Б.Оюумаа: Санал авах байранд хяналтын камер байрлуулж, хуруун дээр тэмдэглэгээ хийнэ
- 2021-04-05
- Үнэн
- 3
Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 09-ний лхагва гарагт болно. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд зохион байгуулахаараа онцлог. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ны Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн дарга Б.ОЮУМААТАЙ ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил аль шатандаа явж байна. Одоогоор ямар ажлуудыг хийж, гүйцэтгээд байна вэ?
-Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг явуулахаар УИХ-аас товлон зарласан өдрөөс эхлэн бид бэлтгэл ажилдаа орсон. Сонгуулийн ажлын төлөвлөгөө, цаг хугацааны хуваарийг баталж, бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Цаг хугацааны хуваарь ёсоор сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарласан. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулж, нийтэд мэдээлсэн. Одоо энэ сарын 10-наас өмнө сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулна. Монгол Улсаас гадаад улсад суугаа 45 дипломат төлөөлөгчийн газарт салбар комиссуудыг төв комисс байгуулна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журам, заавар, баримт бичгийн маягт загварыг хуульд нийцүүлэн баталж, хорооныхоо сайтад байршуулсан, одоо тэдгээрийг сонгуульд оролцогчдод болон нийтэд тайлбарлан таниулах ажлаа хийж эхлээд байна. УБЕГ сонгуулийн хэсгүүдийн мэдээллийг нэгтгэн авч дугаар оноосон. Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр гаргаж, бүртгэлийн ерөнхий газар сайтдаа байршуулсан. Иргэд уг сайтаар орж өөрийн болон өөрийн хаяг дээрх нийт сонгуулийн насны хүмүүсийн мэдээллийг шалгах боломжтой болсон.
-Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулчихлаа. Сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдыг бүртгэх, сургалтад хамруулах ажлыг хэр-хэн зохион байгуулж байна вэ?
-Өнгөрсөн сарын 1-нээс аймаг, нийслэл, сум, дүүргийн болон хэсгийн хороонд ажиллах төрийн албан хаагчдын бүртгэлийг эхлүүлсэн. Одоо ч үргэлжилж байна. Сүүлийн сонгуулиудад сургалтын бүртгэл хийх, хичээл заах, сорил авах зэрэг бүх л ажлаа цахимаар явуулж байна. Сонгуулийн ажил цаг хугацаатай байдаг тул нэг хором ч хойшлуулж, алгуурлаж болдоггүй. Тиймээс энэ онцгой нөхцөл байдлын үед ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгэх үүднээс сургалтаа цахимаар явуулж байгаа. Сургалтад хамрагдсан хүмүүс манай сайтаар орж хичээлийн агуулгын хүрээнд сорил өгнө. Тэнцсэн албан хаагчдад гэрчилгээ олгох юм. Үүний дараа гэрчилгээтэй төрийн албан хаагч манай сайтад хандаж, ажиллах сонгуулийн хороогоо сонгон бүртгүүлмэгц тэдгээр албан хаагчдын мэдээлэл сайтад нээлттэй байршиж байгаа. Уг нээлттэй бүртгэлээс дээд шатны сонгуулийн хороо нь доод шатны сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээ сонгож томилно. Ийм зарчмаар явж байгаа.
Сонгуулийн хороод байгуулахтай холбоотой Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд шинээр орсон нэг зохицуулалт бол аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны даргаар тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга нарыг томилно гэсэн заалт. Богино хугацаанд асар олон хүнийг хамарсан, өргөн хэмжээний ажлыг зохион байгуулах шаардлагатай болдог. Тиймээс сонгуулийн зохион байгуулалтад тухайн аймаг орон нутгийн засаг захиргааны байгууллагын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Үүнээс гадна аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд тухайн шатны цагдаагийн болон улсын бүртгэлийн байгууллагын төлөөлөл орсон.
-Сонгогчдын нэрийн жагсаалтыг ил байршуулсан. Нэрийн жагсаалтад ороогүй иргэд гомдлоо хаана гарган шийдвэрлүүлэх боломжтой вэ?
-Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-нээс Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх нийт сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудастаа байршууллаа. Сонгогчид нэрийн жагсаалтаас өөрийнхөө болон өөрийн хаяг дээрх нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжтой. Үүнээс гадна сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлсэн өдрөөс буюу тавдугаар сарын 15-наас эхлэн харьяалагдах хэсгийн хорооны байранд очиж бас мэдээлэлтэйгээ танилцаж болно. Хэрвээ нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, буруу бүртгэгдсэн байвал энэ тухай гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад бичгээр гаргаж, шийдвэрлүүлнэ. Сонгогчдын нэрийн жагсаалтад үнэн зөв бүртгэгдсэн эсэхээ шалгаж, баталгаажуулснаар тухайн иргэний сонгох эрх баталгаажиж байна гэсэн үг.
-Гадаад улсад байгаа иргэдийн санал авахтай холбоотой ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ. Сонгуульд оролцож, санал өгөх иргэд хаана хандах ёстой вэ?
-Хуваарийн дагуу гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах салбар комиссыг энэ сарын 15-наас өмнө байгуулах ёстой. Дээр хэлсэнчлэн 45 дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудыг цахим сургалтад хамруулсан. Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа иргэд сонгуульд оролцож, санал өгөх тухайгаа салбар комисст хандаж энэ сарын 20-ноос эхлэн гаргаж, бүртгүүлнэ. Ингэхдээ тухайн улсдаа байрлаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж болно. Мөн бүртгэлийн байгууллагаас гаргасан маягтын дагуу хүсэлтээ гарган шуудан, цахим шуудан, факсаар илгээж болно. Бүртгэл 20 хоногийн турш үргэлжилж, тавдугаар сарын 9-нд дуусах юм.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа хэзээ эхлэх вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана гэж заасан. Тэгэхээр нэр дэвшүүлэх ажиллагааг энэ сарын 30-наас ирэх сарын 2-ныг дуусталх хугацаанд зохион байгуулна.
-Улс төрийн намын тухай хуулиар хэчнээн нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжтой байгаа вэ?
-Улс төрийн намын тухай хуульд УИХ-д суудал бүхий нам Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй гэж тодорхой заасан. Энэ хуулийн 22.1.1-т зааснаар намууд Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрийн гишүүн, дэмжигчдээсээ нэр дэвшүүлэх эрхтэй.
-Цар тахалтай холбоотой сонгуулийн санал авах байр бэлтгэх болон бусад ажилд өмнөхөөсөө өөр ямар нэгэн онцгой шаардлага тавьж байгаа юу?
-Санал авах байрыг тухайн сум, дүүргийн Засаг дарга хариуцан зургаадугаар сарын 2-ноос өмнө бэлэн болгох үүргийг хуулиар хүлээсэн. Санал авах байрыг СЕХ-ноос баталсан зааврын дагуу бэлтгэх ёстой. Өмнөх сонгуулиудын үеийн зааврын хэрэгжилт, сонгуулийн хороод болон мониторинг хийсэн төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн санал зэргийг харгалзан санал авах байранд тавих ерөнхий шаардлагыг шинээр баталсан. Санал авах байрны гадна болон дотор орчинд тавих шаардлагыг тодорхой заахаас гадна санал авах байрны ашиглалтын талбайн доод хэмжээг тусгасан. Тухайлбал, аймгийн төв болон дүүрэгт байрлалтай санал авах байрны талбай 80, сумын төвд 60, багийнх 20 ам.метрээс багагүй байхаар тогтоож өгсөн. Ингэж талбайн хэмжээ зааж өгснөөр санал авах байранд үүсэх иргэдийн бөөгнөрөл, ачааллыг бууруулах, сонгогчийн саналын нууцлалыг хангах, санал авах ажиллагааны явцад ажиглалт, хяналт хийх боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Мөн санал авах ажиллагааг хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах зорилгоор хэсгийн хороодод хяналтын камер байрлуулна. Гэхдээ мэдээж сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхийг зөрчихгүй байх ёстой. Төв суурин газарт байрлуулсан камерийн бичлэгийг хүссэн бүхэн интернэтээр ч юм уу хянах боломжоор хангахаар төлөвлөж байна. Өмнө нь 2012 онд нийслэлийн бүх хэсгийн хороодын санал авах ажиллагааг хяналтын камерын тусламжтайгаар цахимаар ажиглаж байсан туршлага бидэнд бий.
Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой “COVID-19” халдвараас сэргийлэх зөвлөмжийг ЭМЯ-наас ирүүлсэн. Энэ зөвлөмжийн агуулга нь өмнөх 2020 оны сонгуулийн сурталчилгааны үед халдвараас сэргийлэх талаарх зөвлөмжтэй адилхан юм билээ. Тухайлбал, хүмүүс хоорондын зай баримтлах, маск заавал зүүх, аливаа хурал, уулзалт цуглааныг хоёр цагаас хэтрэхгүй зохион байгуулах, агааржуулах, халдваргүйжүүлэлтийг сайтар хийх, тараах материалыг айлын хаалганы гадна талд үлдээх зэрэг зөвлөмжийг ирүүлсэн байсан. Гэхдээ бид мэргэжлийн байгууллагуудаас өнөөгийн нөхцөл байдлыг дахин үнэлж, дээрх зөвлөмжид тодруулга хийх шаардлага байгаа эсэх дээр тухай тухайн үед нь лавлаж, чиглэл авч ажиллахаар төлөвлөж байна.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөхөөр баталсан журам, зааварт тусгасан онцлох зохицуулалт юу байна вэ?
-Хуулийн зохицуулалттай уялдуулж хэд хэдэн шинэ журам, заавар баталсан. Тухайлбал, санал авах байранд хяналтын камер байрлуулах, саналаа өгсөн сонгогчийн хуруун дээр тэмдэглэгээ хийх гэх мэт шинэлэг зохицуулалтыг журамласан. Сонгогчийн хуруун дээр тэмдэглэгээ хийхдээ эрүүл ахуйн зохих шаардлага хангасан, халдвар хамгааллын дэглэм баримтлах, тэмдэглэгээг ямар дарааллаар хийх, бэхийг хэрхэн хадгалах талаарх зохицуулалтыг оруулсан. Мөн бэхэн тэмдэглэгээ хийх боломжгүй тохиолдолд яах вэ гэдэг зохицуулалтыг ч мөн оруулсан. Тэмдэглэгээ хийх бэх хүний биед хоргүй гэдгийг үйлдвэрлэгч компани, мэргэжлийн байгууллагууд баталж, дүгнэлт гаргаж өгсөн.
-Сонгууль ажиглах журмыг мөн шинэчлэн баталсан байсан. Түүнд ямар өөрчлөлт, шинэчлэлт оруулсан бэ?
-Ажиглалт, мониторинг хийх төрийн бус байгууллага нь улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй, хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Хууль, журамд тавьсан шаардлагыг хангасан төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийснээр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах ажилд хувь нэмрээ оруулах боломж олгодог. Ажиглалт, хяналт хийсэн төрийн бус байгууллагууд сонгуулийн дараа ажиглалтын тайлангаа нийтэд мэдээлж, сонгуулийн байгууллагад холбогдох санал зөвлөмж илгээх байдлаар эргэх холбоотой ажилладаг уламжлалтай болсон. Сонгууль ажиглах журмын тухайд ажиглагчид Ёс зүйн дүрэмтэй болж байгаа. Энэ нь дотоодын болон гадаадын ажиглагчдад нэгэн адил хамааралтай. Ер нь дэлхийн бусад орнуудын туршлагаас харж байхад ийм жишиг байдаг.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгуулийн бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийх зохицуулалт шинээр оруулсан. Үүнийг хэрхэн зохион байгуулах вэ?
-Санал авах ажиллагаа дууссанаас хойш санал тоолох төхөөрөмжид уншигдсан бүх саналын хуудсыг төхөөрөмжөөс хэвлэгдэн гарсан дүнтэй тохирч байгаа эсэхийг нягтлах зорилгоор сонгуулийн бүх хэсэгт 100 хувь гар тооллого хийнэ. Хяналтын тооллогыг санал хураалт дууссаны дараа эхлүүлээд завсарлагагүйгээр хийж дуусгах ёстой. Хяналтын тооллого хийх журамд хэсгийн хорооны гишүүд нэг удаагийн зориулалтын бээлий, богино ханцуйтай цамц өмсөх, тооллогын үйл ажиллагааг бүхэлд нь хяналтын камерт буулгаж баталгаажуулах заалтууд орсон.
Манай хорооноос санал авах ажиллагаанд автоматжуулсан төхөөрөмж ашиглаж эхэлсэн 2012 оноос өмнө л энэ үйл ажиллагаа иргэдэд эргэлзээ төрүүлэхгүй байх, элдэв маргаан, хардлага үүсэхээс сэргийлж бүх хэсгийн саналын хуудсыг гар аргаар дахин нягталж бүх хэсгийн саналын хуудсыг гараар тоолуулъя гэсэн саналыг УИХ-д хүргүүлж байсан. Бид өнгөрсөн хугацаанд найман удаагийн ээлжит сонгууль болон нөхөн сонгуулиар хуулийн дагуу гар тооллого хийж байсан, ямар нэгэн зөрүү гарч байсан тохиолдол байхгүй. Энэ тухай бүх баримт архивт хадгалагдаж байгаа.
-Дээр дурдсанаас гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад өөр ямар онцлог зохицуулалт орсон бэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй холбоотой Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгогдох нас, бүрэн эрхийн хугацааг тусгасан. Сонгуулийн хороод байгуулах, иргэний шилжилт хөдөлгөөн, сонгогчийн шилжилт, нэр дэвшигч, нэр дэвшүүлэх, сонгуулийн сурталчилгаа, санал авах, тоолох ажиллагаа, хариуцлага зэргийг өмнөх сонгуулийн туршлагад үндэслэн зохицуулалтуудыг шинэчлэн тусгасан. Жишээлбэл, Ерөнхийлөгчөөр 50 насанд хүрсэн, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар сонгохоор заасан. Хуульд орсон бас нэг чухал зохицуулалт бол санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон явдал. Ингэснээр цаг тулгаж сонгуулийн бэлтгэл ажлыг хийх гэж хүндрэл үүсэхгүй, цаг хугацааны хуваарийн дагуу төлөвлөлт, зохион байгуулалт сайтай ажиллах боломж бүрдэж байгаа юм.
-Сонгуулийн сурталчилгааны тухайд?
-Сонгуулийн сурталчилгааг материал хэвлүүлж сонгогчдод тараах, самбар байрлуулах, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, ухуулах байр ажиллуулах, радио, телевизийн сурталчилгаа, цахим орчин ашиглах гэсэн найман арга хэлбэрээр явуулна. Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сурталчилгаа нэвтрүүлэх бол санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө ХХЗХ-нд заавал бүртгүүлнэ. Бүртгүүлэх хүсэлттэйгээ хамт сурталчилгаа нэвтрүүлэх цагийн хуваарь, гэрээ, үнийн санал зэргийг хүргүүлнэ. Санал авах өдрөөс хойш 10 хоногийн дотор сурталчилгааны тайлан гаргаж, олон нийтэд мэдээлнэ. Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэн, бодит, тэнцвэртэй, хараат бус мэдээллийг түгээх зарчмыг баримтлах юм. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага сонгогчдын боловсролд зориулсан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг, хөтөлбөр бэлтгэж түгээх үүрэг хуулиар хүлээж байгаа. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн байгууллагууд ч өөрсдийн санаачилгаар сонгогчдод зориулсан мэдээ мэдээллийг бэлтгэн хүргэж, манай байгууллагатай хамтран ажилладаг болсон.
-Ерөнхийлөгчийн сонгуулийг УИХ-ын нөхөн сонгуультай хамтад нь зохион байгуулах шийдвэрийг эхлээд гаргасан. Дараа нь тус тусад нь зохион байгуулахаар болсон. Хамтад нь зохион байгуулах шийдвэр гаргаснаас хойш ямар нэгэн бэлтгэл ажил хийсэн зүйл бий юу?
-Хууль эрх зүйн хувьд харилцан адилгүй зохицуулалттай хоёр өөр сонгуулийг нэгэн зэрэг явуулахад эрх зүйн орчноос гадна ашиглах техник, тоног төхөөрөмж болон ажиллах албан хаагчийн хүрэлцээ, мөн дээрээс нь цар тахлын үеийн өнөөгийн амаргүй нөхцөл байдал зэргээс шалтгаалан УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хойшлуулах шаардлагатай болсон. Тиймээс УИХ-ын хаврын ээлжит чуулганаар тогтоолд өөрчлөлт оруулан нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-ны өдөр явуулахаар шийдвэрлэсэн.
-Сонгуулийн дүнг яаж танилцуулах вэ. Өмнөх шигээ шууд дамжуулах уу?
-Манай Хороо сүүлийн сонгуулиудын дүнг иргэдэд шууд дамжуулан үзүүлж байгаа. Энэ удаагийн сонгуулиар ч гэсэн ирцийн мэдээ, сонгуулийн дүнг шууд дамжуулахаар бэлтгэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд хүргэнэ. Хяналтын тооллого, гадаад дахь сонгогчийн санал тоолох ажлын явц зэргийг нийтэд шууд дамжуулаад явах болов уу. Ер нь та бүхэн анзаарсан бол бид сонгогчийн саналын нууцлалыг хангах тал дээр нэлээд анхаарч ажиллаж байгаа, харин сонгогчийн саналын нууцлалаас бусад бүхий л ажлыг ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай зохион байгуулахад анхаарч ажилласаар байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (3)
(103.212.116.32)
мал шиг тамгалана гэх юм наад бүртгэл чинь ннайдваргүй болохоор тэр үү?.тэмдэглэгээ чинь халдвар тараах вий.
зочин (202.21.124.21)
Орон нутгийн сонгуулиар хотын зарим хэсгийн хороонд царцааны нүүдэл нилээд байсан нийслэлд өрсөлдсөн эрх баригч намын нөхдүүд айлын хаяган дээр бүртгүүлсэн байсан нилээд хүмүүс өөр дүүргээс ирж санал өгч байгаа н ажиглагдсан
зочин (202.21.124.21)
нэг мөр гар аргаар тоолох хэрэгтэй угаасаа хяналтын камер санал авах байранд байдаг ш дээ