрх төлөвлөгөөнд хүрэх боломжтой юу?
-Сайд жил болгон аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэрээ байгуулдаг. Тухайн аймгийн тариалангийн талбай, сүүлийн жилүүдэд авч байсан улсын дундаж ургац хэмжээг тооцоолоод тариалалтынхаа үндсэн зорилтуудыг гаргадаг. Уг зорилтыг үндэслэж намар хурааж авах ургацынхаа хэмжээг тодорхойлдог. Энэ хүрээнд төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Гэхдээ зарим жил төлөвлөгөөндөө хүрэхгүй байх, мөн бага хэмжээгээр давуулах нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр ямар ч байсан хаврын тариалалтыг технологийнхоо хугацаанд хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлага байна. Үүний тулд тариаланчид маань бэлтгэл ажлаа чамбай хангаад, яг технологийнхоо хугацаанд тариалалтаа эхлүүлэх хэрэгтэй.
Жил бүр Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс зөвлөмж гаргуулдаг. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулаад хавар тариалалтыг хэрхэн зохион байгуулах, хэдий үед эхлэх нь оновчтой тухай нарийвчилсан зөвлөмжийг тариаланчдад хүргүүлдэг. Тиймээс гарсан зөвлөмжийн дагуу хаврын тариалалтаа технологийн хугацаанд хийж гүйцэтгэх нь хамгийн чухал ажил юм. Дараа нь мэдээж ургамал хамгааллын бодис, бордоог цаг тухайд нь зохистой хэрэглэх зайлшгүй шаардлага бий. Үүнийгээ бас технологийнхоо хугацаанд хийж гүйцэтгэх нь ургацын чанарт чухал нөлөө үзүүлнэ. Энэ харилцан уялдаатай арга ажиллагааг үе шаттай авсны дараа ургац хураалтын ажил эхлэхэд хураалтын техникийн бэлтгэл ажлыг хангасан байх шаардлагатай.Техникийн болон хүч хүчний нөөц, бусад санхүүгийн бэлтгэлийг сайтар хангах нь маш богино хугацаанд ургацаа алдагдал багатай хурааж авах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэж байж бид төлөвлөсөн ургацаа хурааж авах бүрэн боломжтой. Хураагаад авсны дараа цэвэрлэх, хатаах зэрэг ажил байна. Мөн үйлдвэрүүдэд тушаах, борлуулах зэргээр үе шаттай явна. Энэ бүх ажлыг цогцоор нь технологийн үе шатуудад урьдчилсан бэлтгэлийг сайн хангаж, маш сайн сахилга баттай байж төлөвлөсөн ургацаа авна. Бидний хамтын хөдөлмөр нэн чухал юм.
-Манай улс улаанбуудайгаа дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьдаг ч сүүлийн жилийн жишээг харахад энэ зорилтод хүрч чадахгүй байна.
Стратегийн хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангахад ямар чиглэл барьж байна вэ?
-Стратегийн хүнсний бүтээгдэхүүн гэдэгт хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай орж байгаа юм. Жил бүр яамнаас гаргасан зорилтын хүрээнд намар хурааж авах ургацаа дотоодын хэрэгцээгээ хангахуйц хэмжээнд хүргэнэ гэж төлөвлөдөг. Сүүлийн жилүүдэд төлөвлөгөөнд бага зэрэг дутах асуудлууд байгаа. Энэ нь олон хүчин зүйлээс хамаарч байна. Ер нь цаашид бид газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг л бий болгох ёстой. Тогтвортой байна гэдэг нь цаг агаарын ямар ч нөхцөл тулгарсан зорилтот ургацаа хурааж авдаг байх явдал юм. Эхлээд тогтвортойгоор хөгжүүлье. Улмаар илүү үйлдвэрлэж экспортолъё гэсэн зорилтыг дэвшүүлж байгаа. Тэгэхээр үүнд олон хүчин зүйл нөлөөлнө. Нэгдүгээрт, үрээ дотооддоо бүрэн үйлдвэрлэх асуудал нэн чухал. Үр улаанбуудайн үйлдвэрлэлийн зардлын 25-30 хувийг эзэлдэг. Иймд үр чанартай найдвартай, мөн дараа жилийнхээ үрийг нөөцөлж авч үлдэх асуудал нэн тэргүүний чухал зорилт юм.
Дараагийн асуудал бол хэдэн га газар тариалж байна, түүнд таарсан техник тоног төхөөрөмжийн нөөцтэй байх ёстой. Ингэж байж технологийн хугацаанд тариалах боломж нөхцөл үүснэ. Мэдээж нэмэгдэл орцууд байна. Тухайлбал, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордооны хэрэглээ бий. Эдгээрийг шаардлагатай үед нь аваад хэрэглэчих санхүүгийн боломжтой байвал тогтвортой ургац авах, цаашлаад экспортлох боломж бүрдэнэ. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 880 гаруй мянган га эргэлтийн талбай ашиглаж байна. Энд тариалж байгаа га-гийн ургацаа бага зэрэг нэмэгдүүлж чадах юм бол дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортлох боломжтой. Манай хэрэглээ бага шүү дээ. Жилдээ 300 гаруй мянган тонн хүнсний улаанбуудайг гурил үйлдвэрлэлд нийлүүлэх шаардлагатай. Манай улс урьд нь нэг сая хүртэл тонн хүнсний улаанбуудай хурааж байсан туршлага бий.
-Ноолуурын үнэ ханш дээр ямар таамагтай байгаа вэ?
-Ноолуур гуравдугаар сарын 15-наас зүүн аймгуудаар гараад эхэлнэ. Улсын хэмжээнд 9 мянга гаруй тонн ноолуур үйлдвэрлэдэг. Үүнээс манай боловсруулах үйлдвэрүүд 3 мянга орчим тонныг авч байна.
Өнгөрсөн жил ковидтой холбоотойгоор урд хөршөөс орж ирж ноолуур авдаг байсан аж ахуйн нэгжүүд ирж чадаагүй. Үүнтэй холбоотойгоор үнийн хэлбэлзэл үүссэн. Тиймээс төрөөс зохицуулалт хийж 20 мянган төгрөгийн зөрүү олгосон. Энэ жилийн тухайд гадаадаас ноолуур худалдан авах аж ахуйн нэгжүүд хүсэлтээ яаманд ирүүлсэн. Үүнийг ХХААХҮ-ийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай хамтран Засгийн газрын хуралдаанд танилцуулж ноолуурын худалдан авагч, хөрөнгө оруулагч нарыг ажиллах хүчний жагсаалтад оруулсан.
-Засгийн газар ноолуурын ханшид хөндлөнгөөс оролцохгүй, зах зээлийнх нь жамаар явуулах байр суурьтай байгаа гэсэн үг үү?
-Аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн боломжийг нь гаргаж өгч байна. Мөн гадны компаниуд орж ирээд ноолуур авах нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа. Тиймээс ноолуурын ханш өнгөрсөн жилтэй харьцуулахад өсөлттэй байх болов уу гэж харж байгаа. Төр оролцох нөхцөл шаардлага үүсэхгүй.
-Сүүлийн жил гаруйн хугацаанд дулааны аргаар боловсруулсан махыг харьцангуй өндөр үнээр экспортлох болсон гэж үйлдвэрлэгчид ам сайтай байна.
Манай улс махны экспортыг нэмэгдүүлэхэд ямар бодлого барьж байна вэ?
-Манай улс хэд хэдэн оронтой махны экспортод хамтран ажиллаж байна. Бид жилд ойролцоогоор 50-70 мянган тонн мах экспортолж байгаа. Үүний ихэнх буюу 80 гаруй хувийг БНХАУ руу гаргаж байна. Энэ жил аж ахуйн нэгжүүдэд олгох квотыг ковидоос үл хамаарч зохион байгуулсан. Одоогийн байдлаар махны экспорт хэвийн явагдаж байна.
Улс орнууд жилийн турш мах авъя гэсэн хүсэлт тавьж байгаа. Тийм учраас малынхаа үүлдэр угсааг сайжруулах зэргээр анхаарах асуудал бий. Бид малынхаа үүлдэр угсаа, чанар чансааг сайжруулснаар импортлогчдыг жилийн турш шинэ махаар хүссэн хэмжээгээр хангахад анхаарах нь гол зорилго юм. Үүний тулд газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, зөвхөн бэлчээрийн мал аж ахуйгааас экспорт хийх бус, эрчимжсэн мал аж ахуйгаа түлхүү хөгжүүлж махны экспортоор тэргүүлэгч улс орнуудын хэмжээнд хүрэх зорилт тавьж байгаа. Тиймээс энэ жилээс газар тариалангийн бүс нутгуудад эрчимжсэн мал аж ахуйгаа түлхүү хөгжүүлэх чиглэлд хэд хэдэн улстай томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээр ярьж байна.
Г.БАТ
Сэтгэгдэл (0)