Кремльд алхаж чадаагүй Ерөнхийлөгч
- 2021-03-30
- Нийтлэл
- 0
Хүмүүс Женко (Ерөнхийлөгч Х.Баттулга)-г Оросын хүргэн л гэх. Ерөнхийлөгчөө орос эхнэртэйг Монголчууд мэднэ. Харин албан ёсны үгүйг мэдэхгүй. Ямар ч гэсэн Монгол Улс тэргүүн хатагтайгүйгээр төрийн тэргүүний нэгэн бүрэн эрхийг үдэж байна. Монголчуудын түүхэнд орос эхнэртэй хоёр дахь төрийн тэргүүн нь Х.Баттулга. Эхнийх нь Ю.Цэдэнбал. Тэгэхдээ Ю.Цэдэнбалын Монголынхоо төлөө бүтээсэн, Х.Баттулгын Монголчуудаа хагалсан хоёр яг тэнцэнэ. Сүүлчийн бодит жишээ гэвэл, өөрийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн байдгаа зольж явж ялалтад хүргэсэн АН-аа хоёр дарга, хоёр тамгатай болгож амжив.
Бид дотооддоо л “Оросын хүргэн” гээд байгаа болохоос гадна талдаа Оросууд Х.Баттулгыг хүргэн байтугай тусгаар улсын Ерөнхийлөгч ч гэж тоохгүй байх шиг! Яагаад гэвэл, манай Ерөнхийлөгч Москвад албан ёсны төрийн айлчлал хийх гэж дөрвөн жил хүсэлт тавиад бүтсэнгүй. Монголын Гадаад Харилцааны Яам, дипломатууд дөрвөн жил хөөцөлдөөд, Д.Даваа гэж Ерөнхийлөгчийн зөвлөхийг нь Элчин сайдаар томилж явуулаад ч айлчлалыг бүтээж барсангүй.
“Хүргэнээ” хүлээж авдаггүй айл байдаг л юм байна. Хамар хашааны өрхийн тэргүүндээ хатуурхдаг хөрш байдаг л юм байна. Яагаад гэдгийг мэдэхгүй. Сүүлд, энэ оны гуравдугаар сард айлчлахаар бэлтгэлийг хангаж, “Монгол эм импекс” компанийн гэрээлж, мөнгийг нь шилжүүлсэн байсан 20 мянган хүн-тун “Спутник-В” вакцины 10 мянгыг Ерөнхийлөгчийн айлчлалын бэлэг болгож үлдээгээд байв. Тэгтэл оросууд саяхан үлдэгдэл 10 мянган тун вакцинаа нааш ачуулжээ. Эндээс хоёр ньюанс гарна. Нэгд, Оросууд манай Ерөнхийлөгчийг хүлээж авахгүй гэдгээ боловсноор илэрхийлжээ. Хоёрт, Орос бол их гүрэн шигээ төрийн ой санамж агуу улс. Тэд дэлхийн улс төрийн хөлөг дээр алдаагаа давтдаггүй. 2009 оны Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө В.Путин Япон бил үү, Хятадад айлчлаад буцахдаа манай улсад дөрвөн цаг саатсан юм.
Төрийн ордонд сэтгүүлчдийг цуглуулж, тухайн үеийн Ерөнхийлөгч, мөн улирахаар дахин нэр дэвшээд байсан Н.Энхбаяртай зэрэгцэж суугаад “Н.Энхбаяр бол сайн удирдагч, монголчууд та бүхэн Н.Энхбаяраа дэмжээрэй” гэж хэлсэн удаатай. Харин сонгуулийн дүн эсрэгээр гарч, Н.Энхбаярын өрсөлдөгч Ц.Элбэгдорж сонгуульд ялсан. Монголчууд, Монгол Улс дэлхийн хэвлэлийн гол болох нь ховор бөгөөд тийм өгөгдөл багатай л даа. Харин дэлхийн хүн В.Путин өөрөө Улаанбаатарт түр саатсан нь Монголыг тухайн үедээ дэлхийн хэвлэлийн анхааралд өртүүлж, Америк болон Барууны хэвлэлүүдэд “Орос нь Монголын дотоод хэрэгт оролцлоо, Путин Монголын сонгуульд нөлөөлөх гэж байна..., Одоогийн Ерөнхийлөгчийг нь дэмжсэн хоёр өгүүлбэр хэлэхийн тулд Путин Улаанбаатарт түр буужээ...” гэх зэргээр бичиж, ОХУ-ыг буруутган шүүмжилж байлаа. Энэ алдааг Оросын энгийн иргэд мартсан ч, Оросын төр мартахгүй. Орос бол улс төр, дипломатыг урлагийн түвшинд хийдэг дэлхийн агуу гүрэн. Иймд хэдийгээр “хүргэн” нь гэх боловч, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялах байтугай, дахин нэр дэвших нь ч тодорхойгүй Х.Баттулгыг Кремльд хүлээн авч, вакцин богцлоод буцаах улс төрийн алдаа гаргахгүй л дээ.
Монголын төрийн тэргүүнийг, “хүргэнээ”, ер нь аль нь ч бай хүлээж аваагүй нь Москвад нэг их гарзгүй. Харин Монголын Төрийн тэргүүн дөрвөн жил хөршдөө, ОХУ-д айлчилж чадаагүй нь монголчуудад гарзтай. Эндээс монголчууд алдахаас оросууд алдахгүй.
Гадаад бодлого бол газар зүйн байршилдаа байдаг гэж Напалеон Бонапарт хэлжээ. Мөн жижиг улсын гадаад бодлогод том хөршийнх нь бодлого голлодог гэх орчин цагийн үг ч байх. Энгийн, жижиг жишээ гэвэл, “Ковид-19”-ийн вакцин “Спутник-В”-г дэлхий хүлээн зөвшөөрч, Монголчууд уг вакциныг тариулахыг хүсэж байгаа ч, Монголд олдохгүй байна. Засгийн Газар зөвхөн вакцин худалдаж авах зорилгоор Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциацаас 50 сая долларын санхүүжилт хөөцөлдөж байгаа. Мөнгө нь бүтэж байтал халдварын тархалтаас шалтгаалан Монголд вакцин нийлүүлж байсан гол түнш Энэтхэг улс “АсртаЗенека”-гийнхаа экспортыг түр зогсоожээ. Эндээс, вакцин дээр хүртэл Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачин гэдэг сул тал тодорч байна. Юу гэхээр, хажуу хашааны айлд нь дэлхийн хамгийн сайн вакцин байсаар байхад бид хаа хол далай, тэнгис гатлаад мөнгө, бас вакцин хайж байна. Энэ нь Тавантолгойгоос төмөр замаар шууд урагшаа 276 км яваад Хятадын буюу нүүрсний зах зээлтэй шууд холбочих бэлэн маршрут байсаар байхад хойшоо 4600 км тойруулж Владивосток хүргэж заавал Оросын нутгаар дамжуулж Хятадын зах зээлтэй холбоно гэдэг “хүргэний” бодлоготой ихэд адилхан юм. Хэрвээ Монгол Улс хүлээгээд авах нэр, нүүртэй Төрийн тэргүүнтэй байсан бол, “хүргэн хүү” хүчтэй нь үнэн бол вакцин дээр ингэж далай, тэнгис гатлан модоо барихгүй л байх байлаа.
Ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш П.Очирбатаас эхлээд Х.Баттулгыг хүртэл таван хүн Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчөөр ажиллажээ. Тэднээс бүрэн эрхийн хугацаандаа улсаа төлөөлж Орост албан ёсоор айлчилж, Кремльд алхаж үзээгүй ганц л хүн байна. Тэр нь Х.Баттулга. Тэгээд бас “хүргэн" гэж байгаа юм аа! Агуу түүхт Орос цэргүүдийн өмнүүр хөл тавьж, Улаан талбайд тусгаар улсын төрийн дууллаа эгшиглүүлэн Москвад айлчилж чадаагүй.
Монголын Төрийн тэргүүн, Кремльд алхаж чадаагүй Кремлийн “хүргэн” гэхээр харамсалтай л юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ганц Кремльд алхаж амжаагүй юм биш.
Тэр НҮБ-ын ногоон гантигт индэр дээрээсээ улсаа төлөөлж үг хэлэх байтугай, НҮБ-д айлчилж амжилгүй нэгэн бүрэн эрхээ дуусгаж байна. НҮБ бол Монгол Улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг олон улсад баталгаажуулан тунхаглаж байдаг дэлхийн Засгийн газар. Элсэх гэж, Монголынхоо тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх гэж үе үеийн эх орончид 1945 оноос хойш бүтэн 16 жилийг зориулсан байдаг юм. Монгол Улсаа даян дэлхийн улс гүрнүүдийн эгнээнд багтаахын тулд дөрвөн удаа өргөдөл өргөн барьж, 13 удаа хэлэлцүүлж, эх орныхоо зүүн, баруун хязгаарын зарим нутгаа өгөн байж тусгаар улсынхаа алтан соёмбот төрийн далбааг НҮБ-ын тэнгэрт мандуулсан билээ. Энэ үнэ цэнийг жүдогийн цуврал тэмцээнээс дорд үзсэн Төрийн тэргүүнтэй байсан гэхээр бас л гомдмоор.
Ер нь ингэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг юу вэ? Хүмүүс ихэнхдээ ард түмнийхээ эв нэгдлийг хангах гэж хариулна. Энэ бол Төрийн тэргүүний хамгийн, хамгийн чухалд тооцогдох үүрэг мөн. Мөн Ерөнхийлөгчийн хоёр дахь гол үүрэг бол гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлж, олон улсын гэрээ байгуулах бүрэн эрхтэй ганц субъект. Одоогийн Ерөнхийлөгч хойд хөрш ОХУ болон НҮБ хоёрт улсаа төлөөлсөнгүй, нэг ч удаа айлчилсангүй. Өөрөө хүсээгүй, цаад айл хүлээж аваагүйн зовлон аль аль нь бий л байх.
Харин Үндсэн хуулийн үүргээ биелүүлдэггүй, биелүүлэх чадамжгүй, Үндсэн хуулийн үүргээ биелүүлэх гадаад нэр хүнд, харизмгүй гээд нэг хүнээс хамаарсан зовлон нь бүх Монголчуудынх болох нь Монгол Улсад л хохиролтой юм даа.
Сэтгэгдэл (0)