О.Сэлэнгэ: Хувь хүн өөрийгөө үнэлж сурах нь хуримтлалын гол эх үүсвэр болдог
- 2021-03-30
- Үнэн
- 0
Ирэх сарын 12-ныг хүртэл манай улсад “Дэлхийн мөнгөний өдөр” аян өрнөж байна. Энэ тухай Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.СЭЛЭНГЭТЭЙ ярилцлаа.
-Дээрх аянд танай байгууллага хамтран оролцож байна. Ер нь жил бүр зохион байгуулдаг уг аяны ач холбогдлын талаар танилцуулна уу?
-Залуу, өсвөр үеийнхэнд мөнгө, санхүүгийн мэдлэг, дадал олгох асуудал нь бүх нийтийн үйл хэрэг байх ёстой гэж боддог. Хувь хүний хөгжлийн чиг баримжаа, ажил мэргэжлийн онцлогийг ойлгож ухаарах, амьдралын хуваарилалт, гэр бүл төлөвлөлт гээд маш олон асуудал нь үүнтэй холбогддог. Тиймээс дэлхий нийтэд бага наснаас нь хүүхдэд санхүүгийн зөв мэдлэг, боловсрол олгохыг хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Ийм ч учраас математик, монгол хэлний хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулдаг шиг санхүүгийн мэдлэг, боловсролыг шингээж, хувь хүний хөгжлийг тодорхойлдог.
Энэ ч үүднээс бид “Дэлхийн мөнгөний өдөр” аянд олон жил хамтран оролцож байна. Энэ жилийн арга хэмжээ “Суралцах, хуримтлуулах, өсгөх” уриан дор явагдаж, улсын хэмжээнд байгаа Залуучуудын хөгжлийн 32 төвөөрөө дамжуулан олон арга хэмжээг зохион байгуулж байна.
-Тухайлбал, ямар байдлаар зохион байгуулалтын ажлыг хийж байна вэ?
-Өвөг дээдсийн үеэс хуримтлуулах, хэмнэх гамнах үйл ажиллагааг үг сургаалаараа дамжуулан уламжлуулж ирсэн байдаг. Юуны өмнө эд хөрөнгөөс илүү чухал мэдээллийг өгч байжээ. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэх ч юмуу “Дуслыг хураавал далай” гэхчлэн сургаж ирсэн нь чухамдаа хуримтлалын тухай л өгүүлж байсан хэрэг. Өнөө үед тухайн сурагч 12 дугаар ангиа төгсөөд их, дээд сургуульд суралцах болоход төлбөрийн асуудал гарч ирдэг нь гэр бүлийн хүрээнд төлөвлөгдөөгүй зарлага болж байдаг.
Үүнд бэлтгэлтэй байхын тулд тодорхой хэмжээний хуримтлалтай байх нь амьдралын наад захын төлөвлөлт болж байна. Тийм ч учраас “Дэлхийн мөнгөний өдөр” аяныг манай Төв банк, Монголын банкны холбоо дэмжиж оролцдог.
-Одоо зохион байгуулж буй “Дэлхийн мөнгөний өдөр” зөвхөн энэ хэд хоногт үргэлжлээд зогсохгүй хүн бүрийн амьдралын дадал хэвшил болгох үйл явц байх л даа. Энэ үүднээс ямар ажил төлөвлөж, хэрэгжүүлж байна вэ?
-Залуучуудын хөгжлийн тухай хуульд амьдрах ухааны боловсрол олгох талаар маш чухал заалт байдаг. Ер нь төрөөс залуучуудад чиглэсэн таван төрлийн үйлчилгээ үзүүлэхээр хуульчилсны нэг нь энэ юм. Үүний дотор санхүүгийн боловсролтой болгох явдал багтдаг. Энэ хүрээнд Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан шинээр гэр бүл болж буй хосуудад санхүүгийн боловсрол олгохын тулд төв болгон 100 гэр бүлийг хамруулах төлөвлөгөөтэй байна. Цаашдаа өсвөр насныханд зориулсан цахим сургалтыг зохион байгуулах юм.
Сүүлийн үед өрхийн санхүүг эхнэр, нөхрийн хэн нь баривал зохистой байх талаар маргаан үүсэж, энэ нь явсаар гэр бүл салж сарних шалтгаан болж буй тохиолдол ч байна. Залуу гэр бүлд тулгарч байгаа бас нэг бэрхшээл нь орон байр, өрх тусгаарлах тухай асуудал байдаг. Энэ бүхнийг шийдэхийн тулд санхүү, мөнгөний мэдлэг боловсрол, ядаж л байрныхаа урьдчилгаа төлбөрийг хэнээс ч гуйхгүй хийчих хуримтлалтай байх гээд хүний л амьдрал юм хойно, янз бүрийн асуудал байна. Хөгжилтэй зарим улс оронд “Аплатон” гэж олон улсын хөтөлбөр хэрэгждэг.
Нийт 97 улс оронд хэрэгжиж байгаа энэхүү хөтөлбөрийн зорилго нь хүүхэд бүр өдөр болгон хуримтлал бий болгоход чиглэсэн байдаг. Дунд сургуулийн сурагч өдөрт 100 төгрөг хуримтлуулж чадвал сардаа 3000, жилдээ 36 мянган төгрөгийн хуримтлалтай болох нь энгийн мэт боловч ийм л дадал зуршлыг хүүхдэд суулгаж төлөвшүүлж өгснөөр мөнгийг хямгадаж хуримтлуулах, өөрийн хөрөнгийн эх үүсвэртэй болох ухааныг төлөвшүүлж, ирээдүйн эрсдэлгүй амьдралд өөрийгөө бэлтгэх дадал суулгаж буй хэрэг юм. Үүнийг олон улсад хувь хүний санхүүгийн мэдлэг ойлголт, хуримтлал гэж үздэг.
-Ер нь бага гэлтгүй хуримтлалтай болж байгаа хүүхэд нөгөөдөхдөө их л харам болдог шиг харагддаг. Тэр нь зөв байх л даа, тийм үү?
-Яг л тэр байгаа юм. Зарим улс оронд хийсэн судалгаагаар, мөнгөтэй зөв харьцаж, хуримтлал үүсгэж эхэлсэн хүүхэд залуучууд аливаа хорт зуршлаас татгалзаж чаддаг болсон байдаг. Тамхи татах, архи согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаж, түүний оронд мэдлэг боловсролоо дээшлүүлэх, ном, сурах бичиг худалдаж авах, дамжаа сургалтад хамрагдах зэргээр өөртөө хөрөнгө оруулалт хийх зүйлд мөнгөө зарцуулж байх жишээтэй.
Гэтэл өөрөө хөдөлмөрлөж олсон ч юмуу зүгээр л нэг ороод ирсэн мөнгөний үнэ цэнийг мэддэггүй хүн бидний ярьдгаар шоудах, хэрэггүй зүйлд зарцуулах зэргээр үр ашиггүй цацдаг байх юм. Энэ нь эргээд санхүүгийн хүндрэлтэй учрах, хөрөнгө мөнгөөр гачигдах тийм л байдалд хүргэнэ. Тэр нь цаашдаа монгол залуу хүн, түүний гэр бүлийн хөгжлийн бодлогод харшлах учраас бид урт хугацааны бодлого чиглэлтэй ажиллах шаардлагатай байна. “COVID-19”-ийн үед өсвөр үеийн 10 мянган иргэнд цахимаар сургалт явуулахаар төлөвлөж, үүнд цахим байдлаар төлөлтийг яаж хийх, хуримтлалыг хэрхэн бий болгох талаар хичээл зааж, мэргэжлийн багтай хамтран ажиллах юм. Мөн шинэ гэр бүлд зориулсан групп үүсгэж, санхүү, зах зээлийн боловсрол олгохоор ажиллаж байна.
-Дунд сургуулийн хүүхдүүд байтугай насанд хүрсэн, хөдөлмөрийн насны залуучуудад ажил олдохгүй байхад тэднийг ачаа зөөж, тэрэг түр гэж хэлж шаардах ч хэцүү юм даа. Тэднийг хөдөлмөрт сургах, ажлын байртай болгох ямар боломж байна вэ?
-Судалгаанаас харахад зарим улс оронд хүүхдүүд эхний үед мэдээж эцэг, эхийнхээ тусламж, хөрөнгө оруулалтаар жишиг болохуйц компани, банк байгуулж, старт-апп үүсгэсэн тохиолдол байдаг. Энэ нь фейсбүүк шиг мундаг, дэлхий нийтийг хамарсан том компани болохоо больё гэхэд санхүү, мөнгөний талаар ойлголттой болоход томоохон хувь нэмэр болж таарна. Энэ нь хэн нэгнээс хараат байх, төр засаг болон бусдаас тусламж харах биш өөрийгөө хөгжүлэхэд л зориулагдаж байвал сайн дадал зуршил, зөв замын эхлэл болно.
Ийм л байдлыг төлөвшүүлж, суулгах нь чухал. Олон улсад санхүүгийн боловсролтой хүн төр, засгийн халамжийн бодлогоос ангид байх, эрүүл саруул залуу хүн өөрийн хүчээр ажиллаж амьдрах нь нэр төрийн хэрэг гэж ойлгодог болсон. Манайд ч гэсэн өнгөрсөн жил залуусын ажлын ур чадварын үнэлгээг хийж үзлээ л дээ. Автомашины оношилгоо, засвар үйлчилгээ хийдэг нэг залуу өдөртөө 20 мянган төгрөгийн хөлсөөр нэг компанид ажилладаг байсан бол өөрийнхөө ур чадварыг үнэлүүлж, “өрх тусгаарласан”-аар өдөрт 100 мянган төгрөгийн орлоготой ажилладаг болсон бодит жишээ байна.
Тэгэхээр өөрийгөө үнэлэх, мөнгө санхүүгийн боловсролтой болно гэдэг маш чухал гэдгийг л энд хэлэх гэсэн юм.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)