Н.Энхнаран: Хойд Суданы ард иргэдийн хувьд хамгийн том бэрхшээл нь цэвэр ус гэдгийг эргүүлээр явахдаа ойлгосон
- 2021-03-18
- Үнэн
- 0
ЦЕГ-ын харьяа Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шуурхай удирдлагын 102 хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.ЭНХНАРАНТАЙ ярилцлаа. Тэрбээр Хойд Судан улсын Дарфур мужийн НҮБ-ын мандаттай UNAMID энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн зөвлөхөөр үүрэг гүйцэтгээд ирсэн юм.
-Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энхийг сахиулах ажиллагаанд явсан та эх орондоо ирээд удаж байна уу?
-Маш их баярлалаа. Танай сонины хамт олонд болон энэхүү ярилцлагыг уншиж байгаа уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголынхоо нийт цэрэг цагдаагаар овоглодог бүх хүмүүстээ бас ойн баярын мэндийг хүргэе. Би эх орондоо өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр ирсэн.
-Бидний ярилцлага “Монгол цэргийн өдөр”-өөр уншигчдад хүрч буй нь их бэлгэшээлтэй юм. Анх ажиллагаанд явсан түүхээсээ хуваалцахгүй юу?
-“Монгол цэргийн өдөр”-т зориулсан дугаартаа урьсанд болон залуус дүү нартаа өөрийнхөө олж авсан ажлын багахан туршлагаас хуваалцах боломж олгосонд танай сонины хамт олонд баярлалаа. Ажиллагаанд явсан түүхээ ярихаас өмнө зарим хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Ягаад гэвэл, эдгээр хүмүүсгүйгээр надад ийм том боломж олдохгүй байсан.
Энэхүү ажиллагааны суурь нь англи хэлний мэдлэгтэй салшгүй холбоотой. Би бусдын л адил англи хэлийг 10 жилд, их сургуульд сурсан болоод л өнгөрсөн. Улмаар 2015 онд надад одоогийн Дотоод хэргийн их сургуулийн гадаад хэлний танхимд англи хэлний анхан шатны гурван сарын сургалтад хамрагдах боломж олдсон юм. Энэ боломжийг олгосон Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн тухайн үеийн цагдаагийн хурандаа Г.Зоригтбаатар даргатай хамт олондоо маш баярлалаа. Ахлах дэслэгч Эрдэнэхишиг багштай гурван сарын анхан шатны англи хэлний сургалт миний амьдралыг маш их өөрчилсөн. Англи хэл гэдэг шинжлэх ухааныг маш энгийнээр ойлгуулаад зогсохгүй дурлуулж чадсан багшдаа маш их баярлалаа. Хамгийн гайхалтай нь багштайгаа энэ ажиллагаанд хамт явсан гэвэл та итгэх үү. Багш маань Өмнөд Суданыг зорьж би Хойд Суданыг нэг өдөр, нэг нислэгээр зорьсон. Одоо багш маань тэнд үүргээ гүйцэтгэж байгаа. Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай албаны, мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хамт олондоо маш их баярлалаа. Би чинь энэ газраар овоглож явдаг хүн шүү дээ. Энэхүү шалгалт нь UN-ээс авдаг ямар ч аргалах гэсэн ойлголтгүй, яг л таны өөрийн тань хэлний мэдлэг тэр дотроо сонсох, бичих, ярих ур чадварыг шалгаад зогсохгүй жолооны болон буудлагын шалгалт зэргийг авдаг. Миний бодлоор жолоодлогын ур чадварыг их чухалчилж үздэг санагдсан. Үүрэг гүйцэтгэх газартаа очсоны дараа бас шалгалт аваад үнэмлэх олгодог. Энэ нь халдлага, дайралтад өртөхөд жолоочийн ур чадвар бас нөлөөлдөгтэй холбоотой болов уу.
-Хэдийгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр явж байгаа ч хүний нутагт дасан зохицох амаргүй байсан болов уу?
-Би тангараг өргөсөн цагдаагийн хүн. Дээр нь энэ ажиллагаанд сайн дураараа явсан учраас сэтгэл зүй гээд бүхий л зүйлээ бэлтгэсэн. Тухайн орны улс төрийн нөхцөл байдал, цаг агаар, хоол хүнс, ёс заншил, амьдрах орчин нөхцөл, олон орны хүмүүстэй хамтран ажиллах гээд дасан зохицох зүйл багагүй байсан.
-Хамгийн түрүүнд эх орныхоо юуг санаж үгүйлсэн бэ?
-Мэдээж ээж хүү хоёроо маш их санасан. Бас монгол үхрийн махаа их санасан даа /инээв/.
-Та Судан улсын Дарфур мужийн хойд хэсэгт байрлах Тавилла суурин дахь НҮБ-ын баазад цагдаагийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа ямар хэрэг зөрчил дээр голлон ажилласан бэ?
-Орон орноос ирсэн цагдаагийн бие даасан зөвлөхүүд нь өөр өөрийн гэсэн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэдэг байгаа. Миний хувьд эхний хоёр сар тус сууринд эргүүлийн цагдаагаар томилогдон газар тариалангийн бүс, гудамж талбайд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн бүс нутгийн иргэд, төрийн болон ТББ-ын ажилтан, алба хаагчидтай уулзаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж танилцуулга, илтгэх хуудсыг олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны, жендерийн тэгш байдал болон хүчирхийллийн нөхцөл байдал, эрсдэлийн талаар тус тус танилцуулгыг ажиллагааны төв штабт хүргэж, зохих журам, зааваруудыг мөрдөж ажилласан юм. Үүнээс гадна “Admin officer”-ын үүргийг давхар гүйцэтгэж байсан. Энэ нь манайхаар боловсон хүчний захиргааны ажилтны үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Ажлын байрны сул орон тоо зарлагдаж, тавигдсан шаардлагын дагуу тэнцэж “JOC officer буюу Joint operation center officer”-оор UNAMID-ын Штабын даргын 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны 82 дугаар тушаалаар томилогдсон. Үүргийн хүрээнд алба хаагчдын албаны бэлэн байдлыг шалгах, өдөр тутмын эргүүлийн хуваарь болон хэргийн мэдээг боловсруулж зохицуулагч офицер, Төв штаб болон холбогдох албан тушаалтан руу илгээх зэрэг өдөр тутмын ажлыг хийж гүйцэтгэдэг. Үүний дараа “Personnel deployment officer”-оор UNAMID-ын Штабын даргын 2020 оны наймдугаар сарын 22-ны 44 дүгээр тушаалаар төв штаб дээр томилогдсон. Үүргийн хүрээнд шинээр томилогдон ирсэн алба хаагчдын ажлын туршлагыг судлах, үнэлэх, суурингуудад томилох, ажлын байрны сул орон тоо зарлах, зарлагдсан ажлын байранд хүсэлтээ явуулсан алба хаагчдын материалыг судлах, үнэлэх, ярилцлагын бүхий л явцыг удирдан зохион байгуулах, ярилцлагад тэнцсэн алба хаагчдыг томилох, дотоод бааз системийг баяжуулах, ашиглах, шаардлагатай түр томилгоог хийх зэрэг манайхаар хүний нөөцийн ажилтны үүргийг тус тус хийж байсан. Энүүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, хэрэв туршлага, чадвар мэдлэг тань хүрвэл ямар ч албан тушаал дээр үүрэг гүйцэтгэж болдог юм байна л гэж ойлгосон. Үнэнийг хэлэхэд миний гадаад хэлний мэдлэг тийм сайн биш. Гэхдээ бүхий л чадлаараа хичээж заримдаа ярилцлагадаа бэлтгээд долоо хоног нойргүй явсан үе ч бий. Ярилцлагадаа тэнцээд ажлаа авсны дараа бүр ч их хичээхгүй бол болохгүй гэж бодогдсон. Ягаад гэвэл, би тэнд Энхнаран гэдэг хувь хүнээр бус Монгол Улс гэж хэлүүлнэ гээд л их хичээдэг байсан. Англи хэл бидний унаган хэл биш болохоор насан туршдаа л суралцах байх. Тиймээс залуусдаа хандаж гадаад хэлтэй бол маш олон боломж байдаг шүү гэж хэлье.
-Суданд ажиллахдаа зэвсэгт мөргөлдөөний дараах бүс нутгийн нөхцөл байдалтай биечлэн танилцсан. Ахуйн хэрэг зөрчлөөс гадна ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч байв. Ялангуяа цэвэр усны хомсдол энэ бүс нутгийн тулгамдсан асуудал нь байсан болов уу?
-Хойд Суданы хувьд цэвэр усны хомсдолтой, эдийн засаг хөгжлийн түвшин доогуур улс. Ус бол ард иргэдийнх нь хамгийн том бэрхшээл болсон асуудал. Эргүүлээр явахад энэ шууд мэдрэгддэг. Хоёр савтай, илжиг унасан хүүхдээ дагуулсан эмэгтэй хэдэн арван км яваад усаа аваад буцаад харина гээд бод доо. Хүн төсөөлөхийн аргагүй амьдрал тэнд байдаг.
-Таны үүрэг гүйцэтгэсэн бүс нутагт монголчууд хэр олуулаа байв?
-Зэвсэгт хүчнээс нэг ажиглагч, тэгээд надаас гадна цагдаагийн дөрвөн зөвлөх нийтдээ зургуулаа үүрэг гүйцэтгэдэг байсан. Ажиллагааны туршид Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн, техних ашиглалтын хэлтсийн ашиглалтын инженер, цагдаагийн хошууч Н.Даваажавтай хамтрагч болон ажиллаж байсан. Хүний нутагт үүрэг гүйцэтгэхэд хамтрагч бол хамгийн чухал нэг нэгэндээ яг ээж, эгч, найз заримдаа бүр эмч хүртэл болдог байсан.
-Та таэквондогийн тамирчин. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа тэмцээн уралдаанд оролцсон уу?
–UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа нийт цэрэг, цагдаагийн алба хаагчдын дунд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулсан 12 км-ийн марафон өнгөрсөн оны гуравдугаар сарын 7-нд болоход би түрүүлсэн. Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдөр зохиогдсон волейволын тэмцээнд цагдаагийн зөвлөхийн багаас оролцон алтан медаль цом хүртсэн зэрэг амжилтууд гаргасан.
-Хамгийн сүүлд тивийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. Одоо тамирчны хувьд ямар амжилтад хүрэхээр зорьж байна вэ?
-2014 онд Нефал улсад зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах таэквондогийн тэмцээнээс мөнгө, хүрэл, 2019 онд Монгол Улсад болсон ес дэх удаагийн Азийн аваргаас мөнгөн медаль авсан зэрэг амжилт гаргасан. Чадал минь хүрвэл дэлхийн аваргаас медаль хүртээд эх орныхоо болон аавынхаа нэрийг дуудуулаад төрийн дууллаа эгшиглүүлмээр байна. Энэ бол тамирчин хүн болгоны мөрөөдөл байх гэж бодож байна.
-Гаднын улсад үүрэг гүйцэтгэж, тамирчны хувьд бэлтгэл сургуулилалтаа хийхээр гэр бүлдээ зарцуулах цаг хомс байдаг байх. Энэ байдлыг хайртай дотнын хүмүүс тань хэрхэн хүлээн авдаг вэ?
-Би ээждээ л их баярлаж явдаг даа. Бүхий л цаг үед тусалж дэмжиж намайг хамгийн их ойлгодог. Үргэлж миний талд зогсож найдвартай ар тал минь, алдсан ч оносон ч намайг тасралтгүй хайрладаг цорын ганц хүн бол миний ээж.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би эхээс тавуулаа, айлын дөрөв дэх хүүхэд нь. Дээрээ хоёр ах, нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй.
-Хувь хүний хувьд цаашид хийхээр төлөвлөж буй ажлыг тань асууж ярилцлагаа өндөрлөе.
-Англи хэлээ л улам гүнзгийрүүлж акдемик түвшинд суралцах хүсэлтэй байна .
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)