Рио Тинто компани Монголчуудыг хэрхэн хууран мэхэлж, шулан мөлжиж байгааг үнэн зөвөөр мэдэгдэхийг шаардаж байна
- 2021-04-05
- Нийтлэл
- 0
Рио Тинто компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Баатарын Болдод УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатараас илгээх ил захидал
Та эх орондоо тавтай морилно уу. Бидний монголчуудад өвөг дээдсээс минь үлдээсэн хосгүй баялаг болох Оюутолгойн уурхайг Рио Тинто талаас хариуцан ажиллахаар нэг сарын өмнө томилогдоход тань дотроо бага зэрэг итгэл тээн баярлаж байснаа нуух юун. Гэвч эх орондоо ирсэн даруйдаа бараг бүх телевиз, хэвлэл мэдээллээр Таны өгсөн ярилцлагыг үзэж, сонсоод итгэл үнэмшил үгүй болж, өөрийн тань худлаа яриа, мэдэгдэлд цочирдсондоо энэхүү захидлыг бичиж байна. Учир нь танай компани болон Таньг хамтрагчид өнөөдрийн байдлаар Оюутолгойн далд уурхайн хоёрдугаар босоо амыг барихдаа Монгол Улсын Засгийн газар болон хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлж, асар их хэмжээний хохирол учруулсан эдийн засгийн маш ноцтой гэмт хэрэгт холбогдон АНУ-ын шүүхэд дуудагдаад байгаа билээ.
Нью-Йорк хотын шүүхэд байгаа танай компанитай холбогдох хэргийн 163 хуудас нэхэмжлэл дотор гэрчүүдээс мэдүүлсэн цөөн хэдэн жишээ дурдъя. Үүнд:
-Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн, хугацаа хойшилсон нь Рио Тинто компанийн Оюутолгойн уурхай дээр гаргасан менежментийн алдаа бөгөөд гол шалтгаан нь Хятадын чанаргүй ган материал, хариуцлагагүй бэлтгэн нийлүүлэлт болохоос таны яриад байгаа хөрсний сийрэгжилт буюу геологийн нөхцөл биш гэдгийг нотлон мэдүулсэн, (хавтаст хэргийн 32-р хуудас /зүйл 75, 33-р хуудас/ зүйл 80, 37-р хуудас/ зүйл 90)
-Нийт 40,000 мянган тонн ган материал хэрэггүй болсон, мөн цемент бетон бүгд стандартын бус нийлүүлэгдсэн, (хавтаст хэргийн 4-р хуудас/зүйл 8, 43-р хуудас/зүйл 107, 101-р хуудас/зүйл 262, 104-р хуудас/зүйл 270)
-Рио Тинтогийн менежментийн алдаа буюу хоёрдугаар босоо ам дахь алдааг засварлах өртөг 2018 онд 750 сая ам.доллар байх үед нь засах 60 арга, төлөвлөгөөг санал болгосон ажилтан, мэргэжилтнүүдээ ажлаас нь халж, менежментийн алдаагаа нуун дарагдуулах оролдлого хийсэн, (хавтаст хэргийн 34-р хуудас/зүйл 84, 51-р хуудас/ зүйл 131-136, 82-р хуудсар/зүйл 222,)
-Хоёрдугаар босоо амыг 2 тэрбум ам.доллараар дахин барихаас өөр аргагүй болж өмнөх буруу хийсэн бүх бүтээн байгуулалтыг засах, нураах шаардлагатай болсон, (хавтаст хэргийн 9-р хуудас/зүйл 21, 58-р хуудас/зүйл 149, 81-р хуудас/зүйл 216,103-р хуудас/зүйл 268,289,136-р хуудас/ зүйл 357)
-Дээрх бүх үйлдлийн үр дүнд Оюутолгой компани 2019 онд 1.9 тэрбум ам.долларын хөрөнгийг балансаас хассан, (Оюутолгой ХХК санхүүгийн тайлангаас)
-Нөхцөл байдлыг Рио Тинтогийн удирдлага мэдэж байсан ч 2019 он хүртэл бүх бүтээн байгуулалт хуваарь, төсвийн дагуу явагдаж байгаа гэж байснаа 2019 оны долдугаар сараас гэнэт өөрсдийн гэмт үйлдлээ геологийн нөхцөл хэмээн газар дэлхий рүү нялзааж эхлэн удаа дараа худлаа мэдэгдэл хийсэн. (хавтаст хэргийн 4-р хуудас/зүйл 8, 6-р хуудас/зүйл 13, 31-р хуудас/зүйл 73, 33-р хуудас/зүйл 80, 71-р хуудас/зүйл 185, 72-р хуудас/зүйл 188)
Гэрчүүд “Рио Тинто компани нь Оюутолгойн менежментийг сайн хийхийн төлөө биш, харин Монгол Улсын Засгийн газрыг хууран мэхэлж байгаа” гэдгийг хэд, хэдэн удаа онцолсон байна. Үнэн бодит байдлыг, шүүх дээр үүсээд байгаа нөхцөлийг Та мэдэхийн дээдээр мэдэж байгаа билээ. Харамсалтай нь та элэг нэгтнүүдээсээ үнэн байдлыг нуун далдлах зорилготойгоор, том захирлуудынхаа худлаа мэдэгдлийг үргэлжлүүлэн биднийг хууран мэхлэхээр эх орондоо иржээ. Түмэн олны өмнө хийсэн Та болон таны гадаад эздийн удаа дараагийн худлаа мэдэгдлийг би биш, монголчууд ч биш, та нарын худлаа үгэнд итгэн 2018-2019 онд Оюутолгойн уурхайн 66%-ийг эзэмшигч Канадын компанийн хувьцааг худалдан авсан хувьцаа эзэмшигчид, 2011-2020 онд Оюутолгойн уурхай дээр ажиллаж байсан бөгөөд ёс зүйгүй гэмт хэрэгтэй эвлэрч чадаагүй Рио Тинтог орхин гарсан 12 орчим хүн шүүхэд гэрчлээд байгаа билээ. Тэдгээр хүмүүс та нарын тэрбум, тэрбум долларын хариуцлагагүй гэмт үйлдлийг 2017 оноос хойш сануулсаар ирсэн боловч нэг талаас Рио Тинтогийн удирдлагууд Монгол Улсын АТГ, Швейцарын прокурорын газрын шалгалтын үеэр ийм асуудал гаргаж болохгүй гэж үзэн, нөгөө талаас зардал өсч байвал Рио Тинтод ашигтай, монголчуудын баялаг үнэгүйдэх тул гэмт үйлдлээ нуун дарагдуулсаар одоо Танд шилжүүлэн өгөөд байна.
Та бол жилд 4 тэрбумаас их төгрөгтэй тэнцэхүйц цалин, урамшуулалтай, 148 жилийн түүхтэй дэлхийн том компанийн дээд түвшний захирал хүн. Таны үгийг дэлхий даяар байгаа танай компанийн хувьцаа эзэмшигчид, Оюутолгойн баялгийн эзэн 3 саи монголчууд чих тавин сонссон. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайдыг гал тогооны өрөендөө дуудан Дубайн гэрээг хийсзн танай өмнөх захирал Ж.С.Жак, мөн Та өөрөө ажлыг нь авсан, одоо танай хоёр дахь том захирал А.Суарат нарынхаа худпаа мэдэгдлийг элэг нэгт монголчуудынхаа өмнө давтан, давтан бүх сувгаар түгээлээ. Энэ бол танай компанийн монголчуудад учруулах баримт, тооцоогоор батлагдаад байгаа 8-10 тэрбум ам.долларын хохирлын гэмт хэргийг нуун далдлах гэсэн оролдлого, уучилшгүй гэмт үйлдэл гэж үзэж байна. Гэмт хэрэг биш гэж сайнаар бодоход элэг нэгтнүүдийнхээ өмнө үйлдэж буй том нүгэл гэдгийг чухам яагаад ухаарсангүй вэ? Баялгийн эзэн монголчуудын зарим нь ядуу амьдралдаа түүртэн 10 тэрбум ам.доллар биш 10 мянган төгрөг гулгуулаад шорон оронд хатаагдаж байгаа жишээ олон бий.
Манай төрийн төлөөлөл болох Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны 3 дугаар сард энэ хэргийн гэрчээс өгсөн санхүүгийн зөрчлийн гомдлын мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй одоог хүртэл нуун дарагдуулж байгаа, мөн 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоогийн энэ гэмт хэрэгтэй холбоотой асуултад шүүхээр эцэслэн шийдэгдээгүй гэх мэт өгч байгаа хариулт, Монгол Улсын 34%-ийг төлөөлөн суугаа ТУЗ-ийн 3 гишүүний чив чимээгүй байгаа хариуцлагагүй байдал зэргээс дүгнэлт хийн Монгол Улсын төр танай Рио Тинто компанийн өмнө бууж өгсөн гэж ойлгож байвал эндүүрэл шүү. Тэд хариуцлага алдаж байгаа ч Рио Тинтогоос болон танаас үнэн мөнийг нэхэмжлэх, хохирлоо нөхөн төлүүлэх ард түмэн, тэдний төлөөлөл шударга улстөрчид байгаа гэдгийг танд сануулъя.
Та болон танай компани Монгол Улсын Засгийн газрыг хууран мэхэлснээр Рио Тинто компанийн буруу менежментээс үүдэлтэй 10 тэрбум ам.долларын Монголын тал дангаараа хариуцаж төлөх үүрэг хүлээх эрсдэл тулгарлаа. Энэ нь Монголын баялаг алт, зэсээр төлөгдөж эгэл ардын нуруунд ачаа болох гэж байна.
Иймд Та элэг нэгт 3 сая монголчуудаа хууран мэхэлж худлаа мэдээлэл өгсөн үйлдлээ Монгол Улс даяар нэвтрүүлсэн, нийтэлсэн бүх хэвлэл, мэдээллийн хэвлэлээр уучлал гуйн нэн даруй залруулж, Рио Тинто компани монголчуудыг хэрхэн хууран мэхэлж, шулан мөлжиж байгааг үнэн зөвөөр мэдэгдэхийг шаардаж байна. Эс бөгөөс Таныг авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулна гэдгээ мэдэгдье.
Эх орондоо хайртай олон шударга монголчууд Рио Тинтогийн шулан мэлжих аргыг нэгэнт мэддэг болсон бөгөөд бүх тооцоо, судалгааг хийн таны болон Засгийн газрын ажлын явцад хяналт тавьж байгаа гэдгийг энэ дашрамд мэдэгдье! Монгол Улсын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй тагнуул, хүчний байгууллага ч үүргээ биелүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Таныг хүндэтгэсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар
Тайлбар:
2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хоёрдугаар босоо амны асуудлыг Рио Тинто компанийн удирдлагуудад мэдэгдэж байсан цахим шуудан. Тухайн үед далд уурхай 12 сараар хоцрох байсан ба 300 сая ам.долларын хэтрэлттэй байсан байна. Мөн даруй засахгуй бол зардал хурдан өсөх талаар бичжээ.
Рио Тинто компани ямар ч арга хэмжээ асахгүй, ямар ч хариу үйлдэл өгөхгүй байсаар 2018 оноос хөрсний сийрэгжилт, геологийн нөхцөл байдал руу бухаж эхлэв. Үүнийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Рио Тинто компанийн удирдлагуудад илгээсэн цахим шуудандаа хөрс, геологийн асуудал биш, цэвэр барилгын асуудал болохыг НОТЛОВ.
Тайлбар:
Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн, хугацаа хойшилсон нь Рио Тинто компанийн Оюутолгойн уурхай дээр гаргасан менежментийн алдаа бөгөөд гол шалтгаан нь хөрсний сийрэгжилт буюу геологийн нөхцөл биш гэдгийг нотлох Рио Тинто компанийн 2016 оны Техникийн тайлан.
Тайлбар:
Оюутолгой төсөлд тохиолдсон Хоёрдугаар босоо амын саатал, бэрхшээл Канад, Хойд Америкд тохиолдсон бол шууд гэмт хэрэг болж Рио Тинто хариуцлага үүрэх ёстой.
Тайлбар:
4.4, Хоёрдугаар босоо амтай холбоотой асуудлыг удаа дараа Рио Тинтогийн удирдлагуудад хэлсэн, сануулсан боловч, нөхцөл байдлын үнэн зөв байдлыг тэд бусад хувьцаа эзэмшигч, талуудад үнэн зөв мэдээлэхгүй байсан.
4.6. Мөн Оюутолгойн далд уурхайн хоёрдугаар босоо амыг бар,ихдаа Монгол Улсын Засгийн газар болон хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлж, төөрөгдүүлсэн.
АНУ-ын Нью Йорк дахь шүүх дэх хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг
https://www.pacermonitor.com /public/case/38307397/Agency_for_Policy_Coordination_on_State_Property_et_al_v_JPMorgan_Chase_Bank,_Na хаягаар орж харна уу. Мөн Facebook page, Ганбаатар Сайнхүү рүү орж танилцаарай.
Сэтгэгдэл (0)