Д.Баасан: Оны эхний хоёр сард гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан
- 2021-03-25
- Эдийн засаг
- 1
Улс орны нийгэм, эдийн засгийн байдал “COVID-19” цар тахлын нөлөөгөөр хувьсан өөрчлөгдөж байгаа өнөөгийн нөхцөлд тоо баримт хамгийн үнэн зөв мэдээллийг өгдөг. Тиймээс оны эхний хоёр сарын бодит байдлын талаар Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.БААСАНГААС тодруулан ярилцлаа.
-Оны эхний хоёр сард улс орны эдийн засгийн суурь үзүүлэлтүүд ямар байна вэ. “СOVID-19” цар тахлын сөрөг нөлөө хэрхэн мэдрэгдэж байгаа бол?
-Өмнөх оны сүүлээс энэ оны нэгдүгээр сарын 11 хүртэл, мөн цагаан сарын үеэр буюу хоёрдугаар сарын 11-нээс 23-ныг хүртэл мөн хатуу хөл хорио тогтоосон. Оны эхний хоёр сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн орлого 1.6 их наяд төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.7 их наяд төгрөгт хүрсэн. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -112.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэй гарлаа. Татварын орлого мөн хугацаанд 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 221.7 тэрбум төгрөгөөр өслөө. Энэ өсөлтөд нэмэгдсэн өртгийн албан татвар болон орлогын татварын өсөлт голлон нөлөөлсөн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ оны эхний хоёр сарын байдлаар 2.3 тэрбум ам.долларт хүрсний 1.3 тэрбум ам.доллар нь экспорт, 922.3 сая ам.доллар нь импорт байжээ. Гадаад худалдааны тэнцэл 412.3 сая ам.долларын ашигтай гарсан бол ашиг өмнөх оны мөн үеэс 391.6 сая ам.доллараар өссөн байна. Экспортын хувьд өмнөх оны мөн үеэс 563.8 сая ам.доллароор өсөхөд зэсийн баяжмал 217.7 сая ам.доллар, нүүрсний экспорт 219.4 сая ам.доллароор өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн.
Импортын хувьд өмнөх оны мөн үеэс 172.3 сая ам.доллароор өссөн бөгөөд энэ өсөлтөд улаан буудайн импорт 40.1 сая, ачааны автомашиных 34.6 сая, суудлын автомашины импорт 8.0 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний сарын урьдчилсан гүйцэтгэлээр 3.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 845.2 тэрбум төгрөгөөр өссөнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 696.2 тэрбум, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 125.4 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин хоёрдугаар сард аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 1.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 107.3 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэй гарсан. Үүнд мэдээж Цагаан сарын үеэр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосон шийдвэр нөлөөллөө.
Инфляцын түвшин хоёрдугаар сард улсын хэмжээнд 2.6 хувьтай гарлаа. Үүний 92.3 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Нийслэл Улаанбаатар хотод инфляцын түвшин 2.0 хувьтай гарсан. Оны сүүлээр хатуу хөл хорио тогтоож, эдийн засаг хүндэрсэн ч он гарсаар эерэг өөрчлөлтүүд гарч эхэлж байна.
-Эдийн засгийн салбарт нааштай дүн мэдээтэй салбар байна уу. Тухайлбал, уул уурхайн салбар ямар үүрэг рольтой байгаа вэ?
-Өмнө хэлсэнчлэн, аж үйлдвэрийн салбар 845.2 тэрбум төгрөг буюу 38.3 хувийн өсөлттэй гарахад, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 696.2 тэрбум төгрөг буюу 49.1 хувиар өссөн нь нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарт гол байр суурь эзэлж байгаа салбар бол яах аргагүй уул уурхай, олборлолтын салбар. Гадаад худалдааны бараа эргэлт нэмэгдсэн төдийгүй гадаад худалдааны тэнцэл эерэг байна. Татварын орлого өмнөх оны мөн үеэс өссөн. Үүнээс гадна төмөр замын тээврийн орлого өмнөх оны мөн үеэс 5.2 тэрбум төгрөгөөр өссөн. Хөл хориотой холбоотойгоор төмөр замын зорчигч эргэлт зогссон хэдий ч тээсэн ачаа 0.5 сая тонноор өссөн байгаа юм.
-Хөдөлмөр эрхлэлтийн байдалд цар тахал хэрхэн нөлөөлж байна вэ. Олон арван мянган ажлын байрыг алдлаа гэж МҮХАҮТ-аас мэдээлж байгаа. Энэ хэр бодитой вэ?
-Оны эхний хоёр сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэд 15.5 мянга болсон. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.2 мянган хүн буюу 25.1 хувиар буурсан байна. Хөл хориотой холбоотойгоор ажилгүй иргэдийн хувьд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад очиж бүртгүүлэх байдал буурсантай холбоотой байх магадлалтай юм.
-Ажиллагсдын дундаж цалин нэг саяас дээш гэх мэдээлэл байнга гардаг. Үүнийг хэрхэн тооцдог вэ. Уул уурхай зэрэг өндөр цалин орлоготой цөөнх олонхын дунджид нөлөөлдөг юм болов уу?
-Манай байгууллагаас цалингийн мэдээллийг НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэж гаргадаг. Мэдээж, салбар бүрд цалингийн хэмжээ харилцан адилгүй, ялгаатай байгаа. Тухайлбал, уул уурхай олборлолтын салбарын дундаж цалин бусад салбартай харьцуулахад харьцангуй өндөр буюу 3.3 сая орчим төгрөг байхад зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээний салбарын дундаж цалин 745.2 мянган төгрөг байх жишээтэй. Дундаж гэдэг ойлголтын хувьд авч үзэж байгаа учраас өндөр цалинтай бүлэг дунджийг дээш нь татах нь тодорхой. Хамгийн сүүлийн статистикаас харахад, 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 44.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 691.6 мянган ажиллагч НДШ төлөлтийн тайланд хамрагдсан байна. Нийт цалин хөлс авч байгаа ажиллагчдын 50 хувь нь 995.9 мянган төгрөгөөс доош, үлдсэн 50 хувь нь түүнээс дээш төгрөгийн цалин авч байгаа буюу медиан цалин 995.9 мянган төгрөг боловч дундаж цалин улсын хэмжээнд 1.3 сая төгрөг байна.
-Засгийн газраас коронавирусийн сөрөг нөлөөг сааруулахын тулд хийж буй ажлууд статистикийн мэдээлэлд хэрхэн нөлөөлж байна вэ. Тухайлбал, нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж гэхчлэн?
-НДЕГ-ын мэдээллээр Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний хоёр сард 476 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 35.2 тэрбум төгрөг буюу 8.0 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд Тэтгэврийн даатгалын сангийн орлого 33.7 тэрбум төгрөг буюу 10.2 хувиар өссөн нь нөлөөлсөн байна. Харин зарлагын хувьд 456.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 27.3 тэрбум төгрөг буюу 6.4 хувиар өссөн байгаа юм.
Ажилгүйдлийн даатгалын сангаас оны эхний хоёр сард 4624 хүнд 8.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 26.3 хувиар нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 174.7 сая төгрөгөөр өссөн байна.
Нийгмийн халамжийн сангаас дээрх хугацаанд давхардсан тоогоор 2.1 сая хүнд 353.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 2.6 дахин нэмэгдсэн байна. Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж 288 мянган төгрөг, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөг, хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай хүүхдэд 16 мянган төгрөг, насанд хүрэгчдэд 32 мянган төгрөгийг олгох шийдвэрүүдийг гаргасан. Энэ нь мэдээж хэрэг тодорхой нөлөөг үзүүлж байгаа.
-Мөнгө зээл, санхүүгийн салбарт ямар өөрчлөлт гарч байна вэ. Үүнд зээл, түүний эргэн төлөлт, хуримтлал зэрэг асуудал багтах байх?
-Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг энэ оны долоодугаар сарын 1 хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан байгаа. Энэ шийдвэр нь мэдээж, зээлийн хугацаа хэтрэлт болон чанарт тодорхой нөлөө үзүүлж байгааг дурдах хэрэгтэй.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл хоёрдугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 175.3 тэрбум төгрөгөөр өссөн. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 321.9 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарсан байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 17.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 86.4 тэрбум, өмнөх оны мөн үеэс 205.1 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 50.5 хувь нь иргэдийнх байгаа аж. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны хоёрдугаар сарын эцэст 13.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 129.3 тэрбум, өмнөх оны мөн үеэс 702.4 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэй гарчээ. Төгрөгийн хадгаламж хоёрдугаар сарын эцэст 14.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 332.0 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өссөн байна. Төгрөгийн хадгаламжийн 88.6 хувь нь иргэдийн, 11.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байгаа юм. Валютын хадгаламжийн хувьд өнгөрсөн сарын эцэст 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 223.4 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 713.0 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (1)
medee (58.123.56.14)
medee unshina uu https://www.youtube.com/watch?v=EPGycDZQ8HA