Бидэнд ямар лидер хэрэгтэй вэ?
- 2021-04-01
- Нийтлэл
- 0
Түүхийг ард түмэн, олон түмэн бүтээдэг, харин энэ үйлсийн билэг тэмдэг нь тодорхой гарамгай хувь хүмүүс байдаг билээ. Түүхэн хөгжилд ард олон, гарамгай зүтгэлтнүүдийн роль ямар байдаг тухай асуудал нь түүхчид, онолчид олон зууны турш маргалдаж ирсэн сэдэв юм. Түүх бол хоёр талтай, олон нийтийн үйл явцыг ч анхаардаг, бие хүн рүү ч хандсан байдаг. Зарим онолчид баатрууд ба гарамгай хүмүүсийн ролийг дэвэргэн үздэг байхад орчин үеийн олон судлаачид дутуу үнэлэх, хэтрүүлэн үнэлэхийн аль алинаас нь хол байхыг эрмэлзэж байна.
Оросын сэтгэгч Г.В.Плеханов тэмдэглэхдээ: “Нөлөөтэй бие хүн нь өөрийн ухаан, зан чанарын онцлогийн ачаар үйл явдлын хувь хүнээс шалтгаалах дүр төрх, түүний зарим нэгэн үр дагаврыг өөрчилж чадна, гэвч тэд бусад хүчин зүйлээр нөхцөлдөж буй үйл явдлын ерөнхий чиглэлийг өөрчилж чадахгүй” гэж үзэхийн хажуугаар субъектив хүчин зүйлийн чухал ролийг тэрээр үнэлж, аугаа их хүмүүсийг “их хүмүүс нь эхлэлийг тавигчид байдаг, учир нь тэр бусдаас холыг харж, бусдаас хүчтэй байхыг хүсдэг. Тэрээр үйл явцын зүй ёсны хөдөлгөөнийг зогсоож, өөрчилж чадна гэдэг утгаар биш, харин түүний үйл ажиллагаа нь зайлшгүй, ухамсраас үл шалтгаалах үйл явцын ухамсартай, чөлөөтэй илрэл нь гэдэг утгаар тэд баатрууд юм” ( Г.В.Плеханов. Изб.фил.произв.т.2. –М.,1956, с.326) гэжээ. Энэ бол асуудалд хандах нэг тал юм.
Ер нь биет хүмүүс түүхэн үйл явцын тайван хөгжлийг эргүүлж чадах уу? гэдэг асуултад чадна гэдэг дүгнэлт өгч болно гэж зарим судлаачид үздэг. Жишээлэхэд XIII-XIV зууны үед саланги тусгай олон ард түмэн, үндэстэн, ястнууд өөр хоорондын алаан хядаан, дайны нөхцөлд байсан нийгмийн аажим хөгжлийн хандлагыг Чингис хаан өөрчилж, асар том эзэнт гүрнийг байгуулж, нэгтгэж чадсан. 1917 оны Октябрийн хувьсгалыг В.И.Ленингүйгээр төсөөлөх аргагүй. Түүхэн дахь субъектив хүчин зүйлийг үгүйсгэх аргагүй. Гэвч түүхэн сод хүмүүсийн үйлдэлд хүрээ хязгаар, түүнчлэн агуу их бололцоо, ирээдүй ч байдаг. Хамгийн гол нь тэр түүхэн зайлшгүй хэрэгцээ шаардлагыг хэрхэн ойлгохоос бүх зүйл шалтгаалдаг.
Социалист хүрээллийн дунд байсан Монголын удирдагч нар түүхэн бололцоонд тулгуурласан, нөхцөл байдлыг нарийн харгалзсан бодлогыг боловсруулж хэрэгжүүлж чадсан учраас Монгол орныг өөрчлөн шинэчлэх үйлсээ ямар ч болов хэрэгжүүлж чадсан юм.
Улс төрийн засаглал нь манайд (зөвхөн манайд ч биш) пирамид маягаар зохион байгуулагдаж ирэв. Түүний үндэс нь аль нэгэн ноёрхогч эрх баригч хүчин, анги, түүний дээр улс төрийн идэвхтэй хэсэг, зохион байгуулалттай дээдэс байдаг. Тэд намд нэгдэж, төрийн эрх барих аппаратыг бий болгодог. Пирамид нь дээш нарийссаар төрийн тэргүүндээ тулж очдог. Төрийн тэргүүний удирдлагад салбарын удирдлагууд байх бөгөөд удирдан манлайлагчид нь олон түмнийг хойноосоо дагуулдаг. Чухам эндээс “Лидер” гэдэг нэр томьёо гарч ирсэн нь хөтлөн жолоодогч, бүхний өмнө явагч гэсэн утгыг агуулдаг. Лидер гэдэг нь тэргүүн удирдагч, толгойлогч гэсэн утгыг ч илэрхийлэх бөгөөд манай улс төрийн ном зохиолд “Хошуучлагч” гэж орчуулан хэрэглэж буй нь оносон нэр юм. Хошуучлагч нь нийгэм, нам, хүн амын бүлэг, давхарга дахь хүмүүст хүчтэй нөлөөлж, тэднийг араасаа дагуулдаг тэргүүлэгч субъект гэж нэрлэж болох юм. Лидер хошуучлагч нь нийгмийн гишүүдийн зан байдал, үйл ажиллагааг чиглүүлэн зохион байгуулдаг, хувийн чадвараараа бусдаас онцлог, хүчирхэг бие хүмүүс юм. Тэд хүмүүсийн нийтлэг билэгдэл, тухайн анги, ард түмэн, үндэстэн, бүлгийн зан байдал, зорилго үйл ажиллагааны онцгой дүр төрх нь болж байдаг билээ. Хошуучлагч нь өөрийн санаачилга, үлгэр дуурайлал, авьяас чадвар, гавьяа зүтгэл, нэр хүнд зэрэг шилдэг чанараараа тухайн бүлэг, нийгэмд нөлөөлж, тэднээр хүрээлүүлж, тэднийг араасаа дагуулж байдаг онцлогтой гэж хэлж болох үүрэг гүйцэтгэдэг хүмүүс юм.
Хошуучлалын тухай асуудал олон үеийн туршид эрдэмтэд, судлаачдын анхаарлыг татаж ирсэн бөгөөд хэд хэдэн сонирхолтой онол баримтлалыг бүтээжээ. Үүнд:
1. Н.Макиавеллийн “Үр дүнтэй хошуучлалын онол” - ын ёсоор бол хошуучлал дөрвөн дүрэмтэй: а) Хошуучлагчийн засаглал өөрийн талынхны дэмжлэг дээр тулгуурлана, б) Захирагдагсад нь хошуучлагч юу хийж чадах, түүнчлэн тэрээр олон түмнээс юу хүсэж байгааг мэдэж байх, в) Хошуучлагч нь орших, тэмцэх, бүтээх зоригтой байх, г) Хошуучлагч нь өөрийн талынхны хувьд ямагт их ухаан, шударга ёсны үлгэр дуурайлал байх ёстой гэж үздэг байна. (Н.Макиавелли. Государь. –М., 1990, с.4–70.)
2. “Хувь хүний шинж төлвийн онол” (К.Бирд, Э.Богардус, Р.Стогдиль)-ын ёсоор бол хошуучлагчдын төрөлх шинж чанар, тухайлбал, санаачилгатай, эвсэг нийцэрхүү, шог алиа сэтгэмж, эрчим тэмүүлэл, итгэлцэх чадвар, найрамдал, нөхөрлөлд үнэнч, хурц ухаан, нэр төртэй байх чадварыг өндөр үнэлдэг байна. Энэ онолыг баримтлагч зарим судлаачид ёс суртахууны төлөвшил, хүмүүст нөлөөлөх чадвар, нийгмийн зориг самбаа, бусдыг татах увидас, сэтгэлийн тэнхээ, өөрийгөө олны дунд авч явах байдал, дасан зохицох, бусдыг ойлгох чадвар зэрэг их төлөв байгалиас заяах төрөлх чанарууд хошуучлагч болоход гол нөлөөтэй гэж үздэг байна. (Е.В.Кудрявцев. Лидер и лидерство. –Архангельск, 1996, с.55–60.)
3. “Нөхцөл байдлын онол”-ын талынхан (В.Диль, Т.Хилток, А.Голднер) үзэхдээ: хошуучлагчид нь газар нутаг, цаг хугацаа, байдлын тодорхой нөхцөлд төрж гарна гэж үздэг. Тухайлбал, нөхцөл байдал Наполеоны тулд бүрэлдсэн, Наполеон нөхцөл байдлын тулд боловсорсон. Аугаа их лидерүүд нөхцлийг мэдэрч, тэр нөхцлийг цааш нь яаж хөгжүүлэхийг мэдэж, нөхцөл байдлыг өөрийн талд ашигтай эргүүлэх чадвартай байдаг. Их жолоодогчдын хүчээр шинэ нөхцөл байдал бий болдог гэж үздэг. (Г.Ашин. Лидерство: социально–политические и психологические аспекты .–Политика: проблемы теорий и практики. –М., 1990, выпуск 7, ч.2.)
4. “Дагалдагчдын тодорхой үүргийн тухай онол” нь лидер ба олон түмний харилцаан дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Янз бүрийн нийгмийн бүлгүүдийн сэтгэл санаа, сонирхол, хэрэгцээ нь хошуучлагчдын гол шийдвэрийн хөшүүрэг болдог. Хошуучлагч нь өөрийг нь дэмжиж буй тэр олон нийтийн хүсэл зорилгыг л биелүүлдэг гэж тэд үздэг байна.
5. “Хошуучлалын сэтгэл зүйн онол”-ын талынхан (Э.Фромм, Т.Адорко, З.Фрейд) үзэхдээ нийгмийн амьдралын үндэс нь хүмүүсийн сэтгэл зүйтэй холбоотой. Үүнээс л хүмүүсийн бүх үйлдэл гарч ирдэг. Олон түмний дунд эцгээ санагалзах, нийгмийн эцгийн хэрэгцээ байдаг. Аугаа их удирдагчид энэ хэрэгцээг ашиглаж, олон түмнийг хойноосоо дагуулдаг гэж тэд үздэг байна.
6. “Хошуучлалын нийлмэл (нэгдмэл) онол”-ын талынхан үзэхдээ хошуучлагчийн нийгмийн дүр төрх нь : а) Хошуучлагчийн хувийн чанар, түүний удам гарал, хошуучлагчид тодорч буй арга, б) Хошуучлагчийн хүрээлэл, түүний дагалдагсад ба сөрөг хүчин, в) Хошуучлагч ба түүний дагалдагчдын харилцааны шинж чанар г) Тодорхой нөхцөл дахь лидер ба дагалдагсдын хамтын ажиллагааны үр дүн зэргээр тодорхойлогдоно гэж үздэг.(Политология для юристов. (Ред.И.Н.Коновалов). –М.,1999,с.268–284.)
Хүн төрөлхтөн, улс үндэстний хүрээнд төрөн гарсан лидерүүд тун олон хэв шинжтэй байсан юм. Нийтлэг шинж чанар нь лидерүүдийг урьдчилан харж шинжлэх үндэс гэж үзэх үүднээс хэв шинжээр нь ангилах оролдлогыг судлаачид хийж ирсэн юм. Анхны нилээн үндэслэлтэй оролдлогыг Германий түүхийн философич, социологич М.Вебер хийсэн бөгөөд хошуучлагчдыг гурван төрөл анги болгожээ.
Үүнд:
1. “Уламжлалт хошуучлал” нь төрийн эрхийг үе залгамжлан барих ёс ариун гэдэгт итгэх явдал дээр үндэслэх бөгөөд хаад, овгийн ахлагчид, толгойлогчдын засаглал юм.
2. “Зүйн дагуу – хууль ёсны хошуучлал” нь хошуучлагчийг хуулийн дагуу сонгох, түүнд удирдах эрхийг хуулиар олгох дээр үндэслэжээ. Энэ төрлийн хошуучлагчид бүх ард түмний сонгуулиар гарч ирж, сонгогчдын хүсэл зоригийг биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
3. “Харизматик хошуучлал”. Харизм гэдэг нь грекийн бурхнаас заяасан авьяас гэсэн утгатай үг бөгөөд манлайлагчийн ер бусын, гайхамшигт авьяас билэгт итгэх итгэл дээр тулгуурласан манлайлал юм гэж үздэг байна.(М.Вебер . Харизматическое государство. –Саратов, 1994,вып.1,с.46..)
Америкийн улс төрч Маргарет Дж.Херманн хошуучлагчдыг имиджээр нь хэв шинжүүдэд хуваах аргыг нээсэн юм. Имидж гэдэг нь тухайн бие хүнийг бусад хүн хүлээж авч ойлгож байгаа явдал юм. Энэ бол бусдын төсөөлөлд байгаа хувь хүний дүр зураг юм.
Энэ нь тухайн хүний төрх, яриа хөөрөө, хувцас хунар, үйлдэлтэй холбоотой байдаг. М. Херманн хошуучлагчдыг ангилахдаа:
1.Туг баригч хошуучлагч- зориг шийдэмгий, “аугаа их мөрөөдлийг” хэрэгжүүлэхийг эрмэлзэгчид бөгөөд ийм хүмүүсийн ажиллагаанд дагалдагчдын нөлөө бага байдаг.
2.Үйлчлэгч хошуучлагч- дагалдагчдын сонирхлыг илэрхийлж, хамгаалахыг гол үүргээ гэж үздэг.
3.Худалдаачин хошуучлагч- хүмүүсийг итгүүлэн үнэмшүүлж, олон түмний дэмжлэгийн хариуд санаа бодол төлөвлөгөөгөө худалдах мэт байдаг.
4.Гал унтраагч хошуучлагч- өөрийн талынхны бий болгосон цаг үеийн чухал шаардлагад хурдан хариулт өгдөг, хурдан шийдвэр гаргах чадвартай хүмүүс юм. Энэхүү 4 хэв шинж яг дангаараа байна гэж байдаггүй гэж тэрээр үзсэн байна.(М.Херманн. Стили лидерства в формировании внешной политики. –Полис, 1991, т.1.)
Нийтээр мэддэг, бичдэг хошуучлалын дээрх ерөнхий ангиллаас гадна тэднийг: а.Хар ажлын ба оюунлаг, б.Түр зуурын ба байнгын, в. Мэргэжсэн ба сонирхогч маягийн, г. Язгууртны шинжтэй болон ардчилсан, д. Шинэчлэгч буюу хувьсгалч гэх зэргээр ангилах ч явдал бий.
Хошуучлагчид юунд голлон анхаарах, тэдний үндсэн үүрэг нь бидний үзэж буйгаар дараах чиглэлтэй байж болдог. Үүнд:
а) Нөхцөл байдлын шалтгааныг судлах, үнэн бодит байдлыг нээх,
б) Тодорхой программаар нийгмийн сонирхлыг илэрхийлэх, тухайн нийгэм дахь хошуучлагчийн үүрэг нь эдийн засгийн байдал төлөв, улс төрийн дэглэм, хүн амын соёл гэгээрлийн түвшин, түүхэн уламжлал, үндэстний сэтгэл зүйн онцлог, тухайн хошуучлагчийн өөрийн хувийн чанартай холбоотой. Программ нь нийгмийн бүх гишүүд, дийлэнх олонхын сонирхлыг хангахад чиглэсэн байх,
в) Дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхэд улс орныг дайчлах,
г) Нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн гол үнэт зүйл, эрхэм зорилгын үндсэн дээр хүн амын янз бүрийн бүлгүүдийн сонирхлыг нэгтгэх, зохицолдуулах,
д) Удирдлагын системийг бүрдүүлэх, боловсон хүчнээр хангах, өөрийн талынхныг нягтруулах, улс төрийн үйл явцыг төлөвлөх, практик зорилтуудыг тодорхойлох,
е) Засгийн бүрдлүүд, байгууллагуудын ажлыг зохицуулах, үйл ажиллагааг нь чиглүүлэх,
ё) Нийгмийн өмнө тавигдсан зорилтыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох,
ж) Хүн амын үйл ажиллагааг урамшуулах системийг бий болгож, нийгэмд зайлшгүй өөрчлөлтүүдийг хийх,
з) Олон нийт, янз бүрийн байгууллага, бүлэг, давхрагатай нягт холбоо тогтоох үндсэн дээр нийгмийг зохион байгуулах тогтвортой хэлбэрийг хангаж бий болгох,
и) Нийгэмд зөвшлийг дэмжих, улс төрийн тогтвортой байдлыг хангах зэрэг өвөрмөц тодорхой үүргүүдийг хошуучлагчид гүйцэтгэдэг байна.
Олон мянган жилийн түүхтэй монгол түмний эв нэгдлийг хангаж, нэгдсэн улс байгуулахын төлөө чин зориг гарган зүтгэж, Монгол улс, монголчуудын өмнө мөнхийн гавьяа байгуулсан Эзэн Богд Чингис Хааныг Төв Азийн малчин нүүдэлчид, эсгий туургатнууд найман зуун жилийн турш оройн дээд шүтээнээ болгож, төр, улсынхаа тусгаар тогтнолын билэг тэмдэг гэж үзэж, дээдлэн хүндэтгэж ирсэн билээ.
Монголд ардчилал, хүний эрх, түүхэн үнэний бүлээн салхи салхилсан ерээд оноос хойшхи үед Чингис хаанд хандах хандлага бүр ч дулаарч, судалж шинжлэх, сургамж авах үйл ажиллагаа сэргэн хөгжиж, Монголын төдийгүй, Дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн ер бусын том нөлөөг олон ургальч үзлийн үүднээс дүгнэн цэгнэх эрх чөлөө бодитой хэрэгжих болов. АНУ–гийн Миннесото муж улсын Сант–Паул хотын Макалестер колледжийн Антропологийн салбарын тэргүүн Джек Ведерфорд: “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч, эзэн Чингис хаан” номд : “Дэлхийн түүхэнд түүн шиг их хүчийг гартаа атгаж, олон хүн ард, олон улс үндэстэн, их газар нутгийг эзэлсэн хүн байхгүй. Чингис хааны эзэнт гүрний дэргэд Аугаа Александрын эзэлсэн газар өчүүхэн, бас Цезарь, Наполеоны эзэлсэн нутгууд бараг эх гүрнийх нь хошуу нутаг шиг л байсан юм. ЗХУ, АНУ зэрэг өнөөгийн их гүрнүүд ч Монголын эзэнт гүрний хаана нь ч хүрэхгүй” (Дж.Ведерфорд. Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан. –УБ., 2003, т.11.) гэж тэмдэглэжээ.
Монголын түүхэнд төрж гарсан түүхэн зүтгэлтнүүдийн нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлохдоо Монголын төрийг үндэслэгч, олон зуун жилээр тогтнон, дэлхийн хөгжилд ер бусын том үүрэг гүйцэтгэсэн Монголын их эзэнт улсын жолоодогч Чингис хаан төрийн зүтгэлтэн, цэргийн жанжны хувьд хэн байсан, төр улсын удирдагч хүн ямар байх ёстой талаар тэрээр ямар үзэл баримтлалтай байсныг авч үзэх нь сонирхолтой юм. Хаад, жанжнууд, төр, засгийн дээд зүтгэлтэн нарын эрхэмлэвэл зохих гол шинж бол төр улсынхаа бат бэх байдал, ард түмнийхээ сайн сайхны төлөө өөрийгөө золиослон тэмцэх чадвар мөн гэж тэрээр үзэж олонтаа заан сургаж байв. Үүнд: “Алд бие амсу хэмээвээс Аху төр минь алдруузай, Бүтэн бие амсу хэмээвээс Бүрэн улс минь сандруузай, Алд бие минь алжааваас алжаатугай, Аху төр минь бүү алдартугай, Бүтэн бие минь зовбоос зовтугай, Бүрэн улс минь бүү сандартугай” (Монгол айлдал. –УБ., 1991, т.7.) гэж номлож байлаа.
“Чингисийн сургаал гэрээслэл” номд бичсэнээр Их эзэн Чингис хаан: “Би өөрөө улс байгуулахдаа ширүүн аргаар байгуулсан, одоо улсыг тогтоож хөгжүүлэхэд ширүүн байж болохгүй, харин зөөлөн байх хэрэгтэй” гэж хөвгүүддээ захиж, “Хаан хүний явдал гэвээс үс хялгасны төдий хуурмаггүй, үг бүр үнэн болбоос тэр сая хааны явдал”, “Би эгнэгт хол эрдэм боловсролоор дэлхий дахины үндсийг байгуулж өгвөл миний сайхан санаагаар миний хүүхэд ач нар сайхан явах” хэмээн түшмэд сайд нартаа зарлигдаж, “Эрх сүр, өршөөл хишиг үгүй бөгөөс хэдүй хаан боловч боол болох болой” гэж Сорхон-шард хэлж байлаа. Тэрээр: “Дэлхий дахиныг эзэлхүй нь хүмүүнийг эзэлхүй дор буй, Хүмүүнийг эзэлхүй нь хүмүүний сэтгэлийг эзэлхүй дор буй. Хүмүүний сэтгэлийг олбоос даруй дэлхий дахиныг олов хэмээмой” гэж Цагаадай болон бусад хөвгүүд, зээ, хүргэн нартаа сургаж байжээ.( Монгол айлдал. –УБ., 1991, т.7.)
Хаан суулгах ёслолын талаар сайд, түшмэд нартаа: “Онц үнэнч өршөөлөөр доордсын сэтгэлийг авч, чин шударгаар дээд эзэндээ зүтгэвээс ёс болой”, “Миний уг санаа нийгэм төвшин болгохыг эрсэн. Дэлхий дахин харилцан, найрамдуу амар болбоос барвай” ( Мөн тэнд, т.12–13.) гэж дэлхий нийтийн талаар баримтлах бодлогоо тодорхойлжээ. 1206 онд тунхагласан “Их засаг” хуульд Чингис хаан: “Хаан ба төр улсаас зөрчигчдийг алах ялаар шийтгэмой” гэж зааж, “Хаан төрийг залгамжлахад эрхбиш эл аймгийн ахмад ба алтан ургийн хуралдайгаар сонгох хэрэгтэй. Эл хаан улсын хаан ч мөн ийм байх ёстой” гэж үзэж, “Хүн бүрийг ажил эрхлэгч, баян, ядуу эрхэм, доордоор ялгаж үл болмой”, “Өтгөсийг хүндэлж, ядуучуудыг тэтгэх хэрэгтэй”, “Үл харгис, үнэнч шударга, цэгц журамтай, эрдэм гүн, билэг хурц хүмүүсийг эрх биш сайшаан хүндлэх хэрэгтэй бөгөөд зусар, харгис ба элбэрэл журамгүй этгээдийг жигшин занах хэрэгтэй” гэж шударга ёсыг эрхэмлэх, хуулийг дээдлэн сахих хаад ноёдын чадварыг өндөр үнэлж байжээ.(Сайшаал. Чингис хааны товчоон. –Хөх хот.1987, т.492,496.)
Төр барих арга ухаан, зарчмыг тодорхойлж Чингис хаан: “Миний хаант улсын дотор хүн бүр өөрийн шүтдэг сахиусаа тахиж болно. Гэтэл бүх хүмүүс цөм Чингис хааны тогтоосон хуулийг дагахгүй бол болохгүй”, “Үндэс язгуураа бүү мартсугай хэмээн үр хөвгүүддээ сургасугай”, “Та нар дайснаа дарж, өнө удаан зол жаргалтай амьдрахын төлөө ганц сэтгэл, ганц тэргүүнтэй болж яваарай”, “Энх цагт энэрэл өршөөлийг гол болгон, ард түмэнд догшин ааш, доромжлох авир гаргахыг чанга цээрлэгтүн”, гэсэн санааг олонтаа дурсан сануулж, “Миний үрс олон төрж үржвээс түүний дотор буян, билэг, ухаан, эрдэм үгүй төрөх ёс үгүй. Нэгэнт буян, билэг, ухаан, эрдэм буй аваас муу доорд үл болмой. Ийнхүү таван зуун он, мянган жилийн завсар дор эрхбиш бас дахин мандаж бадрах цаг гармой” (Чингисийн сургааль, гэрээслэл. –УБ., 1991, т.24, 31, 34.) гэж хаад, ноёд, үр хүүхэд, залгамжлагчиддаа захин сургаж байлаа.
Их эзэн хаан Чингис хөвгүүд, түшмэд нартаа сургахдаа: “Эр хүний 9 эрдэм аль буй хэмээвээс 1-д, бусдын зовлонг бие дор эргэцүүлэх, 2-т, буруу тэрслүүгээр хэрхэвч үл явах, 3-д, булт хүмүүнийг өргөн хүндэлж хичээнгүйлэх, 4-т, бодох шинжих бодлого ухааныг нарийвчлах, 5-д, буцах булгихыг үхэвч үл үйлдэх, 6-д, бузар ужид дор согтууран үл живэх, 7-д, бусдын эд дор ховдоглон үл горилох, 8-д, буруугаа эгүүлэн ичих эмээхийг мэдэх, 9-д, бусчирыг засахуй дор зориг үл шантрах, энэ есүүлэнг магад бүртгэн чадваас үүнийг сая ачлалтай хөвгүүн, баатар эр хэмээмой”, “Харгис биш, үнэнч шударга, цэгц журамтай, эрдэм гүн, билэг хурц хүмүүсийг эрх биш сайшаан хүндэтгэх” гэж төр улсыг жолоодох их арга ухааныг хураангуйлан дүгнэж хэлжээ (Чингисийн сургааль, гэрээслэл. –УБ., 1991, т.23.). Дэлхийн түүхийн мянган жилийн хамгийн том жанжин, төрийн удирдагч, Монголын төрийг үндэслэгч, их Чингис хааны төрийн зүтгэлтний тухай, төр улс жолоодох, хошуучлах ухааны тухай хойч үедээ зориулан айлдсан сургаал гэрээслэл нь түүний залгамжлагч хаад, төрийн тэргүүн нарын амьдрал, тэмцэл, үйлсийг судлах, үйл ажиллагааных нь туршлага сургамжийг тодорхойлон гаргахад арга зүйн чухал үндэслэгээ болж өгнө гэж бодож байна.
Лидер, хошуучлагчийн дүр төрхийн асуудлыг монголчууд ямагт анхаарч судалж ирсний жишээ бол дундад зууны үед хамаарах дараах сонирхолтой баримт бичиг юм. “Хаан ёсны шашдар, дэлхийг тэтгэх чимэг” сударт төрийн ажилтанд байвал зохих эрхэм шинж чанаруудын тухай монголчуудын уламжлалт үзлийг тодорхойлсон байдаг. Тус сударт гаргаж тавьсан “Хаан хүний 35 эрдэм” нь: “ -Сайн бүхний үндэс билиг оюун төгс байх, -Энэ ба хойт хэргийг санаж сэтгэлээ шинжих, -Буяны дээд багшийг шүтэх, -Буруу явдалтай хилэнцэт нөхрийг тэвчих, -Гэм бүгдийн гарах орон буруу үзлийг тэвчих, -Шалтгаан үрийн барилдлагыг мэдэх, -Эрдэм билиг төгөлдөр итгэмжит нөхрийг шүтэх, -Эрдэмтэй, эрдэмгүй сайн муу ардыг ялган таних, -Худал хуурмаг өгүүлэгч ардын үгийг үнэнд үл барих зохист утгаар шинжих, -Арга башир ихтэй, ач тусыг үл санагч муу нөхрийг тэвчих, -Номын ёсоор явах, -Олон түмний сэтгэлд нийлэмжтэй уран яруу өгүүлэх, -Эрдэм билгийн дайсан залхуу хойргыг үл тэвчих, -Аливаа үйл хэргийг үйлдэхийн өмнө нягтлан шинжлэх, -Хэр хэмжээтэй зоог барих, -Бууран доройтохын үндэс-үлэмж нойрыг үл тэвчих, -Эм хүний үгэнд үл орох, -Өтгөс, нялхас дорой буурайг үл хууран мэхлэх, -Уур хилэнг сайтар дарж, номхон хүлцэнгүй байх, -Эцэг, эх болон амраг саднаа хайрлах, -Ард олноо эд агуурсаар гачигдуулахгүй байх, -Албат иргэдээс авах татвар бага байх, -Хэрцгий догшин авиргүй, усгал зөөлөн сэтгэлээр ард олноо жаргаах, -Өвөг дээдсийн өв уламжлалыг хадгалан хамгаалах, -Хамаг амьтны тусын тул өглөгт хичээх, -Цаг үргэлж үнэн өгүүлэхийг хичээх, -Тачаал, шуналын хүслийг үл хэрэгсэх, -Сайн нөхрийг шүтэх, -Үр хүүхдээ хайрлан энхрийлж, сайн мөрд оруулах, -Ард олноо асран тэтгэх, -Албат иргэдээ номчлон тэтгэх, -Өөрийгөө болоод бусдыг арван буяны мөрд оруулах, -Дээдийн номыг дэлгэрүүлэх (Өнөөдөр, 1997.04.12, №073.) зэрэг шинжүүд мөн гэж заасныг монголчууд ихээхэн анхаарч, ярьж, бичдэг байсныг бид уламжлах ёстой билээ..
Лидер, удирдагч, хаад, ноёдод тавигдах гол шаардлага шинжүүд, Монгол хүний нэн эрхэмлэх 6 зүйл нь: “ а.Үнэн бат журмыг үргэлж хичээж явах, б. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах, в. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах, г. Өсөх гээхийн хорвоог учирлан таниулж явах, д. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах, е. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах” ( Монгол ёс заншлын их тайлбар толь. I боть. –УБ., 1992, т.430–431.) гэж үзэж ирсэн нь бид түүхэн сонголт хийхдээ ямагт санаж явах ёстой сануулга юм.
Орчин цагийн эрдэмтэд судлаачид түүхэнд төрийн зүтгэлтний гүйцэтгэсэн үүрэг роль, байр суурийг үнэлэхдээ дараах шалгуурыг баримтлаж болох юм гэж үзэж байна. Энэ нь:
-Сайхь төрийн зүтгэлтний удам гарал, улс төрийн намтар;
-Үйл ажиллагааных нь нийгмийн орчин, дотоод, гадаад түүхэн тодорхой нөхцөл;
-Зорин тэмцэж буй үйл хэргээ анх санаачилж, үйлсээ гартаа авсан байдал;
-Тэмцлийн арга хэлбэрийн сонголт, шинж төлөв;
-Нийгмийн анги бүлгийн эрх ашгийг илэрхийлэх хандлага;
-Улс төрийн тойрон хүрээлэл;
-Хувь хүний зан чанар, ёс суртахуун, ноён нуруу;
-Олон түмний дотор олсон нэр хүнд;
-Үйл ажиллагааны гол үр дүн,
-Нийгмийн хөгжилд нөлөөлсөн эерэг сөрөг үр дагавар зэргийг харгалзан үзэж болох гэж бичсэн нь тухайн сэдвийг судлахдаа анхаарах ёстой чухал чиглэлүүд гэж бид үзэж байна.( Монгол улсын түүх. –УБ., 1999, т.184.) Аливаа сонгуульд манай ард түмэн үндэстнийхээ төрт ёсны уламжлал, өвөг дээдсийнхээ сургааль номлолыг хүндэтгэн ухамсар боловсрол, өндөр хариуцлагын үүднээс хандах нь ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө бидний бодох зүйл юм гэж үзэж байна.
Түүхэнд бие хүний роль ямар байх нь түүхэн үйл явц урсан өнгөрч буй онцлогтой холбоотой гэж ихэнх онолчид, түүхчид үздэг билээ. Түүхэн үйл явц явагдахдаа хувьсал өөрчлөлтийн ба хувьсгалт огцом эргэлтийн гэсэн хоёр нөхцөлд их төлөв явагддаг. Хувьсал, хувьсгал нь бие хүн тодрох, өөрийгөө харуулах янз бүрийн нөхцөлийг бий болгодог. Хувьсгалт цочмог эргэлтийн үед л бие хүний роль хурцаар нээгдэж, өчигдөр хэн ч мэддэггүй байсан хүмүүсийн нэр тодрон түүхэнд үлддэг. Ийм маягаар Спартак, Жанна д ‘Арк, Атилла, Август, Кромвель, Ленин, Дэн Сиопин, Монголын түүхийн Амарсанаа, Галдан, Ханддорж, Сүхбаатар, Чойбалсан нар тодрон гарч нэрээ түүхэнд мөнхөлсөн билээ.
Тэгвэл Ю.Цэдэнбалын үе бол ийм огцом эргэлт хувьсгалын үе биш байсан нь мэдээж боловч нийгмийн гүн гүнзгий хувьсгалт өөрчлөлтүүд, тухайлбал Халхын гол, 1945 оны дайны ялалт, аж үйлдвэрийн хувьсгал, хөдөө аж ахуйг хоршооллон үндсээр нь өөрчилсөн, соёлын их хувьсгал, газар тариалангийн үсрэлт, хүмүүсийн эрүүл мэнд, хүн амын хөгжилд гарсан огцом өсөлт, боловсрол, соёл, ард түмний аж амьдралын түвшинд гарсан эргэлт, гадаад харилцааны өргөжилт зэрэг нь монголчуудын хувьд үнэхээрийн том сорилтууд байсан бөгөөд энэ өөрчлөлт, шинэчлэлтийн хагас зуун жил нь хувь хүний хувьд Ю.Цэдэнбалын шинж чанаруудыг товойлгон гаргасан гэж болно.
Монголын сүүлч үеийн түүхэнд лидерүүдийн гүйцэтгэсэн үүргийг үнэлэх, судлахдаа бид олон талаас нь, олон ургальч үзлийн үүднээс хандахыг эрхэмлэж, хэн нэгэн хүнийг авч үзэхдээ дэлхийн хэмжээний аугаа их жолоодогчид: Чингис хаан, Македоны Александр, Юлий Цезарь, Доголон Төмөр, Хубилай, Наполеон Бонапарт, Петр1, Ленин, Сталин, Брежнев, Мао Цзедун, М.Ганди, Ж.Неру, Дэн-Сиопин, Вашингтон, Рузвельт, Черчилль, Коль, Буш, Си Жи пин, Путин нартай адилхан байх албагүй ч гэсэн дэлхийн түүхэнд аугаа их ул мөр үлдээсэн монголчууд хэмээх эрчим тэмүүлэл бүхий, ер бусын үндэстний нэгэн үеийн ард түмэндээ ээлтэй, хүчирхэг шийдэмгий, сайн үйлсийг ундруулагч удирдагч дэвшин гарч ирээсэй гэдэг хүсэл санааг дэвшүүлж байгаа юм. Ийм удирдагч эх орныхоо төдийгүй, Ази, Дэлхийн түүхэнд дуурсагдахыг хэн ч үгүйсгэхгүй бизээ.
ДОКТОР (PH,SC), ПРОФЕССОР Ц.ЖАМБАЛСҮРЭН
Сэтгэгдэл (0)