Ч.Дагвадорж: Шүүмж бичсэн хүнийг шүүх цагдаад өгөөд байвал утга зохиол яаж хөгжих билээ

Монголын орчин цагийн утга зохиолын шүүмж, судлалд томоохон хувь нэмэр оруулсан нэгэн эрхэмтэй ярилцах завшаан тохиов. Тэрбээр “Монголын нэвтэрхий толь”, “Дэлхийн уран зохиолын бага хураангуй толь”-ийг зохиоход хамтран оролцсон төдийгүй “Номоос төрсөн бодол”, “Зохиолч, цаг үе, уран бүтээл” зэрэг шүүмжийн түүврүүд, “Далийн цэцэг”, “Далайн цэнхэр салхи”, “Атга шороо”, “Сэтгэлийн амраг”, “Хотгойд аялгуу” зэрэг яруу найргийн 10-аад номоо хэвлүүлсэн уран бүтээлч юм. Түүнийг “Ээж минь дээ”, “Богд нь уулын сүндэл” зэрэг дууных нь шүлгээр манай ард түмэн мэдэх билээ. Ингээд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч, яруу найрагч, доктор профессор Чойсүрэнгийн Дагвадоржтой хэдхэн хоногийн өмнө хөөрөлдсөнөө уншигч танаа өргөн барьж байна. Тэрбээр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат нэгэн юм.

“ЭЭЖ МИНЬ ДЭЭ” ДУУ БИДНИЙ НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨСӨН ЦАГ ҮЕ БИЙ

-Дагвадорж гуай, та сайхан хаваржиж байна уу. Бие лагшин тань тунгалаг уу?

-Сайхан хаваржиж байна. Энэ аюулт цар тахлыг эс тооцвол цагийн жамаар урин дулаан улирал үүд хаалгаа нээж налайгаад сайхан л байна.

 

-Хоёулаа таны хүүхэд ахуй цагийн талаар ярилцлагаа эхэлж, он цагийг наашлуулж эвхвэл арай дөхөм болов уу. Та уран зохиол, урлаг соёлын амт шимтийг хэдийнээс эхэлж мэдрэв. Үүнийг танд анх хэн хүлхүүлсэн бэ?

 

-Анх бага сургуульд орж, цагаан толгой үзэж дууссаны дараа “Үг хөгжил” гэж хичээл ордог байлаа. Энэ нь аль болох хурдан уншиж сурах дадал олгох зорилготой юм л даа. Дориухан уншаад сурахтай зэрэг цаасан дээр хэвлэгдсэн юу л байна, таарсан, олдсон болгоныг л ойлгох, ойлгохгүй нь хамаагүй уншаад л байдаг болсон. “Үнэн” сонины нүүр, “И.Сталины товч намтар” гэсэн бор хавтастай багахан товхимол ч энд багтаж л байлаа. Ингээд хоёрдугаар ангид орсон жилээ нэг шүлэг олж уншсан нь:

 

“Наалинхай хоёр нүд чинь

 

Намрын ус шиг мэлтэгнэнэ

 

Намрын усны долгионд

 

Наадах нөхөр чинь бөмбөрлөө” гэсэн мөрүүдтэй Ц.Дамдинсүрэн гуайн бүтээл байсан хэрэг. Их л сайхан шүлэг шиг санагдаж байж билээ.

 

Хожмоо манайх Сугын хонхор гэдэг газарт намаржиж байхад ээж минь усанд явуулдаг юм. Гуулин данх, жижиг домбо, бас гуулин шанагаа бариад гэрээс нэлээд зайтай байх хадны завсраас ус авч байтал тэр дор харлан харагдаж байсан горхины ус нарны туяанд ил гарч ирэхдээ алтран үзэгдэхийг ажиглаад “намрын ус” гэсэн нь ийм учиртай байжээ гэж ухаарсан. Эндээс л уран үгийн ид шидийг мэдэрсэн байх гэж боддог юм. Бас бага, дунд ангийн уран зохиолын багш нар маань маш том нөлөө үзүүлсэн дээ.

 

МУСГЗ, яруу найрагч Ч.Дагвадорж, МУСГЗ, яруу найрагч Л.Мөнхтөрийн хамт

-Хархан бага наснаасаа уран зохиолын амтанд орж, бас ухаарал олж авсан нь таны ирээдүйн зам мөрийг зааж дээ. Тийм үү?

 

-Тэгж хэлж болно. Ер нь би дунд сургууль төгсөхдөө л ирээдүйн мэргэжлээ сонгочихсон, сурах сургуулиа ч товлочихсон байсан хүн. 10 дугаар анги төгсөхөд, сурлагаар ч овоо гайгүй байсан юм байгаа биз, багш нар Ардчилсан Герман улсад хүнсний технологи инженерээр суралцахыг санал болгож байлаа. Тэгэхэд нь би МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн хуваарь авна гэж зүтгэсээр байгаад л санасандаа хүрч байсан юм. Намайг 9-10 дугаар ангид байхад Ш.Гаадамба багшийн “Утга зохиолын онолын товч” гэдэг ном хэвлэгдэж, тухайн үедээ бестселлер болж байлаа шүү дээ. Тэгээд энэ хүнээр л хичээл заалгаж, сайн зохиолч болно гэсэн дэврүүн хүсэл мөрөөдөл минь намайг хөгжөөсөн хэрэг.

 

-Та олон сайхан дууны шүлгийг бичсэн байдаг. Түүний дотроос “Ээж минь дээ” дуу олон жил ард түмний аманд чихэр мэт хүлхэгдэж, өнөө хэр дуулагдсаар байгаа. Энэ дууныхаа үүх түүхийг хуучилбал сайхан байх болов уу?

 

-Би тухайн үед буюу 1988 онд МЗЭ-ийн хорооны Шүүмж, судлалын зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж, энэ чиглэлийн сонирхолтой залуусыг сургаж бэлтгэх зорилго өвөртөлж явлаа. Нам, засгаас ч тийм шаардлага тавьж байсан болохоор утга зохиолын шүүмж, судлалаар мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, цаашилбал өөрийн залгамж халааг буй болгох л санаатай ажиллаж байв. Тэр үед манай Зохиолчдын эвлэлийн хорооны дэргэд Үлгэрийн танхим гэж байсан юм. Тэндхийн дуучин С.Цэрэнчимэд гэж залуу байлаа. Таарвал мэнд устай явдаг нөгөө залуу маань нэг өдөр надтай аминчлан уулзаад “Дагваа ах аа, ээжийн минь бие барагтайхан байна. Та ээжгүй өсөхийн зовлонг эрт үзсэн хүн. Хоёулаа ээждээ зориулж нэг дуу хийе. Та шүлгийг нь бичиж өгөөч” гэж хэлээд хоолой нь зангираад гарч одлоо. Их ч юм бодогдож байна. Ингээд жил гаруй болсны дараа нэг өдөр шүлгийн санаа орж ирээд ажлын ширээн дээрээ суумагц өөрийн эрхгүй л таталгаж өглөө.

 

“Газар холоос санахад

 

Гаднаа бүртийж харагдах юм

 

Галуу шувуу ганганахаар

 

Таныгаа дуудмаар дуудмаар болох юмаа.

 

Нутаг холоос санахад

 

Нулимсан дунд минь бүрэлзэх юм

 

Нуурын шувууд ганганахаар

 

Таныгаа дуудмаар дуудмаар болох юм.

 

Тун чиг холоос санахад

 

Тоосон дундаас торолзох юм

 

Тогоруу шувууд буцахлаар

 

Таныгаа дуулмаар дуулмаар болох юм аа” гэсэн мөрүүд өөрийн эрхгүй л урсаад гарсан.

 

Будантай юу буурал хорвоод

 

Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө

 

Буруу юу зөв хоёрыг

 

Ухааруулж өсгөсөн ээж минь дээ хө

 

гэж төгсгөсөн шүлгээ С.Цэрэнчимэдэд өгсөн чинь тун удалгүй аялгуу хийгээд өөрөө дуулж эхэлсэн.

Түүний дараа жил нь “Морин хуур” наадамд тэргүүн байр эзэлсэн. Өмнөх жил нь анх удаа зохиогдоход Д.Банзрагчийн үг. Д.Сангидоржийн ая “Монгол далай” дуу тэргүүн байранд нь шалгарсан том наадам байлаа шүү дээ. Тэр жил ч гэсэн Л.Сүхбат, С.Чинзориг нарын “Намрын дурсамж”, Д.Баттөмөр аяыг нь тааруулж, Д.Норов үгийг нь бичсэн “Дорнын цагаан саран” зэрэг маш сайн дуунууд оролцсон бас л чансаатай наадам байсан. Шүүгчид нь ч Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав, Соёлын гавьяат зүтгэлтэн, “радиогийн” Ч.Буянхишиг тэргүүтэй томчууд байлаа. Тус наадамд Г.Бирваа гуайн “Нарны дуулал” гэж мэргэжлийн өндөр түвшний дуу тэргүүн байр эзлэх нь тодорхой болчихсон. Гэтэл хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав хоёрын хурдан морины тухай нэг дууг “Ээж минь дээ”-тэй тунаанд үлдэж, үзэгчдийн таашаалаар шийдэх юм боллоо. С.Цэрэнчимэд маань тайзнаа гарч дуугаа дахин дуулсан чинь үзэгчид нижигнэтэл алга ташиж, шүгэлдэж исгэчээд бөөн юм болж, бидний бүтээл аман хүзүүнд орж байсан сайхан түүх бий. Түүний дараа жил радиогийн тэргүүн дуу шалгаруулах “Цагаан лавайн эгшиг” уралдаанд тэргүүлж, гадаадын дуу дуулаачдын наадамд Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэр дуулснаар мөн тэргүүн байр эзэлж байсан юм. Энэ дуу 1990-ээд оны үед С.Цэрэнчимэд бид хоёрын нэрийг их л өндөрт өргөсөн дуу шүү.

 

-Одоо ч ард түмний дунд дуулагдсаар, ахмад дунд үеийнхэн аялсаар л яваа сайхан дуу л даа. Сайн уран бүтээл гэдэг зохиогчдоо ямагт дуурсгаж явдаг бололтой. Энэ талаар та юу хэлэх вэ?

 

-Ер нь хүний сэтгэлээс гарсан ямарваа бүтээл олны дунд “амьдарсаар” л байдаг юм байна. Би ч ээжийнхээ ачийг хариулж чадаагүй хүн дээ. (Түүний нүдэнд нулимс гялтганаж, хэсэг чимээгүй суулаа. Сур) Намайг их сургууль төгсөхийн өмнөх жил ээж минь 45 насандаа таалал төгсөхөд нь газар хол, замын зардал байхгүйгээс нутаглуулахад нь байлцаж ч чадаагүй. Өмнө нь ээжийгээ харж асарч байсан болохоор сэтгэлийн хат зааж явсаар 27 жилийн дараа ийм нэг дуутай болж, сэтгэл багахан боловч хөнгөрсөн дөө, хөөрхий.

 

ГАЗРЫН ШАРХ Ч ЦАГ ХУГАЦААНЫ ЯВЦАД АНЬДАГ ДАА, УГ НЬ

 

-Дууны тухайд хэдэн сайхан дуу байна. Харин яруу найргийн уралдаан тэмцээнд оролцож байв уу. “Болор цом”-д нэгэнтээ айрагдсан гэдэг байх аа?

 

-“Мөнгөн цом” наадамд тэргүүн байр, айраг түрүү авч л байлаа. Харин “Болор цом”-д нэг удаа айргийн тавд шалгарсан маань дээд амжилт болсон байх. Ер нь энэ яруу найргийн наадам МЗЭ-ийн харьяа найрагчдын өрсөлдөөн шиг байдаг юм. Би Монголын чөлөөт зохиолчдын эвлэлийн холбооны гишүүнчлэлтэй хүн.

 

-Зохиолчдын хоёр эвлэл чинь нэгдчихээгүй юм уу?

 

-Үгүй. Энэ бол бидний мэдлээс аль эрт гарчихсан юм. 1990-ээд онд ардчилсан хувьсгалын дараа цөөнгүй төрийн бус олон нийтийн байгууллага үзэл бодол, итгэл үнэмшлээрээ хуваагдсан. Зохиолчдын хувьд ч хэд гурван хүн хоорондоо хэрэлдэж муудалцаад салчихсан юм биш. Угаасаа 1930-аад оны үеэс зохиолч, яруу найрагчид өөр өөрийн дэг сургууль (школ)-аасаа шалтгаалаад Б.Ринчений болон Ц.Дамдинсүрэнгийн гээд салан тусгаарлачихсан байсан хэрэг. Энэ маань явсаар Ж.Бадраа, Ш.Гаадамба, Жа.Пүрэв, П.Хорлоо, Ж.Бямбаа, Н.Энхбаяр болон миний бие гээд 20-оод хүн МЗЭ-ээс хөөгдсөнөөр Чөлөөт зохиолчдын эвлэлийг байгуулсан байдаг юм. Эдгээр хүнтэй мөр зэрэгцэж явсан З.Дорж, О.Дашбалбар гээд том яруу найрагчид “Болор цом”-д хол давхиж байсан түүх байхгүй. Иймэрхүү байдал одоо ч хадгалагдсаар байдаг шиг байгаа юм. Саяхан Монголын зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулсан “Эх орны цэрэг” яруу найргийн наадам болоход хэдэн шүлгээ явуулсан чинь гурав давуулаад л “өвдөг шороодуулсан” байна билээ. Гэхдээ яахав, намайг түрүүлүүлсэнгүй гэж гомдоллож байгаа юм биш. Зүгээр л үзэл бодлын тэр зөрүүтэй байсан цаг үеийг мартаж орхимоор санагддаг юм. Газрын шарх ч цаг хугацааны явцад аньдаг даа, уг нь.

 

-Та ээждээ зориулж маш сайхан хөшөө босгосон юм билээ. Монголд ховор хөшөө дурсгал байх. Энэ тухай яривал сонин байх болов уу?

 

-Миний ээжийг аймгийн төвийн урдхан талд Элстийн нуур гэдэг талд нийтийн оршуулгын газарт нутаглуулсан юм билээ. Тэнд хөшөө босгохоор хүн хар очиход ч таатай биш байх болов уу гэж бодоод ээжийнхээ цөөхөн жил жаргаж, намайг хүн болгох гэж олон он цагт зовсон газарт нь байршуулъя гэж шийдсэн. Тэгээд 1998 оны зун зураач мэргэжилтэй бага охин, зээ хүү болон чулуун сийлбэрч гурван залууг дагуулаад нутгийн зүг хөлгийн жолоог залсан. Улаанбаатараас Их-Уул сумын зах хүртэл битүү бороотой байсан ч нутагтаа очиход тэнгэр цэлмэж сайхан болоход нь монгол хүний хувьд их л бэлгэшээж байлаа. Улмаар Арбулаг сумандаа очиж, өвгөдийн нутаг, ээжийн минь өвөлжиж явсан өндөр боржин хадтай ууланд хүрээд газраа ч сонгочихсон. Тэнд хэдэн хүүхэд, дүү нарын хамт 14 хонож, гэгээтэй гэрэлтэй цаг мөч бүхнийг алдалгүй ажилласны хүчинд 1998 оны наймдугаар сарын 8-нд гэрэлт хөшөөг бэлэн болгож байлаа. Долоон метр орчим хөшөөний доод хэсэгт “Ээж минь дээ” дууныхаа дөрвөн мөрийг ноотны нь хамт сийлж үлдээсэн.

 

-Хөшөө босгох санаа таны олон жилийн хүсэл бодол байсан байх. Харин тийнхүү хаднаа сийлэх сэдлийг хаанаас олж авав?

 

-1600-гаад оны үед сийлсэн гэдэг Цогтын хадны бичээс бий шүү дээ. Түүнээс санаа аваад байгалийн хаданд сийлбэрлэж хийх нь зохистой юм байна гэж бодсон. Гэхдээ энэ бол маш нүсэр хүнд ажил байдаг юм билээ. Хожим Английн Кембрижийн их сургуулийн докторант залуу “ХХ зууны үеийн Монголын хадны соёл” гэдэг номд оруулахаар ирж, зураг дүрсийг нь авахдаа “Ээж минь дээ”-г дуулж, идээ будааныхаа дээжийг өргөсөн гэж нутгийн улсаас сонсож, баярлаж л байлаа. Түүнээс хойш Өмнөговь аймгийн Д.Равжаагийн хийдэд “Үлэмжийн чанар”, хотын төвд Ж.Бадраа гуайн “Халуун элгэн нутаг”, Ховдод “Буянт гол” дууны хөшөөг босголоо гэж сонсогдсон. Тэгэхээр бас ээжийнхээ ачийг бага ч болов хариулахын ялдамд нийгэмд шинэ хандлага бий болгосон юм байх гэж ойлгодог.

 

УТГА ЗОХИОЛЫН СУДЛАЛ, ШҮҮМЖЛЭЛ ХӨГЖИХ НӨХЦӨЛ АЛГА

 

-Таныг Монголын шинэ үеийн утга, уран зохиолын “бурхад”-тай хамтран ажиллаж байсан гэх юм билээ. Энэ тухай хуучилна уу?

 

-Тийм. ХХ зууны Монголын бичгийн их хүмүүстэй багш шавь бололцож, хамтран ажиллах завшаан тохиосон юм. МУИС-ийн монгол хэл, уран зохиолын салбарт Ш.Гаадамба багшаар хичээл заалгаж, дараа нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа агуу их Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын удирдлага дор, утга зохиолын нэг тасагт алба хашиж явлаа. Мөн Ш.Гаадамба багш миний эрдмийн ажлыг удирдаж байсан юм. Түүнээс хойш Монголынхоо олон арван зохиолч, яруу найрагч, эрдэмтэн судлаачидтай хамт ажиллаж, нөхөрлөж яваадаа баярлаж бахархдаг.

 

-Сүүлийн үед утга зохиолын судлал, шүүмжлэл зогсонги байдалд орсон гэж ярих хүнтэй олонтаа таарч байна. Энэ талаар мэргэшсэн хүний хувьд та ямар санал, бодолтой байдаг вэ?

 

-МЗЭ-ийн дэргэдэх Утга зохиолын судлал, шүүмжлэлийн зөвлөлийг миний багш Ц.Мөнх Горькийн нэрэмжит утга зохиолын дээд курсийг төгсөж ирээд 1963 онд үүсгэн байгуулж байлаа. Тухайн үед урлаг, утга зохиолын салбар нь МАХН-ын Төв хорооны Үзэл суртлын хэлтэст харьяалагдаж байсан юм. Ц.Мөнх багш тус зөвлөлийг 23 жил удирдсаны дараа гадаадын их, дээд сургуульд зочин профессороор явахдаа ажлаа надад хүлээлгэж өгөөд би 1990 оны бужигнаан болох хүртэл энэ үүргийг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд Олон улсын утга зохиол шүүмжлэгчдийн холбоонд элсүүлж байлаа.

 

Одоо энэ талын ажил бүр зогсчихсон гэж бодохгүй байна. Гэхдээ яагаад удаашралтай, хөгжлийн шат ахихгүй байна вэ гэвэл хэд хэдэн учир шалтгаан байх шиг. Манай улсад шинэ үеийн урлаг, утга зохиол үүссэн цагаас судлал, шүүмжлэлийг зэрэгцүүлэн нам, засгаас анхаарч эхэлсэн байдаг. Улмаар тодорхой хэмжээний хөрөнгө, санхүүжилт хийсээр ирсэн. Гэтэл өнөөдөр тийм байгууллага ч алга, дэмждэг сайшаадаг, хамгаалдаг хүн ч байхгүй болсон.

 

Тэр ч байтугай шүүмж бичсэн хүнийг шүүх, цагдаад өгдөг болсон байна. Хоёр жилийн өмнө МУБИС-ийн багш, утга зохиол судлаач Батсуурь гэж залуу роман гэх том, зузаан ном бичсэн хэдэн хүүхнийг шүүмжилсэн чинь шүүхэд өгч, өчнөөн мөнгө цаас нэхсэн байсан. Сүүлийн үед бестселлер болж байгаа гэх хүүхдийн номын зохиолч нэг эмэгтэй зохиол бүтээлд нь задлан шинжилгээ хийж, дипломын ажлаа хамгаалсан оюутан залууг шүүхэд өгөхөөр заналхийлж дарамталсан байна билээ. Ийм байхад хэн яаж бусдын юмыг уншиж, шүүмжилж санал сэтгэгдлээ илэрхийлэх юм бэ. Тиймээс энэ чиглэлийн цөөхөн хэдэн хүнийг хамгаалдаг болмоор байна. Оросын агуу их шүүмжлэгч Г.Белинский “Утга зохиолын шүүмжлэгчийн авьяас гэдэг нь ховор чухал боловч явах зам нь халтиргаа гулгаа ихтэй, хад хясааны ирмэг дээгүүр гүйх мэт бэрх” гэж тодорхойлсон байдаг юм.

Нөгөө талаар шүүмж, шүүмжлэл гэхээр эмзэглээд байгаа бол яруу тайлал гэж нэрлэе гэсэн санал гаргаж, зарим нэг юм бичиж л байлаа. Ер нь шүүмжийг уран зохиолын хөдөлгөөнт гоо зүй гэж үздэг юм. Ийм нарийн боловч хүний хорсол занал дунд ажилладаг ховор мэргэжилтнийг хамгаалах, мөнгө санхүүгээр хангадаг болбол утга зохиол шүүмжлэл хөгжинө гэж боддог.

 

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)